Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д хөдөлмөрийн зах зээл хүнд байгаагаас залуучууд нь Японд ажиллах болжээ

БНСУ-д залуусын хүсдэг чанартай анхан шатны ажлын байр хомс байна. “Samsung Electronics”, “SK Hynix” зэрэг томоохон компаниуд туршлагатай ажилтан авахыг илүүд үздэг. Мөн ахмад ажилтнууд ажлаа удаан хугацаанд хийж байгаа нь шинэ төгсөгчдийн боломжийг улам хомс болгож байна.

Харин хүн ам нь насжиж буй Японд нөхцөл байдал эсрэгээрээ болжээ. Компаниуд шинэ төгсөгчдөд зориулсан ажлын хөтөлбөрүүддээ ажилтан олж авахад бэрхшээлтэй тулгарч эхэлсэн юм.

Ийм учир Өмнөд Солонгосын “KOREC”,“Wanted Lab” зэрэг компани Японд ажлын байр зуучилдаг болсон байна. Мөн Японы “LAPRAS” компани энэ жил солонгос төгсөгчдөд ажил зуучилдаг үйлчилгээ нэвтрүүлжээ. Сонирхолтой нь Өмнөд Солонгосын дундаж цалин Японоос бага зэрэг өндөр болсон ч залуус Японд ажиллах сонирхол буураагүй байна.

Энэ жил Сөүлд Японд ажиллах хүсэлтэй хүмүүст зориулсан үзэсгэлэн гурван удаа зохион байгуулагджээ. Өнгөрсөн зургаадугаар сарын байдлаар Өмнөд Солонгост залуусын ажилгүйдлийн түвшин долоон хувь байсан бол Японд нийт ажилгүйдлийн түвшин 2.5 хувь байсан юм.

Японд ажиллах визтэй гадаадын иргэдийн ихэнх нь биеийн хүчний ажил эрхэлдэг. Харин Солонгосын Хөдөлмөрийн хүрээлэн мэдээлснээр Японд ажиллаж буй 80 мянга гаруй солонгос иргэн ихэнвчлэн жижиглэн худалдаа, мэдээллийн технологи, тоглоом хөгжүүлэлт зэрэг мэргэжлийн салбарт ажилладаг аж.

БНСУ-ын Хүний нөөцийн хөгжлийн алба мэдээлснээр, өнгөрсөн жил засгийн газрын дэмжлэгтэй хөтөлбөрөөр 2,257 залуу Японд ажилд оржээ. Энэ нь 2024 онтой харьцуулахад 47 хувиар өссөн үзүүлэлт юм. Харин АНУ-д ажиллахаар явсан залуусын тоо 29 хувиар буурсан байна.

Япон, Өмнөд Солонгос хоёр түүхэн асуудлаас шалтгаалан үе үе зөрчилдөж ирсэн. 20-р зуунд Япон БНСУ-ыг колоничилсон үеийн асуудал маргаан дагуулдаг. Гэхдээ хоёр улсын харилцаа зөвхөн хөдөлмөрийн салбарт бус, бусад чиглэлээр ч улам гүнзгийрч байгаа аж.

БНСУ-ын статистикийн алба мэдээллээр, 2025 онд солонгос эрэгтэй япон эмэгтэйтэй гэрлэсэн тохиолдол өмнөх оноос 26 хувиар өсжээ. Энэ нь 2020 оныхоос хоёр дахин их үзүүлэлт болсон байна. Мөн солонгос эмэгтэй япон эрэгтэйтэй гэрлэсэн тоо 29 хувиар нэмэгджээ.

Мөн Япон руу аялсан солонгосчуудын тоо түүхэн дээд хэмжээнд хүрч, Японд хамгийн олноор зорчдог жуулчдын бүлэг болсон аж. Японд ажил зуучилдаг “KOREC”-ийн зохион байгуулсан хөдөлмөрийн арга хэмжээнд оролцсон оюутан Ким Ши Хён "Японд ажил хайж байгаа миний танилуудын ихэнх нь тэнд амьдрах хүсэлтэй байсан хүмүүс" гэж хэлсэн байна.

Япон компаниудад ажиллах явцдаа сургалтад хамруулдгийг солонгос залуус давуу тал гэж үздэг байна. Ийм боломжийг Өмнөд Солонгосын компаниуд шинэ төгсөгчдөд олгох нь ховор байдаг юм. Дунгүг их сургуульд Япон судлаар сурч буй дөрөвдүгээр дамжааны оюутан Ким "Солонгосын компаниуд ихэвчлэн туршлагатай хүн ажилд авдаг. Харин Японы компаниуд шинэ төгсөгчдөө тогтмол элсүүлдэг" гэж хэлжээ.

Хангүгийн Гадаад судлалын их сургуулийн профессор И Чан Мин Япон компаниуд солонгос ажилчин авах сонирхолтой байдаг гэсэн юм. “Energize” нэртэй Япон компанийн захирал Томояа Хаттори ажилтан авахдаа үндэс угсааг нь гол шалгуур болгодоггүй хэмээсэн байна. Гэхдээ солонгосчуудын өрсөлдөх чадвар, хурдтай ажиллах арга барил, хичээл зүтгэлийг өндөр үнэлдэг гэсэн юм.

Гадаад ажилтан авах нь Японы компаниудад тодорхой хүндрэл дагуулдаг байна. “KOREC”-ийн төлөөлөгч Моэ Касүгай хэлснээр, олон солонгос ажилтан илүү өндөр цалин, карьерын боломжийн төлөө ажлаа солих хандлагатай байдаг. Харин Япон компаниуд насан туршдаа нэг байгууллагад ажиллах соёлд илүү дассан байдаг юм.

Тэр энэ талаар ярихдаа "Энэ бол Япон компаниудын хувьд үнэхээр том сорилт. Гэхдээ сүүлийн үед япон залуус ч мөн ажлаа ойр ойрхон сольдог болсон. Тиймээс компаниудын ойлголт аажмаар өөрчлөгдөнө гэж бодож байна" гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button