Нийгмийн

Ж.Бямбадорж: Монголчуудыг морьгүй, нум сумгүйгээр төсөөлөх аргагүй. Сур харваа бол бидний гээж болохгүй өв

Баруун хязгаар нутаг Баян-Өлгий аймгийн баяр наадам урианхай сурын харваагаар эхэллээ. Монгол Улсын урианхай сурын хүндэт мэргэн, үндэсний сурын спортын мастер, аймгийн начин А.Жанчивдоржийн нэрэмжит аймгийн сурын талбай уухайн түрлэгээр дүүрэн өнжив. Урианхай сур харваа бол төрийн наадмын салхийг хагалан эхэлдэг монголчуудын нэн чухал өв соёл төдийгүй урианхай ястны нэрийн хуудас юм.

Аавынхаа нэрэмжит талбайд алдар нэрээ дуудуулан, сурын алтан шар зурхайд эвэр нум эвшээлгэн зогсоо эрхмийг Ж.Бямбадорж гэдэг. Тэрбээр урианхай сур, үндэсний сурын аймгийн мэргэн, удам дамжсан харваач. Аймаг орон нутагтаа аж төрж, залуу хойч үедээ өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй гавьяатан. Түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе.


-Сайн байна уу та. Сайхан наадаж байна уу. Урианхай сурын харваа аавынх нь нэрэмжит талбайд өргөн дэлгэр болж өнгөрлөө. Харваачид маань нэлээд өндөр байгаа харагдаж байна?

-Аймгийн баяр наадам маань өнөөдөр урианхай сур харваагаар эхэлж, амжилттай өндөрлөж байна. Маргааш үндэсний сур харваа эхэлнэ. Миний аав Баян-Өлгий аймагт сурын спортыг хөгжүүлсэн анхны хүмүүсийн нэг. Социализмын үед сур харваа тийм ч их хөгжөөгүй байлаа. Тэр үед сурын спортыг хүүхэд залууст таниулж нум, сум, сур харвааны хэрэгслүүдийг бэлдэж зааж өгдөг тийм хүн байсан.

Аавын минь дүү Улсын мэргэн А.Хонгор гэж бий. Бусад дүү нар нь ч мөн спортын мастер, спортын дэд мастер цолтой. Улаанбаатар хотод амьдарч байгаа. Аавынхаа зааж сургасан зүйлс, өв уламжлалыг нь авч үлдэж, орон нутагтаа сурын харваагаараа хичээллэж, хүүхэд залууст зааж сургаад явж байна.

-Та өөрөө өнөөдөр сум тавив уу?

-Харвасан. Жил болгон наадамдаа оролцдог. Жил бүр долоодугаар сарын 11-нд Улсын баяр наадамтай хамт болдог. Энэ жилийн хувьд манай аймагт шүлхийн өвчлөл гарсаны улмаас хойшилж, өнөөдөр эхэлж байна. Манай аймгийн харваачид ихэнх нь улсын цол, зэрэг авахын төлөө Улсын баяр руу явдаг. Үлдсэн харваачид нь аймгийн наадамдаа цэц булаалдаг. Миний хувьд 2001 онд Үндэсний сурын аймгийн мэргэн, спортын дэд мастер цол авч байсан. Урианхай сураар 2014 онд Аймгийн мэргэн 2025 онд спортын мастер болсон.

-Алтан шар зурхайд аавынхаа нэрийг дуудуулах сайхан. Таны хувьд аавынаа нэрэмжит талбайд алдрыг нь дуудуулах хувьтай төржээ. Мэдээж сайхан мөч байх?

-Сайхан байлгүй яах вэ. Энэ сурвын талбайг миний аавын нэрэмжит болгосон нь учиртай. Баян-Өлгий аймгийн харваачид, ард түмэн  маань хүндэлдэг, хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж байгаагийн илрэл юм. Хэдийгээр аав маань хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч сурынхаа талбай руу ороод ирэхэд аавын минь нэр угтдаг. Гоё шүү гоё.

- Урианхайчуудыг эртнээс нааш баатарлаг түүхтэй, цэц мэргэн хүмүүс байсан гэлцдэг?

-Буурлуудаасаа сонсож өссөн үүх түүх олон бий. Урианхай сур Чингис хааны үеэс үүсэлтэй. Чингис хаан аян дайнд ялалт байгуулчихаад буцаж явахдаа дайчдаа түр амраах зуур цэц мэргэнийг нь сорьдог байж. Ингэхдээ мориных нь цулбуур ногтыг бөөрөнхийлж тавьж харваснаас эхлээд урианхай сур харваа үүссэн гэдэг юм. Тийм учраас харваж байгаа бай нь бөөрөнхий сур байдаг. Үндэсний сур харвааны хасаа арай өөр байдаг. Урианхай сурыг байг сураар зангидаж, бөөрөнхийлж хийдэг. Аав маань бөөрөнхийлж зангидах сурыг хүртэл хийж, зааж өгдөг байсан.

Урианхай сур Чингис хааны үеэс үүсэлтэй. Чингис хаан аян дайнд ялалт байгуулчихаад буцаж явахдаа дайчдаа түр амраах зуур цэц мэргэнийг нь сорьдог байж. Ингэхдээ мориных нь цулбуур ногтыг бөөрөнхийлж тавьж харваснаас эхлээд урианхай сур харваа үүссэн гэдэг юм. Тийм учраас харваж байгаа бай нь бөөрөнхий сур байдаг. Үндэсний сур харвааны хасаа арай өөр байдаг. Урианхай сурыг байг сураар зангидаж, бөөрөнхийлж хийдэг. Аав маань бөөрөнхийлж зангидах сурыг хүртэл хийж, зааж өгдөг байсан.

-Монголд сур харвааны олон төрөл бий. Таны хувьд урианхай ястан. Үндэсний сур харваагаар ч хичээллэдэг. Тэр утгаараа урианхай сурын онцлогийг хамгийн сайн тайлбарлах болов уу?

-Урианхай сурын бусад сур харваанаас ялгагдах онцлог нь онох бай нь хүнд. Оноо тооцох зарчим нь өөр. Ард, урдаа 20 см өндөр овоолсон шороотой, хоорондох зай нь долоон метр. Түүнийхээ 2.5 метр нь сураа өрнө. Оносон сур цаашаа 3 метр гаруй өнхөрч, шороон хаалт дээгүүр давж байж оноонд тооцдог. Хэдий оносон ч шороон дээгүүр давахгүй бол оноонд тооцохгүй. Ер нь болд хүнд спорт. Зөвхөн эрчүүд харвана. Эмэгтэй хүн харвадаггүй. Нум нь хатуу.

-Та хэдэн настайдаа нум сум харваж сурав. Мэдээ орох цагаасаа л нум сумтай ахуйд өсөж шүү дээ?

-Зургаа, долоотойгоосоо харваж сурсан даа. Өвөө маань сурын спортоор хичээллэдэг хүн байсан. Ааваас өмнө аймаг, орон нутагтаа сур харвааг хөгжүүлж ирсэн хүн. Өвөө, эмээгийнхээ хажууд багаасаа сур харвааны соёлыг харж өссөн. Бургас модыг тайрч хийсэн хавчаахай нум гэж байдаг юм. Анх тийм нумаар харваж сурсан. Тэр үеэс эхэлж тооцвол 40-өөд жил харваж байна.

-Та цэц мэргэчүүдийн удам урианхай ястан болон мэндэлж, өв удамжлалаа түгээн дэлгэрүүлж явна. Хүн болж төрсний нэгэн бахархал юм аа?

-Тэгэлгүй яах вэ . Хүн гэдэг чинь хаана хэн болж төрснөөрөө омогшино. Монгол хүн болж төрөх сайхан. Тэр дундаа баруун хязгаар нутагт урианхай хүн болж төрсөн дөө бахархдаг. Эх нутаг, газар шороондоо эзэн болоод өв соёлоо үргэлжлүүлж яваадаа талархдаг.

-Эртнээс нааш баруун хязгаар нутгаа сахин суугаа хүмүүс шүү дээ?

-Энэ жил аймгийн төвийн урд талын хайрханд эзэн Чингис хааны хөргийг бүтээж, бид бүгдийг омогшуулсанд баяртай байгаа. Хангай дэлхий ч энэ жил сайхан. Хур бороотой сайхан зун болж байна. Улсын баяр ч сайхан боллоо. Үндэсний их баяр наадмаар сур харвааны гурван төрөлд Баян-Өлгий аймгийн харваачид хошуучиллаа. Анх удаа эмэгтэй гарамгай мэргэн харваачтай боллоо. Сэтгэл өндөр байна.

-Сур харвааны соёлыг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлж яваа хүний хувьд манай уншигчдад хандаж үг хэлбэл?

-Монголчууд морьтойгоо, нум сумтайгаа дэлхийн талыг эзэлсэн. Сур харваагүйгээ монголчуудыг төсөөлөхийн аргагүй. Энэ бол бидний мартагдашгүй , гээж болохгүй өв соёл. Үр хүүхэддээ ч тэгж захидаг. Суралцаад, хичээллээд авч явах хэрэгтэй. Хүү маань ч өнөөдөр нум сум харваад явж байгаа. Ер нь манай харваачдын хүүхдүүд аав, ээжийгээ дагаад харвадаг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button