АНУ-ын орчин үеийн түүхэнд ялын дээд хэмжээг сонссон хамгийн залуу эмэгтэй болсон хүнийг цаазаар авах гэж байна
АНУ-ын Теннеси муж 200 жилд анх удаа эмэгтэй хүн цаазаар авах гэж байна. Тодруулбал 30 гаруй жилийн өмнө цаазаар авах ял сонссон Криста Пайкт өршөөл үзүүлэх хүсэлтийг Теннеси мужийн захирагч Билл Ли даваа гарагт /2026.09.28/ хүлээн аваагүй юм.
Одоо 50 настай Криста 1995 онд 18 настай байхдаа 17 настай найз залуутайгаа хамт ангийнхаа найз болох 19 настай Коллин Слэммэрийг хэрцгийгээр хөнөөжээ. Энэхүү хэргийн хэрцгий байдал болон хэрэгт холбогдогчдын нас, хохирогчийн бие дээр сатаны тэмдэг сийлсэн байсан нь олныг цочирдуулж, анхаарал ихэд татах шалтгаан болсон байдаг.
1996 онд шүүх түүнд цаазаар авах ял оноосноор тэр АНУ-ын орчин үеийн түүхэнд ялын дээд хэмжээг сонссон хамгийн залуу эмэгтэй болсон юм. Криста ял сонссоноос хойш тэр бага насандаа бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай байсан зэрэг нөхцөл байдал нь ил болжээ.
Цаазын ялыг гүйцэтгэх хугацаа ойртож ирэхэд “ACLU”, “Amnesty International” зэрэг иргэний эрхийг хамгаалах байгууллагууд захирагчийн албанд Кристад өршөөл олгох хүсэлт явуулахыг олон нийтэд уриалсан байна. Криста өршөөл хүссэн хүсэлт бичигтээ “Би сэтгэцийн эмгэгтэй 18 настай хүүхэд байсан. Хийсэн хэргийнхээ онц ноцтой байсныг ухаарахад олон жил шаардагдсан. Мөн хэчнээн олон хүний амьдралд сэв суулгасан гэдгээ ойлгоход бүүр ч их хугацаа хэрэгтэй болсон. Би хэн нэгний хүүхэд, дүү, эгч, найз байсан хүний амийг бүрэлгэсэн буруутай. Ийм аймшигтай хэрэг үйлдсэнээ бодохоор одоо ч гэсэн жигшүүртэй санагддаг” гэж бичсэн байна.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uvsiin hyrgasiin gantumuriin munhzul eruugiin hulgaich narsnii buus