Такси тансаг хэрэглээ боллоо
Дээхэн үед нэгэн улстөрч "Өндөг бол тансаг хэрэглээ" хэмээж байсан удаатай. Тэгвэл Улаанбаатар хотын автозамаас такси барина гэдэг амаргүй. Тэр тусмаа оргил ачааллын үеэр буюу 18:00-20:00 цагийн хооронд замын ачаалал ихсэж нийтийн тээвэр нь буудал дээрээ ирэхгүй удаж, такси зогсох нь тун бэрх. Ёстой нөгөө аз мэднэ.
Улаанбаатар хотын иргэн өвлийн улиралд ажлаа тараад гэртээ харих гэж маш олон саад бэрхшээлийг туулдаг нь үнэн. Автомашинтай бол түгжрэлд цагаа үрнэ. Нийтийн тээврээр зорчих гэхээр түгжрэлээс шалтгаалж хугацаа алдана. Аз таарч ирсэн ч багтах эсэх нь эргэлзээтэй. Хүйтэнд гадаа удаа зогсохоос халширч такси барих гэтэл зогсохгүй. Энэ бүхнээс харахад такси тансаг хэрэглээ болсон гэлтэй.
Сүүлийн үед такси үйлчилгээний үнэ өссөн. Одоогийн байдлаар такси үйлчилгээнд явдаг жолооч нар нэг километр замыг ₮3,000-3,500 явж буй. Энэ бол дундаж үнэ. Шөнийн цагаар зарим жолооч нар "₮4,000-5,000 нэхдэг" тухай иргэд цахимд орчин бичих болов. Улаанбаатар хотод такси үйлчилгээ "нэг километр нь тэдэн төгрөг байна" гэж тодорхой заасан зүйлгүй. Тэгэх ч боломжгүй биз ээ. Тодорхой тариф тогтоолоо гэхэд хяналтаа хийх боломж хомс. Хэн абугай ч такси үйлчилгээнд явах боломжтой учраас үнэ чөлөөт байх учиртай.
Такси үйлчилгээ үзүүлдэг жолооч нар "шатахууны үнэ өссөн учраас үнэ нэмсэн" гэх тайлбарыг хэлдэг. Үүнийг буруушаах араггүй. Тэд ч бас амьдрах гэж яваа улс. Ашигтай ажиллах учиртай. Иймд "такси тансаг хэрэглээ болсон нь хэний буруу вэ" гэх асуулт гарч ирнэ. Эцэстээ энэ бүхний буруутан өнөөх төр болж таарах нь. Учир нь таксины үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн шатахууны хомсдолыг төр шийдэх учиртай. Түгжрэл мөн төрийн асуудал. Иргэд нь ажлаа тараад гэртээ очих гэж дунджаар 3-4 цаг зарцуулж асар олон "алаан" дунд явж буй нь угтаа төрийн л "арчаагүй" байгаагийн илрэл.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.