Оюу толгойн "хар" пүрэв гараг

Хил дээр экспорт саатаж, гүний уурхайд осол гарч, ногдол ашиг улс төрийн хэрүүл өрдөв
Улирч буй аравдугаар сар “Оюу Толгой” компанийн хувьд яг л хар дарсан зүүд шиг үйл явдлууд ар араасаа хөвөрсөн хүндхэн цаг хугацаа байсан гэхэд болно. Аравдугаар сарын 15-ны пүрэв гарагт Оюу толгойн зэсийн баяжмалын экспорт Хятадын талын тодорхойгүй шалтгааны улмаас 13 цуваанаас дөрөв болтлоо буурч, өнөөг хүртэл өдөр тутмын төлөвлөгөөт орлого нь 70 хувь тасарчхаад яваа.
Зэсийн баяжмалын экспорт буурснаас болж 14 хоногт л гэхэд 300 гаруй сая ам.долларын алдагдал хүлээгээд байсан тус компанид 29-ний пүрэв гарагт дараагийн “цохилт” ирсэн нь гүний уурхайд гарсан осол байлаа. Ээлжит “хар” пүрэв гарагийн орой Оюу толгойн гүний уурхайд чичирхийллийн улмаас чулуулгийн нуралт болж, 15 ажилтан осолд өртсөн бөгөөд өдгөө хоёр хүний биеийн байдал сайнгүй, Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэж байгаа нь төслийн аюулгүй ажиллагааны асуудлыг дахин сөхөв.
Харин энэ хооронд Оюу толгойн ногдол ашиг улсын төсвийн болон улс төрийн маргааны төвд орж, дэлхийд нөөцөөрөө дээгүүрт ордог стратегийн ордын эргэн тойронд улс төр, засаглал, нийгэм, эдийн засаг, аюулгүй байдлын олон асуудал нэг дор хуримтлагдав.
Орж ирэх, эсэх нь тодорхойгүй ашгийг улсын төсөвт төвлөрүүлж, эрчим хүчний том төслүүд, боомтын шинэчлэл, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлуудаа санхүүжүүлэхээр улайрсан Засгийн газар, ₮3 их наядыг 3.5 саяулаа хувааж дансандаа авна гэж улангассан иргэд, мөнгөний сургаар сохорсон шуналыг нь өрдсөн сөрөг хүчнийхэн ялагчгүй тулаанд "өрөлтөө" авцгаав.
Оюу толгой Монголын эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг. Аравдугаар сарын сүүлийн хагаст энэ том төслийн эргэн тойронд өрнөсөн үйл явдлууд тус тусдаа асуудал мэт боловч цаанаа Монгол Улс стратегийн ордоо хэрхэн удирдаж, баялгийн өгөөжөө яаж хүртэх, эрсдэлээ хэрхэн хуваалцах хамаарал, хариуцлагын талаар ч олон асуулт дагуулж байна.
-Зэсийн экспортын гарц хумигдахад улсын төсөв ч хотойх эрсдэл энүүхэнд-
Гашуунсухайт-Ганцмод боомтоор Оюутолгойн зэсийн баяжмал тээвэрлэх цуваа хэвийн үедээ өдөрт 13 байсан нь сүүлийн 18 хоногт дөрөв болтлоо буурсан бөгөөд Хятадын тал боомтын засвар шинэчлэлийн ажлаа арванхоёрдугаар сар дуустал үргэлжлүүлэхийг хүлээнэ гэвэл одоогийн 300 сая ам.долларын алдагдал 1.2-1.5 тэрбумд хүрч мэдэх нь. Одоохондоо Сангийн сайд нь есдүгээр сард экспортын орлогын төлөвлөгөө давж биелсэн учраас манай улсын төсөвт дарамт ирэхгүй гэж байгаа ч ирэх оны эрсдэлийг тооцон, тайвширч болохгүй.
Урд хөрш рүү нийлүүлдэг нүүрсний экспорт ч үүнээс ангид үлдсэнгүй. Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн урсгал наймдугаар сараас хойш 40 хувиар буурсан нь улсын төсвийн орлогын гол эх үүсвэрүүд нэгэн зэрэг урд хилийн нэвтрүүлэх чадвараас хамааралтай болж байгаа нь эдийн засгийн эмзэг байдлыг илчилж байна. Ийм бүтэцтэй эдийн засагт боомтын саатал зөвхөн компанийн борлуулалтад бус, манай улсын валютын нийлүүлэлт, татварын орлого, төсвийн төлөвлөгөөнд нөлөөлөх эрсдэлтэй.
2027 оны улсын төсвийг хэлэлцэж буй энэ үед энэ асуудал бүр ч чухал. Засгийн газар экспортын орлого, татварын төлөвлөгөөгөө бодит нөхцөлд нийцүүлэн дахин тооцох шаардлагатай. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байлаа ч бүтээгдэхүүнээ хилээр гаргаж чадахгүй бол тэр үнэ Монголын эдийн засагт бүрэн өгөөжөө өгөхгүй хойно.
₮3 их наядыг 3.5 саяулаа хувааж авах өргөдөлд 100 мянга гаруй хүн гарын үсэг зурсан ч Засгийн газар ногдол ашгийг Хуримтлалын санд төвлөрүүлэхээр болов
2027 онд Монголын тал Оюу толгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг хүртэнэ гэсэн хүлээлт энэ намрын улс төрийн халуун сэдэв байлаа. Н.Учралын Засгийн газар ногдол ашгийн хоёр их наядаар эрчим хүч, боловсрол, боомт, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж, нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсан ч сөрөг хүчин АН-ынханд энэ нь түүнийг бойкотлох даацтай "барьц" болж, "Иргэн бүрийн авах ёстой 857 мянган төгрөгийг Засгийн газар ард иргэдээсээ харамлалаа" гээд тувт ард иргэдийг турхирсан.
Санал асуулга ч явуулж үзээд тусыг эс олсон тэрбээр эцэстээ хуулийн төслөө татаж, Оюу толгойн ₮3 их наядын ногдол ашгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхээ мэдэгдсэн юм. Гэтэл нийтийн өргөдлийн цахим системд аравдугаар сарын 25-нд нэгэн иргэн "Иргэн бүрд 857 мянган төгрөг олгох тухай" өргөдөл санаачилсан нь хэдхэн хоногт 100 мянган хүний дэмжлэг авч, УИХ-аар хэлэлцэхээс өөр аргагүй асуудал болоотхов. Оюутолгой ордын 66 хувийг эзэмшдэг "Рио тинто"-той 34 хувийг эзэмшдэг Монголын Засгийн газар ирэх онд ₮3 их наядын ногдол ашиг авна гэж эцэслэн тохироогүй байхдаа попорсон нь өдгөө ийнхүү "өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр" гээч болов.
Үнийн өсөлт хэрээс хэтэрч, инфляц хөөрөгдөн, шатахууны хомсдол нэрмээс болсон энэ үед ард иргэдийн амьдрал ахуй хэцүү байхад байгалийн баялгийн өгөөжийг шууд хүртэх боломжтой мэтээр араас нь байнга "шруптэж" буй АН-ынхан ч үнэндээ иргэн бүрд 857 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх хуулийн ямар ч боломж байхгүйг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын төсөвт орлогоор төлөвлөсөн байсан ногдол ашиг ч, иргэдийн авна гээд байгаа мөнгө ч аль хэдийн дансанд орсон гэсэн үг биш. Тэр дундаа Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэл ослоос болж хэдэн өдөр зогсон, экспорт нь өдөр бүр 70 хувиар буурсан ийм эгзэгтэй үед ирээдүйн орлогыг өнөөдрийн зарлага болгох нь төсвийн эрсдэл дагуулна.
Нөгөө талаас, Хуримтлалын санд төвлөрүүлэх бодлого ч иргэдэд тодорхой үр өгөөж, ил тод тайлагнал, хөрөнгийн удирдлагын хариуцлагаар баталгаажих ёстой. Иргэдэд бэлнээр тараах нь богино хугацааны хэрэглээг нэмэгдүүлэх бол хуримтлуулах нь урт хугацааны хөрөнгө оруулалт, ирээдүйн өгөөжийг бий болгох боломжтой. Аль ч хувилбарын үр дүн нь хэрэгжилт, санхүүгийн сахилга батаас хамаарна. Тиймээс ногдол ашгийн маргааны гол асуудал нь мөнгийг тараах уу, хадгалах уу гэдгээс илүүтэйгээр Монголын тал бодитоор хэдий хэмжээний мөнгийг, хэзээ, ямар нөхцөлөөр авах вэ гэдэгт оршино.
Оюутолгойн осол, гэмтлийн давтамж буюу AIFR 2026 оны I улиралд 0.34, I улиралд 0.33 байгаа нь зорилтот түвшнээс 22-25 хувиар өндөр байна
Аравдугаар сарын 29-ний пүрэв гарагт Оюутолгойн гүний уурхайд осол гарсны дараа компанийн удирдлага шуурхай арга хэмжээ авч, ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан гэж мэдэгдсэн ч ийм хэмжээний ослын шалтгаан, нөхцөлийг зөвхөн компанийн дотоод шалгалтаар тогтоох нь хангалттай юу гэсэн асуулт гарч ирэв.
Шадар сайд Н.Номтойбаяр Оюутолгойн удирдлагууд нэмэлт тусламж шаардлагагүй, санаа зовох зүйлгүй гэсэн хариу өгсөн ч үүнд тайвширч болохгүй гэж мэдэгдсэн. Тэрбээр Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн алба хаагчдыг газар дээр нь ажиллуулж, далд уурхайн ослын үед аврах ажиллагаа явуулах бэлэн байдлыг шалгах, шаардлагатай сургалт зохион байгуулах үүрэг өгсөн гэнэ.
Түүнчлэн "Оюу толгой" компанийн ТУЗ-ийн гишүүн асан Э.Баясгалан ослыг зөвхөн компани өөрөө шалгаад өнгөрөх ёсгүй, хараат бус мэргэжлийн баг оролцож, шалтгаан нөхцөлийг тогтоох шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлсэн. Уурхайн аль хэсэгт осол гарсан гэдгээс эхлээд чулуулгийн хагарал, чичирхийлэл, тэсэлгээ, уурхайн төлөвлөлттэй холбоотой эрсдэлийг нарийвчлан шалгаж, аюулгүй ажиллагааны мэдээллийг ил тод болгохыг тэрбээр шаардаж буй.
Э.Баясгалангийн хөндсөн өөр нэг чухал асуудал бол компанийн аюулгүй ажиллагааны үзүүлэлт юм. Оюутолгойн тайланд дурдсанаар нийт осол, гэмтлийн давтамж буюу AIFR 2025 оны эцэст 0.22, 2026 оны нэгдүгээр улиралд 0.34, хоёрдугаар улиралд 0.33 байжээ. Энэ нь 200 мянган хүн-цаг ажилласанд ногдох осол, гэмтлийн давтамжийг илэрхийлдэг үзүүлэлт аж. Компанийн 2026 оны жилийн зорилтот түвшин 0.27 байсан тул I, II улирлын үзүүлэлт зорилтоос 22.2-25.9 хувиар өндөр байгаа нь лавлаж шалгах ёстой асуулт мөн. Оюутолгойн аюулгүй ажиллагааны зорилтот түвшинд хүрээгүйн цаана ажилтнуудын хөнгөн, хүнд гэмтэл, хөдөлмөрийн чадвар алдалт, амь нас хохирсон осол болон осолдох дөхсөн тохиолдлын статистикийг ил тод болгох шаардлагатай байна.
Монголын төр ч хувьцаа эзэмшигчийн хувьд Оюутолгойтой холбоотой тал бүрийн мэдээлэл, эрсдэл, аюулгүй байдлын хяналтад ямар бодит эрхтэй, тэр эрхээ хэрэгжүүлж байна уу гэдэг ч чухал.
Оюутолгойн асуудал зөвхөн экспорт саатсан, уурхайд осол гарсан, ногдол ашиг хэзээ орж ирэх тухай биш. Энэ бол Монголын төр стратегийн ордод эзэмшиж буй хувьцааныхаа эрхийг хэрхэн хэрэгжүүлдэг, компанийн үйл ажиллагаанд ямар хяналт тавьдаг, уул уурхайн орлогоо төсөвт хэр бодитой тооцдог тухай асуудал юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оюу толгойн үндсэн ажилчид 12 сая гадаад мэргэжилтэнгүүд нэртэй ямар ч үүрэггүй нөхдүүд 35 саяын цалин авч байна энэ шудрага ёс уу
Oyu Tolgoi-d garসন осол болон export saatsan asuudal bol uls turuun toglolt bish, jinhne gvisdel shd
Улаанбаатар хотод сууж байгаа сайд дарга нар ногдол ашиг тараана гэж амлачихаад одоо буцаж байгаа нь ямар ичгүүртэй вэ
3 ih nayd tugrugiig 3.5 sayaulaa huvaaj avna gsn n zver l humuusiin shunal asuusan poporolt bna