Рио Тинтогийн түнш гурван улсаас ганц нь буюу Мадагаскар 2025 онд $13.7 саяын ногдол ашиг авсан байна
МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө "Оюу толгой"-н ногдол ашгаас 3 их наядыг авч, нэг иргэнд 857 мянган төгрөг олгохоор зам шулуудсан. Өнгөрсөн долоо хоногт Рио Тинтогоос ирсэн захидалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, хэвлэлийн хурлаараа танилцсан. Захидалд 2027 онд хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувь хэмжээнд тэнцүүлэн ногдол ашиг олгох талаар санал солилцсоныг дурджээ. 3 их наяд төгрөг бол ойролцоогоор 840 сая ам.доллар юм. Ногдол ашгийг ямар хуваарийн дагуу, хэрхэн олгохыг Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Рио Тинто талтай хэлцэж байж шийднэ.
Тэгвэл Рио Тинтогийн санхүүгийн байдал, Оюу толгойн олборлолт, тус компани бусад улсын засгийн газартай хамтарсан төслүүддээ ногдол ашиг олгож байсан түүхийг нэгтгэн хүргэе.
Рио Тинто хэр ашигтай ажиллаж байна вэ | Ашгийн дийлэнхийг зэс бүрдүүлж байна. Эдийн засгийн өсөлтөө Оюу толгойн далд уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байна
2025 онд Рио Тинто 57.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, хүү, татвар, элэгдлээс өмнөх 25.4 тэрбум ам.долларын ашиг (EBITDA) бүрдүүлжээ. Цэвэр ашиг нь 10 тэрбум, чөлөөт мөнгөн урсгал нь 4 тэрбум ам.доллар байв. Компани 2025 оны ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ нэг хувьцаанд 4.02 ам.доллар буюу нийт 6.5 тэрбум ам.долларын ногдол ашиг зарласан. Энэ нь суурь ашгийн 60 хувьтай тэнцэнэ. Мөн тухайн жил ажиллаж буй улс орнууддаа нийт 10.4 тэрбум ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөр төлсөн байна.
2026 оны эхний хагаст үзүүлэлт нь сайжирсан төлөвтэй байна. Борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсөж 31 тэрбум, EBITDA 28 хувиар өсөж 14.8 тэрбум ам.долларт хүрчээ. Цэвэр ашиг 47 хувиар нэмэгдэж 6.7 тэрбум, чөлөөт мөнгөн урсгал 3.8 тэрбум ам.доллар болсон нь тоон үзүүлэлтээс нь харагдаж байна. Компани завсрын ногдол ашгаа 43 хувиар нэмж, нийт 3.4 тэрбум ам.доллар тараахаар шийджээ.
Өсөлтийн гол эх үүсвэр нь зэс. Рио Тинтогийн зэсийн бүлгийн EBITDA 2026 оны эхний хагаст 84 хувиар өсөж, 5.7 тэрбум ам.долларт хүрчээ. Зэсийн дундаж борлуулалтын үнэ фунт тутамд 4.36 ам.доллараас 5.91 ам.доллар болж өссөн нь нөлөөлсөн байна. Компани тайландаа өсөлтийг Оюу толгойн далд уурхайн олборлолт нэмэгдсэнтэй холбон тайлбарласан байдаг.
Оюу толгой хэдий хэмжээний зэс олборлож байна вэ?
2025 онд Оюу толгой 345 мянган тонн зэс олборлосон нь өмнөх оныхоос 61 хувиар их. Алтны олборлолт 121 хувиар өсжээ. Рио Тинто 2025 онд нийт 883 мянган тонн зэс олборлосны 39 хувь нь Оюу толгойд ногдож байна. Далд уурхайн бүтээн байгуулалт 2025 оны сүүлийн улиралд дуусаж, төслийн нийт өртөг 7.06 тэрбум ам.долларт хүрсэн.
Олборлолт 2026 онд ч нэмэгдсээр байна. Оюу толгой оны эхний есөн сард 312 мянган тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 29 хувиар их. Гуравдугаар улиралд уурхай жилд 450 мянган тонн зэс олборлох хурдаар ажилласан. Рио Тинтогийн төлөвлөгөөгөөр 2028–2036 онд жилд дунджаар 500 мянган тонн зэс олборлож, 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болно.
Инфографик: Оюу толгойн зэсийн олборлолт

Санхүүгийн хувьд Оюу толгой 2025 онд 5 тэрбум ам.долларын борлуулалт хийж, 3.5 тэрбум ам.долларын EBITDA бүрдүүлсэн. Энэ нь 2024 оныхоос 3.2 дахин их. Тухайн жил уурхайд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Оюу толгой 2026 оны эхний найман сард 899 сая ам.долларын татвар, хураамж төлсөн гэж тус компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх мэдээлсэн.
Үүнтэй зэрэгцэн татварын маргаан үргэлжилж байна. Татварын ерөнхий газар 2021, 2022 оны шалгалтаар Оюу толгойд 1.6 их наяд төгрөгийн буюу ойролцоогоор 440 сая ам.долларын нөхөн татвар, алданги, торгууль ногдуулсан. Оюу толгой 2026 оны эхний хагаст 443 сая ам.доллар төлсөн ч маргах эрхээ хадгалсныг Рио Тинто тайландаа дурджээ.
3 их наяд төгрөг гэдэг ямар дүн бэ?
Ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд эзэмшлийн хувиар нь хуваарилдаг. Оюу толгойн 34 хувийг Эрдэнэс Оюу толгой, 66 хувийг Рио Тинто эзэмшдэг. Тиймээс Монголын тал 840 сая ам.доллар авахын тулд Оюу толгой нийт 2.47 тэрбум ам.долларын ногдол ашиг тараах шаардлагатай. Энэ дүн Оюу толгойн 2025 оны EBITDA буюу 3.5 тэрбум ам.долларын 70 хувьтай тэнцэнэ.
Гэхдээ ногдол ашгийг EBITDA-аас шууд тараадаггүй. Компани эхлээд үйл ажиллагааны зардал, хөрөнгө оруулалт, нөөц ашигласны төлбөр, татвараа төлж, зээлийн хүү, үндсэн төлбөрөө барагдуулна. Үлдсэн мөнгөнөөс л ногдол ашиг хуваарилна. Оюу толгой 2015 онд далд уурхайгаа барихаар олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт авсан. Үүнээс гадна Рио Тинтогоос хувь нийлүүлэгчийн зээлээр санхүүжиж ирсэн.
2026 онд олборлолт, зэсийн үнэ хоёулаа өссөн тул энэ харьцаа өөрчлөгдөнө. Ногдол ашгийн эцсийн дүн Оюу толгойн 2026 оны санхүүгийн тайлангаас хамаарна. Тайлан, баланс 2027 онд гарах тул тооцоог тэр үед эцэслэнэ гэж Сангийн сайд З.Мэндсайхан хэлсэн юм.
Монголын талын зээл, хүүд юу өөрчлөгдсөн бэ?
Эрдэнэс Оюу толгой 34 хувьдаа ногдох хөрөнгө оруулалтыг Рио Тинтогийн охин компани Turquoise Hill-ийн зээлээр санхүүжүүлж ирсэн. Энэ зээлийг Эрдэнэс Оюу толгойд ирэх ногдол ашгаар төлөхөөр барьцаалсан байв. 2022 оны нэгдүгээр сард Turquoise Hill 2.4 тэрбум ам.долларын энэ зээлийг бүрэн хүчингүй болгосон. Ингэснээр ирээдүйн ногдол ашгаас Монголын талд ногдох хэсэг нэмэгдсэн гэж Рио Тинто тайлбарлаж байв.
Харин Оюу толгой ХХК Рио Тинтогоос авсан хувь нийлүүлэгчийн зээлтэй хэвээр байгаа. 2026 онд энэ зээлийн хүүг бууруулжээ. Тодруулбал, хүүг SOFR буюу ам.долларын зээлийн суурь хүү дээр 6.5 нэгж хувь нэмж тооцдог байсныг 4 нэгж хувь болгосон. Мөн менежментийн төлбөрийг хагасаар нь бууруулж, хүүг хянах хугацааг долоон жилээс гурван жил хүртэл богиносгожээ. Mongolia Weekly-гийн тооцоогоор бодит хүү ойролцоогоор 10.4 хувиас 7.9 хувь болж буурсан. Гэхдээ суурь хүү хөвөгч учир АНУ-ын хүү өсвөл Монголын хүүгийн төлбөр ч нэмэгдэнэ.
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр өөрчлөлтөөр 30 орчим их наяд төгрөгийн зардал хэмнэгдэнэ гэж мэдэгдсэн. Үүний 22 их наяд нь зээлийн хүү, 8 их наяд нь менежментийн зардал юм. Рио Тинтогийн гүйцэтгэх захирал Саймон Тротт "Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа" гэжээ. Сангийн сайд З.Мэндсайхан 2037 оноос авах байсан ногдол ашгийг 2027 оноос авахаар хоёр тал тохирсон гэв. Гэвч Засгийн газрын мэдээлэлд захидлын агуулгыг "санал солилцсон" гэж л тодорхойлсон.
Рио Тинто бусад засгийн газарт ногдол ашиг өгч байсан уу?
Дэлхийн 34 оронд үйл ажиллагаа явуулдаг Рио Тинто Гвиней, Мадагаскар, Монголд тухайн улсын засгийн газар хувь эзэмшдэг уурхайтай. Эдгээр төслийн түүхээс харахад засгийн газар ногдол ашиг авсан тохиолдол цөөн.
Мадагаскарт Рио Тинто QIT Madagascar Minerals (QMM) компанийн 80 хувийг, тус улсын төр 20 хувийг эзэмшдэг. Ильменит олборлодог энэ уурхай 2009 оноос ажиллаж байна. Мадагаскарын засгийн газар 2023 онд QMM-тэй татвар, гаалийн нөхцөлөө шинэчилж, нөөц ашигласны төлбөрийг 2 хувиас 2.5 хувь болгосон. Улмаар 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд QMM тус улсын Үндэсний баялгийн санд (Fonds Souverain Malagasy) 13.7 сая ам.долларын ногдол ашиг шилжүүлжээ. Үүний 12 сая нь онцгой ногдол ашиг, 1.7 сая нь 2023 оны ашгаас хуваарилсан ногдол ашиг байв. L’Express de Madagascar сонин үүнийг QMM-ийн төрд олгосон анхны ногдол ашиг гэж бичсэн.
Гвинейд Рио Тинто хоёр төсөлтэй. Бокситын Compagnie des Bauxites de Guinée (CBG) уурхай 1973 оноос ажиллаж байна. Түүний 49 хувийг Гвинейн засгийн газар, 51 хувийг Halco консорциум эзэмшдэг. Halco-оор дамжсан Рио Тинтогийн бодит хувь 22.95 юм. Дэлхийн банкны 1968 оны үнэлгээний баримт бичигт CBG-ийн үйл ажиллагааны ашгийн 65 хувийг засгийн газарт, 35 хувийг Halco-д хуваахаар тусгажээ. Засгийн газар дэд бүтцийн санхүүжилтийг хариуцсан тул ийм харьцаа тогтоосон гэж баримт бичигт тайлбарлажээ.
Төмрийн хүдрийн Симанду төслийг Рио Тинто Chalco Iron Ore Holdings, Гвинейн засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Засгийн газар төмөр зам, боомтын компанийн 15 хувийг үнэ төлбөргүй эзэмшдэг. Анхны ачилт 2025 оны арванхоёрдугаар сард хийгдсэн. Уурхай жилд 60 сая тонн хүдэр олборлох хүчин чадалдаа 30 сарын дотор хүрнэ. Төсөл олборлолтоо дөнгөж эхэлсэн тул ногдол ашгийн шатанд хараахан ороогүй байна.
Инфографик: Рио Тинтогийн засгийн газартай хамтарсан төслүүд

Монгол Улс Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулснаас хойш ногдол ашиг аваагүй. Оюу толгой төслөөс Монгол Улс 17 жилийн дараа анх удаа ногдол ашиг авах гэж байгаа энэ юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.