НИЙГЭМНийгэм мэдээ

АСУУЛТ: Индэр өөд гарахдаа гараа угаах юм бол давсан бөх үзэгчдэд хишиг тараахдаа яах вэ

Монголын үндэсний бөхийн холбооноос "барилдааны дараа бөхчүүдийн гарыг ариутгаж угаана" гэсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулах болов. Учир нь энэ сарын 10-нд болсон "Чингис хаан" цомын төлөөх барилдааны үеэр их шөвөг болон үзүүр, түрүүны бөхчүүдийг шагналаа авахаар индэр өөд гарахад нь гарыг нь арчуулж буй видео бичлэг цацагдаж энэ асуудал нийгмийн анхаарлын төвд оров.

Тэгвэл энэ асуудлаар Төрийн ёслолын газрын дарга Н.Одмөнх "Бөхийн холбооны ажилтан бөхчүүдийн гарыг арчуулсан. МҮБХ бөхчүүдийнхээ гарыг ариутгалын бодисоор арчих ажлыг хийж байгаа юм байна лээ. Төрийн ёслолын газар энэ ажилд огт оролцоогүй" гэв.

Бөхийн холбоо ч үүнийг баталж "Энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд ариутгалын бодисоор гарыг нь арчуулж байгаа. Цаашид Монгол бөхийн өргөө болон бусад заал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана" гэв.

Бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав "Энэ сүртэй асуудал, сэдэв биш. Энэ жилийн наадмаас эхлээд шөвгөрсөн бөхчүүдийн гарыг ариутгаж эхэлсэн. Бөхдөө ч хэрэгтэй ажил. Өмнө нь бөхийн холбоо бөхчүүдийнхээ гарыг ариутгадаг байсан. Үүнийг ахин сэргээж байгаа. Ханиадны улиралд бөхчүүдийн гарыг ариутгах нь шүүмжлэхээр ажил биш" хэмээн ярилаа.

Гэхдээ иргэдийн шүүмжлэл бөхчүүдийн гарыг арчих, арчихгүйдээ биш аж. Гол асуудал нь төрийн өндөр албан тушаалтнууд эрх ямба эдэлж Монгол бөхийг муухай харагдуулах ажил хийлээ" гэх шүүмжлэлд бий. Энэ талаар Улсын арслан Р.Пүрэвдагва "Монгол бөхийн өргөө бол улс төрийн хааны сэнтий биш. Бууж ирээд шагналаа өгвөл өг өгөхгүй бол боль. Гар барихаа хүрэх юм бол "бидний гар бохир уу, бөхчүүдийн гар бохир уу" гээд ард түмнээсээ асуугаад үзээрэй. МҮБХ та нар эд нарт манай бөхчүүд бохир шүү гээд хэлчихсэн юм уу" хэмээн "хүчтэй" шүүмжлэв.

Асуудлыг анх дэгдээсэн "Чингис хаан" цомын төлөөх барилдаанд их шөвөгт үлдсэн О.Хангай аварга "Монгол бахархлын өдрийн барилдаан болж шөвгийн дөрөвт үлдээд индэр өөд шагналаа авахаар дөхлөө. Савтай алчуур барьсан бөхийн холбооны ажилтан гараа арчаарай гэхээр нь, "ингэж арчдаг болсон юм уу. Нүүрээ бас арчих уу" гэж асуулаа. Тэгсэн "үгүй, гараа арчаарай" гэсэн хэмээн болсон зүйлийг цахим хуудаснаа бичив.

Ариун цэврийг сахих нь мэдээж зөв. Аливаа зүйл орчин үетэйгээ хөл нийлүүлж байж оршин тогтнож, хөгжих учиртай. Харин ингэхдээ Монголчуудын өв соёл болсон, хүндэлж дээдэлдэг үнэт зүйл рүү "бүдүүлгээр" халдаж, иргэдэд буруу ойлголт өгч Монгол бөхийг муухай харагдуулсан нь нийгмийн бухимдлыг төрүүлэв.

"1990-иад оны үед бөхчүүдийн гарыг спиртээр арчиж байсан" гэх. Үүнийг л сэргээх ажлыг Бөхийн холбоо хэрэгжүүлж байгаа аж. Тэгвэл "давсан бөх үзэгчдэд хишиг тараахдаа мөн гараа угаах уу" гэх асуулт гарч байна. Үндэсний бөх хагас тулааны спорт. 6-8 цаг амралтгүй барилддаг учир мэдээж хүнээс хөлс ялгарна. Харин давсан бөх туг тойрч дараагаар нь үзэгчдэд хишиг тараадаг. Хэдий боорцог гадуураа мөнгөлөг цаастай ч бөхийн хөлстэй гар хүрнэ. Түүнийг нь үзэгчид "алалцан" булаалдаж авдаг. Бүр иднэ.

Өөрөөр хэлбэл их шөвөг, үзүүр түрүүний бөх шагналаа авахдаа гараа арчихгүй гарах, даваад хишиг тараах хоёр ижил. Тэгвэл МҮБХ давсан бөхчүүд хишиг тараахдаа мөн гараа угаах эсэхийг тодорхой болгох хэрэгтэй.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button