Хоригдлын зовиурыг үл тоомсорлосны улмаас нас барсан хэрэгт эмчид ял оноов

Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байсан иргэн Д.Г-ийн биеийн байдлыг зохих ёсоор үнэлж, шаардлагатай эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас нас барсан хэрэгт эмч Л.Р-д ял оноожээ.
Тодруулбал, хоригдогч Д.Г нь аюулхай орчмоор өвдөх, дотор муухайрах, бөөлжих, ходоод базлах зэрэг зовиурыг удаа дараа хэлж байсан ч тус ангид эмчээр ажиллаж байсан Л.Р түүний биед үзлэгийг бүрэн хийгээгүй, шаардлагатай шинжилгээнд хамруулаагүй, хэвтүүлэн эмчлэх болон нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах арга хэмжээ аваагүй байна.
Үүний улмаас ходоодны архаг шарх нь цоорч, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл болон олон эрхтний дутагдал үүссэн бөгөөд Д.Г нь 2021 оны арваннэгдүгээр сарын 4-нд Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ. Шүүхээс эмч Л.Р-ийг эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохироосон гэм буруутайд тооцож, эмчлэх үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.
Шүүхийн шийдвэр 2026 оны тавдугаар сарын 7-нд гарсан бөгөөд 2026 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн байдлаар хүчин төгөлдөр болжээ.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.