НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Зүү, утсаар урласан Ц.Цацралын ертөнц

Зүү, утас хоёрын үзүүрт өнгө өнгийн утас ээлжлэн холбогдож, нэхээс бүрээр нэгэн бүтээл амилна. Гаднаас нь харахад өхөөрдөм жижигхэн тоглоом боловч цаана нь хэдэн цагийн хөдөлмөр, анхаарал, тэвчээр, бас сэтгэл шингэсэн байдаг. Нэг ширхэг тоглоомыг урлахад заримдаа бүтэн өдөр, цаашлаад хэд хоног ч зарцуулна. Алдаа гаргавал эхнээс нь хөвж, дахин нэхэхээс өөр аргагүй.

Ковидын үеэр гэртээ охиндоо малгай нэхэж өгөх хүсэлтэй байсан нь түүнийг өнөөдрийн ажилтай нь холбожээ. Нүүр амны их эмч мэргэжилтэй, хоёр охины ээж Ц.Цацрал 2020 оноос хойш нэхмэл урлалаар тууштай хичээллэж, өдгөө малгай, ороолт, тоглоомыг захиалгаар урлаж байна. Түүний хувьд энэ бол зүгээр нэг орлого олох ажил биш. Харин өөрийн гараар бүтээсэн зүйлээ бусдын баяр хөөртэй холбодог дуртай ертөнц нь юм.

-Охиндоо өөрийн гараар малгай нэхэх гэсэн хүсэл нь урлал болжээ-

Ц.Цацрал багадаа ээж, эмээгээсээ нэхмэлийн анхны суурийг сурч байжээ. Гэхдээ олон жилийн дараа зүү, утсаа дахин барьсан нь охиндоо малгай нэхэж өгөх гэсэн энгийн хүсэл байв.

Тэрбээр “2020 онд ковидын үеэр дөнгөж төрсөн шинэхэн ээж болсон байлаа. Фэйсбүүк ухаж байгаад охиндоо нэг малгай нэхээд өгье гэж бодсон аж. Багадаа ээжээрээ заалгаж байсан болохоор оролдоод үзсэн ч нэг л болж өгөхгүй байж. Тэгээд сургалтад сууж, тоглоом нэхэж үзсэн чинь арай амжилттай болсон” хэмээн дурсав.

Эхний жилд ээж, хамаатан садан нь захиалга өгч, урам зориг нэмдэг байжээ. Харин ур чадвар нь ахихын хэрээр танихгүй хүмүүсээс ч захиалга ирж эхэлсэн байна. Ялангуяа 2022 оны өвөл, шинэ жилийн баярын үеэр захиалга эрс нэмэгджээ. Тэр үед зарим шөнө үүрийн дөрөв, таван цаг хүртэл сууж нэхдэг байсан гэнэ.

“Захиалгаа дуусгаж байж л санаа амардаг. Нөхөр маань сүүлдээ "Боль, боль ядарлаа, амар" гэж дурнүйцдэг байсан. Гэхдээ дуусгаагүй байхад унтаж чаддаггүй юм” гэж инээмсэглэн ярив.

-Нэг нэхээс буруу нэхэх бүрдээ бүхнийг эхнээс нэхдэг-

Нэхмэл урлалын хамгийн онцлог нь нэг бүрчлэн тоолж, нэхээс бүрийг зөв гаргах шаардлагатайд оршино. Нэг ширхэг тоглоомыг урлахад дунджаар тав, зургаан цаг, зарим бүтээлд үүнээс ч олон цаг зарцуулдаг. Жижигхэн түлхүүрийн оосор хүртэл нэгээс хоёр цагийн хөдөлмөр шаарддаг байна.

Ц.Цацралын хэлснээр нэг нэхээс алдахад л бүтэн хэсгийг хөвж, дахин эхлэх хэрэг гарна. Тиймээс хийсэн бүтээл бүрдээ сэтгэлээ шингээхээс гадна өөртөө өндөр шаардлага тавьдаг.

“Нэг л жаахан далий болчихвол болохгүй байна гэж бодоод дахин хийнэ. Би сэтгэлд хүрэхгүй бол дахиад л суудаг. Дуусгачихаад өөрийнхөө хийсэн зүйлийг харах сайхан. Хүмүүс "Ямар гоё юм бэ" гэж урам өгөхөд бүр ч их баярладаг” хэмээн ярилаа.

Хоёр охиндоо зориулж урласан чихмэлээ ч одоог хүртэл гаргаж өгөлгүй хадгалж байгаа гэнэ. Том болохоор нь өгнө хэмээн боддог аж.

-Гар урлалын үнэ цэнийг хүмүүс ойлгож эхэлж байна-

Анх хүмүүс нэхмэл тоглоомыг дэлгүүрийн бэлэн бүтээгдэхүүнтэй харьцуулж, үнийг нь өндөр гэж үзэх нь цөөнгүй байжээ. Харин сүүлийн жилүүдэд гараар урласан бүтээлийн үнэ цэнийг ойлгож, хөдөлмөрийг нь үнэлдэг хүмүүс нэмэгдсэн байна.

Гэхдээ захиалгын үнэ тогтоох амаргүй. Утасны зардал дээр хөдөлмөрийн хөлсөө нэмэхдээ ч тэр бүр өндөр үнэ хэлж чаддаггүйгээ Ц.Цацрал нуусангүй. Эдийн засгийн нөхцөл байдал, хүмүүсийн худалдан авах чадвар, нэхмэл урлал эрхлэгчдийн тоо нэмэгдсэн нь зах зээлд өрсөлдөөн бий болгожээ.

Түүний хамгийн дурсамжтай захиалгуудын нэг нь нэхмэл наймаалж байжээ. Дутуу төрсөн нярай хүүхдэд зориулсан нэхмэл наймаалжны талаар судалгаа байдгийг мэдээд эмнэлгүүдэд зориулан захиалгаар хийж байсан гэнэ. Наймаалжны зөөлөн тэмтрүүл нь хүйн судсыг санагдуулам хэлбэртэй тул нярай хүүхдэд бариулдаг тухай тэр ярив. Хүүхдүүдтэйгээ хамт зургаа авч явуулсан ээжүүдийн талархлын үгс түүнд хамгийн сайхан урам болдог байжээ.

Ц.Цацралын хувьд нэхмэл урлал бол гэр бүлийнхээ хажуугаар эрхэлдэг ажил. Том охин нь нэгдүгээр ангид сурдаг бол бага охин нь нэг настай. Өдөр нь хүүхдүүдийнхээ хичээл, хоол унд, асаргаанд анхаарч, орой хоёр охиноо унтуулсны дараа л өөртөө цаг гаргана.

Түүний нэхмэл урлал гэр бүлийнхэнд нь ч сонирхолтой болжээ. Том охин нь зүү барьж, нэхэх гэж оролддог болсон бол тавдугаар ангид сурдаг дүү нь ч түүнээс суралцаж эхэлсэн байна. Бүр эгчээсээ илүү ур чадвартай болж, схем харалгүйгээр өөрөө зохиож нэхдэг болсныг нь хараад Ц.Цацрал ихэд гайхжээ.

Ээжээсээ, эмээгээсээ өвлөж авсан ур чадвар ийнхүү дараагийн үедээ дамжиж буй нь түүний хувьд бас нэгэн сайхан дурсамж юм.

Нэг ширхэг тоглоомын цаана хэдэн цагийн хөдөлмөр байгааг тэр мэддэг учраас захиалагчдадаа ч цаг хугацааг нь ойлгоосой гэж хүсдэг. Оройн арван цагт маргааш өглөө хэрэгтэй тоглоом захиалах боломжгүй. Учир нь гараар нэхсэн бүтээлийг яаран хийх боломжгүй.

Утасны үзүүрээс эхэлсэн жижигхэн бүтээл нэг л мэдэхэд хүүхдийн хамгийн хайртай тоглоом, дурсамж болон үлддэг. Харин Ц.Цацралын хувьд нэхсэн зүйл бүр нь өөрийнх нь цаг хугацаа, тэвчээр, хайрын нэг хэсэг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button