Улс төрийн "удирдаач" тайзаа орхих, эсэхийг өнөөдөр парламент эцэслэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хийж, Төрийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, иргэний хувиар шалгуулан, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ зарласан.
Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын дэлгэсэн “Бодь Интернэшнл” групп Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр орохын тулд нөлөө бүхий улс төрчдөд 110 сая ам.долларын авлига өгсөн байж болзошгүй баримтад Ерөнхийлөгчийн нэр дурдагдсан юм.
Хуулийн дагуу өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг УИХ-аар хэлэлцүүлэхийг гишүүдийн дийлэнх олонх буюу 77.8 хувийн саналаар дэмжсэн. Иймд өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэн, эцэслэнэ.
Ийнхүү Монгол Улс Үндсэн хуульдаа заасан нэгэн онцгой зохицуулалтыг анх удаа бодитоор хэрэгжүүлэх нөхцөл үүсэж мэдэхээр байна.
Үндсэн хуулийн 37-гийн 2-т "Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн тохиолдолд шинэ Ерөнхийлөгч тангараг өргөх хүртэл бүрэн эрхийг нь УИХ-ын дарга хэрэгжүүлнэ", 37-гийн 3-т "УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэх журмыг хуулиар тогтооно" гэсэн заалт байдаг.
Энэ дагуу хэрэв Ерөнхийлөгчийг огцруулахыг парламент хэлэлцээд дэмжвэл түүний бүрэн эрхийг УИХ-ын дарга С.Бямбацогт ирэх дөрвөн сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.
Р.ЖАРГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.