НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Сурвалжилга: 154 тэрбум төгрөгийн ШУА-ийн шинэ байр | Намхан тааз, багтахгүй тавилга, гэрэлтүүлэггүй зам

Үндэсний хэмжээнд цор ганц гэх тодотголтой тэртээ 105 жилийн түүхт Монгол улсын  Шинжлэх ухааны академийг “Монгол бахархал”-ын өдрийг тохиолдуулан “Чингис хаан” одонгоор шагнасан түүхэн үйл явдал болсон билээ. 2005 оноос хойш монгол улсаа дэлхий дахинд сурталчлан таниулах их үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавьяа байгуулсан Монгол Улсын болон гадаадын иргэн, хуулийн этгээд, төр нийгмийн зүтгэлтэнд төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын Ерөнхийлөгч соёрхон гардуулдаг уламжлал тогтоод байгаа билээ.

Харин энэ онд Монгол улсын Шинжлэх Ухааны Академид гардуулсан нь  өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд үндэсний эрдэм судлалын залгамж чанарыг хадгалж, орчин цагийн олон салбар бүхий шинжлэх ухааны тогтолцоог бүрдүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирснийг бататгаж буйг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон тэмдэглээд “Өдгөө Шинжлэх ухааны академи нь 35 улсын 150 гаруй Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж, үндэсний судалгааг олон улсын эрдэм шинжилгээний орон зайтай холбож, хамтарсан судалгаа, эрдэмтдийн солилцоо, олон улсын хэвлэлд нийтэлсэн бүтээлүүд нь Монгол орны талаарх мэдлэгийг баяжуулахын зэрэгцээ үндэсний судлаачдын чадавхыг бэхжүүлж, Монголын шинжлэх ухааны салбарын нэр хүндийг өргөхөд бодит хувь нэмэр оруулсаар байна” хэмээсэн юм.

Тэгвэл Шинжлэх ухааны академийн нэгдсэн хүрээлэнгийн цогцолбор байгуулах санаачилгыг 2019 онд тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх эхлүүлсэн байдаг. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд нийт 74 мянган ам метр талбайд долоон барилга байгуулахаар төлөвлөсөн уг төсөл улсын төсвөөс 154 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт аваад байна. Уг цогцолборт салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лабораториуд, жишиг үйлдвэрлэлийн цех, оффис, номын сан, хурлын танхим, спорт заал, олдвор, дээж хадгалах агуулах, палеонтологи, археологи, одон орон судлалын музей байрлана. Одоогоор хими, физик, ботаникийн лаборатори, тусгай зориулалтын агуулах болон оффисын зориулалттай таван барилга ашиглалтад орсон бол спорт заал болон музейн барилгын ажил үргэлжилж байгаа аж.

Тэгвэл  олон жил хуучин байранд, зориулалтын бус орчинд судалгаа шинжилгээгээ үргэлжлүүлсэн эрдэмтэн судлаачид ийнхүү будаг нь ханхалсан шинэ барилгадаа нүүж орлоо. Гэсэн ч, тэднийг хотын төвөөс 6 км зайтай, автобусны буудлаасаа хагас километр орчим гэрэлтүүлэггүй шороон замаар хүрч очих оффис, шүүгээ багтахгүй нам тааз, хоёр өөр хэлтэсийг нэг өрөөнд хуваарилсан зохион байгуулалт хүлээж авчээ.

Бид энэ талаар сурвалжлахаар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хажууд байрлах Шинжлэх ухааны академийн нэгдсэн хүрээлэнгийн шинэ цогцолборыг зорилоо. Тус байр руу очихын тулд төв замаас салаалан гэр хорооллын шороон замаар нэг километр гаруй явна. Барилгын баруун талаар тойрон очих замд хашааны завсраар ноход цухуйж, орчны тохижилт, дэд бүтэц төдийлөн шийдэгдээгүй нь анзаарагдав. Шинэ цогцолборын зогсоолд хүрэхэд таван давхар гурван тусдаа хүрээлэнгийн байр болон 16 давхар төв байр угтлаа. Төв байрны үүдээр ороход А, Б гэсэн хоёр корпус руу хуваагдах бөгөөд бид хоёр корпусын давхруудаар явж, ажиллах орчин, нөхцөл байдалтай танилцсан юм.

ХОЁР МЕТР ОРЧИМ ӨНДӨРТЭЙ ТААЗ, НОМЫН САНД БАГТАХГҮЙ ТАВИЛГА

Төв байрны дээд давхруудаар явахад хамгийн түрүүнд анхаарал татсан зүйл нь таазны өндөр байв. Наймаас 16 дугаар давхар хүртэлх хэсгийн тааз ойролцоогоор хоёр метр, харин есөн давхраас дооших давхруудынх 2.2 метр орчим харагдаж байлаа. Шатны хэсгийн хаалга ч орон сууцны барилгынхтай төстэй, 2 давхар хаалга байв. Мөн тус байрны Б корпусын 15 дугаар давхарт байрлах номын санд хуучин байранд ашиглаж байсан номын тавиур, шүүгээ өндөрдөөд багтахгүй байгаа талаар ажилтнууд ярьсан юм. Өрөөнүүдийн заримд тавилга, шүүгээ бүрэн байршуулаагүй, хайрцагтай эд зүйлс хураалттай харагдав. Харин давхар бүрд эрэгтэй, эмэгтэй тусдаа ариун цэврийн өрөөтэй бөгөөд тус бүр гурван угаалтуур, гурван суултууртай байлаа.

НЭГ ӨРӨӨНД ХОЁР ТАСАГ, АВТОБУСНЫ БУУДАЛ ХҮРЭХ ГЭРЭЛТҮҮЛЭГГҮЙ ЗАМ

Шинэ байранд ажиллаж буй хүмүүсээс орчин нөхцөл, тулгамдаж буй асуудлын талаар тодруулахад зарим нь асуудал гайгүй, харин тодорхой хэсэгт хүндрэл байгаа талаар сонсогдсон гэж хариулсан юм. Тэд асуудлаа үйлдвэрчний эвлэлдээ уламжилж, бүртгүүлдэг гэв. Зарим ажилтны хувьд нэг өрөөнд хоёр өөр тасгийн хүмүүс хамтран ажиллах зохицуулалт хүндрэл үүсгэж байгаа аж. Учир нь тасгуудын ажлын онцлог, хурал цуглаан хийх хэрэгцээ өөр тул нэг өрөөнд хамт байрлах нь ажлаа хэвийн явуулахад хүндрэлтэй байдаг байна. Түүнчлэн шинэ байрнаас автобусны буудал хүрэх зам гэрэлтүүлэггүй, шороон замаар хагас километр орчим алхах нь ажилтнуудад хүндрэлтэй байдаг талаараа мөн ярьсан юм.

 ЛАБОРАТОРИЙН ӨРӨӨНД АГААРЖУУЛАЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ

Төв байрнаас тусдаа байрлах гурван барилгын нэг болох лабораторийн байраар орж, ажилтантай нь уулзлаа. Тэрээр лабораторийн өрөөний зохион байгуулалт, агааржуулалтын талаар дараах тайлбарыг өгсөн юм. “Манай лабораторийн хэсэгт цонхгүй, голын хэсэгт байрласан лабораторийн өрөөнд агааржуулагч асаах зайлшгүй шаардлагатай байдаг. Асаахгүй бол жаахан хүндрэлтэй юм билээ. Гэхдээ агааржуулагчийг шийдэж өгсөн болохоор ер нь асуудал гайгүй. Харин төв байрны тааз нам зэрэг асуудал үүсээд байх шиг байсан” гэв.

Харин ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэлтэй уулзаж түүний сэтгэгдэл, байр сууриас гадна,  хуучин байруудыг хэрхэх, шинэ байрны таазны өндөр болон стандартын хэрэгжилтийн талаар тодрууллаа. Тэрээр “Шинэ цогцолборт нүүж орсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, төслийг санаачлан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж амлалтандаа хүрсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд талархаж буйгаа хэлсэн юм. Мөн том төсөл бүрийн ард жижиг асуудал, алдаа дагалддаг. Намхан таазны талаар бид барилга барьсан “Нутгийн буян” ХХК-д хандаж лавлахад зураг төслийн дагуу бүх зүйл хийгдсэн гэж хэлдэг. Намхан таазтай хэдий ч стандартаараа байх ёстой хамгийн нам хэмжээгээр хийгдсэн юм билээ. Стандартын бус зүйл байхгүй. Хэдий нам ч гэсэн бидэнд тийм их саад болоод байгаа зүйлгүй. Шинэ байранд нүүж ирсэн тул аль болох хуучин тавилгуудаа шинэчлэх санаа зорилго бий. Хуучин байрнуудын тухайд улсын өмчийн барилгууд тул улсад буцааж өгсөн, тус байрнуудад улсын өөр нэгжүүд шилжин орохоор шийдвэрлэгдсэн бөгөөд тэдгээр байгууллагууд нүүж орохоосоо өмнө засварлах юм билээ. Мөн биднийг яаж энэ хуучны барилгад он удаан жил ажилласаар ирсэн юм бэ гэж гайхаж байсан. Манай эрдэмтэн судлаачид тийм л даруухан хүмүүс, ажиллах орчноос илүү судалгаандаа л анхаардаг сэтгэлтнүүд байдаг” гэсэн юм.

Тэгвэл 2020 онд барилгын гүйцэтгэгч компаний нээлттэй тендэрийн сонгон шалгаруулалтад “Нутгийн буян” ХХК дангаар оролцож, шалгарсан байгаа юм. Тус компаний талаар “Opendata” нээлттэй мэдээллийн сангаас харахад 2011 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулагдсан бөгөөд эхний эзэмшигчээр Бодь овогтой Сарантуяа байсан бол 2013 оны хоёрдугаар сард хасагдаж, удаах эзэн Сувдаа овогтой Бямбасүрэн 2017 оны тавдугаар сард хасагдаж, 2021 оны аравдугаар сараас Лхасдолгор овогтой Бат-Орших, Бодь овогтой Отгонжаргал нарт шилжжээ.

Намхан таазтай гэгдэж буй 16 давхар бүхий төв  байрны барилгын ажил 2021 оны долоодугаар сард эхэлж 2026 оны есдүгээр сард улсын комисс хүлээн авч БА-306(2026) тоот акт дүгнэлтийг гаргажээ. Тус байрны зураг төсөл хэд хэдэн удаа давхарын өндөртэй холбоотойгоор өөрчлөгджээ. Анхны скиз зургаар тус байрны гурваас 16 давхар хүртэлх давхарын өндөр 3.3 метр байхаар тусгагдсан бол өөрчлөгдөж 3 метрээр хийсэн. Үүн дээр шугам хоолой, салхивч, хөргөлтийн системийн хоолой ихтэй тул тэдгээрийг далдлах зорилгоор дүүжин тааз хийснээр 8 давхараас дээшхи давхаруудын таазны өндөр 2.13-2.15 метрийн хооронд байгаа аж. Харин 3-8 дугаар давхарын таазны өндөр 2.25-2.4 метр өндөртэй, 1-2 дугаар давхар нь 3.6 метр өндөртэй.  

Тус компианас ШУА-ын нэгдсэн хүрээлэнгийн барилгын төсөл дээр ажиллаж буй менежер Б.Ганцолмонгоос таазны стандартын талаар тодруулахад, “Нийт барилгын өндрийг оффис зориулалттай барилгын стандартаас 52 метрээс хэтрүүлэхгүй байхаар тооцсон. Хэрэв 52 метрээс хэтэрвэл онцгой төвөгшилттэй барилга гэх тодорхойлолтонд орох бөгөөд барилгын зураг төсөл, төсөвт өртөг зэрэгт бүгдэд өөрчлөлт орохоор байсан тул тус хэмжээстээ тааруулахын тулд таазны өндөрийг багасгах шийдвэр гарсан. Харин барилгын норм дүрмийн 51.03.03-т зааснаар барилгын таазны өндөр 3 метрээс багагүй байхаар заасан байдаг бол шугам сүлжээний далдлалтаас хамаарч, 2 метрээс багагүй байж болно гэж заасан байдаг тул стандартыг зөрчсөн зүйл байхгүй” хэмээлээ.  

Харин “Нутгийн буян” ХХК-ын Ерөнхий инженерийн хэлж буйгаар “Тус барилга нь төмөр бетон цутгамал хийцтэй, бид зураг төслийн дагуу барилга барьдаг компани. Энэ төсөл 2019 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 7 жил үргэлжлэхдээ 2019 оны батлагдсан төсвөөр хийж гүйцэтгэж байгаа буюу ажилчдын цалин хөлс ч шингээгүй үнэ гэж ойлгоход болно. Улсын төсөвт хэдийг шийдэж өгсөн бид түүнд нь тохируулж ажлаа хийхээс биш, өөрсдөөсөө зардал гаргаад хийнэ гэж байхгүй” гэсэн асуудлыг хэллээ.  

Ийнхүү олон жилийн турш яригдаж, улсын төсвөөс 154 тэрбум төгрөг зарцуулсан ШУА-ийн нэгдсэн цогцолбор ашиглалтад орж, эрдэмтэн судлаачид шинэ байрандаа ажиллаж эхлээд удаагүй бөгөөд энэ сарын 25-нд Ерөнхийлөгч өөрийн очиж, нээлт хийхээр төлөвлөөд байгаа билээ. Гэвч таазны өндөр, ажлын өрөөний зохион байгуулалт, номын сангийн тавилга, гаднах зам талбайн гэрэлтүүлэг зэрэг асуудал нь шинэ барилгын ашиглалтын нөхцөл, төлөвлөлтийг дахин анхаарах, мөн барилгын үндсэн зураг төслөөс нэг давхарыг нь хасаж барьсан юм биш биз дээ гэх хардлагыг ажилчдад төрүүлж байна.

Бид энэ асуудлаар Улсын комисс болон захиалагчийн хяналтыг хийсэн Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын яамны Барилга хөгжлийн төвөөс тодруулж нэхэн сурвалжлах болно.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button