Огцорсон Ерөнхийлөгч гарч одоход УИХ-ын чуулганы танхим "хоосорсны" учир юу вэ

Монгол Улсын түүхэнд Төрийн тэргүүн анх удаа өөрийн хүсэлтээр ажил үүргээ орхихоор шийдэж, парламент түүнийг нь ёсоор болголоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг албан үүргээс нь чөлөөлөх, эсэхийг хэлэлцсэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдрийн (2026.11.19) 14.10 цагт эхэлж, 104 гишүүн оролцож, Ерөнхийлөгчөөс асуулт асуулт, хариулт авсан юм. Төрийн тэргүүн төгсгөлд нь УИХ-ын гишүүн, нийт ард түмэндээ хандаж үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар дэмжигдэв.
Энэ үйл явдал нь урьд өмнө үзэгдээгүй шинэ зүйл тул нэг л өдөр УИХ-ын даргыгаа Ерөнхийлөгч гэж дуудах болчхоод тодорхойгүй нөхцөл байдалд орсон парламентын гишүүд "Одоо яах билээ", "Үүнийг хэрхэх билээ”, “Тэрийгээ яах юм бэ” хэмээн будилж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах нь ойлгомжтой.
Гэвч эрх биш Үндсэн хуульд зарчим нь байгаа учраас Төрийн тэргүүний бүрэн эрхийг спикер хэрэгжүүлж ажиллах хууль, журмаа тэр дор нь "халуун" дээр нь баталснаар өнөөдрөөс буюу арваннэгдүгээр сарын 19-нөөс УИХ-ын дарга С.Бямбацогт Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэхээр болчихлоо.
Мориндоо мордохоосоо эхлээд л хөлийг нь хэрхэн дөрөөнд хүргэх талаар гишүүд нэг л тунгаахгүй байх нь зүй. "Бүх зүйл анх удаа учраас" гээд л ер хаана хаанаа олон асуулттай, овоорсон эргэлзээтэй, цаашид хэрхэх төсөөлөл бүрхэг байгаа юм. С.Бямбацогт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх хугацаандаа ямар асуудалд хязгаарлалттай хандах нь ойлгомжгүй байгаа тул УИХ-ын гишүүдэд ч, ард иргэд ч асуулт олон байгаа. Ийнхүү ирэх дөрвөн сарын хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр хэрэгжүүлэх анхны улстөрч С.Бямбацогт боллоо.
Төрийн хоёр гол институцийг удирдах албан тушаалд очиж буй хүн УИХ-ын чуулганаа удирдаад үлдсэн бол нөгөө талд иргэн болсон У.Хүрэлсүх монгол төрийнхөө далбаанд мөргөж хүндэтгэл үзүүлээд УИХ-ын чуулганы танхимаас гарч явахад гишүүд сүргээрээ дагаж гүйсэн нь хачирхалтай.
Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, УИХ-ын дарга С.Бямбацогт хоосон шахуу танхимтайгаа үлдэж, дараагийн хэлэлцэх асуудлуудаа үргэлжлүүлэхээр хичээж чармайж суусан нь өнөөдрийн бас л сонирхол татахуйц үзэгдэл байв.
Уг нь Төрийн тэргүүнээ өөрийнх нь хүсэлтээр явуулсан ч төрийн эрх барих дээд байгууллагын ажил протоколынхоо дагуу тасралтгүй үргэлжилж байх ёстой атал ард түмний элч төлөөлөгч болсон гишүүд ажлын байраа орхин харайлгасан нь ямар учиртай вэ.
Д.ГАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.