Б.Сүхбаатар: Машинаараа ч морин хуур сольж, өрөнд орсондоо баривчилгаанд хүртэл явж байлаа. Гэхдээ одоо сайхан цаг ирж байна

“Монгол хуур” төвийн үүсгэн байгуулагч, “Жонон хар” эртний морин хуурын музейн захирал Б.Сүхбаатартай ярилцлаа.
Сар шинийн баярын өдрүүдэд монголчуудын өв соёлын цөм нь болсон морин хуур хөгжимд амьдралаа зориулж яваа түүний ярилцлагыг хүргэж буйдаа таатай байна. Ноднин жил шинэ байрандаа нүүж орсон "Жонон хар" музей ихээхэн сонирхол татам интерьер засалтай юм.
Видео:
Тэрбээр ярилцлагаа “Манай музейд дэлхийн бусад хөгжмийн зэмсгийн цуглуулга ч бий. Нийт 400 орчим үзмэртэй. Морин хуур 50, гэрэл зураг 200, баримт материал зэргээр нэрлэж болно. Одоогийн байдлаар музейн талбай, боломжоос шалтгаалж 200 орчим үзмэрээ дэлгэсэн байна. Ардын урлагийн тоглолтдоо тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг, гол ашгаа тоглолтоор олдог юм. Тоглолт цаг хорин минут орчмын хөтөлбөртэй. Морин хуур хийж буй үйл явцыг ч харах боломжтой. Ихэвчлэн жуулчид ирж үйлчлүүлдэг. Өнгөрсөн жилээс хойш монголчууд ихээр ирэх боллоо. Мөн амралтын өдрөөр, гэр бүлээрээ ирж ардын урлагийн тоглолт үзүүлж, хүүхдүүддээ өв соёлоо танилцуулдаг хэв маяг руу шилжиж байна. Найзуудаараа, таван гэр бүл ч юм уу ирэхэд нь түүндээ бэлтгэж тоглолтоо хийдэг” хэмээн эхлүүллээ.

-Та өөрөө ямар мэргэжилтэй юм бэ. Ямар замнал таныг морин хуур цуглуулах, цаашлаад музей нээх энэ тохиол руу хөтлөв?
-Би хөгжмийн багш, сийлбэрчин гэсэн хоёр мэргэжилтэй. Энэ хоёр мэргэжил маань огтлолцож, морин хуур урлах дээр төвлөрдөг. Морин хуур урлаад 26 жил болж байна.
Бүр морин хууртай холбогдсон маань ухаан орсон цагаас юм. Саахалт айлууд маань баяр ёслол хийхдээ морин хуурдаж, дуулан найрладаг байв. Нэг ёсондоо миний насан туршдаа хийж яваа зүйл энэ. Өөр салбарт орж байсангүй. Манай морин хуурын үйлдвэрт таван хүн ажилладаг. Сардаа 40-50 морин хуур хийдэг. Манай төвийн зорилго бол морин хуур сургалт, худалдаа, үйлдвэрлэл, судалгаа гээд цогцоор хөгжүүлэх тухай юм. Алсдаа байшин барилгатай болчих гээд төсөөлөөд л явж байна даа.
-Тийм ахуйд өсөж торнисон гэхээр та аль нутгийн хүн бэ. Морин хуурын соёл тийм элбэг цаг үе биш шүү дээ?
-Намайг төрж өсөх үед морин хуур ховор байсан. Би Увс аймгийн Түргэн сумын харьяат хүн. Өдрийн од шиг цөөн хүн хорин хууртай холбоотой байсан. Аз болоход хийдэг, тоглодог айлтай манайх саахалт байлаа л даа. Аавын талын өвөө маань 2009 онд намайг сургууль төгсөн нутагтаа очиход таван үе дамжсан икэл хөгжим бэлэглэсэн. “Манай удмаас морин хуур оролдож байгаа нь чи учир хадгалж яваарай” гээд. Тэр хуучны хөгжмийг гартаа аваад л, надад сонин мэдрэмж төрсөн юм. Бие арзайгаад л, тийм нэг мэдрэмж төрсөн. Ингээд хуучны хөгжимд сонирхол татагдаж буйгаа анхлан мэдэрсэн дээ. Надад тухайн хуурыг өгснөөр тэр өвөө маань музей байгуулах сэдлийг ч давхар бэлэглэсэн гэж болно. Хувь хүн өөрийн цуглуулгаа дэлгээд буй шиг боловч өв соёлоо хамгаалж байгаа хэлбэр. Морин хуур гэдэг монголчуудын оюун санааны эгшгэн судар шүү дээ. Урлаг болон өв соёлын цөм болсон зэмсгийг музейтэй болгох нь Монголынх гэдгийг батлан нотолж буй гол зүйл. Урд хөршид хэдэн сая морин хуурч бий. Өвөрмонголд гэхэд арван жилээс нь морин хуур тоглож сургаж байгаа. Азийн орнууд магадгүй үүнийг хятад хөгжим гэж ойлгож буй. Иймд Монголынх хэмээн баталж нотлох амьдралын зорилго өөртөө тээсэн.
-Тэр икэл хуур юу үзэж туулсан байв аа?
-Авдарныхаа модоор нөхсөн байсан. Таван үе гэхээр 100 гаруй жилийн түүх харагдаж байгаа юм. Тэр хөгжим одоо дуугарч байна. Морин хуурчид сонсоод дууг нь гайхдаг. Хуучны юм сэргээх тал дээр би их хоббитой л доо. Хөгжмийг сэргээгээд дуугаргахад нэгэн сайхан мэдрэмж төрдөг. Яваандаа нэг хуучны хөгжим сэргээх бүрд л түүнийг анх удаа дуугаргах мөчөө эвент болгон тэмдэглэж байя гэсэн санаа өвөрлөөд байгаа.

-Хятад хөгжим гэж бодох эрсдэл бий гэлээ л дээ. Ер нь манай ардын хөгжмүүд гэхэд шанз, ятга, хуучир зэрэг нь хятад гаралтай байх магадлал өндөр юм билээ.
-Морин хуур, товшуур, цуур зэрэг яг Монголын хөгжим цөөн байна. Бусдыг хятад, монгол гэж ялгах амаргүй. Хубилай хааны үед чуулга байсан гэдэг. Ятга гэхэд монгол гэж хэлдэг, гэхдээ бид байлдан дагуулалтын он жилүүдэд өөрсдийн соёлыг ихээхэн тараасан шиг. Харин тэр орнууд өвлөж авахдаа илүү хөгжүүлж, өөрийн болгож авсан тал ажиглагддаг. Харин морин хуураа л тэгчихмээргүй байна. Нийт масс Хятадад маш их аялж байна. Орсон уушийн газарт нь л морин хуур тоглоод байна шүү дээ. Манай музейд бол ардын урлагийн тоглолтыг их ирж үздэг боллоо. Цаашлаад ресторанууд хүртэл энэ жишиг рүү яваасай гэж бодож байна. Морин хуурын гол зүйл бол дуу авиа юм. Харин алтаар хийсэн байна уу, ясаар хийсэн хүү төдийлөн хамаагүй. Ерөөс дуугаралт бидэнд хэрэгтэй. Тэрхүү чимээ, авиа бидний бие махбод хийгээд оюун санаанд эерэгээр нөлөөлдөг. Хөгжмийн зэмсгийн дуугаралт, найрлага өөрөө хүний дотоод эд эсийг сэргээж, хөдөлгөөнд оруулдаг чанартай. Тэр тусмаа морин хуур. Багц хялгасаар багц хялгасыг хөрөөдөн тоглох соронзон долгион үүсгэж, энэ нь тархинд боловсорч, тархинаас зүрхэнд очихдоо цусан хангамжаар дамжин бүх биед тархаж байна. Энэ бол хүний эрүүл бөгөөд саруул байхад нэгэн түлхэц болно. Бид ая сонсоод өнгөрөх мэт боловч цаанаа өөр зүйл өгөөд байна аа гэсэн үг. Айлууд ханандаа өлгөөд тавилга болгочихдог. Харин тоглож байж л үндэс язгуур нь амилах юм. Иймд олон жил судалсны үр ашгийг гаргаж, энэ зүйлийг мэдрүүлэх сэн гэж хүсдэг.
-Хятадаар явахад үнэхээр морин толгойтой хуурыг энд тэндгүй тоглож байна гэж үү?
-Тийм ээ. Манай багш нар 2010-аад оноос эхлээд их зааж явсан л даа. Сүүлийн 10 гаруй жил тэнд маш их хөгжлөө, хөөмий ч хөгжлөө. Өв соёлыг өөрийн мэт харагдуулах том бодлого хэрэгжиж байна. Судалдаг хэдэн хүн л дотроо шатаад байх биш ард түмэн үүнийг сэрж хармаар байна. Болоод байгаа мэт л яваад байгаа. Гэтэл цаагуур өөр зүйл бас болж байна шүү. 2009 оноос хойш энд тэнд подваль түрээслээд л янз бүрээр үзсэн. Өр ширэнд орсон, хулгай дээрэмд ч өртсөн. Өнгөрсөн жил үзмэрүүдээ байртай болгоё гэж хандивын аян өрнүүлж, 20 орчим сая төгрөг цугласан юм. Би өөрөө хоёр удаагийн тоглолт зохион байгуулж, тухайн орлогоо нийлүүлэн зээлийн урьдчилгаа босгосноор энэ байрыг авсан. Цаашид хүн бүр л морин хуурыг эзэмших хэрэгтэй юм. Адаглаад мэдрэх, мэдэх хэрэгтэй байна. Ерөнхийлөгч морин хуурыг бүх нийтээр дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргасан нь олзуурхууштай. Энэ хүрээнд ЕБС-д морин хуурын хичээл ордог болох чухал хүлээлттэй байна. Нөгөө талд морин хуураар тоглох ур чадвар өндөр хэмжээнд хөгжсөнийг тэмдэглэмээр байна. Миний хувьд энэ бүх түүхэн замналыг музейгээр дамжуулан үзүүлэхийг хүсдэг. Би өөрөө морин хуурч болох гэж үзсэн л дээ. Модоор юм хийдэг учраас гар хатуу, мэргэжлийн түвшинд тоглож чадахгүй байна. Мэргэшсэн боловч найранд гурван дуутай. Харин урлалын хувьд би морин хууранд инновац шингээхийг хүсдэг. Үзмэрүүдээс санаа авч, орчин үеийн болгох гэх мэт.
-Бүх зүйл цуглуулгаас эхэлжээ. Өөр цуглуулагчид байна уу. Тоо хэмжээгээр та хэрхэн харьцуулагдах вэ?
-Манайх арай илүү байх. Маш-Эрдэнэ гэж нэг хүн бий. 30-аад морин хуурын үзэсгэлэн гаргаж байсан. Морин хуур урлаач нарт мөн тодорхой хэмжээний цуглуулга байдаг. Ерөнхийлөгчийн зарлигтай холбоотой үзэсгэлэн зохион байгуулж, тэдгээрийг нийлүүлж дэлгэсэн. Монголд нийт 200 орчим цуглуулгын хуур байна гэж үзсэн. Харамсалтай нь 1990-ээд оноос хойш урагш нь их гаргасан юм билээ. Би Хөх хотод очоод захын галлерейд ороод л харах жишээтэй. Европоос ирсэн хүрэн халзан хуур гэхэд л тухайн цаг үед кинонд ашиглаж, тэр чигтээ хил гараад явсан юм билээ. Хадгалагдаж байсан газар нь хоёр гурван удаа галд өртсөн ч тэр хуур л үлдээд байжээ. Яах аргагүй монголчуудын хувьд морин хуур бол дээд тэнгэртэй харилцаж буй хэрэгсэл юм. Хуур эгшиглэсэн газар хурсан муу үргэнэ гэдэг. Хүн өөрөө тоглодоггүй юм гэхэд сардаа ганц удаа ч болов аялгууг нь сонсож байвал зүгээр. Ер нь мэдрэмжээс холдоод ирэхээр л нийгэмтэй харилцахад төвөгтэй болдгийг өөрөөсөө анзаарсан. Нэг хэсэг зөвхөн хуураа урлаж тусгаарлагдаад ирмэгц эргээд сөрөг байдал руу гулссан.

-Цуглуулга гэдэг бол өрсөлдөөн, өндөр үнэ яригддаг ойлголт. Морин хуурын цуглуулга дээр энэ яригдаж байна уу. Өндөр үнэ төлж цуглуулгадаа нэмсэн тохиолдол хэр олон бэ?
-Бий, бий. Хуучны хуур бүгд үнэтэй олдсон. Хамгийн үнэ цэнтэй хуураа тухайн үед унаж явсан машинаараа сольж авсан. Үүнээс болж гэр бүлтэйгээ хүртэл маргалдана шүү дээ. Ойлгохгүй хүн бол хог новш цуглууллаа л гэж хэлнэ шүү дээ. Заримдаа их сонин тохиолдлоор хууртай учирна. Монголын анхны мастер хууруудын нэгийг би зүгээр л таксинд сууж яваад олсон. Уламжлалдаа морин хуур ширэн цартай байсан. Чийглэг газар ороход цар дэвтэж, хөг буудаг. Хуурай газар эсрэгээрээ чангарчихдаг. Үүнийг тогтвортой байлгахын тулд 1960-аад онд ЗХУ-ын мэргэжилтнүүд ирж хамтран, анхны 13 модон цар бүхий мастер хуур бүтээсний нэг гэсэн үг. Би хуураа үүрээд л таксинд суулаа. Жолооч намайг тоглодог уу гэх зэргээр шалгаагаад байсан юм. Музей байгуулж буйгаа хэлэхэд “Надад анхны мастер хууруудын нэг бий, би өөрөө Жамъян багшийн шавь” гэснээр тухайн хуурыг нэлээд өндөр өртгөөр авч байлаа. Одоо эргээд харахад үнэлшгүй үзмэрүүд болжээ. Ер нь маш их адал явдал туулсан. Хуучны хөгжмийн зэмсгийг хадгалан авч явах мөн амаргүй. Энергийн нөлөө их. 10 гаруй жил болоод эдгээр үзмэр надад дасаж байх шиг. Эхэндээ ч би зүүдэлж босож ирдэг байлаа. Тодорхой хугацааны дараа эзнийхээ энергиэс надад ээнэгшиж байна даа гэж бодоход хүрсэн.
-Энд хуучин хөгжмийг сэргээх гэдэг бас нэгэн ойлголт яригдаж байна. Үндсэн аялгууг нь сэргээхийн зэрэгцээ бүх зүйлийг нь шинэ болгоод тавьчихаж бас болохгүй. Тэгэхээр хэрхэн ажилладаг вэ?
-Судалгаа хамгийн чухал юм. Хуучны хөгжимд нийлэг утас хийчихээр утгагүй. Яг тухайн цаг үеийн түүхий эдийг эрж олох шаардлагатай. Орчин үеийн будаг гэдэг ч өөр болчихсон. Тухайн үед шороон будаг ашигласан байх жишээтэй. Дээр нь модонд гар хүрэх их хэцүү. Жаахан эвгүй оролдвол эмтэрчих гээд. Иймд маш олон талаас бодож, мэдэрч хийх ажил юм байна. Би болоогүй л байна, өөрийгөө бага багаар дасгалжуулж байгаа. Манай музейн байр сайхан интерьертэй ч хадгалалт хамгаалалтын стандарт байхгүй. Иймд бэлтгэл ажлууд л хийгдэж байна.
-Унгараас ирсэн тэр хүрэн халзан хуурыг сэргээнэ гэж дуулаад гайхсан. Гэтэл сэргээчихсэн, Д.Шинэцог-Гени дуугаргаж буйг үзээд олзуурхан ярилцахдаа ямар мэдрэмж төрснийг нь асууж байлаа. Гэтэл сэргээсэн хүн та байжээ. Хэрхэн ажилласан, ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Ажиллагааны хувьд нэлээд төвөгтэй байсан. Мод их муудсан, хутганы үзүүр хүргэхэд л явчихаад. Би юм нэмэхээс илүү утас, хялгасыг нь нөхөх байдлаар ажилласан. Ганц хялгастай байсныг хоёр болгож, нумыг нь төсөөллөөрөө бүтээсэн. Хамгийн анх би өөрөө дуугаргаж үзээд, нэг тийм нөлөөлөлд орж байгаа юм шиг мэдрэмж авсан. Үнэхээр сонин тембртэй юм билээ л дээ. Асар их уйтгар гуниг, уй гашуу сонсогдох мэт. Туулсан он цагийн зовлон жаргал бүгд шингэжээ гэж би ойлгосон. 18-р зууны үеийн асуудал яригдаж байгаа шүү дээ. Надаас өмнө сэргээсэн байгаа юм. Арыг нь сольсон байсан. Арьс бол гар хүрэлтгүй.
-Одоо хаачив?
-Сайн мэдэхгүй байна, алтай ятгыг сэргээсэн Д.Ганпүрэв ахын өмч л дөө. Европоос олж мэдсэн хүн нь түүнд бэлэглэсэн байдаг. Анх бол надад хандаж, ерөөсөө чи мөнгө босгоод үүнийг олж ав гэж хэлж байлаа. Би ийш тийш утас цохиж суутал “Нөгөө хүн чинь ахад нь бэлэглэхээр болчихлоо” гэж хэлсэн. Харин би сэргээн засварлахад нь тусалсан. Хэр баргийн хүний оролдох ажил биш, чи л санаанд бууж байна гээд надад авчирч өгсөн.
-Морин хуурыг эргээд хэрэглээнд оруулахад түүнд зориулагдсан хөгжим шинээр зохиогдох шаардлагатай шиг. Юу хэрэгтэй гэж та харж байна?
-ЕБС-д морин хуурын хичээл орж эхлэхийн өмнө багшийн дутагдал их байна. Иймд багш бэлтгэх асуудал тулгамдаж байгаа юм. “Монгол хуур” төвийн зорилго богино хугацаанд багш бэлддэг академи болж хөгжье гэж буй. Дараагийн асуудал бол мэдээж хөгжмийн зохиол. Алтан үеэс “Үүлэн бор”, “Жалам хар” зэрэг сонгодог хөгжмүүд зохиогдсон. Өнөөдрийг хүртэл “Үүлэн бор”-ыг гүйцэх зохиол зохиогдохгүй байна. Концертын хэмжээний зохиол олон байгаа ч нийтийг хамарч чадахгүй юм. Иймд орчин цагийн монгол хүний сэрэл мэдрэхүйг хөндсөн аялгуу үнэхээр хэрэгтэй байгаа.
-Та өөрөөс их хөрөнгө зарж, энэ бүхний ард гарсан байна. Нийт тооцож үзэж үзсэн үү?
-Үндсэндээ нэг тэрбум төгрөгт хүрсэн байсан. Тийм учраас л цааш зорилгодоо хүрэх хэрэгтэй байна. Энэ байрны зээлэнд гэхэд л сардаа 10 гаруй сая төгрөг өгч байгаа.
-Гэтэл орлого?
-Ер морин хуур урлах болон сургалтаар явж ирсэн. Манайх жижигхэн учраас дээд талдаа 30-50 хүн багтдаг. Тэгэхээр аялал жуулчлалын компаниудад хандан манай музейг дэмжээрэй гэж уриалмаар байна. Харин анх сургалтын хуур хийж, 50-60 мянган төгрөгөөр хүртэл зардаг байсан. Одоо мэргэжлийн хуураа дунджаар 1.5 саяар худалдаж байгаа. Өмнө нь хүмүүс “Хамгийн хямд нь аль вэ?” гэж асуудаг байсан. Одоо болохоор “Хамгийн сайн нь?” гэдэг сэтгэлгээний өөрчлөлт бий болжээ. Үүгээрээ л санхүүжиж байна даа.

-Машин зээлээр аваад л түүнээсээ өндийдөггүй хүн олон байна. Гэтэл таны хувьд бас цаанаасаа болж бүтдэг тал байдаг болов уу гэж бодлоо?
-Тийм шүү. Сонин түүх ярихад, би 2015 оны үед музейн байр түрээсэлсэн юм. Сүүлдээ өрөнд орлоо. Ажилчдынхаа цалингийн өрөнд ч орсон. Аргалах гэж энд тэндээс өндөр хүүтэй мөнгө зээлээд бүр баларсан, баривчилгаанд хүртэл явсан. Энэ зүйл ид өрнөж байх үеэр цар тахал ч гарлаа. Ингээд больё доо гэдэг дээрээ ирчихсэн байхдаа би нэг санаа сэдсэн. Онлайнаар морин хуурын олон улсын фестиваль гэж зохион байгуулсан. Үүнд 20 гаруй орны 200-гаад хүн мандат төлж оролцсон. Насанд хүрэгчид, хүүхэд гэж хоёр ангилаад л, нэг ёсондоо онлайнаар морин хуурчдын уралдаан зохион байгуулсан хэрэг. Араас нь онлайн сургалт явуулсан. Ингэж нэг жаахан санхүүгийн эх үүсвэр бий болгож авлаа. Бүх юмаа, байраа хүртэл зараад хэдэн үзмэртэйгээ л үлдээд байсан цаг. Цар тахлын дундуур жаахан завсар гарахад зүгээр нэгэн арга хэмжээнд уригдан оролцохдоо азын сугалаанд орон сууц хожсон. Энэ олон хуурын буян гэж тийм байдаг бололтой. Надад их тусалсан нутгийн маань ах “Энэ бүхэн чамдаа биш хуурын буян шүү” гэж хэлж байлаа. Магадгүй энэ дунд чиний ч удам угсааны энерги холбоотой байхыг үгүйсгэхгүй. Маш олон хүний энерги шингэсэн зүйлс учир цаанаасаа л болж бүтээд явдаг гэмээр.
-Цааш хэрхэн өргөжүүлмээр байна. Зориулалтын байранд хадгалах гэдэг ихээхэн чухал шүү дээ?
-Үзмэрүүдээ барьцаалаад ч болов ядаж хоёр давхар объекттой болгочихмоор байгаа юм. Музейн зориулалттай. Үүнд нэн хөнгөлөлттэй зээл чухал байна, төрийн дэмжлэг гэж хэлэхээс аргагүй. Мөн “Хууртай Монгол” гэдэг төсөл хэрэгжүүлэх санаа байна. Дахин давтагдашгүй 108 хуур урлаж, үзэсгэлэн гаргах юм. Түүнийг монгол туургатнуудаар, хилийн чанадаар авч явж гаргая, тоглолтоо ч хийе гэж бодож байна. Дээр нь жирийн ард иргэд маань ч манай ардын урлагийн тоглолтыг үзэх нь ихээхэн дэмжлэг болдог. Мэдээж манайхаас морин хуур захиалж авна, хүүхдээ сургана гэдэг том хөрөнгө оруулалт. Цаашид гадаад, дотоодын хөрөнгө оруулалт олдвол барилгаа барьж, тэр дотор Монголын бүх өв соёл бужигнан буцалж байгаагаар төсөөлдөг.
-Соёлын яаманд хандаж үзсэн тохиолдол бий юу?
-2020 онд бил үү, төсөл санхүүжүүлэх уралдаан зарлахад өгч үзсэн. Эхний удаад анхан шатаа ч даваагүй. Дараагийн удаа төгсгөлийн шат хүртлээ явсан. “Алсдаа дэмжих төсөл байна, нэн тэргүүний биш” гэдэг хариу өгч шалгаруулаагүй. Магадгүй хоёр жилийн дараа ч юм уу дэмжигдэх магадлал, цаг үе нь ирэх болов уу гэж бодсон.
-Олон амаргүй зүйлийг давж зорилгынхоо араас явна гэдэг үл ойлгогдол, ганцаардлыг туулдаг. Харин тууштай байх, нөгөө талаас хүн өөрөө аль замаар замнах учиртай вэ гэдгээ таних мэдэх чухал шиг. Энэ тал дээр та хүмүүст юуг хэлэх вэ?
-Өр ширэнд орж, алдаж онож явахдаа өөрийгөө нэлээд хайсан. Би ер нь энэ хорвоод ямар үйлийн үртэй, яах гэж ирсэн хүн бэ гэдгээ бодсон. Энэ тал дээр эрэл хайгуул хийж явахдаа, хуучны эд өлгийн зүйлийг сэргээх гэж ирсэн гэдэг хариулт авч байсан. Тэгэхээр би яг хийх ёстой зүйлээ л хийж яваа юм шиг. Хоёрдугаарт, хүн ямар нэгийг бүтээе гэвэл тууштай байх чухал. Нэг ажилд ороод л, гараад л явах нь хүнийг хөгжүүлдэггүй. Харин барьж аваад тууштай зүтгэх маш их хөгжүүлдэг. Таван жилийн өмнө урласан хуур маань шүүмжлүүлж, хэл ам дагуулдаг л байлаа. Тэгээд ирэхээр би яаж өшөө сайжрах вэ гэж эрэл хайгуул хийж, хөдөлмөрлөдөг юм билээ. Мэдээж авьяас, мэдрэмж чухал шүү дээ. Музей уналтад ороод л, байргүй, үзмэрээ хураачихаад дэргэд нь өөрөө гудас дэвсээд унтдаг байхад би их сөрөг болж ирсэн. Сошиалд байнгын хэрүүлтэй пост бичдэг ч юм уу. Хүмүүст үл ойлгогдоод байхаар цаанаасаа тэгдэг. Харин нийгэмтэйгээ харилцаад ирэх тусам эргээд эерэг өөрийгөө олж авч, зорилго зорилтуудаа өргөжүүлж байна. Хүн бол нийгмийн амьтан учраас, хийж байгааг нь, бодоод явааг нь ойлгохгүй бол бухимддаг юм билээ. Одоо харин сайхан цаг ирж байгаа юм шиг санагдаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өрх бүр морин хуураа дээдлэх зарлиг гаргалаа. Мөн дэлхий нэг хэсэг даяаршсан ч одоо эргээд ондооших үзэгдэл газар авч байна. Бидний ондоошил бол морин хуур мөн. Морин хуурт өөрт нь мужаан сийлбэр буюу гар урлал, зураг чимэглэл буюу уран зураг, цаашлаад уртын дуу, бие биелгээ салшгүй холбогддог. Тэгэхээр бидний өв соёлын гол цөм нь энд зангидагдаж байгаа. Зүгээр нэг хөгжим биш юм. Тийм учраас монголчуудын хүн төрөлхтний соёлд оруулсан биет болон биет бус өв. Нөгөө талаас морин хуурын нумыг татвал нум сумын нум нь болж өгдөг. Мөн ширэн цар гэдэг тогшоод үзэхээр бөө мөргөлийн хэц хэнгэрэг мэт. Ингээд харахаар монголчуудын аян дайны соёлоос үүдсэн, мөн тэнгэр шүтлэгт ч холбогддог эд байх магадлалтай. Харин хүмүүс Хөхөө намжилын домгоос үүсэлтэй гэж ташаа ойлгодог. Намжилын түүх бол саяхны явдал юм билээ. Миний судалж ойлгосноор морин хуур лав гурван мянган жилийн түүхтэй байна. Ямар нэгэн археологийн олдвор олдвол түүнээс цаашлах магадлалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amjilt huseye zaluu mini. Unen setgeleesee Morin huuraa deedeldeg, tuunee hogjuulehsen gej meriideg setgel haragdlaa. Zutgeed baigaarai.
Сайн байна дүү ажил үйлс нь аяндаа сайхан бүтнэ амжилт
Түүхээ баяжуулж, хуураа улам дэлгэрүүлэн хөгжүүлээрэй. Амжилт.
Морин хуурын чимээ
Монгол нутгаар минь аялуулна
Морин хуурын чимээ
Монгол нутгаар аялуулна
Уйгагүй,хөдөлмөрч хүн юм аа.Төр дэмжээд өгөх т�##� дээр бодолцоосой.Амжилт хүсэе танд.
Танд амжилт хүсье. Охиныхоо хүсэл мөрөөдлийг биелүүлэхийг хичээж,танд хуур захи�##�сан.
Ямар сайхан- өв соёлыг хөгжүүлж , хойч үедээ з�##�гамж х�##�аагаа бэлдэж өргөжүүлээрэй .. АМЖИЛТ ХҮСЭЕ...