НИЙГЭМНийгэм мэдээ

Хаврын морин уралдааныг аймаг, нийслэл зохион байгуулж, 13-аас дээш настай уралдаанч унах хуулийн төсөл өргөн барилаа

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Р.Батболд, Ц.Туваан, Л.Мөнхбаясгалан, Н.Батсүмбэрэл, Л.Соронзонболд, Д.Цогтбаатар, Г.Хосбаяр нар өнөөдөр УИХ-ын дарга С.Бямбацогтод өргөн барилаа. Уг хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд 

  • Улсын баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулдаг шигшмэл, бүсийн үндэсний хурдан морины уралдаанаас гадна хаврын хурдан морины уралдааныг аймаг, нийслэлд жил бүр зохион байгуулж болно.
  • Уралдааны морийг 14 болон түүнээс дээш насны уралдаанч хүн унаж уралдуулна
  • Хаврын хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг уралдуулна. Уралдаж байгаа морины насны ангиллаас хамаарч азарга, соёолон насны морьд 16-17 километр, их насны морьд 18-19 километр замыг туулж уралдана.
  • Хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах бэлтгэл, аюулгүй байдлыг хангах, хэрэгжилтийг хянах журмыг Засгийн газар батална.
  • Хаврын хурдан морины уралдаан зохион байгуулахдаа дараах шаардлагыг хангасан байна: морь уралдуулах замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг бүрэн хангаж, уралдуулах, уралдаанч хүнийг дулаанаа хадгалдаг, салхи, ус, цас нэвтрүүлдэггүй хувцас, осол, гэмтлээс хамгаалах хэрэгсэл өмсгөж уралдуулах бөгөөд эдгээр хувцас, хэрэгсэл нь сэрүүний улиралд тохирсон байх, уралдаанч хүнийг даатгалд заавал даатгуулж, түүнтэй болон түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулсан байх, хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг хаврын хурдан морины уралдааны замд өртөөчлөн байрлуулж, тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлийг хангасан байх хэмээн заажээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр "Засгийн газрын шийдвэрээр 2019 оноос жил бүрийн 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1 хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон байдаг. Хэдийгээр хугацаа заагаад ийн хориглосон байдаг ч өнөөдөр 21 аймаг, 330 сум бүрд хаврын морин уралдааныг нууцаар зохион байгуулж, тэдгээр нь уралдааны зориулалтын зам, хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэлийн стандартыг хангахгүй, төр засгийн хараа хяналтгүйгээр далд хэлбэрээр уралдаан, сунгаа зохион байгуулан эрсдэл үүсгэж, улмаар унаач хүүхдүүд хөлдөх осгох, мориноос унаж гэмтэх аюулыг бий болгож байгаагаас үүдэн төрийн бус байгууллагуудуудын эсэргүүцэл эрс ихэссэн байна.

Үүнтэй холбогдуулан хүний эрхийн болон хүүхдийн байгууллагууд уралдааны журмыг өөрчлөх, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох санал, санаачилгууд гаргасаар байгаа. Иймд Засгийн газрын тогтоолоос өөр энэ талаарх тодорхой зохицуулалтгүй байгаа тул хаврын морин уралдааны эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төсөл боловсруулсан" гэв.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button