Аймгуудын өрсөлдөх чадвараар Дархан-Уул аймаг тэргүүлж, Булган аймаг сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийн хөгжил, өрсөлдөх чадварыг харьцуулсан “Монгол Улс: Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2026”-г танилцууллаа.
Энэ жилийн судалгаагаар Дархан-Уул аймаг 100 оноо авч, улсын хэмжээнд нэгдүгээр байрт эрэмбэлэгдэв. Харин Дорноговь аймаг 96.2 оноогоор хоёрдугаарт, Орхон аймаг 92.3 оноогоор гуравдугаарт жагссан байна. Тэдний араас Өмнөговь 79.8, Дорнод 76.5 оноогоор эхний тавд багтжээ. Сонирхолтой нь, 2023 оны судалгаагаар гуравдугаарт бичигдэж байсан Дархан-Уул энэ жил тэргүүлсэн бол тухайн үед нэгдүгээр байрт эрэмбэлэгдэж байсан Орхон аймаг гуравдугаарт шилжсэн байна.
Мөн Баянхонгор аймаг 16-гаас 12 дугаар байр, Дундговь аймаг 21-ээс 17 дугаар байр болж хамгийн их ахиц гаргажээ. Харин Төв аймаг 12-оос 18, Хэнтий аймаг наймаас 13 дугаар байр руу ухарсан байна. Салбар үзүүлэлтээр авч үзвэл эдийн засгийн тамир тэнхээгээр Өмнөговь, засаглалын үр ашгаар Дорноговь, бизнесийн үр ашгаар Дархан-Уул, дэд бүтцийн үзүүлэлтээр Орхон аймаг тус тус тэргүүлжээ. Гэвч 21 аймгийн өрсөлдөх чадварын дундаж үнэлгээ 61.5 оноо болж, 2023 оныхоос 5.2 оноогоор буурсан нь анхаарал татаж байна.
Тодруулбал, энэ жилийн судалгаагаар ердөө таван аймгийн оноо өсөж, үлдсэн 16 аймгийнх буурчээ. Түүнчлэн аймгуудын бизнес эрхлэгчид бизнесийн орчин, төрийн засаглал, хөдөлмөр эрхлэлт, амьжиргааны асуудлыг нийтлэг тулгамдаж буй бэрхшээлээр нэрлэсэн байна.

Б.Гэгээ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.