ДЦС-III: Зогсох эрхгүй станцын өвлийн бэлтгэл

ДЦС-III-ийн тоног төхөөрөмжийн ихэнх нь 1970-аад онд суурилагдсан. Нийслэлийн дулааны эрчим хүчний 30 орчим хувийг хангадаг тус станц өвлийн оргил ачааллын өмнө нөөц тоноглолгүй ажиллаж, хуучин турбинуудаа шинэчлэхээр өдөр, шөнөгүй ажиллаж байна. Нэг зуухыг зогсоож, дараагийнхыг ажиллуулахад арван цагийн бэлтгэл шаардлагатай. Харин тэр хугацаанд хэрэглэгчдийн гэрэл, дулаан тасарч болохгүй.
Тиймээс энд ажилладаг мянга орчим хүний хувьд амралтын өдөр ч ажлын өдрөөс ялгаагүй. Хүйтний эрч чангарч, айл өрхүүд халаалтаа нэмэгдүүлж эхэлсэн энэ өдрүүдэд Дулааны гуравдугаар цахилгаан станцын ажилчид өвлийн бэлтгэлээ базаах бус, бэлтгэл ажлынхаа сүүлийн засвар, угсралтыг дуусгахаар яарч байна. Биднийг очсон хагас сайн өдөр ч станцын засварын ажил зогссонгүй. Нэг хэсэг нь турбины угсралтад оролцож, нөгөө хэсэг нь зуухны засвараа дуусгахаар ажиллаж байв. Эндхийн ажилчдын хувьд хагас сайн, бүтэн сайн өдөр гэж ялгах боломжгүй. Тоног төхөөрөмжийн гэмтэл хэзээ гарахыг таашгүй учраас инженер, засварчин, ашиглалтын ажилтан гээд хүн бүр утсаа салгалгүй, дуудлага ирэхэд ажилдаа ирэхэд бэлэн байх ёстой.
Тэр тусмаа өвлийн ачаалал эхэлсэн энэ үед нэг тоног төхөөрөмжийн саатал дараагийхдаа ачаалал шилжүүлж, цаашлаад хэрэглэгчдийн цахилгаан, дулаан хангамжид нөлөөлөх эрсдэлтэй. “Уг нь 25-30 хувийн хүчин чадлаа нөөцөд байлгах ёстой. Гэтэл бидэнд ямар ч нөөц алга” хэмээн ДЦС-III-ийн засварын албаны дарга Засварын албаны дарга Д.Алтанмөнх ярив. Нийслэлийн дулааны эрчим хүчний 30 орчим хувийг дангаараа хангадаг тус станцад 1970-аад онд суурилуулсан тоног төхөөрөмжүүд өнөөдөр ч ажиллаж байна. Шинэчлэл хийх шаардлагатай турбинуудын угсралт, зуухны засвар, өдөр тутмын ашиглалт гээд ажлын жагсаалт дуусахгүй. Харин үйлдвэрлэлийг зогсоох боломжгүй.

“Хэрэглэгч бид гэрэл унтарлаа, аслаа л гэж боддог. Гэтэл тэр гэрлийн цаана ашиглалтын ч, засварын ч хүмүүс тасралтгүй ажиллаж байдаг. Нэг зуухыг зогсоо гэнгүүт дараагийн зуухыг сэлгэж явуулахад арван цаг болдог. Тэр хооронд бид гэрлээ унтрааж болохгүй шүү дээ. Энэ бүх процессыг хүмүүс хариуцаж ажилладаг” гэж тэр тайлбарлав. ДЦС-III нийт 1000 орчим ажилтантай. Үүнээс 400 орчим нь ашиглалтын чиглэлээр ажиллаж, дөрвөн ээлжээр хуваарилагдана. Нэг ээлжид 97-98 хүн гарч, станцын үйл ажиллагааг 24 цагийн турш тасралтгүй явуулдаг аж.
Тус станц анх 48 мегаваттын хүчин чадалтай, зургаан зуухтайгаар ашиглалтад орж байжээ. 1973 он гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бөгөөд тухайн үеийн Улаанбаатар хотын хувьд томоохон эх үүсвэр байв. Түүнээс хойш хотын хүн ам, орон сууц, үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд нэмэгдэж, эрчим хүчний хэрэглээ эрс өссөн ч станцын үндсэн тоног төхөөрөмжийн ихэнх нь анх суурилуулсан үеийнхээ насжилтыг давжээ. Гэсэн ч станцын удирдлагын системийг Монгол инженерүүд өөрсдийн хүчээр шинэчилсэн байна. Дулааны хяналт хэмжүүр, автоматикийн цех, цахилгаан цехийн ажилтнууд хамтран компьютерийн удирдлагатай болгож, тоног төхөөрөмжийн үзүүлэлтүүдийг дэлгэцээр хянаж, удирдах боломж бүрдүүлжээ.
Өдгөө тус станц нийслэлийн дулааны эрчим хүчний 30 орчим хувийг, үйлдвэрийн уурын хэрэглээний 50-60 хувийг хангадаг. Харин цахилгааны хэрэглээний 10 гаруй хувийг нийлүүлж байна. Бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 140-150 мегаватт хүрэх боломжтой ч одоогоор 100 мегаваттын ачаалалтай ажиллаж байгаа аж.
-Хоёр турбиныг зэрэг шинэчилж байна-
Станцын өвлийн бэлтгэлийн хүрээнд 102 тоног төхөөрөмжийн засвар хийж, нэмэлт хэд хэдэн ажлыг төлөвлөгөөнд тусгажээ. Засгийн газрын нөөц хөрөнгөөс гурван тоног төхөөрөмжийн засварт зориулан 2.1 орчим тэрбум төгрөг шийдвэрлүүлсэн бөгөөд тухайн ажлуудыг аравдугаар сарын 1-нд дуусгасан байна. Мөн станц өөрийн төлөвлөсөн долоон ажлаас зургааг нь бүрэн дуусгажээ. Харин хоёрдугаар зуухны шаталтын технологийг шинэчлэх томоохон ажил 98-99 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байв. Дулаалгын ажил үлдсэн бөгөөд үүнийг дуусгаж, аюулгүй байдлыг хангаад гал оруулахад бэлэн болсон байна.
Гэхдээ өвлийн бэлтгэлийн хамгийн том ажил нь хоёр турбины шинэчлэл. Өнгөрсөн оны зургаадугаар сард өндөр даралтын станцад осол гарч, нэг турбин ашиглалтаас гарсан. Түүнийг шинэчлэх ажил одоогоор 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа ч тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл дуусаагүй тул хугацаа шаардаж байна. 1976-1978 онд суурилуулсан энэ турбины насжилт дууссан бөгөөд өндөр даралт, температуртай уураар ажилладаг учраас металл эд анги нь ихээхэн ачаалал авдаг байна. Тус турбиныг шинэчлэхэд улсын төсвөөс 30 тэрбум төгрөг төсөвлөж, Нанжингийн турбины үйлдвэрт захиалга өгчээ.
-Нөөцгүй учраас нэг гэмтэл ч том асуудал болдог-
Эрчим хүчний эх үүсвэрүүд тодорхой хэмжээний нөөц хүчин чадалтай ажиллах ёстой. Нэг зуух, турбинд гэмтэл гарлаа гэхэд түүнийг зогсоож, бэлтгэлд байсан тоног төхөөрөмжийг залгах боломжтой байх нь системийн найдвартай ажиллагааны үндэс юм. Гэтэл ДЦС-III-ийн хувьд ийм боломж улам хумигджээ. Нийт хүчин чадлаа ашиглаж байгаа учраас зогссон тоног төхөөрөмжийг орлох нөөц байхгүй. Тиймээс жижиг гэмтэл гарсан ч түүнийг зогсоох шаардлагатай болж, улмаар цахилгаан, дулааны ачааллыг бусад эх үүсвэрт шилжүүлэх хүндрэл үүсдэг байна. “Манай 200 орчим мегаваттын хүчин чадлын 150 нь ажиллаж, 50 орчим мегаватт нь нөөцөд байх ёстой. Гэтэл бид тэгж чадахгүй болсон. Шинэ станц баригдаагүй, байгаа тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь ажиллуулж байна. Нэгийг нь зогсоогоод нөгөөг нь залгая гэхээр бэлэн тоноглол байхгүй. Уг нь эрчим хүчний систем нийт хүчин чадлынхаа 70 орчим хувиар ажиллаж, 25-30 хувийг нөөцөд байлгах ёстой” гэж тэр ярив. Өнгөрсөн өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийсэн нь ч системийн нөөцтэй холбоотой байжээ.
Тухайн үед Бөөрөлжүүтийн шинэ станцын системд холбогдох ажиллагаа бүрэн хэмжээнд хийгдээгүйгээс 100 мегаваттын хүчин чадал хязгаарлагдсан байна. Үүний улмаас системд үүссэн дутагдлыг нөхөхийн тулд бусад хэрэглэгчийн ачааллыг бууруулах шаардлага гарсан аж. Шинээр баригдах эх үүсвэрүүд хугацаандаа ашиглалтад орохгүй, хэрэглээ жил бүр өсөхийн хэрээр одоо ажиллаж буй станцуудын ачаалал нэмэгдсээр байна. Улаанбаатар хотод шинээр баригдсан орон сууц, барилга байгууламж бүр дулаан, цахилгааны шинэ хэрэглээ бий болгодог. Харин түүнийг хангах эх үүсвэрүүдийн хүчин чадал хэрэглээний өсөлтийг гүйцэхгүй байгаа юм. Шинэ станц барихгүйгээр хуучныг зассаар байх уу? ДЦС-III-ийн хувьд одоо байгаа тоног төхөөрөмжүүдээ шинэчлэхээс гадна үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх хэд хэдэн төсөл төлөвлөжээ.

Эхнийх нь станцын анхны 48 мегаваттын хэсгийг шинэчлэх ажил. Одоогийн хуучин байгууламжийг буулгаж, оронд нь 250-300 мегаваттын хүчин чадалтай шинэ станц барихаар зураг төслийн гэрээ байгуулсан байна. Одоо уг төслийн санхүүжилтийг шийдвэрлэх шаардлагатай байгаа аж. Хоёр дахь нь өндөр даралтын станцын турбинуудыг үе шаттай шинэчлэх ажил.
Улсын төсөвт нийт 90 тэрбум төгрөг тусгасны 60 тэрбумыг ослын улмаас гэмтсэн турбиныг солиход, 30 тэрбумыг долоодугаар турбины шинэчлэлд зарцуулахаар төлөвлөжээ. Гурав дахь нь ДЦС-III-ийн хашааны залгаа хэсэгт барихаар төлөвлөсөн зургаадугаар станц. Түлшний цехийн тодорхой хэсгийг ашиглан 300 мегаваттын хүчин чадалтай шинэ эх үүсвэр байгуулах асуудлыг Засгийн газар шийдвэрлэсэн бөгөөд станцын инженерүүд техник, эдийн засгийн үндэслэлийг урьдчилан боловсруулж байгаа аж. Эдгээр төсөл хэрэгжвэл өнөөгийн станцын ачааллыг бууруулж, нийслэлийн эрчим хүчний хэрэглээг хангах нэмэлт эх үүсвэр бий болно. Тэр дундаа зургаадугаар станц баригдвал ДЦС-III-д ажиллаж буй мэргэжлийн боловсон хүчнийг шинэ эх үүсвэрт шилжүүлэн ажиллуулах боломжтой гэж ярилцагч үзэж байна.
Гэхдээ шинэ эх үүсвэрүүд баригдаж, ашиглалтад орох хүртэл хуучин станцуудын тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх шаардлага хэвээр үлдэнэ. Харин засварын бүх хэрэгцээг санхүүжүүлэх боломж одоогоор алга. 40 тэрбумын засварын хэрэгцээг боломждоо тааруулж эрэмбэлдэг Станцын инженер, техникийн ажилтнууд тоног төхөөрөмж бүрийн үзлэг, оношилгоог хийж, засварлах шаардлагатай ажлуудын жагсаалтыг гаргадаг. Энэ жилийн байдлаар 150 орчим тоног төхөөрөмжийн засварын төсөв боловсруулсан бөгөөд нийт хэрэгцээ 40 орчим тэрбум төгрөгт хүрчээ. Харин өнгөрсөн жил засварын ажилд 20 гаруй тэрбум төгрөг зарцуулсан байна. Иймээс бүх тоног төхөөрөмжийг нэг дор шинэчлэх бус, хамгийн өндөр эрсдэлтэй, нэн түрүүнд засах шаардлагатай ажлуудаа сонгож хийхээс өөр аргагүй болжээ. “Манай бүх цехийн инженер, ажилчид ямар тоног төхөөрөмжид ямар засвар хийх ёстойг гаргаж ирдэг.
Тэгээд төсөв нь 40 тэрбум төгрөг болчихож байгаа юм. Гэтэл бид байгаа хөрөнгөндөө тааруулж, хамгийн эрсдэлтэйг нь эхэлж хийх шаардлагатай. Тариф нэмэгдэхгүй байгаа учраас борлуулалтын орлого ч өсөхгүй. Тиймээс бүх засвараа хүссэн хэмжээнд хийх боломжгүй” хэмээн Д.Алтанмөнх ярив. Тэрбээр үүнийг автомашины засвартай зүйрлэсэн юм. Машины тос, наклад, хөргөлтийн шингэн гээд бүгдийг нь солих шаардлага гарсан ч мөнгө хүрэлцэхгүй бол хамгийн түрүүнд аюулгүй байдалд нөлөөлөх эд ангийг нь сольдогтой адил. Гэхдээ эрсдэлтэй тоног төхөөрөмжийг ажиллуулахгүй, шаардлагатай засварыг хойшлуулахгүй байх зарчмыг баримталдаг гэдгийг онцолсон юм.
Засварын ажлыг өөрсдийн хүчээр гүйцэтгэх нь ч ажилчдын ачааллыг нэмэгдүүлдэг. Гадны компанид бүх засвараа даатгах боломжгүй тул станц өөрийн ажилтнуудаар засварын баг бүрдүүлж, зуны гурван сарын хугацаанд тасралтгүй ажиллуулдаг байна. 22 үндсэн тоног төхөөрөмжийг ээлж дараалан засварлахын тулд 60 орчим ажилтныг гурван сарын турш дайчлах тохиолдол ч бий. Зуны засвар дуусмагц өвлийн бэлтгэл эхэлнэ. Өвөл ашиглалтын горимд ажиллаж буй тоног төхөөрөмжүүдийг хянахын зэрэгцээ дараагийн засварын төлөвлөгөөг гаргана. Ийнхүү нэг ажлын ард гарлаа гэхэд дараагийн ажил нь хэдийнэ эхэлчихсэн байдаг аж.
-Амралтын өдөр ч утсаа салгаж болдоггүй “Хагас цэрэгжилтийн байдалтай” ажилладаг-
ДЦС-III- станцын ажилтнуудын дунд залуус олширч байгаа нь станцын хувьд сайн үзүүлэлт аж. Одоогоор 35-аас доош насныхан нийт ажилтнуудын бараг тал хувийг эзэлж байгаа гэнэ. Эрчим хүчний мэргэжил нь нарийн технологи, урт хугацааны дадлага шаарддаг учраас залуу мэргэжилтнүүдийг эхнээс нь сургаж, тогтвортой ажиллуулах нь чухал гэж үздэг байна. Цалингийн хувьд 2026 онд хоёр үе шаттайгаар нэмэгдүүлж, нийтдээ 25 орчим хувийн өсөлт хийжээ. Ээлжийн ажил, шуурхай дуудлага, амралтын өдрийн засвар гээд ажилтнуудын хувьд хувийн амьдралаа ажлын хуваарьтайгаа зохицуулахад амаргүй.
Зарим нь гэр бүлээрээ станцад ажилладаг бөгөөд амралтын өдөр, аялал зугаалга гэхээс илүү ээлжийн хуваарь, дуудлагадаа тааруулж амьдралаа зохицуулдаг байна. “Би хоёр инженерээ огт амрааж чадаагүй л байна. Арваннэгдүгээр сар дуусах гэж байхад ээлжийн амралтаа авч чадахгүй ажиллаж байна. Манайхан гэр бүлээрээ ажилладаг хүн ч олон. Нэг бол ээлжиндээ гарна, нэг бол засвартаа үлдэнэ. Тиймээс цалин, нийгмийн асуудал маш чухал” гэж тэр ярив. Тоног төхөөрөмжид гэмтэл гарсан тохиолдолд шуурхай ажиллагааны журмаар холбогдох хүмүүсийг дуудан, засварын баг бүрдүүлдэг. Тиймээс инженер, дарга, засварчин гээд хүн бүр утсаа салгахгүй байх ёстой. Дуудлага ирэхэд гэрээсээ ч, амарч байсан газраасаа ч станц руу ирэхэд бэлэн байна. Д.Алтанмөнх залуу ажилтнууддаа энэ талаар байнга хэлдэг гэнэ. “Чи өмнө нь хэрэглэгч байсан. Гэрэл унтраад асахад нэг их боддоггүй байсан байх. Харин одоо үйлдвэрлэгч боллоо.
Тэр гэрэл чинь 10 секунд ч тасраагүй байхын төлөө бид ажилладаг. Нэг, хоёр секунд анивчаад хэвийн болох шиг харагдавч тэрний цаана хүмүүс тасралтгүй ажиллаж байдаг. Тиймээс гэрлийг анивчуулахгүйн төлөө чи утсаа салгаж болохгүй юм байна гэж ойлгох хэрэгтэй гэж хэлдэг” хэмээн ярилаа. ДЦС-III энэ өвөл долоодугаар турбинаа шинэчилж, зуухны засварын сүүлийн ажлуудаа дуусгахаар ажиллаж байна. Гэхдээ энэ нь станцын бүх асуудлыг шийдсэн гэсэн үг биш.
Хуучирсан тоног төхөөрөмж, хүрэлцээгүй засварын төсөв, нөөц хүчин чадалгүй ажиллагаа, өсөн нэмэгдэж буй хэрэглээ гээд шийдэх шаардлагатай асуудал олон хэвээр. Өнөөдөр нийслэлийн айл өрхүүд гэрэлтэй, дулаан байхын тулд станцын ажилчид амралтын өдрөө ч засварын талбайд өнгөрүүлж, шөнө утсаа салгалгүй ажиллаж байна. Харин тэдний тасралтгүй ажиллагаа ирэх жилүүдэд хуучин тоног төхөөрөмжийн ачааллыг хэр удаан даах вэ гэдэг асуулт шинэ эх үүсвэрүүд хэзээ ашиглалтад орохтой шууд холбоотой юм.























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.