Индонезийн Дэд ерөнхийлөгч ахлах сургуулийн дипломгүй учир огцров уу
Сүүлийн хэдэн долоо хоног Индонезийн улс төр ихээхэн үймээн самуунтай өнгөрлөө. Тодруулбал Ерөнхийлөгч Прабово Субиантогийн утсыг чагнасан гэх мэдээлэл дэгдэж, эрх баригчд намуудын эвсэл дотоод зөрчилдөөний улмаас задрахдаа тулж, шүүхийн шийдвэрийн дараа Дэд ерөнхийлөгч Гибран Ракабумин Рака огцрох өргөдлөө өгөв. Шүүх түүнийг бүрэн дунд боловсрол эзэмшсэн гэж үзэх боломжгүй гэж үзжээ.
Үүнээс харвал Гибран ахлах сургуулийн дипломгүй учир ажлаа хүлээлгэн өгсөн мэт харагдаж болно. Гэвч үүний цаана эрх мэдлийн төлөөх тэмцэл, улс төрийн эвслийн хагарал, өмнөх болон одоогийн ерөнхийлөгчийн харилцааны зөрчил байгаа юм.
Зүүн өмнөд Азийн хамгийн том эдийн засаг, дэлхийн гурав дахь хамгийн их хүн амтай Индонезид юу болоод байгааг харцгаая.
Дэд ерөнхийлөгч Гибраныг огцроход юу хүргэв?
Индонезид зарим хүн 39 настай Гибраны боловсролд эргэлзэж буйгаа илэрхийлж, түүнийг олон сарын турш шүүмжилж ирсэн байна. Асуудал даамжирсаар Индонезийн Үндсэн хуулийн шүүхэд хүрчээ.
Албан тушаалаас нь огцруулах зорилготой өргөдлийн дагуу хэргийг хэлэлцсэн шүүх өнгөрсөн сард Гибраныг бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг нотлох гадаадын диплом, гэрчилгээ, эсвэл бусад баримт байхгүй гэж дүгнэсэн байна.
Индонезийн хуулиар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх шаардлагатай байдаг. Гэхдээ шүүх 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүчингүй болгох боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Учир нь Гибран тухайн сонгуульд нэр дэвшиж, дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Гибран Сингапурын “Orchid Park” дунд сургуульд суралцаж, дараа нь Австралийн “UTS Insearch”-д боловсрол эзэмшжээ. Дараа нь тэр Сингапурын “Management Development Institute”-д суралцаж, бакалаврын зэрэг авсан байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа зарим хууль тогтоогч нар түүнийг огцруулах ажлыг эрчимжүүлжээ. Гибран мягмар гарагт /2026.11.10/ Ерөнхийлөгч Прабовотой уулзаж, огцрох хүсэлтээ өгсөн байна. Түүний хүсэлтийг Прабово хүлээн авч лхагва гарагийн /2026.11.11/ орой Гибран албан тушаалаа хүлээлгэн өгчээ. Түүний аав Жоко Видодо Индонезийн ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ олон нийтийн дэмжлэгийг хүлээсэн удирдагч байсан. Гэвч Гибран аав шиг ээ олны хүндлэлийг хүлээсэн улс төрч болж чадалгүй огцров.

Гибран гэж хэн бэ?
Гибраны боловсролын дипломоос гадна түүний улс төрийн замнал, сонгуульд нэр дэвшсэн үйл явц нь маргаан дагуулдаг. Жокогийн ууган хүү тэрбээр 2019 он хүртэл улс төрд төдийлөн сонирхолгүй байсан юм. Тухайн үед Гибран Соло хотын даргын сонгуульд нэр дэвшихээс өмнө хүнсний чиглэлийн хэд хэдэн бизнес эрхэлдэг байжээ.
2024 оны сонгуульд Дэд ерөнхийлөгчид нэр дэвшихэд Гибран хэтэрхий залуу байсан юм. Индонезийн хуулиар Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч 40 нас хүрсэн байх ёстой. Сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх хугацаа дуусахаас өмнөхөн Үндсэн хуулийн шүүх насны хязгаарт онцгой нөхцөл оруулж, 40 нас хүрээгүй хүмүүсийг ч нэр дэвших боломжтой болгосон байна.
Тухайн үед Үндсэн хуулийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Анвар Усман нь Гибраны авга ах, Жокогийн хүргэн ах байв. Ашиг сонирхлын зөрчилтэй ч гэсэн Анвар уг хэргийг авч хэлэлцсэн тул дараа нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм. Гэсэн ч насны хязгаарт өөрчлөлт оруулсан шүүхийн шийдвэр хэвээр үлдэж, Гибран сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан байдаг.
Индонезийн улс төрийн хямрал хэрхэн эхэлсэн бэ?
Индонезид үүсээд буй улс төрийн хямралын гол шалтгааны нэг нь Ерөнхийлөгч Прабово болон Ерөнхийлөгч асан Жоко нарын харилцаа муудсан явдал юм. Прабово өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд Жоковид хоёр удаа ялагдаж байв.
Харин 2019 онд Жоко хоёр дахь бүрэн эрхийн хугацаа нь дуусгах дөхөөд улс төр дэх нөлөөгөө хадгалах арга зам хайж эхэлжээ. Үүний нэг арга нь Гибраныг улс төрд гаргах явдал байв. Жоко Гибраныг Прабовогийн Дэд ерөнхийлөгчөөр нэр дэвшүүлэх хүсэлтэй байсан юм. Прабово Жокогийн нэр хүндийг ашиглан сонгуульд ялалт байгуулах боломжтой гэж үзэж, Гибраныг Дэд ерөнхийлөгчөөрөө сонгожээ.
Энэ стратеги нь үр дүнгээ өгч Прабово 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан байдаг. Шинжээчид түүний байгуулсан ялалтад Жокогийн нөлөө чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үзсэн юм.
Гэвч Жоко, Прабово нарын эвсэл анхнаасаа хэврэгхэн суурь дээр тогтож байжээ. Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар, Жоко болон Прабово нарын эвсэл хэзээ нэгэн цагт хагарах нь тодорхой байсан аж. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Индонезын тамгын газрын дарга Листёо Сигит Прабовогийн утсыг чагнаж байсан гэх мэдээлэл гарсан байна. Листёо нь Жокогийн холбоотон юм.
Индонезын цагдаагийн байгууллага уг хэрэгтэй холбогдуулан Листёо тэргүүтэй дөрвөн хүнийг эх орноосоо урвасан гэх үндэслэлээр шалгаж эхэлснээ пүрэв гарагт /2026.11.12/ мэдэгджээ. Үүнээс харвал Гибран өмнө нь шүүмжлэл дагуулсан хэргүүдтэй холбогдож байсан болон Ерөнхийлөгч Прабово, Жоко нарын хагаралдаан түүнийг ажлаа хүлээлэн өгөхөд нөлөөлсөн байна.

Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх магадлалтай вэ
Үүсээд буй улс төрийн үймээн ойрын хугацаанд тогтворжих магадлал бага байна. Одоо Индонезын хууль тогтоох дээд байгууллага болох Ардын зөвлөлдөх ассамблей шинэ Дэд ерөнхийлөгчийг сонгоно. Ерөнхийлөгч Прабово хоёр хүний нэрийг дэвшүүлж, парламент тэдний нэгийг 60 хоногийн дотор сонгох ёстой.
Прабово энэ үеийг ашиглан Жокогийн талын хүмүүсийг өөрийн хүрээллээсээ түлэх, эрх баригч Гериндра намын нөлөөг бэхжүүлэх боломжтой юм. Гэхдээ эрх мэдэл нэг намд төвлөрөх нь улс төрийн эрсдэл мөн дагуулна. Улс төрийн шинжээч Кеннеди Муслимийн үзэж буйгаар нэг улс төрийн намд эрх мэдэл төвлөрснөөр иргэд нийгмийн нөхцөл байдалд доройтож буй явдалд хэнийг буруутгах вэ гэдэг нь тодорхой болдог гэж хэлжээ. Прабовогийн рейтинг өнгөрсөн жилийн хугацаанд эрс унасан байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард түүний рейтинг 81.2 хувьтай байсан бол энэ оны аравдугаар сард 44.5 хувь болж буурчээ.
Индонезчууд эдийн засгийн тогтворгүй байдал, засгийн газрын гол бодлогод сэтгэл дундуур байгаа гэдгээ илэрхийлж өргөн хүрээтэй жагсаал хийсэн юм. Хэрэв түүний рейтинг унасаар байвал улс төрийн түншүүд нь 2029 оны сонгуулийг бодож, түүнээс зайгаа барьж эхэлж магадгүй аж.
Эх сурвалж: The Guardian













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.