Дайн эхлүүлсэн Трамп, Путин нар Ши Жиньпинтэй энх тайвны тунхаглал гаргав
БНХАУ-ын Шэньжэнь хотод Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны орнуудын дээд хэмжээний уулзалт явагдаж дууслаа. Тус уулзалтын хажуугаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар түүхэн гурван талт уулзалт хийсэн юм.
Гурван талт уулзалтын үр дүнд АНУ, БНХАУ, ОХУ нар цөмийн дайн хэзээ ч гарах ёсгүй хэмээн үзсэн энх тайвны тунхаглалыг гаргасан байна. Израилын хүслээр Иран руу дайрсан Трамп, Украин руу түрэмгийлж бүрэн хэмжээний дайн үүсгэсэн Путин, Тайванийг цэргийн хүчээр буцааж нэгтгэхийг хүсэж буй Ши Жиньпин нар уулзалтаараа бэлэг тэмдгийн чанартай энхийн тунхаглал гаргалаа. Харин Трамп тус уулзалтаас гурван улс оролцсон цөмийн зэвсгийг хянах гэрээ зурахыг хүсэж байсан нь бүтсэнгүй.
Украины дайны улмаас дэлхий даяар буудай гэх мэт чухал хүнсний бүтээгдэхүүн, газрын тосны үнэ өсөж инфляц нэмэгдсэн. Ираны дайн мөн адил дэлхий даяар газрын тос, эрчим хүчний үнийг өсгөж инфляцыг хөөрөгдүүлсэн билээ.
Энхийн тунхаглалд Украин эсвэл Ираны дайныг дурдаагүй байна. Путин уулзалтын дараа хэвлэлийн бага хурал хийхдээ тэрхүү тунхаглал нь томоохон зорилт тавиагүй, бичигт зааж өгсөн шийдвэрүүд нь заавал мөрдөх чанартай биш гэдгийг онцолсон юм.
Тунхаглалд “Цөмийн дайнд ялах боломжгүй, хэзээ ч цөмийн дайн дэгдэж болохгүй” гэж бичиж, талууд цөмийн эрсдэлийг бууруулж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох сэдвээр яриа хэлэлцээ хийнэ гэжээ. Гэхдээ хэзээ хэлэлцэх тал дээр тодорхой хугацаа зааж өгөөгүй байна.
Мөн гурван улсын удирдагч НҮБ-д хийж буй шинэчлэлийг ахиулж, дэлхийн бүх орнуудад түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, олон улсын шүүхүүдийн шийдвэрээс улс орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудыг халхалж, халдашгүй эрхийг нь хамгаалах амлалт өгчээ. Путинийг Олон улсын эрүүгийн шүүх Украинд дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн баривчлах тушаал гаргасан билээ.
Энэ удаагийн уулзалт Трамп Ши Жиньпин, Путин нартай харилцаагаа ойртуулж буйгаа харуулж, АНУ-ын холбоотнуудад санаа зовоосон асуултууд үүсгээд байна. Трамп Путинтэй уулзахдаа түүнийг өөрийнхөө найз хэмээн дуудаж, Ши Жиньпинтэй дотно тэврэлдсэн. Зарим хүн АНУ-ын өрсөлдөгч орнуудын удирдагч нартай шууд харицаж байгаа нь магтууштай явдал гэж байгаа бол бусад нь түүнийг автократуудад олон улсын тавцанд гарах боломж олгож байна гэж шүүмжилжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.