Н.Учрал: Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг Монголын хууль дуудах болно

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр (2026.11.18) хийсэн мэдэгдлийнхээ эхэнд “Засгийн газрын үйл ажиллагаа цаашдаа ч хэвийн үргэлжилнэ. Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч албан тушаалаа өгч, энгийн иргэний хувиар нэр төрөө сэргээлгэж, үнэн худлаа тогтоолгох шийдвэр гаргасанд улсын Ерөнхий сайдын хувьд Төрийн тэргүүний гаргасан эр зоригтой, ёс суртахууны жишиг харуулсан энэхүү шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна” хэмээн тодотгов.
Төрийн тэргүүний араас Монгол Улсын сайд сайд, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ нар мөн үнэн мөнөө тогтоолгох шаардлагатай гэдэг үндэслэлээр өөрсдийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж, өргөдлөө өгсөн билээ. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд онцгой бүрэн эрхийнхээ Монгол Улсын сайл, ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг чөлөөлөх захирамжийг гаргаж УИХ-д танилцуулахаар шийдвэрлэснээ хэлээд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнийг мөн өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлж буйгаа хэлэв. Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлутын өргөдлийн хувьд ҮАБЗ-ийн тэргүүн, Бүх цэргийн командлагч огцрох өргөдлөө өгсөн байгаа тул улс орны гадаад, дотоод аюулгүй байдлын үүднээс түр хойшлуулсан гэдгээ онцолсон юм.
Ерөнхий сайд “Сүүлийн үед үүсээд байгаа асуудлуудаар буюу УИХ дээр сонсгол санаачилж ажиллаж байсан гишүүдийн тавьж байгаа шаардлага, сөрөг хүчний шаардлагад тусгагдсан гол үндэслэлүүд болох Гашуунсухайтын төмөр зам Бодь группын оффтейк гэрээтэй холбоотой асуудлууд дээр би бас байр сууриа илэрхийлье. Улсын Ерөнхий сайдын хувьд Гашуунсухайтын төмөр зам, "Бодь" группын оффтейк гэрээтэй холбоотой нэр нь холбогдсон, энэ баялгийн хулгайтай нэр нь холбогдсон ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан, тухайн үед төр засагт ажиллаж байсан, шийдвэр гаргалцсан төрийн бүх өндөр албан тушаалтнууд бүгдээрээ шалгуулах ёстой. Танай манай гэлтгүй, хүний өөрийнгүй шалгуулах ёстой. Үнэн бол хагас дутуу байж болохгүй, бүрэн бүтэн байх ёстой. Тийм учраас Монгол Төрийн тэргүүн өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөж, нэр төрөө сэргээлгэе гэдэг жишгийн дагуу бүгдээрээ шалгуулах ёстой. УИХ-ын гишүүний халдашгүй байдал дор нуугдаж асуудлаас бултах эрх хэнд ч байхгүй. Одоо бол бид үнэнийг хэлэх ёстой цаг ирлээ. Гашуун сухайтын төмөр зам, улс төрд үүссэн нөхцөл байдал бол ҮАБЗ-ийн тэргүүнээр ажиллаж байсан, Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулгаас эхлэлтэй. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж үг бий. Ерөнхийлөгч Х.Баттулга ҮАБЗ-ийг тэргүүлэн ажиллаж байхдаа 2019 онд Гашуунсухайтын төмөр замыг нууцад авсан. Оффтейкээр энэ ажлыг явуулна гэж урьдчилгаа төлбөр авах шийдвэр гаргуулсан. 280 сая ам.доллароор шороо овоолсон. Энэ асуудлаас болоод өмнөөс нь гадаад дотоодын иргэд ял шийтгэл авч, зарим нь зөвлөх, туслахууд нь хил давж зугтаасан.
Миний бие хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төгрөг нуурын ордыг бусдаас үнэгүйдүүлэн авсан, 250 сая ам.долларыг гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр босгож бусдад зарсан гэсэн асуудлыг ярьж, 507 хуудас материалыг хууль хяналтын байгууллагад гардуулсан. Ингээд энэ хэрэг замхарсан.
Монголд материал өгдөг, хэрэг төвөг нь шалгагддаггүй, үнэн мөн нь тогтоогдоггүй. Буруутай бол буруу, буруугүй бол буруугүй гэдэг шийдвэрийг гаргаж чаддаггүй ийм байдлаар асуудлыг хаахгүй, мухарлахгүй явсааар ийм байдалд хүрээд байна. Тиймээс Гашуунсухайтын төмөр замтай холбогдуулаад тухайн үед ҮАБЗ, Засгийн газарт хэн ажиллаж байсан, хэн шийдвэр гаргуулсан гэдгийг ярих ёстой. Өнөөдрийн Засгийн газрын хурлаар Гашуунсухайт төмөр зам, оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар бүх процессыг нь олон улсын санхүүгийн үнэлгээ, хөндлөнгийн аудит оруул гэдэг үүрэг чиглэлийг өгсөн” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн “Сөрөг хүчний шаардлагыг хүлээн авч, УИХ дээр сонсгол санаачилж байгаа гишүүдийг хүний өөрийн гэхгүй бүгдийг нь дэмжиж ажиллана. Шаардлагатай мэдээ мэдээллээр хангуулна. Хүний өөрийнгүй шалгацгаа. Одоо ард түмэндээ үнэн мөнийг нь тогтоож нээлттэй ярьцгаа. Ерөнхий сайдын хувьд өнөөдөр хууль хяналтын байгууллагад хугацаатай үүрэг өгнө. Хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Үнэн мөнийг шударгаар тогтоо. Сонсгол хий. Дүгнэлтээ хуулийн байгууллагад хүргүүл гэсэн үүрэг өгнө. Биелүүлээгүй бол хариуцлага тооцох ажлаа хийгээд явна.
Хариуцлага нэхсэн ард түмний шаардлагыг үл хүндэтгэсэн хэн бүхнийг хашиж буй албан тушаал, харьяалах нам эвслийг үл харгалзан Монголын хууль дуудах болно. Авлигын эсрэг чөлөөлөлтийг олон нийтийн дэмжлэгтэйгээр хийдэг. Засгийн газар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг өргөн мэдүүлсэн, Хөрөнгө хураах хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтдаа, хүний өөрийнгүй тэмцэх ажилд хамтран ажиллана. Учралын Засгийн газар нэг ч оффтейк гэрээ байгуулахгүй гэсэн улс төрийн шийдвэр гаргасан. Г.Занданшатарын Засгийн газрын үед оффтейк гэрээнүүд бүгд ил болсон. УИХ-ын гишүүн халдашгүй байдлын ард нуугдах эрх байхгүй” гэлээ.
Р.ЖАРГАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.