Монголын 55 сурагч Кембрижийн олон улсын шалгалтаар дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтлаа

Кембрижийн олон улсын шалгалтын 2026 оны үнэлгээгээр Монголын 11 сургуулийн 55 сурагч Cambridge Outstanding Learner Awards шагнал хүртжээ. Тэд IGCSE, International AS Level, International A Level хөтөлбөрийн 40 гаруй хичээлээр өндөр амжилт үзүүлсэн байна.
Тухайлбал, төрийн өмчийн New Era International School-ийн сурагч С.Хангай IGCSE Mathematics хичээлээр дэлхийд хамгийн өндөр үнэлгээ авч, “Top in the World” шагнал хүртсэн бол бусад сурагчид математик, физик, хими, биологи, эдийн засаг, компьютерын шинжлэх ухаан, англи хэл зэрэг хичээлээр улсын болон дэлхийн хэмжээнд тэргүүлжээ.
Мөн The English School of Mongolia-ийн сурагч Х.Тэцэнбаатар, Шинэ эхлэл сургуулийн сурагч Р.Арунзаяа, Orchlon International School-ийн сурагч Г.Мөнххишиг нар тус тусын хөтөлбөрийн төрөлд Монгол Улсын хэмжээнд шилдгээр шалгарсан байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, хувийн хэвшлийн 70-80 орчим сургууль үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн өмчийн сургуулиуд жилд 120 орчим сурагч элсүүлэх боломжтой ч сонгон шалгаруулалтад 4000 гаруй хүүхэд өрсөлддөг аж. Цаашид Кембрижийн хөтөлбөртэй төрөлжсөн ахлах сургуулиудыг орон нутагт үе шаттай байгуулах замаар олон улсын түвшний боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгохоор ажиллаж байна.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.