НИЙГЭМНийгэм мэдээ

"Шаг"-ийн шатахууны хажуугаар тусгай зөвшөөрөл хэмээх “залилан”-г өөгшүүлэхээ больё

Улаанбаатарын өвлөөр харгуй зам дээр нь халтираад хальчих гээд хэцүү. Нийтийн тээвэрт суух гэвэл багтахгүй хаягдчих гээд хэцүү. Зүтгэж, зүтгэж өөрийн унаа тэрэгтэй болтол “залилан”-гийн золиос болчих гээд (болоод) хэцүү.

Ингэж бичихийн учир “шатахуун”-тай бас холбоотой. Чоно борооноор гэгчээр шатахуунгүй иргэд гудамжинд хонох шахуу байхад халаасыг нь “сэгсэрч” байсан “Юнайтэд Бест ойл”-ын тусгай зөршөөрлийг цуцлахаар болсон. Гэтэл тэр компани нь шатахууны нөөц барихаар Засгийн газраас 5-6 тэрбумаар нь авсан гэгдэж ч байх шиг. Энэ мэт “хар санаа” ганцхан нэгж дээр илэрсэн гэж үү? АИ-92 байхгүй гэсэн учир "Евро-92" авахаас өөр аргагүй өдрүүд үргэлжилж л байна.

“Цочир хямдрал” гэсэн ч хямдраагүйгээрээ цочирдуулдаг зарим дэлгүүрийн үнийн шошго шиг шатахууны “бууруулсан үнэ” нь хүртэл тохуутай. Гуравхан сарын дотор энгийн ард түмний бензин гэж өөрсдийнх нь нэр хоч өгөөд байгаа "АИ-92"-ын үнэ 740 төгрөгөөр нэмэгдсэнийг өчигдөр шөнөөс 150 төгрөгөөр бууруулах болсноо салбарын сайд нь ч, Ерөнхий сайд нь ч сайрхан ярьсаар.

Хамгийн гол нь олон жилийн турш яригдсаар буй “хуурамч шатахуун”-ы асуудлыг ч энэ дүйвээнд мартаж болохооргүй байна. Ер нь их урт настай, шийдэгддэггүй сэдэв энэ л дээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж гэхэд л хуурамч шатахууныг Мэргэжлийн хяналтын байгууллага шалгаж тогтоох боломжгүй, үйлдвэрлэх үйл явцад л “асуудал” байгаа гэж хэдэн жилийн өмнөх чуулганы хуралдааны үеэр ярьж л байв.

Мөн үйлдвэрийн бус аргаар нэрсэн зүйлийг “шатахуун” гэж нэрлэх боломжгүй гэдгийг ч УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн илэрхийлж байсан удаатай. Өдгөө ч “хуурамч шатахуун” гэх яриа чих дэлсдэг хэвээрээ. Үүний эсрэг дорвитой шийдэл ч олоогүй өдий хүрчээ. "ШТС-уудын шатахууны чанарын баталгааг иргэдэд ил тод харуулах хэрэгтэй" гэдэг өнцөг хүртээмж, үнийн дүйвээнд мартагдах учиргүй.

Хуурамч шатахуун хэрэглээд машин нь эвдэрвэл хариуцлагыг ШТС хүлээнэ гэдгийг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хэвлэлд ярьсан байх жишээтэй. Иргэд очсон ШТС болгондоо “миний машин”-ыг танай “шатахуун эвдчихлээ” гэж хэлж явах юм уу, асуудал нэг мөр шийдэгдээгүй учраас л хохирсон ч төдийлөн шуудхан хохирлоо нэхэмжилж чадахгүй л болов уу.

Өнөөдөр “хүн”-д эд хөрөнгөтэй байх эрх байна. Эд хөрөнгөө сүйтгүүлэхгүй байх эрх байна. Тусгай зөвшөөрөл гэсэн цаас наачхаад иргэдийн халаас руу арга залиар “гэтдэг” байдлыг өндөр түвшний шалгуур, шаардлагаар таслан зогсоодог байя.

Р.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button