Францын хөгжлийн агентлагийг Монгол Улсад байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2026.10.01) хуралдаанаар “Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв.
Засгийн газраас энэ оны зургаадугаар сарын 29-ний өдөр ирүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа. Дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхойгүй байдал жилээс жилд нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд олон улсын хамтын нийгэмлэгийн эв санааны нэгдэл, бүс нутгийн эдийн засгийн интеграц, түүнчлэн хоёр болон олон талт эдийн засгийн хамтын ажиллагааны ач холбогдол улам өсөн нэмэгдэж байгааг тэрбээр тодотгов.
Монгол Улсын хувьд гадаад эдийн засгийн нөлөөллөөс үүдэх эрсдэлийг бууруулах, урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг сааруулах, ногоон эдийн засгийг хөгжүүлэх, хотжилт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэг, эдийн засгийн үр ашигтай хамтын ажиллагаа нэн чухал болохыг дурдлаа.
Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын төрийн дээд түвшний харилцан айлчлалуудын үр дүнд гуравдагч хөрш болох Францын хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газрыг Монгол Улсад байгуулах талаар харилцан тохиролцсон байна.
Францын хөгжлийн агентлагийн төлөөлөгчийн газар Монгол Улсад албан ёсоор байгуулагдсанаар Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгож буй хөгжлийн санхүүжилт нэмэгдэн, жил бүр 50 гаруй сая еврогийн санхүүжилтийг хөнгөлөлттэй зээл болон хувийн хэвшлийн эх үүсвэрээр татах, мөн Засгийн газрын тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд бодлогын болон техникийн туслалцаа авах, бусад хөгжлийн түнш байгууллагуудтай хамтарсан санхүүжилтийн механизмыг ашиглах боломж бүрдэх гэнэ.
Гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсад Францын хөгжлийн агентлагийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь зохицуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжих эсэхээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн. Иймд Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.