Х.Баасанжаргал: Боловсролын сайд хүүхдийн эрхийн конвенц зөрчсөн мэдэгдэл хийсэн тул Ерөнхий сайдад хандана
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал хаврын морин уралдааныг дэмжихгүй гэсэн Засгийн газрын хамтын шийдвэр байхад Боловсролын сайд Л.Энх-Амгалан морин уралдаан зохион байгуулахын тулд сургуулийг амраах тухай ярьсан нь хүүхдийн эрх, боловсролын асуудлыг хөндсөн ноцтой мэдэгдэл гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Тэрбээр өнөөдөр буюу Дэлхийн хүүхдийн өдөртэй холбогдуулан энэ асуудлаар байр сууриа илэрхийлж, Боловсролын сайд Л.Энх-Амгалангийн мэдэгдэлтэй холбоотойгоор Ерөнхий сайдад хандахаа мэдэгдэв.
Х.Баасанжаргал “Хаврын морин уралдаан нь хөдөө орон нутгийн хүүхдүүдийн боловсролоос хоцрох нэг шалтгаан болдог. Гэтэл үүнийг дэмжсэн байр суурь илэрхийлж байгаад харамсаж байна. Засгийн газар хаврын морин уралдааныг дэмжихгүй гэсэн хамтын шийдвэр гаргасан байхад Боловсролын сайд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд хүүхдийн эрх, боловсролыг нэгдүгээрт тавих ёстой” гэв.
Мөн өнгөрсөн зун морин уралдаанд 1000 гаруй хүүхэд оролцсон гэх мэдээлэл бүртгэгдсэнийг дурдлаа. Эдгээр хүүхдийн мэдээллийг Боловсролын яамны бүртгэлтэй тулган шалгахад 900 гаруй хүүхдийн сургууль, боловсролын талаарх мэдээлэл тус яаманд байгаагүй гэж тэрбээр мэдээлэв. Түүний үзэж буйгаар энэ нь хүүхдүүдийн боловсролоос хөндийрөх эрсдэлийг харуулж байгаа бөгөөд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүлээсэн үүргээ Монгол Улс биелүүлэх ёстойг онцолсон юм.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.