НИЙГЭМНийгэм мэдээ

Н.Булгантамир: Нэг өрх сарын усны төлбөртөө 2-3 аяга кофены л мөнгө төлж байна

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын өргөн барьсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр гишүүд завсарлага авсан. Маргааны гол нь цэнгэг усыг үйлдвэрлэл, уул уурхайд ашиглуулахгүй гэсэн заалт. Иймд усны нөөц, хуулийн маргаан, саарал ус ашиглах боломжийн талаар Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирал Н.Булгантамиртай ярилцлаа.

-Монгол Улс усны хомсдолд орох эрсдэлтэй гэж бид ярьсаар байна. Энэ асуудал дээр бодитоор ямар өөрчлөлт хийж чадав?

-Усны хомсдол зөвхөн Монгол Улсын биш, дэлхий нийтийн асуудал. Нэг үгээр хэлбэл, зөвхөн Монголд ус хомсдоод, бусад улсад хомсдохгүй гэсэн ойлголт огт байхгүй. Тиймээс усны хомсдлын асуудлыг дэлхийн хэмжээнд нэлээн өргөн хүрээнд ярьж байна. Сая болж өнгөрсөн цөлжилт, газрын доройтлын эсрэг COP17 хурал дээр ч яг энэ асуудал өргөн хүрээнд яригдсан.

Манай улсын хувьд хамгийн тулгамдаж буй асуудал бол усны нийт нөөц, ашиглалт хоёрын хоорондын урвуу хамаарал юм. Монгол Улс нийт 608 километр куб усны нөөцтэй гэж тогтоогдсон. Гэхдээ энэ нөөцийн ердөө 3.9 хувийг буюу 10.6 километр кубыг л ашиглах боломжтой гэж тогтоосон байдаг.

Манай улсад устай холбоотой хамгийн эмзэг зүйл юу вэ гэвэл нийт усны нөөцийн ердөө 2-3 хувь нь л газар доорх ус. Гэтэл бид нийт хэрэглээнийхээ 80-90 хувийг газар доорх уснаас авч байна. Тиймээс бодлогоо ус руу чиглүүлж, олон нийтэд таниулах ажил хийх, гүний усны ашиглалтыг багасгах, саарал усыг илүү ашиглах, усаа дахин ашиглаж, хэмнэх бодлого руу явах хэрэгтэй. 21 дүгээр зуунд манайх гүний усаараа зүлгээ усалж, машинаа угааж, үйлдвэрлэл явуулж, бүх л хэрэгцээндээ ашиглаж байна. Энэ бол хамгийн том асуудал.

-Усны нөөцөө хамгаалах асуудалд Монгол Улс хэтэрхий оройтож анхаарч эхэлсэн гэдэгтэй санал нийлэх үү. Хэрэв өнөөдрөөс дорвитой арга хэмжээ авахгүй бол 10-20 жилийн дараа монголчууд ямар асуудалтай нүүр тулах вэ?

-Ус дан ганц байгаль орчны асуудал биш юм байна лээ. Эдийн засгийн асуудал болж хувирч байгаа юм. Усны нийт хэрэглээг зөвхөн өрхийн хэрэглээ гэж харж болохгүй болчихоод байна. Нийт хэрэглээний 50 гаруй хувийг газар тариалан, 20 гаруй хувийг уул уурхай, 54 орчим хувийг газар тариалан эзэлж байна. Гэтэл бид уул уурхай, алт олборлогчид очоод усыг баллаад байна гэж үздэг, хэрэглээг нь харвал. Тэгэхээр ус дагаад хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн асуудал яригддаг.

Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалангийн ахалсан Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан. Түүний хамгийн маргаантай, гишүүдийн завсарлага аваад байгаа заалт нь цэнгэг усыг үйлдвэрлэл, уул уурхайд ашиглуулахгүй гэж заасан. Нэг талдаа бид усаа хайрлаж байна гээд үйлдвэрлэл, уул уурхайд ашиглуулахгүй гэж байгаа ч нөгөө талдаа эдийн засгийнхаа хөшүүргийг унагаачихсан юм болох вий гэсэн тооцоотой явж байна.

Бидний хэрэгжүүлэх ёстой хамгийн чухал зүйл бол инженерчлэлийн асуудал, инновацлаг шийдлүүдийг олон улсаас санал болгох ёстой юм байна лээ. Саарал усаа ашигладаг технологийг дэвшүүлж, боломжийг нь олгож, хөнгөлөлт үзүүлэх хэрэгтэй. Саяхан нийслэл хот татвараа нэг дахин бууруулсан шүү дээ. Үүнтэй адил саарал ус ашигласан аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт, урамшуулал үзүүлж, төр нь дэмждэг болсноор саарал ус руу шилжих юм болов уу. Олон улсын жишиг нь тийм юм билээ.

Өнөөдөр саарал усны төхөөрөмж авахад нэг аж ахуйн нэгжид доод тал нь 40-50 сая төгрөгийн зардал гарч байна. Жижиг, дунд бизнес эрхэлж байгаа, тэр дотроо өрхийн аж ахуйн нэгжийг онцолж байгаа юм. Өнөөгийн эдийн засгийн нөхцөлд өрхийн орлоготой, бизнес эрхэлж буй хүн энэ 40-50 сая төгрөгийг хэзээ олох вэ гэдэг асуудал үүсдэг. Гаргасан зардлаа нөхөж олох бизнесийн зарчмыг нь хөндөж чадвал усаа хайрлах хамгийн бодит шийдлийг санал болгож чадах юм билээ.

-Манай улсад саарал усны хэрэглээ ямар байна вэ. Цэнгэг усаа бид нөхөн сэргээх боломжтой юу? Боломжгүй бол яаж хамгаалах ёстой вэ?

Мэдээж ус гол мөрнөөс уур болж дэгдээд, буцаад бороо болж ордог. "Нэг сум - нэг нуур", "Хөв цөөрөм" гэсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бол гадаргын усыг тогтоож, авч үлдэх арга хэрэгслийн нэг хэлбэр. Нөгөө талдаа байгалийн жамаараа нөхөн сэргээгддэг хэсэг бий.

Монгол Улс 608 километр куб усны нөөцтэй. Гэхдээ 2025 оны хэрэглээ маань 682.5 километр куб бөгөөд нэг том асуудал нь 2040 он гэхэд энэ хэрэглээ гурав дахин нэмэгдэнэ гэсэн тооцоолол бий. Нэг үгээр хэлэх юм бол усны хэрэглээ одоогийн нөөцтэйгөө бараг ижил түвшинд ирж байна шүү дээ. Мэдээж ус нэг газраа байгаад байдаггүй, нөхөн сэргээгдэж, солилцоо явагддаг. Харин хэрэглээ гурав дахин өсөхөд энэ хамаарал ямар болох нь тун төвөгтэй болж эхэлж байна.

Саяхан манай улсад COP17 зохион байгуулагдсан. Монгол Улсын нийт газар нутгийн 80 гаруй хувь нь ямар нэг байдлаар цөлжилт, газрын доройтолд өртсөн. Цөлжилт, газрын доройтол хоёр өөр ойлголтууд. Цөлжилт гэдэг нь тэнд ямар ч амьд организм амьдрах боломжгүй болохыг хэлнэ. Харин газрын доройтлыг биологийн олон янз байдлын үүднээс тайлбарлавал аль нэг ургамал ургахаа больж, шим тэжээл дутагдаж эхэлсэн газар юм. Газрын доройтол нь усны нөөц, газар доорх усны асуудлыг дахин хөндөж байна гэсэн үг. Хүнээр жишээлбэл, хүн биедээ хэрэгтэй эрдэс бодисоо авч чадахгүй байгаатай адил.

-Сүүлийн 5-10 жилд гол мөрөн хэрхэн өөрчлөгдсөн, хичнээн тооны ширгэлт бүртгэгдэв?

Устай холбоотой тоо баримт, судалгаа маш удаан хугацаанд хийгддэг. Бидний ярьж буй судалгаа бол Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ гэж хоёроос гурван жилд нэг хийгддэг. "OECD" буюу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гаргасан судалгаагаар Монгол Улсад горхи, булаг нийлээд жилд дунджаар 80 гаруй нь ширгэж байна гэж үзэж байгаа юм байна лээ. Гэхдээ байгалийн жамаараа эргэн сэргэж буй нь 50 орчим хувьтай гэсэн дүн гарч байгаа.

-Иргэд өдөр тутмын усны хэрэглээндээ ямар өөрчлөлт хийж байж усны аюулгүй байдлыг хангах ёстой вэ?

Өдөр тутамд шүдээ угаахдаа усаа бага гоожуул гэх мэт хэвшмэл ойлголт бий шүү дээ. Үүнээс илүү чухал нь усны эх, булгийг бохирдуулахгүй байх. Хүүхэддээ зөв юм зааж, аяганд ус хийгээд шүдээ угааж байснаа зун болохоор усны эхийг очиж бохирдуулах юм бол крантны усаа хэмнэснээсээ илүү хор хөнөөл учруулж байгаа юм. Монголчууд юмны эх их учиртай гэж ярьдаг. Тиймээс аливаа булаг, шанд, голын эх, ай савд маш болгоомжтой хандах хэрэгцээ байна. Биднийг хүүхэд байхад крантаа хаагаарай гэж ярьдаг байсан. Одоо үүнийг ярих нь улиг боллоо гэж бодож байна. Мэдээж энэ нь тодорхой хэмжээний ойлголт өгнө. Гэхдээ хамгийн том зүйл бол саарал ус ашигладаг аж ахуйн нэгжүүдийг иргэд дэмжиж, хөгжүүлэх нь хамгийн том хөрөнгө оруулалт гэж бид харж байна.

-Усны үнэ цэнийг тарифаар нь биш, бидэнд ирээдүйд учрах аюулаар нь хэмжих ёстой-

-Саарал ус хэрэглэдэг байгууллагуудын мэдээлэл байдаг уу?

-Өнөөдөр манайд ер нь “Энэржи ресурс” ХХК-аас эхлээд томоохон аж ахуйн нэгжүүд л ашиглаж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлж эхэлж байна. Миний сая хэлсэн Усны тухай хуулиар тодорхой аж ахуйн нэгжүүдийг саарал ус ашиглахаар хуульчилж өгвөл энэ тоо нэмэгдэх байх гэж бодож байна.

-Газар тариаланчид уул уурхайгаас илүү ус ашиглаж байна гэж та хэллээ. Уул уурхайн салбар хэр их ус хэрэглэдэг вэ?

-Уул уурхайн салбар 23-24 хувийг эзэлж байна гэж үзэж байгаа юм. Харин газар тариалан 50 гаруй хувийг эзэлж байна. Уул уурхайн 20 гаруй хувь бага мэт харагдав ч, ашиглаж буй усны болоод учруулж буй хор хөнөөлийн хэмжээ чухал. Устай холбоотойгоор уул уурхайн сэдэв хөндөгдөөд байдгийн шалтгаан нь ерөөсөө тэр юм. Нэг үгээр хэлбэл, уул уурхайн зөвшөөрөлтэй байсан ч ус ашиглах зөвшөөрөлгүй бол олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжгүй. Тиймээс ус бол уул уурхайн салбарын нэгдүгээр асуудал. Ашиглаж буй хэмжээ нь газар тариалангийнхаас бага юм шиг харагддаг ч байгальд учруулж буй хор хөнөөл нь өндөр гэдгийг ойлгох ёстой.

-Уул уурхайн компанид ус ашиглах зөвшөөрөл олгохдоо тухайн бүсийн усны нөөцийг хэрхэн тооцох ёстой вэ?

Ус ашиглах зөвшөөрөл олгохдоо тухайн бүсийн усны нөөцийг харгалзаж үздэг. Энд би шинээр өргөн баригдсан хуулийг дахин ярих гэж байна. Өмнө нь уул уурхайн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж эхлээд лицензээ авчихаад, дараа нь ус ашиглах зөвшөөрлөө авдаг байсан. Харин одоо сонгон шалгаруулалтад ороод лиценз авахтай зэрэгцээд, эсвэл түүнээс өмнө ус ашиглах зөвшөөрлөө авч байгаа. Тодруулбал, тухайн бүс нутагт уул уурхайн судалгаа хийх, олборлолт явуулах боломжтой гэж үзсэн ч харамсалтай нь усны нөөцийн хувьд боломжгүй газар байхыг үгүйсгэхгүй.

-Саарал ус ашиглаж буй машин угаалгын газрыг татварын хөнгөлөлтөнд хамруулж байгаагаас өөр дэмжлэг байдаг уу?

-Одоогоор яг тийм зүйл байхгүй. Жишээлбэл, 2022-2024 оны хооронд санагдаж байна, тухайн үеийн Байгаль орчны сайд бүх машин угаалгын газрыг саарал ус ашиглахыг уриалж, ашиглахгүй бол ус ашиглах зөвшөөрлийг нь цуцална гэдэг хүртэл асуудал хөндөж байсан. Гэхдээ энэ нь бодитоор хуульчлагдахгүй бол, дээрээс нь урамшууллын сан байхгүй бол хоёр, гурван иргэн нийлж угаалгын газар ажиллуулж байгаад саарал усны төхөөрөмж авчирч ашиглана гэхээр тун төвөгтэй болж эхэлдэг. Тиймээс аливаа шийдвэр гаргахаасаа өмнө үүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн нөөц, боломжийг эхлээд харах ёстой гэж бодож байна. Саарал усыг ашиглах маш олон боломж, ялангуяа угаалгын газрууд дээр байгаа гэж би хувь хүнийхээ хувьд хардаг юм.

-Иргэд өөрсдийн хэрэглээнд цэвэр усаа дахин ашиглахад ямар хөшүүрэг хэрэгтэй вэ?

-Төвөгтэй асуудал. Үүнийг ярихаар хүмүүс дургүйцэх болов уу гэж бодоод байгаа юм. Цахилгааны үнэ нэмэгдсэний дараа бид гэрлээ асаалттай хонуулахгүй байх ёстой юм байна гэдгийг ойлгож эхэлсэн. Гэтэл усны үнэ хямдхан хэвээр. Ер нь нэг өрх усны төлбөртөө хэдэн төгрөг төлдөг вэ гэвэл хоёроос гурван аяга кофены мөнгө төлж байгаа юм. Иргэдэд уриалах, олон нийтийн ажил хийхээс гадна усны үнэ цэнэ мөнгөөр хэмжигдэхийн зэрэгцээ учирч болох эрсдэл нь ч ойлгомжтой болох болов уу гэж бодож байна.

Түрүүн хэлсэнчлэн, одоогоос  10 гаруй жилийн дараа бидний усны хэрэглээ гурав дахин нэмэгдэнэ. Одоо бид 600 гаруй километр куб ус ашигладаг гэж үзвэл энэ нь гурав дахин өснө. Усгүй болно гэхээр хүмүүс гайхдаг, голын ус алга болох тухай яриад байгаа юм биш. Цэвэр ус буюу ундны усны асуудал яригдаж байгаа юм. Европын орнууд 2025 оноос эхлэн өрхүүддээ гурван хоногийн цэвэр ус, хүнсний нөөцтэй байхыг сануулж байгаа шүү дээ. Энэ нь дэлхий бидэнд дохио өгч байгааг харуулж байна.

-Тэгэхээр иргэдийг усаа хэмнэхэд юу хөшүүрэг болох вэ?

Иргэдийн хувьд усаа хэмнэх хөшүүрэг гэхээсээ илүү экологийн боловсролын асуудал яригдах ёстой. Тийм ч учраас Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв байдаг. Иргэд крантнаас гарч буй усыг хямдхан гээд үнэ цэнийг нь алдагдуулж болохгүй гэсэн санаа юм. Учир нь дэлхийн бусад бүх улс орон усны асуудлаа стратегийн нэгдүгээр асуудал гэж харж байна. Иргэдэд ийм, тийм хөнгөлөлт үзүүлнэ гэж хэлэхээс илүү тэднийг экологийн боловсролтой болгох шаардлагатай гэж үзэж байгаа юм. Харин аж ахуйн нэгжүүдэд урамшууллыг ярьж болно. Учир нь тэд эдийн засгийн харилцаанд түлхүү орж байгаа юм.

-Иргэдийн экологийн боловсролыг яаж дээшлүүлэх вэ?

Бид устай зөв боловсон харьцдаг уу гэдэг асуудал яригдана. Орон сууцанд амьдардаг нэг хүн өдөрт 200-250 литр ус ашигладаг. Хүмүүст хэлэхээр итгэдэггүй юм, би яаж өдөрт 200 литр ус ашиглах юм бэ гээд. Хүн өдөрт дунджаар бие засаад ус татна, аяга угаана, гар нүүрээ угаана, шүдээ угаана гэж тооцож байна. Ингээд өдөрт 200-250 литр хэрэглэдэг. Гэтэл гэр хороололд 8-10 литр хэрэглэдэг. Энэ хоёрын хооронд 20 дахин зөрүүтэй судалгаа гарч байна шүү дээ. Хэмнэх боломж тэнд харагдаж байгаа биз. Нэг үгээр хэлбэл, 10 литр ус хэрэглэдэг хүн орон сууцанд амьдардаг хүнтэй адил зүйлээ хийж байна. Гэхдээ 8-10, 200-250 литрийн энэ зөрүү зөвхөн манай улсад биш. Бусад улсад ч байшин хороолол, орон сууцанд амьдардаг хүмүүсийн хооронд дэд бүтцээс шалтгаалсан яг ийм судалгаа байдаг.

-Голын урсгал ус өөрөө өөрийгөө цэвэршүүлдэггүй. Голоо тэнд амьдардаг амьтад цэвэршүүлдэг-

-Иргэдэд захиж хэлэх зүйл юу байна?

-Иргэдэд хамгийн түрүүнд захих зүйл бол голын эх, булаг шандаа хүн сэтгэлээр хайрлаж хамгаалаарай гэдэг. Өнөөдөр бид хот доторх Туул голоо зун болохоор дагажхүмүүс шүү дээ. Ийм байхад Туул голын татам байнга багасаж байна. Одоогоос 40 жилийн өмнө Туул голд тоглож байсан хүмүүсээс үерлэхээрээ ямар хэмжээнд хүрдэг байсныг асуугаарай. Одоо үерлэхээрээ ямар хэмжээнд хүрч байгааг бид харж байна.

Усны нөөцийг бүрдүүлж буй бас нэг хэсэг нь мөнх цас, мөсөн гол. Мөнх цастай уулсыг бас усны нөөцөд тооцдог. Гэтэл энэ нөөц ердөө 10 жилийн дотор зургаа дахин буурсан. Нэрийг нь дурдаж болохгүй байх, нэгэн мөнх цаст уулын цасны хэмжээ таваас зургаа дахин багассан. Хувиар биш шүү, таваас зургаа дахин. Уур амьсгалын өөрчлөлтийн шууд нөлөө ингэж асуудал болон хувирч байна.

Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал бүгд устай холбоотой. Энэ ширээ ч тэр, ус оролцоогүйгээр бүтсэн нэг ч зүйл энэ дэлхий дээр байхгүй. Тиймээс бүгдээрээ усны сэдвийг маш анхааралтай харж, усаа хайрлах ёстой. Ялангуяа дараа үеийн иргэдэд энэ зан үйлийг дадал болтол суулгах хэрэгтэй. Мянган бодлого гаргасан ч иргэд нь ойлгож, дэмждэггүй бол хэрэглэгч саарал ус ашигладаг аж ахуйн нэгжийг сонгохгүй. Бид дараа үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэхгүй. Тиймээс усны асуудлыг хаа нэгтээ уул уурхай явуулж буй хүмүүсийн асуудал гэж огт ойлгож болохгүй. Энэ бол цогцоороо уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, цогцоороо усны буюу үндэсний аюулгүй байдлын асуудал шүү гэдгийг хэлмээр байна.

-Зун болохоор хүмүүс голдоо сэлж, машинаараа гол гаталдаг. Энэ нь хэр их бохирдуулдгийг тооцоолсон зүйл бий юу?

-Нэг хуруу зай нэг га газрын хөрсийг бохирдуулдаг гэсэн судалгаа байдаг. Монголчуудад урсгал ус өөрийгөө цэвэршүүлдэг гэсэн алдаатай ойлголт бий. Үүнийг ямар агуулгаар, яаж гарч ирснийг сайн мэдэхгүй юм. Гэхдээ та голын эх рүү техник, тоног төхөөрөмж оруулж, бохирдол үүсгэснээрээ тэр голыг цэвэршүүлдэг загасыг устгачихдаг. Загас нь устахаар гол өөрөө өөрийгөө цэвэршүүлж чадахаа больдог. Голын урсгал ус өөрөө өөрийгөө цэвэршүүлдэггүй. Тэр голд амьдарч буй амьтад голоо цэвэршүүлдэг юм.

Таны асуултад дахин хариулахад, машинтай гарах нь голыг тэдэн сантиметр, миллиметрээр багасгана гэвэл тун өрөөсгөл ойлголт болно. Гэхдээ тэнд амьдарч буй амьтдын биологийн төрөл зүйлийг устгах хэмжээний эрсдэл үүсгэнэ. Ингэвэл голын эх устах том аюул болно гэсэн үг. Мөн байгаль орчны салбарт шууд нөлөөлөл таван жил, арван жилээр хэмжигддэггүй. Хамгийн багадаа 10 жил, бүр 100 жилээр авч үзэж байж тооцоолдог. 100 жилийн өмнө тэнд ямар ургамал ургаж, усны хатуулаг ямар байсныг, 50 жилийн өмнө ямар загас байсныг одоогийнхтой харьцуулж байж харагддаг гэсэн үг.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button