Царайг нь танихгүй ч хоолойг нь андахгүй Б.Хүслэн

Кино үзэж суухад нэг л танил хоолой сонсогдоно. Рекламын төгсгөлд чихэнд хоногшсон үгсийг хэлж, нэвтрүүлгийн ард ч мөн тэр хоолой үргэлжилнэ. Харин дэлгэцийн цаанаас сонсогдож буй энэ хоолойн эзэн хэн болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэдний нэг бол хөтлөгч, дуу оруулагч Б.Хүслэн. Тэр хөтлөгчөөр 20 жил, дуу оруулагчаар 10 жил ажиллажээ. Нэг нь тайзан дээр өөрийгөө илэрхийлэх, нөгөө нь бусдын дүрд орж, тэдний өмнөөс ярих ажил. Харин Б.Хүслэнгийн хувьд энэ хоёрын аль аль нь багаасаа хүсэж мөрөөдсөн мэргэжил нь байв.
Тэр Хэнтий аймгийн Чингис хотод өссөн. Аав нь мужаан, ээж нь эмнэлгийн салбарт ажилладаг, урлагийн хүнгүй айл. Гэхдээ багаасаа л үг хэлэх, хоолойгоо сонсгох дуртай хүүхэд байжээ. Гурав, дөрөвдүгээр ангиасаа гудамжаар явахдаа дэлгүүр, үйлчилгээний газрын хаяг чангаар уншиж явдаг байсан нь хожмын мэргэжлийнх нь эхлэл байж мэднэ. Сургуулийнхаа урлагийн үзлэг, томоохон арга хэмжээг хөтөлж, орон нутгийн тэмцээн, арга хэмжээнд ч оролцоно. Олсон мөнгөөрөө хичээлийн хэрэгслээ авдаг байсан гэнэ. Тухайн үед багш нар нь “Энэ ерөөсөө телевизийн л хүн болох байх” гэж урам өгдөг байжээ.
Сонирхолтой нь Б.Хүслэн дуу оруулагч болохын тулд тусгай сургуульд сураагүй, сургалтад ч хамрагдаагүй. Жүжигчний мэргэжил эзэмшээгүй ч энэ ажилд багаасаа дуртай байжээ. Телевизийн студи рүү шагайж, дуу оруулагчдын ажиллахыг хараад “Ямар гоё юм бэ. Ийм хоолойг яаж гаргадаг юм бол. Би нэг удаа энэ ахын оронд ороод дуу оруулж үзэх юмсан” гэж боддог байсан нь одоо ч санаанд нь тод үлджээ.
Хамгийн анх “Бөгжний эзэн” киноны Смеаголын дүрд дуу оруулах байв. Багаасаа студийн гаднаас харж мөрөөддөг байсан ажилдаа ийнхүү өөрөө орж үзсэн нь түүний хувьд мартагдашгүй эхлэл болжээ.
Дуу оруулагчийн ажил зүгээр л текст уншихаас хавьгүй өөр. Нэг хүн хэд хэдэн дүрийн өмнөөс ярьж, нас, зан ааш, сэтгэл хөдлөл бүрийг хоолойгоороо ялгаруулах шаардлагатай. Б.Хүслэнгийн хэлснээр ихэнх дуу оруулагч хоёроос дөрвөн өөр хоолой гаргах чадвартай. Харин туршлагатай уран бүтээлчид тав, зургаан дүрд дуу оруулах нь ч бий.
Жишээ нь, аав, хүү хоёр эмнэлэгт ярилцаж байна гэж бодъё. Аав нь орон дээр хэвтэж, хүү нь “Аав аа, уучлаарай. Намайг битгий орхиоч дээ, би танд хайртай” гэж хэлнэ. Энэ хоёр хүний яриаг нэг л хүн дуу оруулна. Гэхдээ аавын хоолой, хүүгийн хоолой хоёр өөр байх ёстой. Зөвхөн өнгөө өөрчлөх бус, тухайн дүрийн мэдрэмжийг гаргаж байж үзэгчдэд үнэмшилтэй хүрнэ.
Б.Хүслэн одоо уран сайхны болон баримтат олон кинонд дуу оруулж байгаа бөгөөд сүүлийн үед баримтат кино түлхүү ажиллаж буй аж. Гэсэн ч арван жил ажилласан туршлагаа хангалттай гэж боддоггүй. “Өөрийгөө мэргэжлийн, 100 хувийн дуу оруулагч гэж хэлэх маш дургүй. Хүн үхэн үхтлээ суралцаж явна л гэдэг. Шинэ кино орж ирэхэд тэр дүрд яаж дуу оруулах вэ, хоолойн тоглолт маань ямар байх вэ гэдгийг дахин бодно. Өдөр болгон сурах юм байдаг” гэнэ.
Түүний хоолойг сонсоод таньдаг ч өөрийг нь хараад танихгүй байх тохиолдол ч бий. Ажил дээр нь “Хүслээ ахтай уулзъя” гэж ирсэн хүнтэй уулзахаар “Би байна” гэхэд “Үгүй ээ, нөгөө хоолой уншдаг хөгшин ах хүн” гэж хариулах нь энүүхэнд. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн төсөөлөлд бий болсон хоолойн эзэнтэй нүүр тулснаа тэр бүр анзаардаггүй гэсэн үг.
-Тайзан дээрх 20 жил-
Дуу оруулах ажлаас гадна Б.Хүслэн хөтлөгчөөр 20 жил ажиллажээ. Түүний хувьд хөтлөгч байна гэдэг тайзан дээр гарч, бэлдсэн текстээ унших төдий ажил биш. Тухайн арга хэмжээний уур амьсгалыг мэдэрч, үзэгчдийг татан оролцуулж, тайзан дээрх хүмүүсийг ч урамшуулж чаддаг байх хэрэгтэй.
Тиймээс хөтлөхийнхөө хажуугаар битбокс хийж, бүжиглэж, өөр өөрийн арга барилаар үзэгчдийг хөгжөөдөг. Битбокс суралцаж эхэлсэн үе нь 2012, 2013 он. Тайзан дээр нэг хэвийн байхаас илүү тухайн хамт олон, үзэгчдэд юу хүргэвэл сонирхолтой байхыг боддог гэнэ.
Хөтлөгчийн ажилд хүний нэр, байгууллагын нэрийг зөв хэлэхээс эхлээд тухайн мөчид юу болж байгааг мэдэрч, алдаа гаргахгүй байх гээд олон зүйл багтана. Тэр олон жилийн туршлагатай болсон ч иймэрхүү алдаа гарч байсан гэдгээ нуусангүй.
-Хоолойг нь сонсоод төсөөлсөн хүн нь өөр байдаг-
Б.Хүслэн киноны дүрүүдэд дуу оруулахаас гадна реклам, нэвтрүүлгийн хоолойгоор олон жил ажиллажээ. Тэр ч бүү хэл, киноноос илүү реклам, нэвтрүүлгийн текст уншсан үе олон. Түүний хоолойг хүмүүс танина, харин эзнийг нь танихгүй. .
“За, Хүслээ ахтай уулзъя” гээд ажил дээр нь ирсэн хүнтэй уулзахад “Би байна” гэхээр “Үгүй ээ, нөгөө хоолой уншдаг хүн” гэдэг тухай тэр инээмсэглэн ярив. Хүмүүс рекламын хоолойг нь сонсоод өөр дүр төрхтэй хүнээр төсөөлдөг бололтой.
Уг нь түүний хоолой багаасаа л бусдаас ялгардаг байжээ. Тавдугаар ангийн хүүхэд байхад нь хүртэл багш нар “Сонин юм даа, чи дөнгөж тавдугаар ангийн хүүхэд” гэж гайхдаг байсан гэнэ. Харин өөрөө тэр үедээ солонгос киноны дүрүүдийг дуурайж, ягаан ороолт зүүн, үсээ шар өнгөөр буддаг байжээ. Нутгийнхаа арван жилийн сургуулийн “ганц солонгос” залуу байсан хэмээн инээнэ.
Багаасаа л хоолойгоо сонсгох дуртай, телевизийн хүн болно гэж мөрөөдсөн хүү өнөөдөр тэр салбартаа 20 гаруй жилийг өнгөрүүлжээ. Түүний хувьд энэ хугацаа зүгээр нэг ажилласан жилүүд биш, харин хүссэн зүйлээ хийж, өдөр бүр шинэ дүр, шинэ тайз, шинэ сорилттой учирсан он жилүүд юм.
Үзэгчид түүний царайг танихгүй байж болно. Гэхдээ киноны нэг дүрийн дуу хоолой, рекламын итгэл төрүүлэх дууны өнгө, нэвтрүүлгийн танил хоолойгоор дамжин Б.Хүслэн үзэгчидтэй өдөр бүр уулзсаар байдаг юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.