УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Нэг доороос I Өөрийн эрхгүй явахаас аргагүй боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хийж, Төрийн тэргүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, иргэний хувиар шалгуулан, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ зарласан.

Хуулийн дагуу өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлийг УИХ-аар хэлэлцүүлэхийг гишүүдийн дийлэнх олонх буюу 77.8 хувийн саналаар дэмжсэн. Иймд өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авч байна.

2026 оны 11-р 19-ны 14:10 цагт ээлжит чуулган эхлэв:

Б.Пүрэвдорж: Ерөнхийлөгч өөрөө нэр төрөө цэвэрлэхээр огцрох санал гаргаж байгааг дэмжиж байгаа. УИХ-ын гишүүд ирц, оролцоогоо сайжруулах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Энд суугаа бид 4 жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тангараг өргөсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч та 6 жилийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр тангараг өргөсөн. Өнөөдөр та албан тушаалаа хүлээлгэх өгөх шийдвэрээ өөрөө гаргаж, үнэн мөнөө тогтоолгохоор шийджээ. Энэ улс төрийн хариуцлагыг хүндэлж байна. Энэ нь бидэнд үлгэр дуурайл болох ёстой. Би эмч хүний хувьд, Эрүүл мэндийн сайд байсан хүний хувьд таны манлайлсан ажлыг дурдчихъя гэж бодож байна. Цар тахлын үед хилийн хоригийг маш шуурхай тавьж чадсанаараа, цар тахлыг яаж эмчлэхээ мэдэхгзүй, эм тариа байхгүй үед бэлтгэл ажлаа хангах боломж олдсон. 2021 оны 4 саорын байдлаар дэлхийд халдвар авсан 1000 хүний 21 нь нас барж байхад Монгол Улсад ердөө 2 хүн нас барсан тоо байсан. 2022 онд Монголд ээлтэй сувилагч гэдэг арга хэмжээ зохион байгуулсныг санаж байна. Сувилахуйн ордон өнөөдөр ашиглалт орохоор байж байна. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийг бас хэлэхгүй бол болохгүй.

УИХ-ын гишүүн Л.Энхнасан: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусахаас өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх асуудлыг УИХ-д анх удаа хэлэлцэж байна. УИХ энэ асуудлыг хуулийн дагуу шүийдвэрлэж, үндэдслэлийг нь олон нийтэд тайлбарлах ёстой гэж бодож байна. Ерөнхийлөгч өө, Таны хүсэлтийг хүндэтгэж байгаа. Гэхдээ тантай холбоотой гарсан ноцтой мэдэгдлүүдийг хараат бусаар шалгуулахын тулд Та заавал албан тушаалаа чөлөөлөгдөх шаардлагатай байсан уу? Та үүнийгээ харж үзсэн үү? Бүрэн эрхээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ шалгуулах боломж байсан уу? Эсвэл хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргах өөр шалтгаан байсан уу? УИХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлэж байгаа энэ үед Батлан хамгаалахын сайд бас хүсэлтээ өгсөн байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо бас даргагүй байна. Сайдын хүсэлтийг шийдвэрлэхдээ Батлан хамгаалах салбарыг хэн удирдахыг тодорхой болгож, удирдлагын тасралтгүй байдлыг хангах ёстой. УИХ ч гэсэн Аюулгүй байдлын даргыг шуурхай сонгож, хяналтыг хэвийн үргэлжлүүлэх ёстой гэж бодож байна. Энэ бол Үндэсний аюулгүй байдалтай холбоотой шүү.

-Дутуу хариулсандаа бус ярьж болохгүйдээ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Эрхэм гишүүдийнхээ амар амгаланг айлтгая. Нэгэнт улсын Ерөнхийлөгч бас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгёихсёөс, та бүхэн маань шийдэх ийм эгзэгтэй цаг үед ирчихсэн байгааг би маш сайн ойлгож ыайна. Өнөөдрийн хурал нээлттэй явж байх шиг байна. Гадаад ертөнц бас анхааралтай ажиглаж байх шиг байна. Улсын Ерөнхийлөгчийн ажил бол элс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал, Үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлтэй холлбоотой эрхэм дээд ажил байдгийг та бүхэн маань мэднэ. Надад бас ярих юм байна, ярихгүй юм гэж байгаа гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа байх гэж бодож байна. Төрийн тэргүүний ажлыг өгөөд иргэн болсны дараа надад ярих зйүлүүд бас нэлээд гарах байх гэж бодож байна. Хэлж ярьж байгаа зүйлд маань та бүхэн бас ойлгож хүлээж авч хандаарай.

Зарим нэг зүйлийг дутуу хариулж байж магадгүй. Дутуудаа биш ярьж болохгүй байгаа учраас ингэж хариулж байна гэж ойлгоорой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр хүнд бол маш цэвэр цэмцгэр байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмнээ төлөөлдөг хүн. Аюулгүй байдлаа төлөөлдөг, гадаад ертөнцөд улс эх орноо төлөөлдөг ийм эрхэм алба байгаа юм. Тийм учраас Ерөнхийлөгчийн нэр хүнд рүү сүүлийн тав зургаан сар эрээ цээргүй халдлаа шүү дээ. Хүний санаанд багтамгүй, ой тойнд багтамгүй асуудлуудыг ярьлаа, гүтгэлээ, зохиож байна. Хэд хэдэн зураг эвлүүлж тавиад мөрөөрөө ажил хийж байгаа хүмүүсийг хүртэл харлуулж байгаа шүү дээ, энэ хилийн чанадаас оргон зайлсан гэмт хэрэгтэн, хүмүүс. Гэмт хэргийн бүлэглэлүүд байгаа.

Ажил хийлгэхгүй байна. Ард түмний дунд эмх замбараагүй байдал үүсгэхийг оролдож байгаа. Надад бол одоо нэг л сонголт байна. Энэ бол үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөд, Төрийн тэргүүний эрхэм нэр хүндийг сэргээх явдал. Би үүнийг л хийнэ гэж бодож байгаа юм. Шийдэмгий шийдвэр гаргасан гэдгийг л та бүхэнд хэлэхийг хүсэж байна. Баярлалаа.

УИХ-ын гишүүн Б.Уянга: Монгол Улс Тавантолгойн нүүрс экспортлох төмөр зам барья гээд аль 2008 оноос ярьж эхэлсэн байгаа юм. Анхны бүтээн байгуулалт нь 2011-2013 оны хоорнод явагдсан байгаа юм. Яг энэ үед ЗТ-ийн сайдыг Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга хийж байсан гэдгийг бүгд мэддэг. 2014 оноос зогсонги байдалд орсныг нь бас тэмдэглүүлмээр байна. Шалтгаан нь нарийн цариг, өргөн цариг. Бөөн талцал нийгэмд үүсгэсэн. Ингээд 2019 оноос төмөр замтай холбоотой бодлого өөрчлөгдөөд барья гээд эрчимжүүлж эхэлсэн байгаа юм. Ингээд явж явж 14 жилийн дараа 2022 онд энэ бүтээн байгуулалт эцэслэгдсэн байна.

Энэ бүх үйл явдлыг он цаг дарааллаар нь бодоод үзэхээр нэлээн их хувийн ашиг сонирхлоо оруулаад, юм л бол төмөр зам, нүүрс гэж ярьдаг хүн нь уг нь яг урдаас хараад сууж байх ёстой байсан Х.Баттулга гишүүн маань байгаа юм. Өнөөдөр бид нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөрийнх нь өргөдлөөр, ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэнэ гэсэн асуудлыг хэлэлцэж байна л даа. Үүнийг бол хүндэлж хүлээж авч байгаа. Гэхдээ үндсэн шалтгаан нь энэ төмөр замтай холбоотой байх юм болбол анхнаас нь үүнийг авч явж гүйцэтгэсэн хүнийг нь, энэ хүнээс нь эхэлж шалгах ёстой гэж бодож байна.

14 цаг 50 минут:

Батлан хамгаалахын сайд Л.Батлут: Эрхэм Монгол Улсын Ерөнхийлөгч таны энэхүү шийдвэрийг би хүндэтгэн хүлээж авч дэмжиж байна. Та Монгол Улсын Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагчаар ажиллах хугацаандаа өөрийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр, хэлсэн амлалтдаа бүрэн дүүрэн хүрсэн гэдгийг бүгд сайн мэдэж байгаа. Таны манлайлал дор Батлан хамгаалах яамны гадаад хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн. 40 улстай цэргийн хамтын ажиллагаатай болсон. Олон улсын энхийг дэмжих ажиллагааны оролцоо өндөр түвшинл хүрсэн. 7 улс оронд 720 гаруй энхийг дэмжих ажиллагааны ажилчид алба хааж байна.

Дэлхийн улс оронд энх тайван байдлыг тогтоохын тулд Монголын Зэвсэгт хүчин ажиллаж байна. НҮБ-ийн индэр дээр тавьж байсан амлалтаа ч бүрэн хэрэгжүүлж чадсан. 2025 онд энхийг дэмжих ажиллагаанд оролцсон нийт бие бүрэлдэхүүний 15,6 хувь нь эмэгтэй алба хаагчид болсон байгаа. Монгол Улс өөрсдөө тусламж авдаг байсан бол гадаад улсад хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцог болсон гээд энэ хүний оролцоо манлайл дор маш том үр дүнгүүд гарсан. Цэрэг техникийн шинэчлэл, сэргээн засварлах бодлогыг анх удаа УИХ-аар батлуулж чадсан. Сумны үйлдвэртэй болсон гээд зах зухаас нь дурдвал маш их байна. Цагаан алт, Хүнсний хувьсгал гээд энэ бүхэнд маш том үр дүн гарсныг тоо баримттайгаар хэлэх юм бол өнөөдрийн цаг хугацаа хүрэлцэхгүй байх л даа.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Монгол Улсын Ерөнхийлөгч сонгогдсон цагаасаа хойш 153 тэрбум төгрөгийг зарцуулсан байдаг. Ерөнхийлөгчийн төсөв бол татвар төлөгчдийн мөнгөөс тавигдаж байгаа. Тэр утгаараа УИХ дээр таван жилийн хугацаанд ямар нэгэн тайлан тавиагүй бид бүхэн бас таны тайлантай танилцах хэрэгтэй гэж бодож байгаа. 153 тэрбум төгрөг юунд зарцуулагдсан гэдгийг бид бүхэн мөн авч хэлэлцэх ёстой гэж үзэж байгаа. Мөн Төрийн шагналтай холбоотой ЕТГ-т 4, Ерөнхийлөгчид 2 удаа албан бичгээр хандаж байсан ч хариулт авч чадаагүй учраас өнөөдөр асууя гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар ЕТГ-т нийт хэдэн шагналын тодорхойлолт очсон байгаа бол оо? Зарим настай хүмүүс хоёр, гурав бүр арван жилийн өмнө тодорхойлолт нь очсон хэр нь шийдэгдэхгүй яваад байдаг.

Зарим хүмүүс танил тал, улстөрчдийн нөлөөгөөр хэдхэн сарын дотор шагналаа шийдүүлж аваад байгаа. Энэ хугацаанд хэдэн ширхэг одон медаль гардуулсан бол? Нэгж одон медаль хэдэн төгрөг зарцуулдаг вэ гэх мэдээллийг дэлгэрэнгүй авмаар байгаа. Үе үеийн Ерөнхийлөгчид энэ тоог гаргаж өгч байгаагүй. Тиймээс Төрийн шагналын үнэ цэн унах үндсэн шалтгаан болсон. Дараа дараагийн Ерөнхийлөгч нарт үлгэр жишээ болоод энэ мэдээллийг ил болгож өгөөч гэж хүсэж байна.

-Муу Ерөнхийлөгчийнхөө тамгын газрыг харж хандаж байгаарай-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Ерөнхийлөгчийн зардал нэмэгдсэн тухай асуудал ярьж байгаа. Ерөнхийлөгчид нэг их илүү зардалсаад байх юм байхгүй шүү дээ. Та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа. Хажууд нь сууж байгаа ЕТГ-ын дарга Шижир сайхан хариулаад өгчхөөрэй. ЕТГ-ын зардлыг ЕТГ-ын дарга л мэддэг. Ерөнхийлөгч өөрөө ч мэдэхгүй, өөрөө ч гарын үсэг зурахгүй. Гол зүйл нь цалин. Над дээр нэг юм нэмэгдсэн. Монцамэ агентлаг Ерөнхийлөгч рүү шилжиж ирсэн учраас миний төсөв нэмэгдэж харагдаж байгаа юм билээ. Өөр илүү дутуу ямар ч зардал байхгүй. Ер нь жаахан хэцүү шүү дээ, ЕТГ чинь. Техник хэрэгслээ шинэчилж чадахгүй, сандал ширээгээ шинэчилж чадахгүй. Тэгээд өгсөн мөнгийг нь аваад л явж байгаа. Цааш цаашдаа бас муу Ерөнхийлөгчийнхөө Тамгын Газрыг харин та бүхэн маань харж хандаж, дараагийн шинэ Ерөнхийлөгчид хэдэн цаас тавьж өгөөрэй гэж би хариуд нь хүсмээр байна.

Одон медаль шагналын асуудал бол их зовлонтой асуудал. Хэдэн мянган хүний шагнал ирдэг байх, яг үнэнийг хэлэхэд. Ерөнхийлөгчийн хэцүү ажлын нэг. Янз янзын л юмнууд ирдэг. Төрийн дээд шагналыг ахмадуудад өгье л гэсэн зарчим барьсан. Онцгой гавьяа байгуулсан залуучуудад бол өгсөн. Одон медаль бол зохих журмынхаа дагуу явж байгаа. Миний зовлонг гишүүд та нар өөрсдөө сайн мэдэж байгаа шүү дээ, айн. Бараг та нар өөрсдөө хариулсан ч болно доо.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэлж байна. Дэмжиж байна гэхэд хаашаа юм, дэмжихгүй байна гэхэд хаашаа юм. Дэмжлээ гэхээр тойргийнхоо иргэдэд зэмлүүлэх болов уу гэж бодож байна. Гадаад харилцаагаа энэ хэмжэнд хүргэчихсэн, экспортын чиглэлээр хийсэн ажлууд нь нүдэн дээр ил байдаг. Боловсролын чиглэлээр мөн харагддаг болчихсон. Ромын Пап, Японы эзэн хааны айлчлал гээд гадаад харилцаа тэнцвэртэй болоод ирчихсэн. Монгол яригддаг болчихсон. Ийм хүнээ цөмөөрөө дэмжиж байгаад явуулна гээд байгаа. Хүнд нөхцөл байдал байна аа, Ерөнхийлөгч өө.

Одоо бол энэ ёс зүйн шинэ жишгийг бий болгож байна. УИХ-ын Ёс зүйн хуулийг заавал батлах хэрэгтэй болж байна, УИХ-ын дарга аа. Хуралдаа суудаг болох ёстой гэсэн үг, хулгай хийдэггүй болох ёстой гэсэн үг. Зарим нэг хүмүүс хулгай хийчхээд гадагшаа явчихдаг. Тэгээд хилийн чанадаас янз бүрийн юм яриад байдаг. Авлигал нь эд эсийн түвшинд шингэчихсэн байдалтай л байна. Хууль хяналтын байгууллагын эс үйлдэхүй, үйлдэхүйгээр иргэдийн дургүйцэл нэмэгдэж байна. УИХ бас ёс зүйгээ өндөрт авч явах шаардлагатай болж байна аа л гэсэн үг. Ерөнхийлөгчдөө амжилт хүсье.

15 цаг 25 минут:

УИХ-ын гишүүн Р.Батболд: Монгол Төрийн тэргүүн нэр төрөө сэргээлгэхээр өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгч байгаа явдлыг хүндэтгэн хүлээж авч байна. Монгол төрд маш том жишиг тогтоож байгаа үйл явдал болоод байна. Нийт ард түмнээс сонгогдсон Төрийн тэргүүн ийм шийдвэр гаргаж болдог юм байна. Тэгэхээр парламентын танхимд сууж байгаа 126 гишүүн дотроо бодолтой байцгаах байх аа гэж бодож байна. Бидний дунд хулгайч гишүүд суугаад байна л даа. Батын Батбаатар гэдэг хулгайч гишүүний талаар ярьж болж байна. Нам дээр очихоороо намын мөнгийг идчихдэг. Төрийн бодлогод оролцоод яваач гэхээр яамны мөнгө идчихдэг. Татвар төлөгчдийн мөнгө. АТГ-д гомдол санал өгсөн байгаа. Хулгай бол хулгай. Хулгайд жижиг, том гэж байхгүй хулгайч бол хулгайч байдаг. Төрийн тэргүүний энэ гаргаж байгаа шийдвэр нь хууль хяналтын байгууллагын хэрэг хянан шийдвэр удаашралтай байгаагаас үүдэлтэй байж болох юм гэж бодож байгаа юм. Монгол Төрийн тэргүүн У.Хүрэлсүх таны цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсье.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Ерөнхийлөгчийн хугацаанаасаа өмнө ажлаа өгөх болсон тухай асуудлыг мундаг хариуцлагатай, манлайлал талаас нь ярьж байна. Нэг талдаа тийм байх. Нөгөө талдаа нэг том асуудал үүсэж байгаа юм. Манайх шиг ийм эмзэг эдийн засагтай, улс төр нь эмзэг, хэвлэл мэдээлэл, тархи угаалт маш хурдтайгаар төрийн бодлого, шийдвэр гаргалтад нөлөөлдөг газар дараа дараагийн Төрийн тэргүүн яаж ч шударга ажиллаад тодорхой мануфляци  хийсэн, зохион байгуулсан үйлдэл явах болгонд энэ жишиг давтагдах уу гэсэн асуудал үүсэж байгаа юм. 10 жилийн дараах нэг Ерөнхийлөгч дээр тодорхой шүүмжлэл ирлээ гэж бодъё, өмнө нь Хүрэлсүх Ерөнхийлөгч ингээд огцрох өргөдлөө өгч байсан “одоо тэг” гэдэг энэ зарчим өөрөө төрийг тогтворгүй байлгах эрх зүйн факт үүсгэж байгаа шүү. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 6 жилийн хугацаа нь 2190 хоног үргэлжлэх ёстойгоос 1969 дахь хоног нь өнөөдөр болоод 221 хоног дутуу байхад хүсэлтээ өгч байгаа юм. Нийт хугацааныхаа 90 хувийг туулсан. Баялагтаа эзэн Монгол хөтөлбөрийн 90 хувь нь биелсэн байх ёстой. Агуулгын хувьд ямар биелэлтэй байгаа вэ? У.Хүрэлсүх Ерөнхийлөгч эргэн ирэлт хийдэг гэж иргэд ярьж байна. Та өнөөдөр чөлөөлөгдсөн тохиолдолд дараа нь Монгол төрийн өндөр албан тушаалд алба хашихаар эргэн ирэх үү? ҮАБ-ын үзэл баримтлалыг батлуулчихсан бол их зөв байсан. Эдгээрт хариулт өгөхгүй юу.

-Гүтгэлгээс болж Засгийн газар хүртэл ажлаа хийж чадахаа больсон-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Их чухал асуулт асууж байна. Ерөнхийлөгчийн нэр хүндийг хуулиар хамгаална гэж заасан ч яс юман дээрээ хамгаалах юм ерөөсөө байхгүй юм билээ. Захын нөхдүүд гүтгэж доромжилж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ажлаа хийх аргагүй болтол гүтгэж, доромжилж байгааг та бүхэн харж байга биз дээ. Ерөнхийлөгч хамгаалах юмгүй болохоор улс эх орныхоо нэрийг бодоод, өөрийн эрхгүй ажлаа өгөөд, нэр төрөө сэргээлгэхээс өөр аргагүй байдалд оруулж байна шүү дээ. Та нар өөрсдөө удахгүй гүтгүүлнэ. Хууль зүйн сайд байсан хүн нь хилийн чанадад гарчхаад, оргон зайлчхаад гэмт хэрэгтэн болчхоод гаднаас бусдыг гүтгэж байна шүү дээ. Бүгдийн чинь зургийг тавьж байгаад, янз янзын эвлүүлэг хийж байгаад. Тэр хүн хэчнээн гүтгэсэн ч ирээд хариуцлага хүлээхгүй. Тийм хууль байхгүй. Тэр хуулийн заалтыг аваад хаячихсан.

Одоо энэ хуулиа хурдан хийх ёстой. Ингэхгүй бол Монголын төрийн дархлаа өдөр ирэх тусам унана шүү. Хэн дуртай нь юуг ч зохиож ярьж болдог болсон. Үүнийг харж байгаа шүү дээ бид нар. Хуулийн байгууллага энэ дээр ямар ч ажиллагаа хийж чадахгүй. Шийтгэх хууль байхгүй учраас. Дээр нь 22.1 гэж хууль байна. Түүнийг та бүхэн хурдан янзлах ёстой. Энэ улсад ажил хийдэг хүнгүй боллоо. Хариуцлага хүлээдэг хүн байхгүй. Албан тушаалын сонирхол, давуу байдал олгосон гээд ажил хийж байгаа хүмүүс нь шоронгийн хаалга татдаг болсон. Энэ бол маш ноцтой. Үүнийг би олон удаа хэлсэн.

Дахиад хэлье. Гүтгэлгийн тухай хуулийг хатууруулах хэрэгтэй. 22.1-ийг өөрчлөх ёстой. Сүүлдээ ажил хариуцдаг хүн байхгүй болсон. Засгийн газар ажил хийж чадахаа больсон.Сүүлдээ ҮАБЗ дээр нэг ярих уу гэдэг асуудал яригддаг болчихсон. Дээшээ дээшээгээ хариуцлагаас зугтаад, нэг өдөр асуудал шийдчихвэл маргааш нь шоронд орчхож магадгүй, юу гэх вэ зүгээр байж байя гэж ханддаг болсон. Наад хуулийн чинь гай зовлон улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа. ҮАБ-ын үзэл баримтлалыг өргөн барих гэж байсан чинь харамсалтай нь амжсангүй. Эх оронд хэрэгтэй бол би хаана ч очиж магадгүй.

15 цаг 52 минут:

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Өнөөдрийн чуулганыг шүүх хурал болохгүй байгаасай гэж хүсч байна. ерөнхийлөгчийн хийсэн бүтээснийг 126 гишүүн бус цаг хугацаа, ард түмэн түүх өөрөө шүүх хуультай. Монгол улсад шударга бусын өлсгөлөн гэж айхтар гашуун өлсгөлөн байна. монголд хүн бус хууль засагладаг гэж өөрийнхөө нэр төрийг сэргээхээр огцрох гэж байх шиг байна. Энэ хүнтэй төрийн түшээ засгийн газрын гишүүний хувиар өнгөрсөн хугацаанд ажиллалаа. Энэ хүний хийсэн бүтээснийг салбар салбарт онцлох байх. Боловсролын сэргэлт монголын сэргэлт байна гэдгийг харуулж мэдрүүлж, наад захын жишээ ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” бодитой ажил болсон.Түүхэндээ манай 35  сэхээтнийг Европт бэлдэж тэр хүмүүс монголыг хөл дээр нь босгосон түүхтэй. Тэгвэл илгээлтийн эздийн 1560 хүүхэд монголын ирээдүйг өнгөлөх оюуны том хөрөнгө оруулалт болсон гэдэгтэй маргах хүн байхгүй байх. ШУА-ны үндэсний хүрээлэнг 150 тэрбумаар өнгөрсөн 70 жилд хийгдээгүй хөрөнгө оруулалтыг хийлээ. Монгол улсын нэг хэсэг нь хуулийн дор, нэг хэсэг нь хуулийн дээр амьдардаггүй гэдгийг харуулах хэрэгтэй. Шудрага ёс энэ танхимаас эхлэх ёстойг үлгэрлэн манлайлж байна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Сүүлийн 6 жилийн хугацаанд МУ-ын гадаад харилцааг сайжирсан гэж үзэж байна. Айлчлалууд үр дүнгээ өгч буй гэж бодож байна. Мөн МУ-ын ерөнхийлөгч ажлаа эхлүүлж байхдаа тухайн үеийн том төслүүдийн асуудлыг барьж авч чадсан ч хэрэгжилтэн дээр нь зорилгодоо хүрч чалсангүй гэж харж байна. Нэгдүгээрт, “Цагаан алт” хөтөлбөр 2024-2028 оны хугацаанд 2.19 их наядын төсөвтэй хөтөлбөр байсан. Үндсэн зорилго нь малын гаралтай түүхий эд болох ноос ноолуур арьс ширний өртгийг нэмэгдүүлэх зорилготой байлаа. Харамсалтай нь ноос ноолуурын үнэ 4-5 жилийн өмнөхөөсөө нэмэгдсэн зүйлгүй, иргэдийн амьдрал өөдөлсөн юмгүй байна. Хоёрдугаарт хүнсний хувьсгал нь дотоодын үйлдвэрлэгчдээ нэмэгдүүлэх зорилготой 1.3 их наяд төгрөгийг 2525 ААН-д хөнгөлөлттэй байдлаар олгосон. Харамсалтай нь Төв Аймаг, Сэлэнгэ аймгийн хэмжээнд төмс, хүнсний ногооны тариалалт улам буурсаар байна. Гуравдугаарт, Тэрбум мод хөдөлгөөний хүрээнд 116 сая мод тарьсан боловч хаана байгаа нь харагдахгүй л байна. Тэгэхээр эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт хаана гацав? Хэрэв гүйцэтгэх засаглал үүн дээр алдаа гаргасан бол яг аль салбарын аль шатанд алдаа гарсаныг хэлж өгнө үү. Мөн та ажиллаж байх хугацаандаа нийт 4 удаа хуульд хориг тавьж нэг хууль санаачилсан байна, УИХ-ын үндсэн хуулийн 35.1 Ерөнхийлөгчийн тухай хуулийн долоодугаар зүйл.

Дараагийн асуулт. Сүүлийн 2 жилийн хугацаанд 3 засаг солигдсон, эдгээрийн хийж хэрэгжүүлсэн ажлаас  улс орон эдийн засагт хэрэгтэй байснаар нь дүгнэвэл аль засаг нь илүү хэрэгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн гэж бодож байгаа вэ? гэж асуумаар байна. Таны цаашдын ажил амьдралд амжилт хүсье.

Би ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тайлангаа тогтмол тавьсан. Бүх юм цахимжсан, та бүхэн ороод үзчихгүй юу

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Амгаланбаатар гишүүний хэлсэн дээр үг хэлье гэж бодож байсан юм. Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа хуулинд гар хүрэхгүй гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн хувьд би бол хэлсэндээ байдаг хүн гэдгийг та бүхэн харж байгаа гэж бодож байна. Хүнээс хулгай хийж худал хэлдэггүй гэдгийг минь хамтран ажиллаж буй хүмүүс маань мэдэх байх. Амьдрал цаашид үргэлжилдгээрээ үргэлжилж, улс төр явдгаараа явна. Улс төрийн тогтолцоондоо онцгой анхаарах цаг болсон. Болдог бол Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ард түмний санал асуулга хийх хэрэгтэй. Хоёр шатлалын парламентаасаа ерөнхийлөгч сонгодог байх юм уу эсвэл ерөнхийлөгчийн засаглалтай байх юм уу? Ерөнхийлөгч нь засгийн газрын кабинетээ байгуулж ерөнхий сайдаа сонгоод томилоод 6 жил явдаг, цааш хугацаа нь сунгагддаггүй байх юм уу гэдгээ цэгцлэх цаг нь болсон байх. Тиймээс үндсэн хуультай холбоотой янз бүрийн асуудлуудаас болж улс төрийн институц хоорондын зөрчил мөргөлдөөн гардаг, ажил явдаггүй, эмх замбараагүй байдал үүсдэг, ажил хариуцах чадвар сулардаг гээд олон зовлонгууд энд бий. Би олон улс орноор явсан учир тухайн улс орны тогтолцоо зэргийг сайн харж байгаа. Бид үүнийг эргэж нэг харах цаг нь болсон. Үүн дээр та бүхэн цаашид анхаарах биз ээ. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөрүүд тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа. Үүнийг засгийн газар хариуцаж ажилладаг, цаашид ч сайн ажиллах ёстой. Ерөнхийлөгч бол манлайлал үзүүлдэг болохоосхөрөнгө мөнгө хуваарилдаг хүн биш. Би Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа нийт 138 үйлдвэрээр явсан. Уржигдар хамгийн отгон үйлдвэр болох “Мон Жүүс” ХХК дээр очсон байна лээ. Үр дүн гарч байгаа гэдгийг би өөрийн нүдээр харж байгаа, эдгээрийг үргэлжлүүлэх ёстой. Хүнсний хувьсгал, Атарын дөрөвдүгээр аян, Тэрбум мод, Эрүүл монгол хүн гэх мэт дандаа манай улсын үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшилтэй хүйн холбоотой төсөл хөтөлбөрүүд. Үүн дээр намчирхаад хэрэггүй. Бүх улс төрийн намууд мөрийн хөтөлбөртөө тусгаж явах ёстой. Үр шимийг нь ард түмэн хүртэнэ. Монгол улсын Ерөнхийлөгч тайлангаа тавьсангүй гээд байна.Би байнга тайлангаа тавьдаг шүү дээ, хараагүй өнгөрсөн юм байлгүй. Өнгөрсөн хугацаанд би 6 удаа “Үндэсний аюулгүй байдал”-ын зөвлөлийн хаалттай хуралдаан хийснийг та бүхэн бүгд сонссон. УИХ-ын сайтан дээр миний тайлан бүхэл бүтэн зураг, видео, “нэг монгол” гээд нэвтрүүлгээрээ юу хийсэн, юу зорьж байгаа минь бүгд тэнд байгаа. Одоо бүх юм цахимжчихсан учраас ороод харчих хэрэгтэй.

М.ЖАРГАЛ, Б.МӨНХСАРНАЙ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button