Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

“Voyager-1” хөлөг дэлхийгээс нэг гэрлийн өдөр зайд хүрсэн анхны хөлөг болоход хэдхэн цаг үлдлээ

“Voyager-1” хөлөг түүхэн амжилт бүтээж, дэлхийгээс нэг гэрлийн өдөр зайд хүрсэн анхны хөлөг болоход хэдхэн цаг үлдээд байна. “NASA”-гийн сайтаас харвал тус хөлөг дөрвөн цаг орчмын дараа нэг гэрлийн өдрийн зайд хүрэх аж.  

1977 онд “NASA” Бархасбадь болон Санчир гарагийг судлах зорилгоор “Voyager-1” хөлгийг хөөргөж байсан. Улмаар тус хөлөг Бархасбадь, Санчир гарагийн хажуугаар амжилттай нисэж, 2012 оны наймдугаар сард нарны аймгаас гарсан анхны хүний бүтээсэн объект болсон юм. Нэг гэрлийн өдөр гэдэг 26 тэрбум км орчим зай. Гэрэл нэг өдөрт ийм зайг туулах хурдтай байдаг тул нэг гэрлийн өдөр гэж нэрлэдэг.

“Voyager-1” хөлөг сансраар цагт 61 мянган км буюу секундэд 17 км хурдтай нисэж байгаа. Өөрөөр хэлбэл тус хөлөг нэг секундэд Улаанбаатар хотын Төв талбайгаас Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд хүрэх хэмжээний хурдтай нисдэг гэсэн үг.

Тун удахгүй дахин нэг түүхэн амжилт тогтоох гэж буй “Voyager-1” дотор алтан пянз бий. Тэрхүү алтан пянз дотор дэлхий дээрх амьдрал, соёлын олон янз байдлыг харуулах зорилгоор сонгосон дүрсүүдийн мэдээллийг багтаажээ. Аливаа харь гарагийн соёл иргэншил “Voyager-1”-ийг санамсаргүй байдлаар илрүүлсэн тохиолдолд дэлхий дээр амьдрал байсныг батлах зорилготой уг алтан пянзыг бүтээсэн юм. Өөрөөр хэлбэл тус алтан пянз нь нэг ёсондоо хүн төрөлхтөн оршин байсныг илтгэх цаг хугацааны капсул.

“Voyager-1” хөлөг одоо “Ursa Minor” одны ордод байрлах дэлхийгээс 17 гэрлийн жил зайтай “Gliese 445” одыг чиглэн нисэж байгаа. Секундэд 17 км хурдтай нисэж буй ч тус хөлөг ойролцоогоор 40 мянган жилийн дараа “Gliese 445” одыг 1.6 гэрлийн жилийн зайтай дайран өнгөрөх юм.

Эх сурвалж: NASA

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button