Н.Номтойбаяр: Хянан шалгах түр хороо ашиг сонирхлын зөрчилгүй байх ёстой

Шадар сайд, УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр хянан шалгах түр хороо байгуулах санаачилга гаргаж, УИХ-ын 32 гишүүний гарын үсэг цуглуулж байгаа талаар мэдээллээ. Тэрбээр уг түр хороо ашиг сонирхлын зөрчилгүй, хараат бус 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ёстой. Хянан шалгах түр хороонд MCS компанид ажиллаж байсан, тус компани болон охин компаниудаас нь сонгуулийн санхүүжилт авсан, төрийн өндөр албан тушаалтны туслах, зөвлөхөөр ажиллаж байсан гишүүд орох ёсгүй.
Мөн шалгалтын явцад мэдүүлэг өгөх гэрчүүдийн аюулгүй байдал, эрх зүйн хамгаалалтыг хангах шаардлагатай. Ерөнхийлөгчийн гаргасан өргөдөлтэй холбоотойгоор ажлаа өгч шалгуулах хүсэлтийг нь дэмжиж байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч өөрөө өргөдлөө өгч, ажлаа өгснөө шалгуулъя гэж байна. Үүнд хүндэтгэлтэй хандаж байна. Мэдээж үүнийг дэмжиж кнопоо дарна. Эргэлзээд байх зүйл алга” гэлээ.
Н.Номтойбаяр “Х.Баттулга заавал ажлаа өгч шалгуулах ёстой. Тэмцэл хийх юм бол би УИХ-ын гишүүний хувиар үүнийг зарчмын шаардлага болгож тавиад, тэр чигтээ явна. Ажлаа өгч болдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр үзүүлчихлээ” хэмээн ярив.
Түүнчлэн хууль хүчний байгууллагуудын үйл ажиллагааг шүүмжилж, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа тэргүүтэй холбогдох албан тушаалтнуудыг ажлаа өгөх ёстой гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрбээр “Нохой засуулсан эзэндээ үнэнч гэдэг. АТГ, ЦЕГ, ТЕГ, УЕП-ын байгаа царайг хар. Дандаа дээрээс өгсөн даалгавраар хүн хэлмэгдүүлнэ. АТГ-ын дарга З.Дашдаваа мэтийн нөхөд байгаа цагт нохойн замаар орно. Үтэр түргэн зайлуулах ёстой” гэсэн юм.
Мөн уг хянан шалгах ажиллагаа нам харгалзахгүй, ил тод, нээлттэй явагдах ёстойг онцолж, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулах шаардлагатай гэж мэдэгдэв.
Б.Гэгээ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.