Пак Сан Бэк: “Навч” дууг нь анх сонссоноос хойш Монгол гэхээр миний санаанд хамгийн түрүүнд ордог нь дуучин А.Хишигдалай хэвээрээ

Дуучин А.Хишигдалайгийн солонгос шүтэн бишрэгч Пак Сан Бэктэй ярилцлаа.
-Өнгөрсөн хавар энэ гудмаар явж байгаад танай лоунжид суухад та бидэнд дуучин А.Хишигдалайгийн дуунуудаас сонсгож билээ. Бидэнд нутагтаа байгаа юм шиг их сайхан байсан. Тэгээд марталгүй явсаар Сөүлд дахин ирэхдээ тантай уулзаж буй минь энэ.
-Таатай байна. Их баярлалаа.
-Эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Пак Сан Бэк гэдэг. Би Сөүл хотын Синчон галт тэрэгний буудлын чанх урд талын байрны 3 давхарт “Мюзик поп” гэж энэ лоунжийг ажиллуулдаг. Би өмнө нь кино урлагийн салбарт ажилладаг байсан. Ковид-19 цар тахлын дараа Өмнөд Солонгосын төдийгүй бусад орны кино үйлдвэрлэлийн нөхцөл байдал муудсан. Тиймээс орлого олох өөр арга хайж, чамгүй сорилт туулж байж энэ газраа нээсэн.
-Та өмнөх ажлынхаа талаар арай дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Би кино импортлох бизнес эрхэлдэг байсан. Гадаадын чанартай сайн кино, тухайлбал Канн, Венец, Берлиний зэрэг олон улсын кино наадамд оролцсон кино бүтээлүүдийг Өмнөд Солонгост албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг байлаа. Тэдгээр киног зөвхөн CGV, Lotte Cinema, Megabox зэрэг том кино театруудаар төдийгүй, төрөлжсөн кино театруудаар гаргадаг байв. Солонгост урлагийн болон бие даасан кино үзүүлдэг тусгай кино театрууд олон байдаг. Бид импортолсон киноныхоо нээлтийг тэдгээр театруудад хийдэг байлаа. Кино импортлох, түгээх ажлынхаа хажуугаар Солонгосын богино хэмжээний кино буюу бие даасан кино гэж нэрлэдэг бүтээлүүдийг продюсерлэж, үйлдвэрлэдэг байв.
-Киноны ажлаар явж байгаад киноны хүнтэй танилцсандаа таатай байна. Таныг анх Монголтой танилцуулсан хүн бол дуучин А.Хишигдалайг гэж ойлгосон. Анх дууг нь сонсоход танд ямар санагдсан бэ?
-Үнэнийг хэлэхэд би монгол дуу хөгжмийн талаар сайн мэдэхгүй л дээ. Нас ахиж буй болохоор ой тогтоолт маань ч урьдын адил биш болж, сонссон дуу, дуучны нэрийг нэг бүрчлэн санахгүй байх нь элбэг. Гэхдээ анх сонссон монгол дуучин маань А.Хишигдалай байсныг бол сайн санадаг юм. Түүний дуулсан “Навч” гэдэг дуу байсан. YouTube дээр клипийг нь үзэнгээ сонсоход надад маш шинэлэг, Солонгос болон Азийн бусад орны хөгжмийн клипээс огт өөр санагдсан. Өргөн уудам газар нутаг, байгаль, хөдөөгийн амьдралын бодит дүр төрх урсаад л, дууных нь үгийг ойлгохгүй байсан ч клипний вайб, дүрслэл надад маш хүчтэй сэтгэгдэл төрүүлж билээ. Тэр дууг анх сонссон цагаас хойш өдгөө арав гаруй жил өнгөрсөн ч Монгол гэхээр миний санаанд хамгийн түрүүнд ордог нь дуучин Хишигдалай хэвээрээ л байна.

-Өмнөд Солонгост монголчууд олноор ажиллаж амьдрах болсон. Азийн бусад орны хүмүүсээс монгол хүн юугаараа онцлог санагддаг вэ, танд?
-Үнэнийг хэлэхэд дуучин Хишигдалайгийн дууг сонсохоосоо өмнө, залуухан байхдаа би Монгол Улс, монголчуудыг байгальтай маш ойр амьдардаг гэж төсөөлдөг байв. Онгон байгальд, орчин үеийн соёл иргэншилд бүрэн автаагүй, материаллаг зүйл гэхээсээ бодит үнэ цэнийг эрхэмлэдэг хүмүүс амьдардаг тийм газар гэж боддог байв. Тиймээс анх Хишигдалайгийн дууг сонсоод маш их гайхсан. Миний төсөөлж байсан Монголд ийм орчин үеийн, сонсоход үнэхээр таатай сайхан хөгжим байдаг аа гээд л. Түүний дуу Монголын тухай миний төсөөллийг огцом өөрчилсөн, сонирхолтой, гэнэтийн зүйл байсан. Тэгээд л би аажмаар YouTube болон бусад мэдээллийн сувгуудаас Монголын тухай сонирхон судалж эхэлсэн. Монгол бол миний төсөөлж байснаас огт өөр, хурдтай хөгжиж буй улс юм байна гэж тэгж мэдэж авч билээ.
Хөгжмийн хувьд хип хоп, техно зэрэг орчин үеийн урсгалуудыг өөрийн гэсэн өвөрмөц мэдрэмж, өнгө аястай хослуулан маш өвөрмөц бүтээлүүд гаргаж байна. Бусад орноос хоцорсон шинж ер үгүй. Мөн дуу хөгжмийн клипүүдийг их сайн хийдэг юм билээ. Медиа, дүрс бичлэгийн салбарт ч цаашид улам хөгжиж, түүчээлэх боломжтой санагдсан. Үнэндээ бол дуучин Хишигдалайгийн ачаар л би монгол дуу хөгжим сонсож, клип үзэж эхэлсэн. Улмаар Монголын хип хоп болон бусад соёлтой бага зэрэг танилцсан. Тэгээд Монгол Улс зөвхөн хөгжим гэлтгүй соёлын болон бусад олон салбарт маш эрчимтэй хөгжиж байгаа юм байна гэж бодсон.
3-4 жилийн өмнө Пусаны олон улсын кино наадамд монгол кинонууд оролцож буйг сонссон. Пусаны кино наадмын хөтөлбөр хариуцдаг нэг танил маань надад Монгол кино импортлохыг санал болгож, маш сайн кино байдаг гэхэд нь бас их гайхаж билээ. Тэгээд Монгол Улс дуу хөгжмийн салбарт төдийгүй кино урлагийн салбарт ч анхаарал татахуйц орнуудын нэг юм байна гэж бодсон. Би Монгол Улсын медиа болон урлаг соёлын салбар цаашид улам хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
Монгол хүмүүсийн хувьд бие бялдрын хөгжил сайтай, ясархаг, бяр тэнхээ ихтэй гэсэн ойлголт түгээмэл. Монгол эмэгтэйчүүдийн тухайтад солонгосчууд эерэг сэтгэгдэлтэй байдаг. Монгол эрчүүдийн талаарх ойлголт ч ерөнхийдөө сайн. Монголыг бага сага сонирхдог хүний хувьд энэ талаар сошиал мэдээ таарвал би уншдаг юм. Солонгосчуудын Монгол Улсад хандах нийтлэг хандлага эерэг, найрсаг. Монголчууд ч Солонгос улсад дургүй биш гэж ойлгодог. Ямартай ч солонгосчууд Азийн бусад орныг бодвол Монголд илүү найрсаг, ойр дотно ханддаг. Зарим талаар биширч, хүндэтгэдэг ч байж магад. Тиймээс зөвхөн миний хувьд биш, олон солонгос хүн монголчуудад тааламжтай ханддаг гэж бодож байна.
- Пусаны кино наадмын танил тань санал болгож байсан Монгол киног та санаж байна уу. Та монгол кино импортолсон уу?
-Одоогоор ямар нэг Монгол кино импортолж завдаагүй л явна.
-Манай “Их говийн манаач” баримтат киноны трейлерийг үзээд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Ердөө 30 секундийн трейлер учраас танай киног бүрэн ойлгох боломжгүй байсан. Гэхдээ түрүүнд ярьсан байгальтай холбоотой тэр л мэдрэмж эргэн ирсэн. Өргөн уудам орон зайд орших онгон зэрлэг байгальд хүмүүс ямар нэг зүйлийг хайж байх шиг. Тэгтэл говийн баавгай гараад ирсэн. Байгалийн сэтгэл татам зураглалууд ч байсан. Тэр бүхэн надад тус баримтат киног хийхэд ямар их хүч хөдөлмөр зарцуулж, олон бэрхшээл туулсан бол оо гэсэн бодол төрүүлсэн. Үнэнийг хэлэхэд трейлер маш хүчтэй сэтгэгдэл төрүүлэхүйц бус, яг ийм агуулгатай кино байна гэж шууд ойлгохуйц байгаагүй л дээ. Ерөнхийдөө байгаль, говийн баавгай эсвэл хүмүүсийн аль нэгийг товойлгож харуулдаг төрлийн баримтат кино юм байна гэж ойлгосон.
-Кино маань олон нийтэд нээлттэй болохоор танд татаж үзэх линк илгээе. Ингэхэд та цаашдаа монгол дуучдаас зөвхөн Хишигдалайг сонссоор байх уу. Эсвэл өөр монгол уран бүтээлчийг хайж, шинэ дуу хөгжим сонсож байна уу?
-Үнэнийг хэлэхэд сүүлийн үед Хишигдалайгаа ч сонсож амжихгүй байна. Хишигдалайгаас өөр монгол дуучдын талаар сайн мэдэхгүй хэвээрээ. Дуу, дуучдын нэрийг тогтоох нь надад амаргүй байдаг. Монгол нэрийг цээжлэхэд жаахан хэцүү л дээ. Нас ахиж, ой тогтоолт минь ч муудаж байна (инээв). Гэхдээ боломж гарвал монгол дуу хөгжим сонсдог. Нэрийг нь мэдэхгүй ч сонсдог юм. Гэхдээ анх Хишигдалайг сонсож байсан үеийнх шиг тийм шинэлэг хүчтэй мэдрэмж төрөх нь бага болсон байна билээ. Сонирхуулахад манай доод давхарт Солонгосын K-pop дуучдийн фэн клуб байдаг шүү.
-Хэрэв та Монголд очвол хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Хөдөө нутгаар аялж үзмээр байна. Монголын уудам нутаг тал нутаг, онгон тансаг, цэвэр ариун байгалийг өөрийн биеэр мэдэрмээр байна. Бид өдөр бүр агаар, дуу чимээний бохирдол ихтэй орчинд амьдарч байна шүү дээ. Аль ч том хотод, Нью-Йорк, Токио, Сөүл гээд хаана ч байсан энэ асуудал бий. Тиймээс агаар, орчны бохирдлоос түр ч атугай ангижирч, өргөн уудам нутгийн байгальд очихыг хүсдэг.
-Монголчууд бид учрал тохиол бүр утгатай гэж итгэдэг хүмүүс. Тиймээс хаврын тэр орой танай лоунжийн хажуугаар гарч яваад санамсаргүй орж ирсэн, та А.Хишигдалайгийн дуунуудыг бидэнд зориулж сонсогсон, энэ их хотод эргэж ирэхдээ танай хажууханд бууж таарсан зэргийг билэгшээн хүлээн авсан юм. Тэгээд зориуд цаг товлон тантай уулзлаа. Таныг Монгол оронд маань зочлон очно гэдэгт итгэлтэй байна.
-Сонсоход таатай байна. Их баярлалаа. Та бүхнийг “Их говийн манаач” киногоо олон нийтэд нээлттэй болохоор надад илгээхийг хүсэж байна. Би танай киног 40 минутын буюу дунд хэмжээний кино гэж ойлгосон. Кино бүтээх явцад үргэлжлэх хугацаа маш чухал гэдгийг кино продюсер хийж байсан хүний хувьд сайн мэднэ. Мөн кино түгээлтэд чухал нөлөөтэй. Кино театр, кино наадам болон бусад байгууллагуудын хооронд маш олон талын ашиг сонирхол, харилцан хамаарал байдаг. Тэр хамаарал киноны үргэлжлэх хугацаанаас их хамаардаг. Танай кино тэр их говийг 40 минутанд харуулсан гэхээр асар их хөдөлмөр шингэсэн байж таарна. Олон ч бэрхшээлийг давсан байх.
Ер нь ажаад байхад Солонгос болон Азийн бусад орны найруулагчид нэг кинонд авсан дүрсээ ашиглаад олон зүйл зэрэг багтаахыг зорьсон санагддаг. Танай киноны тухайд бүрэн үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байгаа ч дараагийн удаа ийм бүтээл хийх бол 100 минутаас дээш хэмжээтэй, эсвэл ядаж 95 минут орчим бүтээл хийх нь илүү тохиромжтой гэж зөвлөх байна. Тэгвэл кино наадмууд болон кино театруудын хувьд сонгон авч, хөтөлбөртөө оруулахад амар болно. Гэхдээ та бүхний энэ удаагийн бүтээл хугацаанаас үл хамаараад сайн болсон учраас шагнал хүртсэн гэдэгт итгэлтэй байна. Шагналыг зүгээр өгдөггүй шүү дээ. Ямар ч кино наадам бай тухайн бүтээлд онцгой сайн тал, шагнал хүртэхүйц чанар байгаа учраас л шагнал өгдөг. Тиймээс энэ дашрамд танай багийнханд дахин баяр хүргэе.
-Баярлалаа. Ингэхэд лоунжныхаа дотоод засал чимэглэлийн загварыг та өөрөө гаргасан уу. Өрнөдийн уран зураг, орчин цагийн ном, киноны зурагт хуудас, алтан үеийн пянзны цуглуулга гээд энд тавьсан эд зүйлс хоорондоо их сайхан хоршжээ. Таны үүсгэсэн чамин, тохьтой, дулаахан энэ орчин бидэнд их таалагдлаа.
-Энэ засал чимэглэлд тийм ч онцгой үзэл санаа шингээгүй л дээ. Том саруулхан цонхноос нь болоод би энэ газрыг сонгосон юм. Цонхоор харагдах үзэмж нь надад маш их таалагдсан. Ер нь баар, пабууд ихэвчлэн нэг давхарт эсхүл доод хонгилд байдаг шүү дээ. Харин би энэ газарт анх орж ирээд л цонхоор харагдах үзэмжинд татагдсан. Тиймээс энэ газрыг нээх болсон хамгийн гол шалтгаан нь цонх гэж хэлж болно. Интерьерийн хувьд санхүүгийн нөхцөл байдлаа бодолцож төлөвлөж байгаад нэг нэгээр нь хийсэн.
Киноны салбарт ажиллаж байсан болохоор пянз, хуурцаг болон бусад зүйлсээ ашиглаад үүнээс хамаагүй жижиг газарт кино баар нээхээр төлөвлөж байсан юм. Гэвч тодорхой нөхцөл байдлын улмаас нээх боломжгүй болсон. Амьдрал гэдэг үнэхээрийн сонин шүү дээ. Заримдаа нарийн төлөвлөж байсан зүйл өөрчлөгдөж өөр замаар явах шаардлага гардаг. Тэгээд л энд ирж, илүү том орон зайтай болсноор янз бүрийн зүйлсийг төлөвлөж, эцэст нь одоогийн энэ интерьер бий болсон. Мэдээж миний хувийн сонирхол ч бас тодорхой хэмжээгээр шингэсэн байх.
-Энд байгаа уран зургуудыг харахад таны урлагийн сонирхол нэлээд тодорхой, өөрийн гэсэн чиг баримжаатай юм шиг санагдаж байна.
-Өө үгүй, үгүй. Би тодорхой нэг зураачид дуртай, эсвэл тодорхой нэг кино найруулагчийг онцгойлон шүтдэг төрлийн хүн биш. Би өөрийгөө чөлөөтэй байлгах дуртай. Энд байгаа зургуудыг тухайн үеийн нөхцөл байдлын улмаас олж авах боломжтой болсон юм. Арын хананд байгаа киноны постерууд ч мөн адил. Тэгээд мөн тухайн үеийн нөхцөл боломждоо тааруулаад энэ газрыг тохижуулсан төдий юм. Мэдээж өөрийн сонирхолд нийцүүлэн сонгосон зүйлс бий. Ярилцлага өгч гээд өөрийн бодит байдлаас өөр зүйл яримааргүй байна. Би ер нь хүн олон төрлийн хөгжим сонсож, олон төрлийн кино үзэж, янз бүрийн уран зураг үзэж, сонирхож байх ёстой гэж боддог. Тиймээс миний хувьд тодорхой нэг чиглэлд баригдсан сонирхол гэж байхгүй. Гэхдээ нэг зүйл дээр бол би тууштай. Би кино, хөгжим, уран зураг, ном гээд соёл урлагийн зүйлсэд маш их дуртай. Монгол киноны тухай ярихад ч хүмүүс тэр бүр үзэхийг хүсдэггүй. Азийн бусад орны кино, Зүүн Европын кинонуудыг ч хүмүүс үзэх сонирхол багатай байх нь бий. Гэвч үнэндээ олон зүйлийг үзэж байж л таньж мэднэ шүү дээ.
Олон төрлийн хөгжим сонсож байж хөгжим ойлгоно. Олон төрлийн кино үзэж байж киноны талаар ойлголттой болно. Олон төрлийн зураг харж байж уран зургийг ойлгоно. Үүнтэй адил монгол хөгжим, киног ч бас сонсож, үзэж байж мэдэж авна. Гэтэл хүмүүс ихэвчлэн өөрсдийнхөө сонирхолд нийцсэн зүйлсийг л сонгож үздэг. Заримдаа тэдний сонирхол гэдэг үнэндээ өөрсдөө бий болгосон сонирхол биш, харин бусдын нөлөөгөөр бүрэлдсэн сонирхол төдий зүйл байдаг. Тиймээс би өөрийнхөө сонирхлыг хэтэрхий хязгаарлахыг хүсдэггүй. Харин аль болох нээлттэй, чөлөөтэй байж чадвал бусдыг олон төрлийн бүтээлтэй танилцуулахад илүү амар болдог. Тиймээс надад нэг тодорхой, хатуу тогтсон сонирхол байхгүй. Харин кино, хөгжим, уран зураг, ном зэрэг соёлын ихэнх зүйлд дуртай.
-За бидний явах цаг ч боллоо. Цаг гарган бидэнтэй уулзаж сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.
-Та бүхэнд ч бас баярлалаа. Дараа дахин ирээрэй.
Ярилцсан: Р.Болор
Орчуулсан: А.Бумбилэг













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.