ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн уул уурхай

"Эрдэнэт үйлдвэр", "Эрдэнэс Тавантолгой" зэрэг ТӨК-иуд төрд ноолуулсаар, эцэст нь эргэж босохооргүй элгээрээ хэвтэх вий

Монголбанк болон Засгийн газар мөнгөний бодлогын чиглэл дээр байр сууриа нэгтгэж, Төрийн өмчит компаниудын мөнгөн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлэх талаар хэлэлцэн тохирчээ.

2027 оны Төсвийн тухай хуулиараа ч уул уурхайн ТӨК-иудын ашиг орлогыг Баялгийн санд эхэлж хуваарилаад, үлдсэн ногдол ашгийг төсвийн орлогоор татахаар болсон. Түүнчлэн Төвбанкны зүгээс гаргасан саналыг гүйцэтгэх засаглал дэмжиж, арилжааны банк дахь төрийн өмчит компаниудын найман их наяд төгрөгийн үлдэгдлийг “төсвийн сахилга бат, нэгдсэн удирдлагаар хангах” нэрийдлээр Төрийн санд төвлөрүүлэхээр болж байна. 

Сангийн сайд З.Мэндсайханы хувьд тухайн саналыг дэмжиж байгаа агаад “Төсвийн бүрэлдэхүүн болохгүй, Монголбанк дээр Төрийн сангийн Засгийн газрын дансанд  байрших учраас эрсдэлгүй” гэдэг байр суурийг илэрхийлээд буй. Гэвч үүнийг төрийн урт гар хамаг л өөдтэй өнгөтэй рүү шунган ордог жишиг тогтсоны нэг илрэл гэж харж болно. Нэг ёсондоо төсвийн алдагдлыг төрийн өмчит компанийн ашиг орлогоор нөхөж, аргацаахын тулд арайхийн хөл дээрээ босож тэнцэх гэж тэмцэж буй газруудаа эрсдэлд оруулахад Засгийн газар, Монголбанк ч бэлэн байгаа бололтой. 

Эдийн засгийн шуурганд бамбай болгож, ачааны хүндээ үүрүүлдэг төрийн өмчит компаниудын арилжааны банк дахь мөнгөн хөрөнгийг Төрийн санд төвлөрүүлэхгүй бол инфляц өдөөгдөөд байна гэх нь хэр бодитой дүгнэлт юм бол доо. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Төрийн өмчит ч бай, хувийн ч бай,  компанийн мөнгийг шууд булааж аваад дахин хуваарилалт хийдэг байж болдог юм уу. Зарчмын хувьд бол болохгүй. Төрийн өмчит компаниудыг эхнээс нь IPO хийлгэнэ гээд байсан. Гэтэл ингэвэл IPO хийхэд ч, баталгаа талаас нь харахад ч болохгүй” гэсэн байр суурийг хэвлэлд илэрхийлээд байгаа. Мөн энэ тухайд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бол Төрийн санг санаачилж байгуулсан хүний хувьд бизнесийн ашгийн төлөөх аж ахуйн нэгж нь төрийн өмчийнх байлаа ч гэсэн ашиг орлогыг нь төсвийн мөнгөтэй хутгах нь зохимжгүй гэж хэлнэ. Ашиг орлого олох ёстой аж ахуйн нэгж учраас,зээлийн мөнгө ч тэнд байгаа учраас захиран зарцуулалтад нь хүндрэл үүснэ” хэмээн ярьсан байдаг. 

Тэгвэл эл шийдвэрийн тэргүүн эгнээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ТӨХК зэрэг улсын төсөвт их наядаар тооцогдох хэмжээний ашиг орлого төвлөрүүлдэг томоохон компаниуд бичигдэх нь гарцаагүй. Ямар нэг эгзэгтэй цаг үе болохоор л эндээс мөнгө санхүүжилт гаргуулж, эрх баригчид иргэдийн амьжиргааг харж үзсэн баатрууд болж ам таглаад өнгөрдөг. Сонгуулийн дохио хангинасан үед эрх мэдэлтнүүд нэг талдаа төрийн өмчит компанийн үр ашиг, олон улсын жишиг, хөгжил дэвшил гэж ярьдаг хэр нь нөгөө талдаа “үгээ булж”, ашиг шимийг нь хуу хамж сорох гэж зүтгэх нь эргээд ямар үр дагаварт хүргэх бол.  

Дор хаяж төр өмчилж буй бусад компанийг ч олон улсын жишгээр хувьцаат компани болгох олон жилийн хүсэл биелэшгүй мөрөөдөл болно биз дээ. Төрийн сан руу ашгийг нь татаж авчхаад “ингээд хөгж, ингээд өөрчлөгд” гэх нь учир зүйн алдаатай бодлого биш үү. “Эрдэнэс Тавантолгой” гэхэд л Монголын иргэн бүрийн ногдол ашиг хүртдэг, хувьцааг нь эзэмшдэг ганц компани. Гэтэл арилжааны банканд хүүтэй байршуулан, эргэлдүүлдэг ашигорлогыг нь Төрийн санд шууд татан төвлөрүүлээд, эргээд хэзээ хэдийг захиран зарцуулахаа төрөөс асуудаг болбол наанадаж тогтвортой үйл ажиллагааны баталгаагаа алдана гэсэн үг биш гэж үү. Аягүй бол эрх баригчид нь сөрөг хүчинтэйгээ сэм үгсээд, аваад хэрэглэчихсэн байвал яах вэ.  

Монголын төрийн энэ мэт будилаа өвгөн шиг бүтэл муутайхан санаачилга, бодлого, шийдвэрт “алтыг нь аваад авдрыг нь хаях” гэдэг хэлц яг л тохирохоор байна. ТӨХК-уудын хөгжих боломжид хэн саад тотгор болсоор ирсэн билээ. Дарга даамлын шахаа, дарга даамлын хийрхэл гэхэд хол зөрөхгүй ч биз. Компани гэдэг өөрийн хөрөнгөтэй байж өөдөлдөг болохоос өнгөө хуулуулж, өрцөө нэгжүүлчхээд цойлдоггүй л байх.

Өнөөдөр хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж болох ч 2.3 их наядын алдагдалтай төсөв баталчихсан, инфляц хойшид бүр ч өсөж, эдийн засаг элгээрээ хэвтэх хэцүүхэн үр дагавартай тулж мэдэхээр ийм үед “хойдохоо” эргэж харах нь буруудахгүй л болов уу. 

М.Жаргал

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button