Тэтгэлэгт тэнцсэн ч сургалтын төлбөрийн өрөнд орсон оюутнууд

Багш мэргэжлээр суралцаж, шаардлагатай голч дүнгээ ханган тэтгэлэгт хамрагдсан оюутнуудын сургалтын төлбөрийн санхүүжилт саатжээ. Үүний улмаас зарим оюутан сургалтын төлбөрөө өөрөө төлөх, цаашлаад зээл тавих нөхцөл үүсчээ. Оюутнууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байхад төр санхүүжилтийн үүргээ хэрэгжүүлэх ёстой гэж үзэж, Боловсролын зээлийн сангийн гадна тайван жагсаал зохион байгууллаа.
-Гэрээний хугацаа дуусаагүй байхад төлбөрийн асуудал яригдаж байна-
БЗС-ийн мэдээллээр багш мэргэжлийн тэтгэлэгт хамрагдах үндсэн шалгуурын нэг нь өмнөх улирлын голч дүн 2.7-оос доошгүй байх шаардлага юм. Багш мэргэжлийн тэтгэлгийн зохицуулалт нь Засгийн газрын 2024 оны 103 дугаар тогтоолоор баталсан журмын хүрээнд хэрэгждэг бөгөөд БЗС-ийн мэдээллээр уг тогтоол нь багш, багш мэргэжлээр суралцагчийг төрөөс дэмжих үндсэн эрх зүйн зохицуулалтын нэг юм. БЗС-аас төсвийн тодотгол хүлээж байгаа, төсөв шийдэгдсэн тохиолдолд санхүүжилтийг олгоно гэжээ.
Хяналтын тоо нь жил бүр батлагддаг бөгөөд БЗС-ийн цахим хуудсанд 2026 оны хяналтын тоо болон нэмэлт өөрчлөлтийг тусад нь байршуулжээ. Харин энэ удаагийн асуудлаар БЗС-ийн зүгээс үлдсэн оюутнуудын санхүүжилт төсвийн тодотголтой холбоотойгоор хүлээгдэж байгаа, төсөв шийдэгдсэн тохиолдолд тэтгэлгийг олгоно гэсэн тайлбар өгч байна. Журмын шаардлага хангасан эдгээр 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Хаврын квотод багтаж чадаагүй 6,800 суралцагчаас 2,700 суралцагчийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Харин 4,100 суралцагч өөрсдөө зардлаа хариуцах нөхцөл үүссэн" гэлээ.
Гэвч оюутнуудын хувьд сургалтын төлбөрөө төлөөгүй тохиолдолд хичээл сонголт хийх, үргэлжлүүлж сурч чадахгүйд хүрч байгаа юм. Өмнөх улирал болон одоо хичээл сонгох улирлын хичээлийн сургалтын төлбөрийг төлөх, арваннэгдүгээр сарын 2-ны өдрөөс өмнө төлбөрөө барагдуулахгүй бол хичээлд суулгахгүй гэсэн шаардлага тавьсан байна.
МУБИС-ийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Буянравжих: “Сургалтын төлбөрөө төлөөд хичээл сонголтоо хийхгүй бол хичээлдээ сууж чадахгүй болно. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсэж байна. Тэтгэлгийн шалгуур давсны төлөө шагнуулдаг биш, шийтгүүлдэг болж байна” гэдгийг онцоллоо.
-Гэрээ гэдэг тоглоом биш. Бид үнэгүй сураагүй, хариуцлага үүргээ биелүүлээд явж байгаа-
Оюутнуудын гол шаардлага нь тэтгэлгийн санхүүжилтийг шийдвэрлэхээс гадна өмнө байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах явдал юм. Гуравдугаар курсын оюутан А.Номин 2024 оны намрын элсэлтээр МУБИС-д суралцахдаа тэтгэлэгт хамрагдах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд гэрээний хугацаа дуусаагүй байхад сургалтын төлбөрийн асуудал үүссэнд бухимдаж байгаагаа хэллээ. Тэрбээр “Анх энэ сургуульд орохдоо гэрээ хийж, гарын үсэг зурж орсон. Гэрээний хугацаа дуусаагүй байхад төлбөрийн асуудал хөндөгдөж байгаад бухимдалтхай байна. Гэрээ гэдэг тоглоом биш. Гэрээнд заасан үүргээ биелүүлээч, төлбөрийг маань төлж өгөөч. Бидэнд тэтгэлэгт хамрагдана гэдэг маш том хариуцлага. Бид үнэгүй сураагүй, хариуцлага үүргээ биелүүлээд явж байгаа” гэдгийг хэллээ.
Бид чинь 18, 19 настай оюутнууд. Ажлын байргүй, тогтмол орлогогүй. Хичээлийнхээ хажуугаар ажил хийж, өдөр тутмын хэрэглээгээ залгуулдаг. 2.7-оос дээш голчтой бол тэтгэлэг олгох шалгуурыг бид хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл шаардлагаа хангасан байхад санхүүжилтээ өөрсдөө гаргах нөхцөл үүссэн тухайгаа оюутнууд ярьж байна.
Зарим оюутан сургалтын төлбөрөө зээл авч төлсөн бөгөөд тэтгэлгийн санхүүжилт орж ирвэл буцаан олгоно гэсэн ч одоогоор мөнгөө авч чадаагүй байна. Заримынх нь нэг жилийн сургалтын төлбөр зургаан сая төгрөгөөс давж байгаа аж.

Аав, ээж маань өр тавьж, зээл авч сургалтын төлбөрийг маань төлсөн. Би өөрийн хэрэглээний зардлыг цагийн ажил хийж олдог. Бид өөрсдийн хүч хөдөлмөрөөр голчоо хамгаалж, хичээж сурч байгаа. Гэрээнд заасан хугацаанд ажиллаж дууссаны дараа бид өргүй болно. Гэрээ байгуулж, гарын үсэг зуруулчаад ингэж зөрчөөд байгааг ойлгохгүй байна.
Ийнхүү тэтгэлгийн шалгуураа хангаж, гэрээ байгуулан багшийн мэргэжлээр суралцаж буй оюутнуудын хувьд “тэтгэлэгт тэнцсэн ч сургалтын төлбөрийн өрөнд орох” нөхцөл үүсээд байна. Харин санхүүжилт хэзээ шийдэгдэх, өмнө байгуулсан гэрээний дагуу тэтгэлгийг хэрхэн үргэлжлүүлэх нь одоогоор хүлээгдэж буй асуудал хэвээр байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.