Танилц | Ирэх онд тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг үе шаттай нэмэгдүүлнэ

Ирэх 2027 онд ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг үе шаттай өсгөхөөр болсон. Тодруулбал, 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт 562 мянган хүний тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс шинээр олгож эхэлсэн 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэврийг 430 мянган ахмад үргэлжлүүлэн авахаар болжээ.
Түүнчлэн 2027 оны хоёрдугаар улирлаас төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалингийн сүлжээг 10 хувиар нэмэгдүүлэхээр төсөвт тусгажээ. Үүнд эмч, багш, хөдөө аж ахуй, цаг уур зэрэг салбарын ажилтнууд хамрагдах юм.
Харин төрийн захиргааны болон төрийн тусгай албан хаагчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Нийт 211 мянга гаруй төрийн албан хаагч цалингийн нэмэгдэлд хамрагдана. Мөн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Тухайлбал, хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан иргэд болон холбогдох бусад зорилтот бүлгийн иргэдийн халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөгт хүргэхээр тусгасан байна.
Асаргааны тэтгэмжийг 370 мянган төгрөг, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч буй иргэний тэтгэмжийг 524 мянган төгрөг болгохоор төлөвлөжээ. Эдгээр арга хэмжээ нь 2027 оны улсын төсвийн хүрээнд хэрэгжих юм. УИХ 2027 оны улсын төсвийг арваннэгдүгээр сарын 13-нд эцэслэн баталсан бөгөөд төсвийн орлогыг 39.2 их наяд, зарлагыг 41.5 их наяд төгрөг байхаар баталжээ.
Б.Гэгээ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.