ЭДИЙН ЗАСАГ

МАА-н эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх 30 сая ам.долларын зээлийн тэн хагасыг малчдад бэлнээр тараажээ

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийг 2020-2025 онд хэрэгжүүлэхээр Дэлхийн банкнаас 30 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.  Монголын мал аж ахуйн салбарын өрсөлдөх чадвар, бүтээмж, зах зээл, экспортыг дэмжих зорилготой төслийн хэрэгжилтийн явцад уг зээлийн 13 сая ам.долларыг зуд, гамшгийн үеийн хариу арга хэмжээнд шилжүүлж, анхны зорилтоосоо гажсан ээлжит явдал гарчээ.

2020 онд эхэлсэн төслийн үндсэн зорилго нь малын эрүүл мэнд, энэ салбарын бүтээмж, мал аж ахуйн бүтээгдэхүүний арилжааны эргэлтийг сайжруулах явдал байв. Тухайлбал, 30 сая ам.долларын санхүүжилтийнэхний 20 саяыг нь малын эрүүл мэндийн үйлчилгээ, найман саяыг өртгийн сүлжээний эдийн засгийн эргэлт, хоёрсаяыг төслийн хэрэгжилтийг дэмжихэд зориулахаар төлөвлөсөн байна. 

Зээлийн гол зорилго нь зудын үеэр малчдад мөнгө тараах биш, малын эрүүл мэндийг сайжруулж, бүтээмжийг өсгөж, бүтээгдэхүүнийг зах зээлтэй холбох замаар мал аж ахуйг эдийн засгийн илүү өндөр өгөөжтэй болгох байтал эхэлсэн даруйдаа санхүүжилтийн бүтцэд томоохон өөрчлөлт орж, 13 сая ам.долларын “чиглэл” гэнэт өөрчлөгдсөн нь Үндэсний аудитын газрын шалгалтаар тогтоогджээ. 

2020, 2021 онд нийт 13 сая ам.долларыг өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбон малчдад бэлнээр тараажээ

Малын эрүүл мэндэд гэсэн бүрэлдэхүүн 20 сая нь дөнгөж 8.5 сая ам.доллар, өртгийн сүлжээний бүрэлдэхүүн гэсэн найман  саяас 6.5 сая ам.доллар болж буурсан бөгөөд үүнийг гамшгийн үеийн хариу арга хэмжээний бүрэлдэхүүнд гээд шинээр 13 сая ам.доллар хуваарилсан байна.

Төсөл эхэлсэн жил буюу 2020 онд сонгуулийн жил Засгийн газар таван сая ам.долларыг нь, улмаар 2021 онд найман сая ам.доллар буюу нийт 13 сая ам.долларыг өвөлжилт, хаваржилтын хүндрэлтэй холбоотойгоор малын тэжээл, малчдад мөнгөн тусламжид зарцуулах шийдвэр гаргажээ. Аудитын дүгнэлтээр энэ өөрчлөлт нь нэг талаас малчдад үүссэн эрсдэлийг бууруулсан боловч нөгөө талаас малын өвчний тандалт, урьдчилан сэргийлэлт зэрэг анхны төслийн арга хэмжээний цар хүрээг хумиж, зарим ажлыг удаашруулах нөхцөл болсон аж. 

Төслийн анхны төлөвлөгөөнд 14 аймгийн 150 сумыг хамруулахаар байсан ч  өөрчлөлтийн дараа 12 аймгийн 80 сум болж буурсны зэрэгцээ малын эрүүл мэндийг сайжруулах лабораторийн тоогоо мөн бууруулжээ.Харин оронд нь 179 849 малчин өрхөд мөнгө тараасан нь Аудитын тайланд тодорхой тоотойгоо дурайж байна.Хаваржилтын хүндрэлтэй холбоотойгоор 181 мянган малчин өрхөд тус бүр 100 мянган төгрөг өгөхөөр төлөвлөснөөс 179 849 өрхөд нийт 17.8 тэрбум төгрөг төслөөс олгосон аж. 

Гэвч аудитын дүгнэлтээр салбарын яам болон төслийн нэгж энэ зарцуулалтад холбогдох хяналтыг хэрэгжүүлээгүй, зээлийн хөрөнгийг үр дүн нь тодорхой бус тусламжийн хэлбэрээр зарцуулсан гэж үзжээ. Зээлээр авсан мөнгийг гамшгийн тусламжид зарцуулсан бол тухайн санхүүжилтийн  эдийн засгийн үр өгөөжийг хэрхэн тооцох вэ гэдэг асуулт эндээс ургана. 

Малчинд 100 мянган төгрөг очсон нь тухайн үеийн хүндрэлийг даван туулахад дэмжлэг болсон байж болох ч энэ нь төслийн анхны зорилго болох малын эрүүл мэнд, бүтээмж, зах зээлийн арилжааг нэмэгдүүлсэн, эсэхийг энэ нь нотлохгүй. 

Эрхбиш Дэлхийн банканд тайлан тавих ёстой учраасхамаг сайн сайхнаа хуу хамаад үр дүнгээ өсгөн бичсэн үү, яасан ямартай ч 2025 оны хэрэгжилтийн мэдээллээр төслийн хүрээнд малын өвчлөлийн зарим үзүүлэлт мэдэгдэхүйц сайжирсан гэнэ. 

Бруцеллёзын тархалт 0.9 хувиас 0.3 хувь болж, 66.7 хувиар буурсан гэж мэдээлжээ. Шүлхий өвчний хувьд суурь үзүүлэлт байхгүй боловч тухайн үеийн түвшин 2.5 хувь байсан бөгөөд төслийн мэдээлэлд 74.2 хувийн бууралттай гэж дурдсан байна. Харин бог малын мялзангийн үзүүлэлт зорилтот түвшиндээ хүрэхэд сайжруулах шаардлагатай байжээ. Мөн мах, сүүний бүтээмжийн үндсэн үзүүлэлтүүдэд ахиц гарсан байна. 2025 оны тавдугаар сарын байдлаарх төслийн мэдээлэлд мах, сүүний гарцын өсөлт 10 хувиас дээш, хонины амьдын жин 26.1 хувиар, ямааны амьдын жин 6.2 хувиар нэмэгдсэн гэж бүртгэжээ. 

2025 онд төсөл дуусах ёстой байсан ч үлдэгдэлтэй гээд хугацаа сунав

Төслийн анхны хаалтын хугацаа 2025 оны зургаадугаар сарын 30 байсан ч 2025 оны тавдугаар сарын Дэлхийн банкны баримтад төслийг хаах хугацааг 2026 оны гуравдугаар сарын 31 хүртэл есөн сараар сунгах санал тусгагдсан байна. Учир нь тухайн үед 29.06 сая ам.доллараас 27.43 нь зарцуулагдсан, 2.76 сая долларын үлдэгдэлтэй байжээ. Мөн зарим үйл ажиллагаа бүрэн дуусаагүй байсан тул нэмэлт хугацаа шаардлагатай гэж үзсэн байна. Дэлхийн банкны мэдээллээр хугацаа сунгах шалтгааны нэг нь 2021-2022 оны байгалийн гамшгийн үед төслийн зорилт, хүчин чармайлтын ихээхэн хэсэг нь яаралтай тусламжид шилжсэнтэй холбоотой байжээ. 

Тэгвэл 30 сая долларын эцсийн тайлан хаана байна вэ. 2025 оны тавдугаар сарын байдлаар зарим үр дүн гарсан боловч төслийн эцсийн үр нөлөөний үнэлгээ тусдаа баримтаар харагдах шаардлагатай. Яагаад гэвэл “62 мянган малчин, фермерт үйлчилгээ хүрсэн”, “18 мянган малчин сургалтад хамрагдсан”, “179 849 өрхөд мөнгөн дэмжлэг үзүүлсэн” гэдэг нь төслийн үйл ажиллагааны үр дүн.

Харин илүү чухал асуулт нь энэ бүхний дараа малчин өрхийн орлого хэдээр нэмэгдэж, малын бүтээгдэхүүний бодит үнэ цэн хэрхэн өсөв,  экспортын хэмжээ яаж нэмэгдсэн бэ гэдэг юм. 

Түүнчлэн төслийн хөрөнгөөр байгуулсан лаборатори, тэжээлийн үйлдвэр, тоног төхөөрөмжийг өнөөдөр хэн эзэмшиж байна вэ,  зээлээр авсан 30 сая ам.долларын үлдэгдэл одоо яг хэд вэ, Монгол Улс хэдийг нь эргэн төлөх тухай тодорхой хариулт хэрэгтэй. Гэтэл үүнд Монголын Засгийн газар биш, Дэлхийн банкны тайлан судалгаа, Үндэсний аудитын газрын шалгалтууд багцаа гаргаж өгч байна.

Үндэсний аудитын газрын дүгнэлтээр асуудал зөвхөн мөнгө тараасанд бус, төслийн анхны зорилгоос санхүүжилт шилжсэн, зарим төлөвлөсөн ажил цар хүрээгээ алдсан, хяналт сул байсан явдал. Нөгөө талд Дэлхийн банкны хэрэгжилтийн мэдээлэл зарим үзүүлэлтэд бодит ахиц гарсныг харуулж байна. Тиймээс энэ төслийн тухайд “үр дүнгүй” эсвэл “амжилттай” гэсэн хоёрхон үгээр дүгнэхээс илүү анхны 30 сая ам.долларын төлөвлөгөө ямар байсан, хэд нь өөр чиглэлд шилжсэн, хэд нь бодитоор үндсэн зорилгодоо хүрсэн, бид зээлээ буцаагаад яаж, хэзээ, ямар хүүтэй төлөх ёстой зэргийг ил тод нээлттэй тайлагнах учиртай. 

Энэ бол зээлийн мөнгө хаашаа орсон гэдэг ганц асуудал биш. Гадаадын зээлээр авсан мөнгө Монголын мал аж ахуйд ямар үнэ цэнэ үлдээсэн тухай асуулт юм. Ил тод, хариуцлагтай байж байж дараа дараагийн гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг татах итгэл төрүүлнэ биз дээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button