Б.Дашдондог: Гадныхан “THE HU” хамтлагийг үзэхийн тулд тайзны урдах байраа алдахгүйг хичээдэг

Хүннү рок хэмээх цоо шинэ урсгалаар уран бүтээлээ туурвиж, маш хурдан нэрд гараад буй “The Hu” хамтлагийн продюсер, тус хамтлагийг санаачлагч Б.Дашдондог Европ дахь аялан тоглолтынхоо дундаас өчигдөр /2019.06.18/ эх орондоо эргэж ирсэн юм. Бид түүнийг Чингис хаан нисэх онгоцны буудалд тосон авч, “The Hu” хамтлагийн аялан тоглолтын сонин хачин болон гадны үзэгчид Монгол хамтлагийг хэрхэн хүлээж авч буй талаар ярилцлаа.
БРАЙТЕНЭЭС ХАМГИЙН АНХНЫ АЯЛАН ТОГЛОЛТОО ЭХЭЛСЭН ГЭДГЭЭ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ МАРТААРАЙ
-“The Hu” хамтлаг хаана ямар фестивалиудад оролцон тоглолтоо хийсэн бэ?

-Саяхан Берлинд “Rock in park”, “Rock am ring” хэмээх фестивалиудад тоглолтоо хийсэн. Дандаа 75-90 мянган үзэгчдийн багтаамжтай фестивалиудад оролцсон. Мөн жижиг хүрээтэй хэдий ч дэлхийд танигдсан, Англиас гаралтай хамтлагуудыг гаргаж ирснээрээ алдартай “Downloads” фестивальд оролцсон. Хамгийн эхний бие даасан тоглолтоо Брайтен хотод хийсэн. Хэдий жижиг хот боловч хүмүүс нь маш сайхан хүлээж авсан. "Брайтенээс хамгийн анхны аялан тоглолтоо эхэлсэн гэдгээ хэзээ ч битгий мартаарай" хэмээн хамтлагийнхандаа хэлсэн. Энэ бол хамгийн дурсгалтай гоё зүйл.
-Цаашид ямар фестивалиудад оролцох вэ?

-Одоогоор манай хамтлагийнхан Англиар аялан тоглолтоо хийж байна. Англид нийтдээ зургаан тоглолт хийнэ. Лондонд “Underworld” хэмээх том фестивальд оролцоно. Энэхүү фестиваль нь томоохон хамтлагуудыг олонд таниулсан гэдгээрээ алдартай. Энэ тоглолтоо хийгээд буцаад Францын Парис руу явна. Европ тивээс ахиад долоо найман орноор аялах, 11 тоглолт хийх дутуу байна.
ГАДНЫХАН “THE HU” ХАМТЛАГИЙГ ҮЗЭХИЙН ТУЛД БАЙРАА АЛДАХГҮЙГ ХИЧЭЭДЭГ
-Эдгээрээс хэд нь фестиваль, хэд нь бие даасан тоглолтууд байв?
-Европын аялан тоглолтоос долоо нь фестиваль бусад нь бүгд бие даасан тоглолтууд байгаа. Өнгөрсөн арав хоногийн дотор дөрвөн фестивальд оролцож, тав зургаан бие даасан тоглолтоо хийсэн.
-Дараагийн төлөвлөгдсөн тоглолтууд тань хаагуур вэ?

-Польш, Чех, Франкурт, Норвеги гэх мэт зөндөө газрууд байгаа.
-Болж өнгөрсөн тоглолтуудыг гадны үзэгчид хэрхэн хүлээж авч байсан бэ?
-Үгээр хэлэхийн аргагүй байлаа. Тоглолтын өмнө “The Hu” гээд зарлаад, хамтлагийнхан гарахаар хүлээж байхад нь л үзэгчид дагаж орилоод, тайзан дээр дуулж байхад нь тэр заалыг нураах гэж байгаа юм шиг хашхираад, тоглолт дууссаны дараа ч мөн биднийг маш их дэмжиж байсан. Гадаадад зөвхөн “The Hu” хамтлагийг маань үзэхийн тулд хүмүүс тайзны урд байраа алдахгүйг хичээж байгаа нь харагдсан.
ХӨГЖМИЙН ЭКСПЕРТҮҮД "ШИНЭЧЛЭГДЭХГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙСАН РОК УРСГАЛЫГ ТАНАЙ ХАМТЛАГ ШИНЭЧИЛЖ ЧАДЛАА" ГЭСЭН
-Дараагийн тоглолтуудын билетийн захиалга маш их байна гэв үү?

-Уржигдар гэхэд л бүх суудал маш хурдан зарагдаад дүүрчихсэн. Зарим газруудад нэмэгдсэн суудалд цөөхөн тоогоор үлдсэн байгаа. “The Hu” хамтлагийн маань анхны тойрон тоглолт гэхэд бүх газруудад билет нь ийм эрэлттэй байгаа нь их өндөр үзүүлэлт юм. Маш бахархмаар санагдсан.
-Таны бодлоор олон улсын сонсогчид юуг хамгийн их сонирхож байна?
-Ерөөсөө л эрч хүч энерги, сүр хүч л юм болов уу даа.
-“The Hu” хамтлагийн талаар хөгжмийн экспертүүд юу хэлж байна вэ?

-Гадаадын рок хөгжмийн экспертүүдийн хэлж буйгаар бол “рок хөгжмийн бүх сонин содон зүйл нээгдчихсэн. Цааш дахиад шинэчлэгдэхгүй гэж үзэж байсан ч танай хамтлаг цоо шинэ шинэчлэл хийж чадлаа. Рок урсгалыг хөгжүүлж шинэ түүхийг бичлээ” гэсэн.
-Цаашдын тоглолтуудад нь амжилт хүсье. Хүннү рок гэдэг урсгалыг дэлхийд гаргахыг ерөөе
-Баярлалаа. Монголчууд маань “The Hu” хамтлагаа сайн дэмжээрэй. Энэ чинь бидний л зүйл шүү дээ. Монгол улсынхаа нэрийг гаргах зүйл учраас Монголчууд маань бидний хаана явж, юу хийж байгааг цаг алдалгүй хүлээж байгаарай.
С.ХОНГОРЗУЛ
Гэрэл зураг: Ч.ОТГОНБАЯР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.