Мах магнаг болохтой зэрэгцээд өндөг "хаданд" гарч, үнэ нь 800₮ давав

Улаанбаатар хотын зарим хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвд аравдугаар сараас эхлэн өндөгний нийлүүлэлт тасалдаж, олдоц муудсан. Мөн сүүлийн өдрүүдэд өндөгний үнэ 100 гаруй төгрөгөөр нэмэгдэж, ширхэг нь 800 төгрөг давсан талаар иргэд, худалдаа эрхлэгчид өвөр зууртаа ярьж, шалтгааныг нь мэдэхгүй бухимдаж байна.
Монгол Улс жилд ойролцоогоор 500-520 сая ширхэг өндөг хэрэглэдэг бөгөөд дотоодын үйлдвэрлэлээр хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг хангаж, үлдсэнийг нь импортоор нөхдөг. ХХААХҮЯ-наас 2026 оны дөрөвдүгээр сард баталсан шийдвэрийн дагуу өндөгний импортыг сард есөн сая ширхэг байхаар зохицуулж, хязгаарлалт тогтоосон байдаг. Энд заасан тоо хэмжээний дагуу нийлүүлэлт орж ирж байгаа гэх ч өдрөөс өдөрт өндөгний үнэ өсөж, хомсдол үүссээр. Мал аж ахуйн орон Монголд мах нь "магнаг" болсон, нэг л мэдэхэд өндөг ч тансаг хэрэглээ, ховрын бараа болон хувирах вий.
ҮСХ-ны хамгийн сүүлийн буюу |2026.11.09|-ны өдрийн судалгаанд дурдсанаар захуудад өндөгний дундаж үнэ ширхэг нь 620 төгрөг байгаа гэв. Харин иргэдэд хамгийн ойр байрлах хүнсний болон сүлжээ дэлгүүрүүдэд 650-800 төгрөгийн үнэтэй байна.
Нэгэн хүнсний дэлгүүрийн худалдагч "ОХУ-аас орж ирдэг өндөгний нийлүүлэлт хумигдаж, аравдугаар сарын эхний долоо хоногт болон энэ сарын эхээр тасалдал үүссэн. Манайх одоогоор ямар ч өндөггүй байна, нийлүүлдэг компаниас удахгүй ирнэ гэсэн" хэмээн ярилаа.
2026 оны аравдугаар сарын байдлаар 82.4 сая ширхэг өндөг импортолсон бөгөөд энэ нь 2024 оны мөн үеэс 7.1 хувийн өсөлт, 2025 оны мөн үеэс 17.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улс ЕАЭЗХ-ны хэлэлцээрийн хүрээнд жилд 90 сая ширхэг хүртэл өндөг импортлох 7.5 хувийн татварын хөнгөлөлтийг бий болгосон. Гэсэн хэдий ч энэ шийдвэр бодит хөрсөн дээр хэрэгжиж байна уу гэдэг нь бүрхэг хэвээр. Мөн дотоодын үйлдвэрүүдийн нийлүүлэлт нэмэгдсээр буй ч иргэд хомсдолтой нүүр тулсаар байгаа нь анхаарал татна.
Тэгвэл энэ асуудалд холбогдох төрийн байгууллагаас ямар хариулт өгөв?
МЭЕГ-ын Мал эмнэлгийн хяналт, баталгаажуулалтын газрын даргын түр орлогч Б.Чулуунчимэг: 2026 оны дөрөвдүгээр сард ХХААХҮЯ-ны сайдын баталж өгсний дагуу сард 9 сая өндгийг оруулж ирж байсан бол иргэдийн эрэлт хэрэгцээ ихсэж буйтай холбогдуулан арваннэгдүгээр сард 20 сая ширхэг өндөг импортлохоор тусгасан. Энэ дагуу татан авалт хийгдэж байгаа бөгөөд сарын сүүлээр гаалийн газраас импортын тоон мэдээлэл авдаг тул одоогоор хэдэн ширхэг нь орж ирсэн талаарх мэдээлэл байхгүй хэмээсэн юм.
Гаалийн ерөнхий газар: Өнгөрсөн саруудад 9 сая ширхэг гэж хязгаар тогтоосноос үүдэж сарын сүүлээр хомсдол үүсэх асуудал гарсан болов уу гэх бөөрөнхий тайлбар хэлэв.
Үндэсний үйлдвэрлэгч "Түмэн шувуут" ХХК энэ оны эхний есөн сарын хугацаанд 178 сая ширхэг өндөг үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 46 хувиар өссөн үзүүлэлт гэв.
Тэгвэл дотоодын үйлдвэрийн өндөгний гэрээт борлуулагчдын зүгээс "ОХУ-аас орж ирэх өндөгний тасалдлаас үүдэж үндэсний үйлдвэрлэгчид дангаар хангаж дийлэхгүй байгаа. Үйлдвэрээс нийлүүлэх тоо хэмжээнд өөрчлөлт орсон ч, огт байхгүй зүйлгүй. Үйлдвэрийн үнэ 620 төгрөгөөр авч 650-700 төгрөгөөр зарж буй. Иргэд өндөг хэрэглээд дадчихсан тул үнэ нэмэгдсэн ч авахаас өөр аргагүйд хүрч байна" гэлээ.
Бид бараг хагас жилийн турш шатахууны хомсдолтой нүүр тулж, хонон өнжин дараалалд зогсож, эцэст нь дараалалгүй авч эхэлж байгаа ч үнэ нь 5000 төгрөг хол даваад буй. Үүнтэй адил өнгөрсөн сараас эхлэн өндөгний хомсдолд орж эхэлснээр дүрмийн дагуу үнэ өсөж 800 төгрөгт хүрлээ. Хомсдолд оруулж байгаад араас нь үнээ нэмж зардаг технологи улам дэлгэрсээр.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.