Судалгаа: Эслэг хангалттай хэрэглэхгүй бол бактериуд гэдэсний ханыг "иддэг"
Ургамлын гаралтай хүнс түлхүү хэрэглэх нь эрүүл мэндэд тустайг судалгаанууд харуулдаг. Гэхдээ яг яагаад тустай байдгийг эрдэмтэд бүрэн тайлбарлаж чадаагүй л байна. Ургамлын гаралтай хүнс нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа, дархлаа, бодисын солилцоо болон зүрх судасны эрүүл мэндийг дэмждэг. Үүний нэг шалтгаан нь ургамлын гаралтай хүнс гэдсэнд олон төрлийн бичил биетэн оршин тогтнох таатай орчин бүрдүүлдэгтэй холбоотой. Эдгээр бичил биетний цогц бүрдлийг гэдэсний микробиом гэж нэрлэдэг.
Тэдгээр бичил биетийн ихэнх нь хүний хоол боловсруулах тогтолцоо задалж чаддаггүй хүнсний бүрэлдэхүүнийг задлахад тусалдаг ашигтай бактери байдаг. Эслэг нь гэдэсний бичил биетний тэжээлийн гол эх үүсвэр болдог юм.
Тэгвэл нэгэн шинэ судалгаанууд эслэгээс гадна хүний хоол боловсруулах тогтолцоонд задардаггүй ургамлын уураг ч гэдэсний бичил биетний үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг болохыг илрүүлжээ. Тодруулбал, гэдэс доторх бактери хүний биед ашигтай эсвэл хортой бодис ялгаруулах эсэхэд ургамлын уураг нөлөөлдөг байна.
Принстоны их сургууль дахь Людвигийн Хавдар судлалын хүрээлэнгийн захирал Жошуа Рабиновиц болон Женна АбуСалим нарын ахалж явуулсан хоёр судалгаанууд энэ талаар шинэ ойлголт өгчээ. АбуСалимын явуулсан судалгаа эслэг хангалттай хэрэглэхгүй бол гэдэсний ашигт бактериуд гэдэсний ханаа иддэг байж магадгүйг харуулжээ.
Рабиновиц ахлан явуулсан судалгааг “Proceedings of the National Academy of Sciences” буюу “PNAS” сэтгүүлд нийтэлсэн байна. Тус судалгаа ургамлын эслэг болон зарим төрлийн уураг гэдэсний бактерийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдгийг харуулсан байна. Харин хоёр дахь судалгааг “Nature Metabolism” сэтгүүлд нийтэлжээ. Тэрхүү судалгаа хүний биед байдаг олон чухал химийн нэгдлүүд зөвхөн гэдэсний бичил биетний үйл ажиллагааны үр дүнд үүсдэг гэсэн тогтсон ойлголтыг дахин нягталж үзэх хэрэгтэйг харуулсан байна.
Судалгааныхаа талаар Рабиновиц "Хүний микробиомын бүрэлдэхүүнийг өөрчлөх, эсвэл үүсгэдэг нэгдлүүдийг нь эмчилгээнд ашиглах сонирхол анагаах ухааны олон салбарт нэмэгдэж байна. Хооллолт нь микробиом болон түүний ялгаруулдаг бодисуудад асар ихээр нөлөөлөх боломжтой. Гэхдээ үр дүнтэй эмчилгээний арга боловсруулахын тулд хоол хүнсний ямар бүрэлдэхүүн хэсэг бичил биетний ялгаруулдаг ямар бодист нөлөөлдгийг ойлгох шаардлагатай" гэж хэлжээ.

АбуСалимын ахалж явуулсан, “PNAS” сэтгүүлд нийтэлсэн судалгаа хамгийн сонирхолтой үр дүнг харуулсан байна. Тус судалгааг хийсэн эрдэмтэд фенолын метаболит нэртэй бүлэг бодисыг судалсан байна. Метаболит гэдэг нь бодисын солилцооны үр дүнд үүсдэг химийн нэгдэл юм. Зарим метаболитууд биеийн хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай бол зарим нь хэт их хэмжээгээр хуримтлагдвал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Эрдэмтдийн судалсан фенолын метаболитууд нь гэдэсний бактери тирозин болон фенилаланин хэмээх хоёр амин хүчлийг задлах явцад үүсдэг байна. Амин хүчил нь уургийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг билээ. Тэдгээрийг задлахад бий болдог нэгдлүүд хүний эрүүл мэндэд өөр өөр нөлөө үзүүлдэг.
Жишээлdэл фенилаланинаас үүсдэг фенилпропионат болон гиппурын хүчил нэртэй метаболитууд нь биеийн жинг хэвийн хэмжээнд хадгалах, гэдэсний эрүүл мэндийг дэмжихтэй холбоотой. Харин тирозиноос үүсдэг p-крезол сульфат болон фенол сульфат нь хорт хавдрын эмчилгээ хүсэмжит үр дүнд хүрэхгүй байх, бөөрний өвчинтэй хүмүүсийн бие махбодод сөрөг нөлөө үүсдэгтэй холбоотой болохыг тогтоожээ.
Ийм учир судлаачид ургамлын гаралтай хүнсний бүрэлдэхүүний тодорхой орц найрлагууд гэдэсний бактериас эдгээр бодис ямар харьцаатай ялгарахад нөлөөлж чадах эсэхийг шалгасан байна.
АбуСалим "Бидний судалгаа ургамлын эслэг болон шингэцгүй уураг хоёулаа фенолын метаболитуудын харьцааг өөрчилдөг нь тогтоогдсон. Тодруулбал, тирозиноос үүсдэг хортой нэгдлүүдийг багасгаж, фенилаланинаас гаралтай эрүүл мэндэд тустай нэгдлүүдийн үүслийг нэмэгдүүлдэг. Бид ургамлын гаралтай, шингэц муутай эдгээр уургийг эслэгтэй төстэй үйлчилгээтэй уураг буюу Prif гэж нэрлэж байгаа" хэмээн тайлбарлажээ.
Судалгааны үр дүнгүүдээс хамгийн сонирхолтой нь гэдэсний бактери хортой метаболит үүсгэхэд ашигладаг уургаа хаанаас авдаг вэ гэдэг асуулттай холбоотой зүйл байв.
Энэ асуултад хариулт олохын тулд эрдэмтэд уургийг цацраг идэвхт бус, тогтвортой изотопоор тэмдэглэж, хулганын хоол боловсруулах тогтолцоонд хэрхэн дамжин өнгөрч, задарч байгааг хянан шалгажээ.
Туршилтаар хортой нөлөө үзүүлж магадгүй фенолын нэгдлүүд гэдэсний бактериуд хүний өөрийн биеэс гаралтай уургийг задлах явцад үүсдэг нь тогтоогджээ. Үүнд гэдэсний дотор ханыг бүрхдэг салст давхаргын уураг гэх мэт уургууд багтсан байна. Харин хүний биед тустай фенолын нэгдлүүдийн ихэнх нь хоол хүнсээр дамжин орж ирсэн, шингэдэггүй уургаас үүсдэг байна. Өөрөөр хэлбэл эслэг бага идсэнээр гэдэсний бактериуд дотор ханаа идэж эхэлдэг байж магадгүй юм.
Эндээс ургамлын гаралтай хүнс гэдэсний орчинд хоёр өөр замаар эерэг нөлөө үзүүлдэг нь харагджээ. Эслэг нь гэдэсний бактери салст бүрхүүлийнхээ уургийг задлахаас сэргийлж, хортой фенолын нэгдэл үүсэхийг багасгадаг байна. Харин “Prif” гэгддэг бодис нь бактериудыг уургийн нэмэлт эх үүсвэрээр хангаж, хүний биед тустай бодис үүсгэхэд нь дэмжлэг үзүүлдэг аж.
АбуСалим "Prif нь гэдэсний микробиомын бүрэлдэхүүнийг өөрчилж, бодисын солилцооны эрүүл мэндэд өргөн хүрээний нөлөө үзүүлэх боломжтой, шинээр судлагдаж буй шим тэжээлийн нэг төрөл гэж бид үзэж байна" гэж хэлжээ. Харин Рабиновиц "Ирээдүйд хүнсний бүтээгдэхүүний савлагаа, шошго дээрх эслэгийн агууламжийн доор Prif-ийн хэмжээг ч бичдэг болох байх" гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Science Daily













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.