Х.Нямбаатарын дэлгэсэн баримттай холбоотойгоор хэн юу хэлэв?

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг “Бодь интернэшл”-ээр гүйцэтгүүлэхийн тулд нэр бүхий улстөрчдөд авлига өгсөн, нүүрсний мөнгө угаасан гэх мэт баримтуудыг нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар дэлгэсэн. Тэгвэл энэхүү асуудалтай холбоотойгоор улстөрчид өөр өөрсдийн байр суурийг илэрхийлсээр байна.
Б.Энхбаяр: Хамгийн түрүүнд дуудагдах ёстой хүн бол Л.Оюун-Эрдэнэ
"Бодь"-оос 10 сая ам.доллар авсан гэгдээд буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр “Би тэр Д.Баясгалан гэж хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй. Би "Голомт" гэдэг банк руу ч орж үзээгүй хүн байхгүй юу. "Голомт" банканд надад данс ч байхгүй. Гэтэл би "Энэ бол гүтгэлэг юм аа" гэхээс өөр юу ч хэлж чадахгүй байгаад байна.
“Бодь Интернэшл”-тэй байгуулсан найман оффтейк гэрээний зургааг нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулсан. Хамгийн түрүүнд дуудагдах ёстой хүн бол Л.Оюун-Эрдэнэ. Х.Нямбаатар бол эх оронгүй болчихсон хүн хэцүү байна шүү дээ, хөөрхий. Хийх юмгүй завтай байгаа. Хүн хүний стори цуглуулаад л, ямар ч үйл баримт яриагүй" гэлээ.
Л.Мөнхбаясгалан: Х.Нямбаатарыг ямар ч үнээр ч хамаагүй бариад ир, Ерөнхийлөгч өөрийгөө буруугүй гэдгээ нотол
-Монгол Улсын Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө огцор, Х.Нямбаатарыг бариад ир. Нямбаатарыг ямар ч үнээр ч хамаагүй барьж авч ирээд гэрчийн мэдүүлгийг нь ав. Тэр хүн буруутай бол ялыг нь үүрүүл. Өмнө нь хэзээ ч ийм амьд гэрч байгаагүй.
Ерөнхийлөгч өөрийгөө буруугүй гэдгээ нотол л доо. Эхлээд албан тушаалаа өгчих. Албан тушаалаа өгчхөөд шалгуул гэж ярьдаг нөгөө шударга Ерөнхийлөгч маань өөрөө үлгэрлэ. Манай Ерөнхийлөгч мундаг, хэдэн зуун килограмм туухай өргөдөг гээд л магтаад ийм мангар байж болохгүй шүү дээ, бид нар.
Ж.Батжаргал: Х.Нямбаатар ярьж байгаа юм аа эхлээд нотол
-Х.Нямбаатар манай намын бүлгийн гишүүн биш учраас УИХ дахь МАН-ын бүлэг дээр энэ асуудлыг ярих боломжгүй. Тухайн хүн ярьж байгаа юм юмаа эхлээд нотол, өөр юм байхгүй. Хууль хяналтын байгууллага энэ асуудлыг судалж, нягталж байгаа байлгүй.
Ө. Шижир: 11 оффтейк гэрээний 9-ийг нь яагаад нуугаад байгаа юм, алагчлалгүй бүгдийг нь ил болго
-Х.Нямбаатар хаа байсан тэндээс янз бүрийн юм ярьж байхаар өөрөө ирээд шалгуулах хэрэгтэй шүү дээ. МАН-ынхан төрийн эрх мэдэл булаацалдаж байгаа булаацалдаан Монгол Улсын, монголчуудыг хөлдөө чирэх нь. "Бодь"-ийн асуудалд нэр холбогдсон бүх хүн ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй. Нэгнээсээ өшөө авахын тулд юм уу, нэгнийхээ үйл баримтыг дарахыг тулд юм уу, бие биеийнхээ гэм хэргийг ээлжилж ярьсаар байна. Энэ бол наад зах нь гэмт хэргийг нуун дарагдуулсан хэрэг.
Хоёр талд гарчхаад хууль хяналтын байгууллага руу чулуу авч шидээд л. Бие биеэ сүрдүүлж, айлгаад байгаа юм уу, шантаажлаад байгаа юм уу, ийм утгагүй байдал МАН энэ төрийг утгагүй болгож дууслаа. Намайг ажиллах хугацаанд оффтейк гэрээтэй холбоотой үйл явдал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр ороогүй. Түүнээс өмнөх асуудал нь нууц байсан. Алагчилж битгий нэгийг нь ил болго. 11 оффтейк гэрээний 9-ийг нь яагаад нуугаад байгаа юм.
Д.Ганбат: Хулгайчдад хариуцлага хүлээхийг тэсвэртэй хүлээж буй ард түмний нэг нь би
-Улс төрд бол намын нэрээр бүгсэн хулгайчид байгаа. Шүүхийг шүүнэ гээд энэ талаар сонсгол хийнэ гээд 60, 70 гишүүн гарын үсэг зурчихсан явж байх шиг байна лээ. Би ойлгохгүй байгаа.
Хамгийн их хулгай хийсэн хүмүүс нь хамгийн өндөр оргилд гарчихсан. Тэдэнд ямар хариуцлага тооцохыг ард түмэн тэсвэртэй хүлээж байна шүү дээ. Тэдний нэг би болчхоод байна.
Ч.Лодойсамбуу: АТГ-ын дарга З.Дашдаваа ажлаа хий. Үүнээс илүү "бэлэн хоол" гэж хаана байх юм бэ
-"АТГ гэж яг байна уу, дарга нь амьд уу" гэдгийг монголчууд бүгдээрээ асууж байна. Үнэндээ АТГ-ын даргын ажлыг З.Дашдаваагаас бусад нь хийж байна. Үүнээс илүү бэлэн гэмт хэрэг, бэлэн хоол гэж хаана байх юм бэ. Ажлаа хий л дээ.
Эрх баригч намын дарга, ирээдүйд илүү хол явах амбийцтай залуу улстөрч Н.Учрал хэнээс айгаад байгаа юм бэ. Засгийн газрыг толгойлж байгаа, эрх мэдэлтэй хүн шүү дээ. Бас Ерөнхийлөгч "Бодь"-ийн асуудалтай нэр холбогдсон нь үнэн бол Монгол Улс тусгаар тогтносон улс биш юм биш үү. Төрийн тэргүүнээсээ эхлээд хувийн хэвшлийнхэнд барьцаалагдсан уу, үгүй юү гэдгийг шалгаж тогтоох ёстой.
Б. Цогтгэрэл: Х.Нямбаатар, А.Амундра нарыг гэрчийн хамгаалалтад авч, яриад байгаа мэдээллүүдийг нь хууль хяналтынхан шалгах хэрэгтэй
-Хууль зүйн дэд сайдаас өгсүүлээд ЗГХЭГ-ын дарга бүгдээрээ ажлаа өгч шалгуулцгаа. Амаа мэдэж бурцгаах хэрэгтэй. Огцор. Олон баримтууд гарч ирлээ. Парламент Хууль бус хөрөнгө хураах хуулиа шуурхайл, Шүгэл үлээгчийн хуулиа батал.
Х.Нямбаатар, А.Амундра нарыг гэрчийн хамгаалалтад авч, дайрч доромжлох биш түүнтэй хүнлэг ёсоор ярилцаж, харилцаж яриад дэлгээд байгаа бүх мэдээллүүдийг нь хууль хяналтын байгууллагууд авч ажиллах ёстой.
Ж.Бат-Эрдэнэ: Х.Нямбаатартаа ч биш, "Бодь"-ийн асуудлыг дахин харж хянах нь зүйтэй
-Нүүрсний сонсголын үед бидний толгойг эргүүлээд, янз янзын хариулт өгөөд дуусгасан шүү дээ. "Бодь" гэдэг компани өөрсдийн санхүүгийн хүчин чадалтай байх ёстой. Гэтэл тодорхой хэмжээний урьдчилгаа өгөөд төмөр замын ажлыг авчихсан. Их хэмжээний өртэй, санхүүгийн чадамжгүй компанид давуу эрх олгосон гэдэг чинь өөрөө ноцтой асуудал. Нүүрсний сонсгол дээр гол асуудал нь энэ яригдсан ч дарагдсан. Х.Нямбаатартаа ч биш, асуудлыг дахин харах нь зүйтэй.
Б.Жаргалан: Мөнгө хаашаа шилжсэн, хэнд очсон, юунд зарцуулагдсаныг баримтаар тогтоох ёстой
-Монгол Ардын Намын шинэ, хуучин дарга нар тэрбум тэрбумаар, сүүлдээ бүр их наядаар хэмжигдэх мөнгөн дүн бүхий авлигын хэрэг ярьдаг болсон. Энэ тоонуудыг бид өдөр бүр сонссоор байгаад цаана нь ямар их хэмжээний мөнгө яригдаж байгааг ч баримжаалахаа больжээ.
"Бодь"-той холбоотой асуудалд дурдагдаж буй 110 сая ам.доллар гэдэг бол бараг 400 тэрбум төгрөг. Монголын нийт иргэдэд тэнцүү хуваавал хүн бүрд 110 мянган төгрөг ногдох хэмжээний мөнгө. Энэ нь 2026 онд Эрдэнэс Тавантолгойгоос 1072 хувьцаатай иргэнд олгохоор шийдвэрлэсэн 63,242 төгрөгийн ногдол ашгаас бараг хоёр дахин их дүн юм. Ийм онц ноцтой асуудал яригдаж байхад эрх баригчид улс төрийн мэдэгдэл хийж, бие бие рүүгээ буруугаа чихээд өнгөрч болохгүй. Мөнгө хаашаа шилжсэн, хэнд очсон, юунд зарцуулагдсаныг баримтаар тогтоох ёстой.
Д.Сумъяабазар: Асуудал байгаа бол өөрсдөө хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа буугаад гадаад, дотоодгүй шалгуулцгаа
-Өөрсдийнхөө улс төрийн зөрчил, асуудлыг шийдэх гэж миний нэрийг барьж, нэр хүндийг минь сэвтээх гэж байгаа бол боль. Намайг дуугүй байлаа гээд хүссэнээрээ гүтгэж, улс төрийнхөө хэрүүлд хутгаж болно гэж бодож болохгүй.
Сайд байхдаа стратегийн том ордуудыг олон улсын бирж дээр гаргаж, хяналттай, олон улсын аудиттай болгох гэж зүтгэж явснаас биш наад заваан авилгын асуудалд чинь огт оролцож явсангүй. Харин ч тэр ажлыг зогсоосны гор нь одоо гарч, бүгдээрээ янз бүрийн нэр хоч, авилгын мөнгөн дүнтэй холбогдоод байгаагаа өөрсдөө сайн бодоорой. Намайг дэмжиж байхад “ах аа” гэж гүйчихээд, асуудал үүсэхээр улс төрийн буруутан болгох гэж гүйх увайгүй үйлдэл шүү. Улс төрийн ажлаа улс төрийнхөө талбарт хий. Хэрэг, асуудал байгаа бол өөрсдөө хариуцлагаа хүлээж, албан тушаалаасаа буугаад гадаад дотоодгүй өөрсдөө шалгуулах зүйлээ шалгуул.
М.ДЭВЭЭ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.