Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Г.Ган-Очирыг яллагдагчаар татаж, нэг сар цагдан хорьжээ
Монгол Улсын иргэн Г.Ган-Очирыг Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Швед улсад саатуулан энэ сарын 14-нд Монголд авчирсан. Тэгвэл Г.Ган-Очирыг Монголд авчирсан даруйд нь хойшлуулшгүйгээр саатуулж, 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар болжээ.
Хэргийг эргэн сануулахад, иргэн Г.Ган-Очир нь “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангийн алба хаагч болон цагдаагийн алба хаагч нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн, бусдын байшинг галдан шатааж хууль бусаар устгасан, Сонгуулийн ерөнхий хорооны ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байхдаа буюу 2022 оны долоодугаар сард Монгол Улсын хилээр гарч, оргон зайлсан байдаг.
Тиймээс Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс 2022 оны наймдугаар сараас эхлэн түүнийг Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилж байсан юм. Г.Ган-Очир нь Монгол Улсаас орон зайлсныхаа дараа буюу 2022 оны арванхоёрдугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, улмаар Франц Улсын Аннеси хотын эрүүгийн хэргийн шүүхээс 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 2 жил хорих ял ногдуулсан бөгөөд тэрбээр ял эдэлж байх хугацаандаа дахин тус улсаас оргон зугтсан аж.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.