УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, тэтгэмжийг нэмэх асуудал байнгын хороогоор дэмжигдсэнгүй

УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2026.10.01)-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Сангийн сайд З.Мэндсайхан хийхдээ ахмад настны суурь тэтгэврийг хугацаанаас нь өмнө эхлүүлэх, төрийн үйлчилгээний салбаруудын цалингийн зөрүүг арилгах, урсгал зардлыг танаж иргэдийн орлого, нийгмийн хамгаалалд чиглүүлэх бодлогыг онцлов.

Тухайлбал, 435 мянган ахмад настанд ирэх арваннэгдүгээр сараас эхлэн сард 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоход зориулж нийт 196.3 тэрбум төгрөг төсөвлөсөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, жигдрүүлэхэд 170.1 тэрбум төгрөг тусгажээ. Мөн төсвийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг танаж, нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт хийхээр тооцсон байна.

Сангийн сайдын танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэмж болон ахмад настнуудын тэтгэврийн хэмжээг амьжиргааны наад захын түвшинд хүргэж нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын өр, төлбөрийг шийдвэрлэх, “Гэрт ойр сургууль”, төрөлжсөн ахлах сургууль, хиймэл оюуны лаборатори, цахим анги байгуулах төслүүдийн зардал, санхүүжилттэй холбоотой эргэлзээтэй асуудлуудыг нэг тийш болгох асуудлыг хөндөж байв. Түүнчлэн Боловсролын зээлийн сангаас олгох МУБИС-ийн 3500 орчим оюутны тэтгэлгийг төсвийн тодотголд яаралтай тусгах шаардлагатай байгааг ч дурдлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баясгалан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, тэтгэмжийн хэмжээг амьжиргааны баталгаажих түвшнээс дээш гаргаж нэмэгдүүлэх асуудлаарх зарчмын зөрүүтэй саналуудаа тайлбарлаж, байнгын хорооны гишүүдийг дэмжихийг уриалсан ч дэмжигдээгүй юм. Тэрбээр "Ядуу иргэдээрээ яасан их тохуурхах юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүний тооноос хасчих юм. Энэ хүмүүсийн тэтгэмжийг амьжиргааны доод түвшнээс дээшлүүлээд өг л дөө. Ерөнхий сайд чинь нэмнэ гэж амласан, мөнгө байхгүй юм бол та нар олох хэрэгтэй" хэмээсэн.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button