Гадаад мэдээДЭЛХИЙ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажлаа хүлээлгэн өгнө гэж мэдэгдсэн талаар гаднын томоохон хэвлэлүүд хэрхэн мэдээлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мягмар гарагт /2026.11.17/ мэдэгдэл хийхдээ ажлаа хүлээлгэн өгч, хууль хяналтын байгууллагад шалгуулна гэсэн. Энэ талаар гаднын хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг харцгаая.

Германы Deustche Welle: Авлигын хэрэгт буруутгагдсан дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх огцрохоор болжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Засгийн газрын төмөр замын төслөөс ашиг хүртсэн хэмээн сөрөг хүчний Ардчилсан нам буруутгасны дараа мягмар гарагт огцрохоо мэдэгдэв. Тэрбээр хэвлэлийн бага хурал хийхдээ өөрийг нь үндэслэлгүйгээр буруутгаж, нэр төрд нь халдаж байна гэж мэдэгдсэн ч нэр төрөө сэргээхийн тулд огцрох шийдвэр гаргаснаа гэсэн юм.

Мөн уг асуудлыг шалгаж буй мөрдөн байцаагчидтай хамтран ажиллахаа тэр амласан байна. Гэхдээ огцрох шийдвэрийг хүчин төгөлдөр болгохын тулд эхлээд парламент буюу Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Хүрэлсүхийг ямар хэрэгт буруутгаж байна вэ?

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч Хүрэлсүхийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор 25 сая ам.доллар (ойролцоогоор 23 сая евро) авсан хэмээн буруутгажээ. Энэхүү төмөр зам нь Тавантолгойн нүүрсний уурхайг БНХАУ-ын хил дээрх Гашуунсухайт боомттой холбодог. Гашуунсухайт нь Монголын нүүрсийг Хятад руу экспортлоход чухал үүрэгтэй боомт юм.

Нямбаатар Ерөнхийлөгчийн намын гишүүн боловч нам доторх өөр фракцад харьяалагддаг аж. Сөрөг хүчний Ардчилсан нам дээрх мэдэгдлийг дэмжиж, Хүрэлсүхийг албан тушаалаасаа огцрохыг шаардсан байна. Түүнийг төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтгүйгээр авсан Бодь Интернэшнл ХХК-иас хахууль авсан гэж буруутгаж байгаа юм. Харин Бодь Интернэшнл даваа гарагт уг гэрээг авахын тулд ямар нэгэн хахууль өгөөгүй гэж мэдэгджээ.

Хүрэлсүхийн нам доторх зөрчил, тэмцэл

Монгол Ардын Намын гишүүн Хүрэлсүх 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Гэвч сүүлийн жилүүдэд нам доторх эрх мэдлийн төлөөх зөрчил тэмцэл улс төрийн тогтворгүй байдал үүсгэж, есөн сарын хугацаанд гурван Ерөнхий сайд солигджээ. Хүрэлсүх энэ оны аравдугаар сарын 19-22-ны өдрүүдэд ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн юм.

АНУ-ын Associated Press: Монголын Ерөнхийлөгч авлигын хэрэгт буруутгагдсаны дараа огцрохоо мэдэгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долоон жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Засгийн газрын төмөр замын төслөөс санхүүгийн ашиг хүртсэн хэмээн эрх баригч Монгол Ардын Намын нэгэн улстөрч буруутгасны дараа мягмар гарагт огцрохоо мэдэгдэв.

Нийслэл Улаанбаатарын даргаар ажиллаж байсан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт Хүрэлсүхийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлтэй холбоотойгоор 25 сая ам.доллар авсан хэмээн буруутгасны дараа тэр мэдэгдэл гаргасан юм. Нямбаатар Ерөнхийлөгчтэй нэг намын гишүүн боловч нам доторх өөр фракцад харьяалагддаг юм.

Үүний дараа сөрөг хүчний Ардчилсан нам Хүрэлсүхийг огцрохыг шаардсан байна. Хүрэлсүх мягмар гарагт мэдэгдэл хийхдээ дээрх мэдээллийг няцааж, сар гаруйн хугацаанд нэр хүндэд нь тасралтгүй халдаж байгааг мэдэгджээ. Гэсэн ч тэрбээр огцрох шийдвэр гаргаснаа зарласан байна. Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ “Би ард түмэн, төрөөсөө хэзээ ч хулгай хийж байгаагүй. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, энгийн иргэн болно” гэж хэлжээ. Мөн тэр мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Нямбаатарын мэдэгдэлд нэр дурдагдсан Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр нар мөн мягмар гарагт огцрохоо мэдэгджээ.

Мэдэгдэлд дурдсанаар, Хүрэлсүх 2019 онд тус Монгол Улсын томоохон группуудын нэг болох “Бодь Интернэшнл” ХХК-д төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг өрсөлдөөнт сонгон шалгаруулалтгүйгээр олгох нөхцөлийг бүрдүүлж, улмаар тус компаниас хахууль авсан аж.

Харин “Бодь Интернэшнл” даваа гарагт гаргасан мэдэгдэл хийхдээ төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албан хаагчдад мөнгөн хахууль өгөөгүй гэжээ. Тус компани энэ мэдэгдлийг нэр төрд халдсан гүтгэлэг гэж үзэж байгаа бөгөөд хууль бус үйлдэл гаргаагүй гэдгээ онцолсон байна.

Нэгэн шинжээч Ерөнхийлөгч Хүрэлсүхийн огцрох шийдвэрийг улс төрийн нүүдэл хэмээн дүгнэжээ. Түүний үзэж буйгаар, Хүрэлсүх огцрох замаар цаашид өөр албан тушаалд өрсөлдөх боломжийг эрэлхийлж байж магадгүй аж.

Монгол Улсын Их Сургуулийн багш Г.Мөнх-Эрдэнэ “Олон нийтийн өмнө тэр шударга, үнэнч, сайн улстөрч мэт харагдаж байна” гэж хэлжээ.

Мөнх-Эрдэнийн тайлбарласнаар, Хүрэлсүх 2021 оны нэгдүгээр сард Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж бүрдүүлсэн байна. Үүнээс зургаан сарын дараа тэрбээр сонгуульд ялалт байгуулж, Монгол Ардын Нам ч мөн тэр үед парламентад олонх болсон юм.

Гэвч сүүлийн жилүүдэд тус нам дотоод зөрчил тэмцэлд автаж, есөн сарын хугацаанд Монгол Улс гурван Ерөнхий сайдтай болоод байна.

Хүрэлсүхийн огцрох шийдвэрийг парламент буюу Улсын Их Хурал хүлээн зөвшөөрснөөр хүчин төгөлдөр болно. УИХ энэ долоо хоногийн сүүлээр хуралдаж, түүний огцрох хүсэлтийг хэлэлцэн санал хураах төлөвтэй байна. Хэрэв огцрохыг нь зөвшөөрвөл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ.

Гэсэн хэдий ч Монголд улс төрийн дуулиан шуугиан ойрын хугацаанд намжихгүй бололтой. Ерөнхийлөгчийг буруутгасан Нямбаатар одоо гадаадад, Канад улсад амьдарч байгаа гэх мэдээлэл бий. Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан сэжиг бүхий хүмүүс өөрийг нь дагаж мөрдөж байгаа тухай мэдэгджээ.

Түүнчлэн Хүрэлсүхэд хандан гадаад улсын нутаг дэвсгэрт нууц ажиллагаа явуулахыг оролдохгүй байхыг анхааруулсан байна. Мөн “төрийн нууц гэх халхавчийн дор нуун дарагдуулсан төсөөлөхийн аргагүй хэмжээний хулгай, авлигын бусад хэргүүдийг” удахгүй хийх шууд дамжуулалтуудаараа илчилнэ гэж мэдэгдсэн юм.

Их Британийн Financial Times: Төмөр замтай холбоотой авлигын хэрэгт буруутгагдсан Монголын Ерөнхийлөгч огцрох болжээ

Төмөр замын төсөлтэй холбоотой авлигын хэрэгт буруутгагдсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч огцрохоо мэдэгдлээ. Үүнтэй зэрэгцэн эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж буй нь байгалийн баялаг ихтэй тус улсын улс төрийн тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж байна.

Орон нутгийн хэвлэлүүдийн шууд дамжуулалтаар У.Хүрэлсүх мэдэгдэл хийхдээ Ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, аливаа мөрдөн шалгах ажиллагаанд хамтран ажиллахаа илэрхийлжээ.

Тэрбээр “Сүүлийн нэг гаруй сарын турш Монгол Улсын Ерөнхийлөгчийг гүтгэн доромжилсон үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийлөгчийн нэр хүндэд халдана гэдэг бол ард түмний нэр хүндэд халдаж буй хэрэг юм” гэж хэлж, өөрийг нь хууль бус үйлдэл хийсэн гэх буруутгалыг няцаасан байна.

Мөн тэр “Сөрөг хүчний Ардчилсан нам үнэнийг тогтоохын тулд намайг албан тушаалаасаа огцрох ёстой гэж мэдэгдсэн. Би үүнтэй санал нэг байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгнө. Намайг шалгаж, эцэст нь нэр төрийг минь сэргээнэ гэдэгт итгэж байна” гэж нэмж хэлжээ.

58 настай Хүрэлсүх 2021 оноос хойш Монгол Ардын Намыг төлөөлөн Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа юм. Тэрбээр Харвардын их сургууль төгссөн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэтэй хамтран эдийн засгийн шинэчлэл хийх, авлигатай тэмцэх замаар Монгол Улсад урт хугацааны тогтвортой байдлыг бүрдүүлж, асар их ашигт малтмалын нөөцөд нь гадаадын хөрөнгө оруулалт татах найдвар төрүүлж байв.

Гэвч 3.5 сая хүн амтай Монгол улс төрийн дуулианд удаа дараа өртөөд байна. Тухайлбал, Ерөнхий сайд асан Оюун-Эрдэнийн хүү тансаг хэрэглээтэй амьдардаг тухай мэдээлэл гарсны дараа тэрбээр 2025 оны зургаадугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Сүүлийн 17 сарын хугацаанд Монгол Улс гурван Ерөнхий сайд солиод байна.

Тэгвэл БНХАУ руу нүүрс экспортлох хэмжээг нэмэгдүүлэх зорилготой төмөр замын төслийн тендертэй холбоотой авлигын асуудлын улмаас сүүлийн хэдэн долоо хоногт Засгийн газарт ирэх улс төрийн дарамт нэмэгджээ. Энэ асуудлыг Ерөнхийлөгчийн өөрийнх нь намтай холбоотой бүлгүүд болон сөрөг хүчний төлөөлөгчид хөндөж байсан юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан, Монгол Ардын Намын гишүүн, Улаанбаатар хотын дарга асан Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг “Бодь Интернэшнл” нэртэй Монголын томоохон групп төмөр замын гэрээ олгохын тулд 25 сая ам.долларын хахууль авсан гэж буруутгасны дараа улс төрийн дарамт улам нэмэгджээ. Харин “Бодь” групп уг буруутгалыг няцаасан байна.

Ерөнхий сайд асан, одоо сөрөг хүчний тэргүүлэх улстөрчдийн нэг Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн шийдвэрийг сайшаажээ. Гэхдээ  тэрбээр энэ явдал нь “Улс орны хөгжлийг олон жилийн турш хойш татсан Засгийн газрын авлигыг үндсээр нь таслан зогсоох үйл явцын эхлэл байх ёстой” гэж нэмж хэлсэн юм.

Монгол Улсын парламент буюу Улсын Их Хурал пүрэв гарагт Ерөнхийлөгчийн огцрох асуудлаар санал хураах төлөвтэй байна. Хэрэв Хүрэлсүхийн огцрох шийдвэрийг баталгаажуулбал шинэ Ерөнхийлөгчийн сонгууль явуулах хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэнэ. Шинэ сонгуулийг Ерөнхийлөгчийн огцорсон өдрөөс хойш дөрвөн сарын дотор зохион байгуулах юм.

Сөүл хотын Эвэй эмэгтэйчүүдийн Их Сургуулийн олон улсын судлалын профессор Лейф-Эрик Исли Монгол Улс байгалийн баялгаа тогтвортой ашиглах, дотоодын үйлдвэрлэлээ шинэчлэхээс гадна авторитар дэглэмтэй хөрш орнуудын эдийн засгаас хэт хамааралтай байдлаа бууруулахын тулд гадаадын шууд хөрөнгө оруулалт татах шаардлагатай гэж үзэж байна.

Тэр “Авлигын дуулиан үргэлж гарах нь Засгийн газрын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээдэг” гэж хэлжээ. Исли нэмж хэлэхдээ “Авлигаар асуудлаа шийдэхээс татгалздаг хөрөнгө оруулагчид Хятад, Оросын талын авлига өгдөг оролцогчидтой харьцуулахад өрсөлдөх боломжгүй нөхцөлд хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг” гэсэн юм.

Эх сурвалж: Associated Press, Reuters, Financial Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button