УЛС ТӨРУлс төрийн мэдээ

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажилласан 1,974 хоногтоо юу хийж, Тамгын газар нь хэдийг зарцуулсан бэ

У.Хүрэлсүх |2021.06.25|-нд тангараг өргөж, таван жил дөрвөн сар 25 хоног ажиллажээ. Түүний зургаан жилийн бүрэн эрх 2027 оны зургадугаар сард дуусах байв. Атал "Бодь"-ийн цүнхтэй мөнгөний агуулгад нэр холбогдсоноор Төрийн тэргүүний үүрэгт ажлаа өгч хуулийнханд шалгуулж, нэр төрөө сэргээхээр суудлаа орхилоо. Монгол Улсын түүхэнд Ерөнхийлөгч хугацаанаасаа өмнө ажлаа өгч байсан тохиол үгүй. Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч ажлаа өгөхөөр мэдэгдсэнээс яг гурав хоногийн дотор намын бүлэг, ТББХ, УИХ-аар дэмжигдэн чөлөөлөгдлөө.

Тэгвэл У.Хүрэлсүхийн ажилласан хугацаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төсөв хэр өссөн, түүний санаачилсан хөтөлбөрт хэдий хэмжээний мөнгө зарцуулсан, тэрбээр ямар шийдвэр гаргасныг нэгтгэн хүргэе.

У.Хүрэлсүх сүүлийн таван жилд 143.7 тэрбумыг захиран зарцуулжээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын урсгал зардал 2015–2020 онд жилд 6.7 тэрбум төгрөгөөс хэтэрч байгаагүй. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон 2021 онд энэ зардал хоёр дахин өсөж, 13.2 тэрбум төгрөгт хүрч байлаа. Тэр цагаас хойш нийт 143.7 тэрбумыг захиран зарцуулсан байна.

  • 2022 онд: 19.7 тэрбум,
  • 2023 онд: 26.2 тэрбум,
  • 2024 онд: 29.7 тэрбум,
  • 2025 онд: 37.6 тэрбум,
  • 2026 онд: 30.5 тэрбум.

2026 онд анх 33.6 тэрбум төгрөг баталсан ч тодотголоор 30.5 тэрбум болгож бууруулсан. Тамгын газар есдүгээр сарын байдлаар үүний 24.7 тэрбумыг буюу 81 хувийг зарцуулсан байна.

Зарцуулалтын тухайд, ЕТГ 2026 оны төсвөө хэрхэн зарцуулсанаа Шилэн дансандаа бүрэн тайлагнаагүй байна. Угтаа цалингаас бусад таван сая төгрөгөөс дээш гүйлгээ, худалдан авалтын тайлангаа нээлттэй байршуулах ёстой. Атал санхүүгийн тайлангийн хэсэгт тайлбаргүй тоо бүхий хагас жилийн ганц Excel файл л байна.

2027 оны төсөвтөө Ерөнхийлөгчийн Тамгын газарт 34.3 тэрбум төгрөг тусгасан нь энэ оныхоос 3.8 тэрбумаар их. Энэ төсвийг дараагийн ЕТГ зарцуулна.

У.Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа 26 улсад 38 удаа айлчилжээ

Үүний 20 нь хоёр талын айлчлал, 18 нь олон улсын арга хэмжээ байв. Тэрбээр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн чуулганд жил бүр биечлэн оролцсон.

2021 оны есдүгээр сарын 20-23-нд Ерөнхийлөгч Нью-Йорк хотноо Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганд оролцов. Арванхоёрдугаар сарын 15-17-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийжээ.

2022 онд таван айлчлал хийсэн. Есдүгээр сарын 14-16-нд Узбекистаны Самарканд хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцоод, 21-22-нд Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд үг хэлэв. Арваннэгдүгээр сард Египетийн Шарм-эль-Шейх хотод болсон COP27 буюу уур амьсгалын өөрчлөлтийн бага хуралд оролцсон. Мөн сарын 27-28-нд БНХАУ-д, 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-ны хооронд Японд төрийн айлчлал хийжээ.

2023 онд айлчлалын тоо найм болжээ. Тавдугаар сарын 6-нд тэрбээр Лондон хотноо Их Британийн хаан III Чарльзын титэм өргөх ёслолд хүрэлцэн очив. Есдүгээр сарын 15-16-нд Кубын Гавана хотноо 77-гийн бүлгийн дээд түвшний уулзалтад оролцоод [ШАЛГАХ], 20-нд Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд үг хэлсэн. Аравдугаар сарын 10–14-нд Францад төрийн айлчлал хийж, 17-20-нд Бээжинд болсон “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтад оролцов. Арваннэгдүгээр сарын 1-5-нд Вьетнамд, 5-7-нд Лаост төрийн айлчлал хийсэн. Арванхоёрдугаар сарын 1-нд Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотод болсон COP28 бага хуралд үг хэлжээ.

2024 онд Ерөнхийлөгч зургаан удаа гадаадад айлчилсан. Зургадугаар сарын 23-26-нд Узбекистанд төрийн айлчлал хийж, долдугаар сарын 3-4-нд Казахстаны Астана хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад ажиглагчаар оролцов. Долдугаар сарын 26-нд Парисын зуны олимпын нээлтэд оролцож, есдүгээр сарын 22-25-нд Нью-Йоркт Ирээдүйн дээд уулзалт, Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд үг хэлсэн. Аравдугаар сарын 10-13-нд Туркменистанд төрийн айлчлал хийж, арваннэгдүгээр сарын 11-нд Азербайжаны Баку хотод болсон COP29 бага хуралд оролцжээ.

Хамгийн олон буюу 11 айлчлал 2025 онд болжээ. Ерөнхийлөгч нэгдүгээр сарын 15–19-нд Туркт, гуравдугаар сарын 9-12-нд Чехэд, 13-14-нд Польшид төрийн айлчлал хийсэн. Тавдугаар сарын 9-нд Москвад Ялалтын 80 жилийн ойн баярт оролцов. Долдугаар сарын 20-23-нд Киргизэд, түүний дараа Тажикистанд төрийн айлчлал хийжээ. Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 3-ны хооронд БНХАУ-ын Тяньжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад ажиглагчаар оролцож, Бээжинд болсон цэргийн парадыг үзсэн. Есдүгээр сарын 23-нд Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд үг хэлэв. Аравдугаар сарын 13-16-нд Энэтхэгт, арванхоёрдугаар сарын 1-3-нд Италид төрийн айлчлал хийж, 4-5-нд Ватиканд Пап Арван дөрөвдүгээр Леотой уулзжээ.

2026 онд зургаан айлчлал хийсэн. Дөрөвдүгээр сарын 20-23-нд Казахстанд төрийн айлчлал хийж, наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 1-ний хооронд Бишкек хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтад ажиглагчаар оролцов. Есдүгээр сарын 22-24-нд Нью-Йоркт Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд үг хэлэв. Ерөнхийлөгчийн хувьд хийсэн сүүлчийн гадаад аялалдаа тэрбээр аравдугаар сарын 19-26-нд Герман, Финланд, Беларусь гурван улсад дараалан төрийн айлчлал хийсэн юм.

Ерөнхийлөгчийн санаачилсан 4 хөтөлбөрт нийт ₮4 их наяд гаруйг төсөвлөн зарцуулсан

2.19 их наядын төсөвтэй "Цагаан алт"

Тус хөтөлбөр 2024-2028 он хооронд хэрэгжинэ. Энэхүү хөтөлбөр нь ноос, ноолуур, арьс ширний үйлдвэрлэлд нэмүү өртөг шингээж, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, экспортын орлогыг өсгөх зорилготой юм.

Нийт төсөв нь 2.19 их наяд төгрөг бөгөөд үүнээс 682.4 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Харин арилжааны банкууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 1,51 их наяд төгрөгийн зээл олгох юм. Тодруулбал, энэ жил нийтдээ 788.9 тэрбум төгрөгийн зээл олгохоор төлөвлөсөн байна. Үүнээс:

  • Эргэлтийн хөрөнгөд: 300.0 тэрбум төгрөг
  • Хөрөнгө оруулалтын зээлд: 488.9 тэрбум төгрөг
  • Зээлийн хүүгийн хөнгөлөлтөд: 66.4 тэрбум төгрөг тусгагдсан.

Санхүүжилт нь улсын төсөв, арилжааны банкууд болон олон улсын түншлэлээр дамжин хэрэгжих бөгөөд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл, татаас, гаалийн хөнгөлөлт зэргээр дэмжлэг үзүүлнэ.

Хүлээгдэж буй үр дүн:

  • Ноолуурын бүрэн боловсруулалтын түвшин: 20–40%
  • Ноосны боловсруулалтын түвшин: 25–55%
  • Арьс, ширний гүн боловсруулалтын түвшин: 30–50%
  • Экспортын орлого, гадаад валютын орлого нэмэгдэх
  • Дотоодын хэрэглээг дотоодын түүхий эдээр хангах

1.7 их наядын төсөвтэй "Хүнсний хувьсал"

Хүнсний аюулгүй байдлыг хангах, дотоодын хүнсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортыг бууруулах чиглэлтэй уг хөтөлбөрийг 2022-2026 он хүртэл хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй. Ингэхдээ нийт 114 ажлыг хийхээр төлөвлөж, 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бүрдүүлэх боломжтой гэж үзсэн байдаг.

2022-2024 онд нийт 59.4 тэрбум төгрөг зарцуулсан "Тэрбум мод"

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж, арчлан хамгаалж, ургуулснаар ойн санг есөн хувьд хүргэж, цөлжилт, газрын доройтлыг бууруулан, хүлэмжийн хийн шингээлт, усны нөөцийг нэмэгдүүлж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулж, ногоон хөгжлийн сэргэлтийг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй хөтөлбөр. Анх 2021 оны 11 дүгээр сарын 17-нд Засгийн газрын тогтоолоор баталсан байдаг.

2025 онд 1.6 тэрбумыг төсөвлөсөн "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр

Анх 2006 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоонд хамруулах тогтолцоог бүрдүүлэх. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ, эмчилгээг дэлхийн жишигт хүргэх, монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэн, эрүүл мэндийн экспортыг нэмэгдүүлэх бодлогыг дэмжих зорилготой.

Хэрэгжих хугацааны хувьд тодорхойгүй ч “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр болон “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж буй. Эл хөтөлбөрийн хүрээнд 2025 онд л гэхэд 1.6 тэрбум төгрөг төсөвлөсөн байдаг.

Ерөнхийлөгчийн санаачилсан эл дөрвөн хөтөлбөр хэрэгжиж байгаа гэх ч үр дүнд хүрсэнгүй. Урт хугацаа зааж, өндөр өртөг төсөвлөж, төлөвлөсөн дүнгээсээ гадна зээлийн хүүгийн татаас нэрээр төсвийн мөнгөнөөс хумсалсан хэвээр байна. Одоогоор "Эрүүл Монгол хүн" хөтөлбөр нь 2006 оноос хойш үргэлжилж байгаа ч нийт хэчнээн төгрөг төсөвлөж, үрэгдсэн нь тодорхойгүй. Харин "Цагаан алт", "Хүнсний хувьсгал", "Тэрбум мод" гэх гурван хөтөлбөрт нийтдээ 4.5 их наяд төгрөг төсөвлөгдчихсөн байна.

Өнгөрсөн таван жилд ямар шийдвэрүүдэд хориг тавьсан бэ?

У.Хүрэлсүхийн анхны хориг тангараг өргөснөөс хойш нэг жил долоон сарын дараа гарсан. Тэрбээр 2023 оны нэгдүгээр сард Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавьжээ. Засгийн газар уг хуулийн төслийг нэгдүгээр сарын 18-нд өргөн мэдүүлж, УИХ хоёр хоногийн дараа баталсан байв. Улмаар УИХ |2023.03.30|-нд хуулийг хүчингүй болсонд тооцож байв.

2024 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Тамгын газрын тухайн үеийн дарга Г.Занданшатар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж алдагдалгүй төсөв батлах шаардлагатай гэж тайлбарласан. УИХ хоригийг хүлээн авч, төсвийг буцаажээ.

|2025.10.20|-нд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан УИХ-ын тогтоолд хориг тавив. Гурван хоногийн дараа Үндсэн хуулийн цэц уг тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэснээр Г.Занданшатар албан тушаалдаа үлдсэн.

Гаргасан зарлиг

  1. Морин хуурыг эрхэмлэн дээдэлж түгээн дэлгэрүүлэх зарлиг
  2. Архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, Эрүүл монгол хүн хөтөлбөр хэрэгжүүлэх тухай зарлиг
  3. Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай зарлиг
  4. Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг
  5. Бурханбуудай уулыг Төрийн тахилгатай болгох тухай зарлиг
  6. Монгол Улсын Төрийн далбааг өнө мөнхөд сүр жавхлантай мандуулах тухай

Санаачилсан хууль: Гишүүнийг эгүүлэн татах

У.Хүрэлсүх |2026.03.09|-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Төсөлд тангарагтаа харшилсан, ёс зүйн дүрмийг ноцтой буюу удаа дараа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон гишүүнийг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр эгүүлэн татахаар тусгажээ. Гишүүн ээлжит чуулганы хуралдааны 70-аас доошгүй хувьд ирж, санал хураалтын 70-аас доошгүй хувьд биечлэн оролцох ёстой. Үүнийг хангаагүй нь ч эгүүлэн татах үндэслэл болно хэмээсэн.

Тухайн үед иргэний нийгмийн байгууллагууд төслийг эсэргүүцэж, хамтарсан мэдэгдэл гаргасан. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2026.04.16/-нд төслийг хэлэлцэхийг 101 гишүүний 57 нь буюу 56.4 хувийн саналаар дэмжсэн. Өдгөө хэлэлцэхийг дэмжсэнээс цаашгүй буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button