УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн нэр холбогдсон $25 саяыг шалгах түр хороог би ахалсан ч болно. 14 хоногт л ил болгоно

Хотын дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт ээлжит шууд дамжуулалтаараа их хэмжээний авлигын талаар шүгэл үлээв. Түүний мэдэгдэлд, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, МАН-ын ЕНБД Я.Содбаатар зэрэг МАН-ын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд багтлаа. Тэднийг 10-25 сая долларын авлигал авсан, сонгууль санхүүжүүлсэн гэх ноцтой үйл баримтын талаар ярьсан юм.

Үүнтэй холбоотойгоор АН-ын бүлгийн зүгээс Төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд огцорч, ажлаа өгч, шалгуулах ёстой. АН-ын 42 гишүүн бүгд гарын үсэг зурж, хянан шалгах түр хороог байгуулж бүх оффтейк гэрээг нээлттэй, ил тод болгоно гэв. Тус агуулгаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуягтай ярилцлаа.

-Чононд хонь хадгалуулна гэдэг шиг баялгийн мөнгийг хээл хахууль болгоод тал тал тийш нь тараагаад, хэдхэн хүн байгалийн баялгийн эзэн болж баяжиж, нэмээд хэдэн улс төрч баяжиж, улс орон маань ядуураад дуусдаг. Ийм байж болохгүй-

-Хотын дарга асан Х.Нямбаатар бямба гараг бүр шууд дамжуулалт хийж, өөрийн намын нөхдийн нэр холбогдсон авлигын томоохон хэргүүдийн талаар ярьж байна. Өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн талаар ярьсан. Сүүлд түүнийг 25 сая ам.долларын авлига авсан гэж мэдэгдлээ. Төрийн тэргүүний нэр ийм хэмжээний авилгын асуудалд холбогдон яригдаж байгаа энэ үед Ардчилсан нам ямар байр суурьтай ажиллах вэ?

-Манай намын бүлэг энэ асуудал дээр шийдвэртэй ажиллахаар бүлгийн хурал дээрээ ярьсан. Х.Нямбаатарын яриад байгаа агуулга зүгээр ч нэг нам доторх зөрчилдөөнийг харуулахгүй байна. Манай төр засаг ялзарсны яруу тод жишээг харууллаа. Х.Нямбаатар хэдийгээр баримт материал үзүүлээд ярьж байгаа ч гэсэн түүнийгээ нотлох ёстой.

Харин бид энэ асуудлыг гээлгүй УИХ дээр тусгай хяналтын дэд хороогоо байгуулаад, 42 гишүүн маань гарын үсэг зураад, жаахан дайчин ажиллая. Манай иргэд мэдэх эрхтэй шүү дээ. Энэ олон оффтейк гэрээ яг хэзээ, ямар хэлбэрээр, хэний шийдвэрээр гарсан юм, яг яаж хэрэгжсэн юм бэ гэдгийг УИХ дээр албан ёсоор тодруулах ёстой. Яригдаад байгаа 110 сая доллар үнэхээр хээл хахууль байсан юм уу, хэн хэн авсан юм бэ. Ерөнхийлөгч 25 сая доллар, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга нь 22 сая доллар авсан гэж маш тодорхой юм ярьж байна шүү дээ. Тэгэхээр үүнийг УИХ дээр авчирч, нотлох баримтуудыг нь дахин гаргаж тавиад, ард иргэдийн мэдэх эрхийг хангая.

-Танай намын бүлгийн даргын албан бланк дээр гарын үсэг цуглуулж, түр хороо байгуулж, сонсгол хийх агуулга яригдаж байна.

-Монголын төрийн өнөөгийн байдалд би их харамсаж, бас эгдүүцэж байна. Бид төртэй, засагтай, Ерөнхийлөгчтэй төр улс гэж бардаж, олон юм бодсон. Гэтэл тэр бодол шалан дээр унаж байгаад харамсаж байна.

Харамсахын зэрэгцээ энэ бүх бичиг цаасыг авчирч, УИХ дээр хяналтын түр хороогоо хурдан байгуулаад ажиллах ёстой. Манайхан дандаа юмыг завхруулдаг. Арван хоёрдугаар сар гээд УИХ-ын чуулган завсарлана, нэг жилд хэдэн хяналтын хороо байгуулдаг юм гэх тоо ярьж солиорох байх. Авчиг ард иргэд маань хүсэж байгаа учраас бид энэ хяналтын хороог маш хурдан байгуулж, бичиг баримтуудыг бүгдийг нь гаргаад явах ёстой.

Би бүлэг дээрээ бас санал гаргасан. Энэ хяналтын түр хороог Ардчилсан намын хүн ахлах ёстой. Ардын намтай тэгж л ярь. Эс бөгөөс тэд олуулаа гар өргөөд өөрийнхөө хүнийг тавина. Тэр тавигдсан хүн нь сонсголыг сонсгол биш болгож хувиргавал яах юм бэ. Өмнө нь бид хангалттай олон жишээ харсан, сонсгол хийсэн, гэмт хэрэг ярьсан. Тэгээд шийдэгдсэн үү, үгүй. Тиймээс манай намын дарга эсвэл бүлгийн дарга ахлаад явах нь зүйтэй. Тэд ахалж чадахгүй гэвэл би ахлаад явахад ч болохгүй юм байхгүй.

Жаахан шударга байя. Монголын нийгэм биш болчхоод байна шүү дээ. Ард иргэд маань юунд итгэж амьдрах вэ. Чононд хонь хадгалуулна гэдэг шиг баялгийн мөнгийг хээл хахууль болгоод тал тал тийш нь тараагаад, хэдхэн хүн байгалийн баялгийн эзэн болж баяжиж, нэмээд хэдэн улс төрч баяжиж, улс орон маань ядуураад дуусдаг. Ийм байж болохгүй.

Нэг юм дурдъя. Нүүрсний сонсголын түр хороог зохион байгуулахад би оръё гэж санал өгсөн. Хулгайч гэдэг үг хэлэхэд хэцүү юм. Гэхдээ хэлчихье. УИХ дахь хэдэн хулгайч намайг нүүрсний сонсголын ажлын хэсэгт оруулахгүй хасаад хаячихсан. Олонхын саналаар Н.Алтанхуягийг оруулахгүй гэж санал хураасан. Би тэрний баримтыг дараа нь гаргана. Юмаа нуухын тулд дандаа ийм ёсгүй хулгай зэлгий хийдэг нь хэрээсээ хэтэрсний тод жишээ энэ.

Би олон жил хэлж, олон жил ярьж байна, олон жил бас хэлмэгдэж байна. Монголд шударга ёс яавал тогтох вэ, ард иргэдийг хэлмэгдүүлж, улс орныг маань ангал руу аваачаад байгаа энэ хонгилыг яаж устгах вэ гэдгийг байнга ярьж ирсэн. Би хэний ч гар хөл болж ажилладаггүй. Өөрийнхөө бодлыг байнга шулуухан хэлчихдэг. Шулуухан хэлсэн хүн хэлмэгддэг гэдгийг бүгд харж байгаа. Гэхдээ би бууж өгдөггүй.

-Ийм ноцтой авлигын хэргийг ярьж байгаа хүнийг чинь хүрээд ир, сайхан ярья гээд л шоронд хийдэг юм байгаа биз дээ. Тийм учраас тэр хүмүүс аюулгүй байдлаа бодоод тэнд байж байгаа байлгүй-

-25 сая ам.доллар гэдэг бол маш их мөнгө шүү дээ. Энгийн иргэний ой тоонд бараг багтахгүй…

-Аймаар мөнгө шүү дээ. 100-гаад тэрбум төгрөг шүү дээ. Үнэхээр ухаан санаанд багтамгүй том тоо. Айхтар. Ер нь аймшигтай юм.

Одоо ер эрх мэдэлтнүүдийн гар хөл болсон хууль хяналтын байгууллагынханд итгэх аргагүй болсон. Ард түмэн харж байгаа шүү дээ. Угсрагдсан хонгилыг. Тэнд буй албан тушаалтнуудыг МАН-ын томчууд томилсон. Ер томилсон эзнийхээ эсрэг үйлдэл хийх хүн байхгүй шүү дээ.

Иймд босон суусан, морин дэл дээгүүр ярих биш, тусгай хяналтын хороогоо байгуулаад, Ардын нам, Ардчилсан нам гэлгүйгээр шударга л байя л даа. Иргэдэд шударга ёс байдгийг, үнэн мөнийг харуулъя.

-"Бодь"-ийн 110 сая долларын авлигын хэргийг анх ярьсан хүн бол А.Амундра. Гэрчийн хамгаалалттайгаар бүх баримт дэлгэе гэж хэлээд жил орчмын хугацаа өнгөрөөд байна. Х.Нямбаатарын мэдээлэлд түүнийг тусалсан гэж харсан. Х.Нямбаатар, А.Амундра нарыг гаднаас биш, ирээд мэдээллээ өг, шалгуул гэх байр суурь илэрхийлэх нь ч байна. Нөгөө талд хилээр орж ирвэл шууд цагдан хоригдох вий гэсэн айдас тэдэнд бий байх. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Ийм ноцтой авилгын хэргийг ярьж байгаа хүнийг чинь хүрээд ир, сайхан ярья гээд л шоронд хийдэг юм байгаа биз дээ. Дуугаргахгүйн тулд арга хэмжээ авах гээд байна шүү дээ. Тийм учраас тэр хүмүүс аюулгүй байдлаа бодоод тэнд байж байгаа байлгүй. Өмнө нь ч янз бүрийн юм хийчихсэн хүмүүс гараад л явчихсан.

Ерөөс одоо баримт дээр тулгуурлаж л ажилламаар байна. Хэний шийдвэр хэзээ гарсан, яасан, ийсэн. Тэр мөнгө төгрөг нь хаачсан юм. Мөнгө чинь заавал мөртэй. Аргаа барахад нэг цүнхэнд ороод машинд нь орчихсон байгаа биз дээ. Тийм учраас ядраад байх юм биш л дээ. Монголд хууль хяналтын байгууллага нь үнэхээр байдаг, байгаа нь шударга ажилладаг бол монголчууд нийлж суугаад 14 хоногийн дотор бүх юм цэгцтэй болчихно шүү дээ.

Дээр нь Ерөнхийлөгч дээр 25 сая доллар яригдаж байгаа нь их харамсалтай. Тиймээс манай Ерөнхийлөгч энэ асуудалд хариу тайлбар өгөх л хэрэгтэй. Тэр хүн нэг үйлдэл хийх байлгүй дээ.

-Б.Хурцын Ардчилсан намын гишүүн гэж юу байх вэ. Би энэ хүнтэй нэг намд байна гэж боддоггүй-

-Та Ерөнхийлөгчийн сонгуульд нам дотроо өрсөлдөхөө зарлаж байсан. Итгэл алдарч байна гэж ярьсныг тань санаж байна. Таны хэрэг ингээд удааширч, бүтэн гурав, дөрвөн жил өнгөрөхөд тантай хамт 30, 40 хүн шүүхэд байнга дуудагдаж, мэдүүлэг өгч, ажил төрөлгүй явж байна. Таны мэдэж, харж байгаагаар цаад нөлөөлөл нь хаанаас байна вэ?

-Н.Алтанхуягийг ерөөсөө Ерөнхийлөгчид гаргаж болохгүй, ямар нэгэн аргаар наадахыг чинь тэндээс гаргах ёстой гэж 2021 онд ч ярьж байлаа. Одоо ч ялгаагүй.

Монголд өнөөдөр энэ хулгайч нар юу хүсэж байна вэ гэхээр өөрөөс нь хамааралтай хүнийг л гаргая, ядаж намынхаа хүнийг гаргая гэдэг. Намынх нь хүн биш бол нөгөө намаас өөрийнх нь гар дор ажиллаж, үгийг нь сонсож чадах хүнийг гаргая гэдэг. Нууц биш шүү дээ.

Иймд намайг хууль хяналтын хонгилоор чирсэн. Гэхдээ би цуцаагүй. Хэрэг хийгээгүй гэдгээ харуулчихсан. Шүүхээр гурван удаа цагаатчихсан. Одоо надад шүүхийн асуудал байхгүй.

-Анхан шатны шүүхийн шийдвэр хэрхэх бол?

-Одоо анхан шат нь хуралдана, дараа нь давж заалдах шат нь, тэгээд Дээд шүүх нь хуралдана. Ийм богинохон хугацаанд гурван шатны шүүх хурал болох байлгүй.

Энэ Н.Алтанхуягийн хэрэг биш болчихсон шүү дээ. Өндөр Б.Энхбаярын санаачилсан хуулиар шүүх яллах эсвэл цагаатгах гэсэн хоёрхон хувилбартай болсон. Гэтэл хүчингүй болгосон хувилбар буюу хэргийг буцаах гэдгийг одоо хэрэглээд байгаа юм. Буцааж болохгүй гэсэн хуулийг зөрчиж буцаагаад байна шүү дээ. Энэ асуудлаар манай хуульчид нэлээд хэлэлцүүлэг хийнэ. УИХ дээр ч сонсгол болох ёстой.

Нэмээд хэлчихье. Бид хууль дүрмээ мөрдөж амьдрах ёстой улс. Гэтэл сүүлийн үед хууль дүрэм мөрдөж байгаа юм байхгүй. Том даргаасаа эхлээд мөрдөхгүй болохоор улс орон даяараа мөрдөхгүй. Шүүх ч, прокурор ч, Авлигатай тэмцэх газар ч мөрдөхгүй. Тэгээд тэд юу хийгээд байгаа юм бэ. Хэн чиглэл өгч байна, тэрийг нь л хийж байна.

Сая ард түмэн бас нэг юм горьдлоо шүү дээ. Хэдэн сая долларын хэрэг гарлаа, Авлигатай тэмцэх газар нэг гайгүй юм хэлэх байх гэтэл "горьдов оо" л гэж байгаа биз дээ. Ийм л байна.

-Ардчилсан намын онц их хурал хийж, Б.Хурцыг Их эвсэл хөдөлгөөний зохицуулагчаар томилсон гэв. Гэнэт онц их хурал гэх хуралдааныг зохион байгуулсаны цаад учир юу вэ?

-Б.Хурцын Ардчилсан намын гишүүн гэж юу байх вэ. Би энэ хүнтэй нэг намд байна гэж боддоггүй. Энэ цаг үед Ардчилсан нам нийлж нягтраад, МАН-ын дээр гармагц өнөө хүний нөлөөллөөр хурал зохион байгуулагдаж, Б.Хурц нэг зохицуулагч болж байгаа юм. Ичгүүр сонжуургүй юм л болсон. Тэр дотор нэг ч УИХ-ын гишүүн байхгүй. Хууль бус л хурал болсон. Манай намд онц их хурал гэх ойлголт ч байхгүй.

Ардчилсан намыг хагарсан мэт харагдуулах ээлжит зохиолыг Б.Хурц хийхээр өрөг дээр гарч ирж байгаа хэрэг. Б.Хурц мэтийн нөхдийн Ардчилсан нам гэж юу байх вэ.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button