Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш болохоор товлогджээ

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг "Шувуу" ажиллагааны хүрээнд эрэн сурвалжилж байв. Харин өөрөө Монголд ирж, ирсэн дор нь АТГ-аас саатуулж, шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, түүнийг |2024.10.24|-нд 48 цагийн хугацаатай саатуулж, хугацаа нь дуусахад суллаж байв.
Түүнд холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байдаг. Улмаар тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн аравдугаар сарын 27-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон ч шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр тодорхойгүй хугацаагаар хойшилсон юм.
Тэгвэл Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Баяртсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш буюу арваннэгдүгээр сарын 17-ны өдөр болохоор товлогдсон байна.
Б.Гэгээ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.