About Mongolia

About Mongolia #8 | Йенс Вундерлих: Нарансэвстэйг нээлгэхгүй байх амлалтыг СОР17 дээр БОУАӨЯ өгсөн. Монгол Улсын Ерөнхийлөгч мөн ижил байр суурь илэрхийлсэн гэж ойлгож байна

Газрын доройтол, цөлжилт, гангийн асуудлыг шийдвэрлэх арга замын талаар хоёр долоо хоногийн турш хэлэлцээ хийсний эцэст Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) өнөөдөр Монгол Улсын Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн билээ. Уг хуралд дэлхийн олон улс орнуудын байгаль экологийн салбарынхан чуулсан юм. Бид СОР17 хурал өндөрлөсний ард Дэлхийн Михаэль Зукковын сангийн Тусгай хамгаалалттай газар нутаг, шим мандлын нөөц газрын албаны дарга Йенс Вундерлихтэй ярилцсан юм. Уг сан нь Монгол орны онгон дагшин, өргөн уудам газар нутагт өнөө хэр нь оршсоор буй анхдагч экосистем, байгалийн үнэт өвийг ЮНЕСКО-ын Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх зорилтот төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр байгаа билээ.

-Монголд тавтай морил. Та уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?

- Баярлалаа. Монгол Улсад дахин ирсэндээ таатай байна. Намайг Йенс Вундерлих гэдэг. Би Германы Михаэль Зукковын сангийн Тусгай хамгаалалттай газар нутаг, шим мандлын нөөцийн газрыг удирдан ажилладаг. Бидний үндсэн үүрэг бол шинээр тусгай хамгаалалттай газар нутаг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мөн ТХГН-т ажиллаж буй мэргэжилтнүүдэд менежмент, сургалт, хяналт-шинжилгээ хийхэд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино. Түүнчлэн бид байгаль хамгаалал, иргэний нийгмийн оролцоог дэмжих зорилгоор тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлж, судалгаа, экспедиц, олон улсын хурал зэрэг хоёр талыг хамарсан шинжлэх ухааны арга хэмжээ зохион байгуулдаг.

Профессор Михаэль Зукков "Right Livelihood Award" гэж байгаль орчны салбарын Нобель ч гэгддэг шагнал 1997 онд хүрсэн бөгөөд тэрхүү шагналынхаа багахан мөнгөөр 1999 онд өөрийн нэртэй санг үүсгэн байгуулсан юм. Өнөөдөр Зуков сан “Хамгаалъя - Тогтвортой хадгалъя - Үнэ цэнийг тодорхойльё” гэсэн үндсэн зарчим баримтлан дөрвөн тивд, 55 орчим хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Манай хэрэгжүүлж буй үйл ажиллагааны цар хүрээ нь хүлэрт намаг хийгээд уур амьсгал хамгаалал, ТХГН болон шим мандлын нөөц газрыг бэхжүүлэх, газар ашиглалтыг тогтворжуулах, эрдэм шинжилгээ судалгааны ажил, солилцооны хөтөлбөр болон байгаль хамгааллын төлөө дуу хоолойгоо өргөх залуу, идэвх санаачилгатай шинэ үеийг бэлтгэн чадавхжуулах ажлуудыг хамардаг.  

Манай сан Монгол Улстай урт удаан, гүн гүнзгий, эрхэм нандин холбоотой. Учир нь профессор Зукков 1973 онд Монгол Улсад тал хээрийн судалгаа хийхээр анх хөл тавьсан байдаг. Тэр цагаас эхлэн профессор Ханес Кнапын хамт Монгол Улсад олонтаа эргэн ирсэн юм. Профессор Ханес Кнап бол олон жил манай сангийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж буй, Монгол төрийн Алтан гадас одонт эрхэм.

Үүний сацуу хувь хүн хоорондын нөхөрлөл, харилцаа ч үүссэн байдаг. Тухайн үед олон Монгол залуус тухайн үеийн Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсад суралцаж байсан бөгөөд Халегийн их сургуулийн залуухан багш, ургамал судлаач Ханес Кнапын эргэн тойронд биологи, физикийн ангийн Монгол оюутан цөөнгүй байв. Тэр үеэс эхлэлтэй нөхөрлөл өнөөг хүртэл үргэлжилж байна. Германд сурч асан тэр “залуухан” Монголчуудтай бид одоо хэр нь холбоотой ажилладаг. Энэ бүхэн бидний ажил үйлсийн утга учир, нэгдмэл зорилго, харилцан итгэлцэл, ойлголцлын тухай он удаан жилийн түүхийг өгүүлж буй хэрэг юм. Ханес, Михаэль нар 1990-ээд оны эхээр Дэлхийн байгаль хамгаалах санг Германд байгуулах ажлыг анхнаас дэмжиж, гар бие оролцон ажилласан байдаг. Тэр хоёр Германы тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээнд хамрагдаагүй үлдсэн сул орон зай буюу байгаль хамгаалалд нэн чухал газруудыг судалж тогтоох ажлыг хийж байжээ. Энэ бол Герман улс нэгдэхээс өмнө Зүүн Германы нутагт хийсэн ажил бөгөөд Майкл Суков энэ эрдэмийн ажлаараа дээр дурдсан шагналыг хүртсэн юм. Тэдний энэ туршлага удалгүй Гүрж улсад нэвтэрсэн бөгөөд Гүрж улсад өнөөдөр өөр хоорондоо холбоотой 15 тусгай хамгаалалттай газрын сүлжээг байгуулсан байна.

Монгол Улсад өнгөрсөн 35 жилийн хугацаанд байгуулагдсан ТХГН-ууд болон өнөөдөр ч өрнөж буй ТХГН-ын санаачилгын үндэс суурь нь 1990-ээд оны эхэн үеийн энэхүү судалгаанаас улбаатай. Тэр үеийг эргэн дурсахдаа Михаэль, Ханс хоёрын нүд нь сэргэж, хүсэл тэмүүллээр дүүрч байхын би олонтаа харж, бас мэдэрч байсан. Монголын ард түмэн тэр үед нийгэм, эдийн засгийн шилжилтийн үеийн хүнд бэрх цагийн туулж байсан ч байгаль хамгааллын шинэ боломжуудыг талархан хүлээн авч, алдалгүй сайн барьж тогтоожээ гэж боддог. Учир нь би Ази тивийн олон орон, ЗХУ задарсаны дараах Зүүн Европ, Кавказ, Төв Азийн орнуудаар их явсан. Тийн явахдаа танайх шиг ийм идэвхтэй иргэний нийгэм бүхий улс оронтой ер нь таарч байгаагүй юм билээ.

Манай сан Монгол Улсын Засгийн газрын санаачлага, хүсэлтийг үндэслэн Монгол орны онгон дагшин, өргөн уудам газар нутагт өнөө хэр нь оршсоор буй анхдагч экосистем, байгалийн үнэт өвийг ЮНЕСКО-ын Дэлхийн байгалийн өвд бүртгүүлэх зорилтот төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Сүүлийн арван жилийн турш бид Монгол Улсын БОУАӨЯ-тай түншлэн энэхүү үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байна.

Зураг: Дэлхийн өвийн судалгааны экспидиц 2023 оны намар

-Таны ярианаас монголтой хэрхэн холбогдож буйг тань сонсох таатай байна. Монгол Улсад анх ирэхэд төрсөн тэр мэдрэмжийг эргээд нэг дурсвал... Анхны тэр л сэтгэгдэл тань он жилүүдийн явцад өөрчлөгдсөн үү. Монголын тухай хамгийн дурсамжтай мөчүүдээсээ хуваалцаач?

-Анх би Монгол Улсад “Нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц”-ийн “Төв Азийн хөхтөн амьтдыг хамгаалах санаачилга”-т нэгдсэн орнуудын II чуулга уулзалтад оролцохоор 2019 онд ирж байв. БНАГУ-д өссөн хүүхэд насны минь мөрөөдөл бол гадаад улсуудаар аялж, хилийн чинадыг үзэх явдал байлаа. Өнөөгийн баруунжсан орны хүмүүст энэ мөрөөдөл хачирхалтай санагдаж магадгүй. Тиймээс миний анхны сэтгэгдэл сониуч, танин мэдэх хүсэл сонирхолтой минь үргэлж холбогдож байдаг. Монгол Улс надад содон сонин, баялаг уламжлал соёлтой, уудам тал хээр, гайхамшигт говь цөл нутагтай, дундрашгүй түүхтэй орон санагдаж байсан.

Улаанбаатар хотын өрнүүн амьдрал, гудамжаар хөлхөх залуус цагийг сайхан, зугаатай өнгөрүүлж буй нь надад өндөр сэтгэгдэл төрүүлж билээ. Зарим хотод мэдрэгддэг бүгчим агаар, дарамт энд үгүй. Тийм болохоор Улаанбаатар надад урам зориг төрүүлж, эерэг сэтгэгдэл төрүүлсэн. Үүний хамт танай хотын автомашины түгжрэл, агаарын бохирдлыг ч анзаарсан. Эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай бөгөөд тийм шийдлүүд ч бий. Герман улсын Засгийн газраас Монгол Улсад техникийн дэмжлэг үзүүлж байна. Энэ дэмжлэгийн хүрээнд сэргээгдэх эрчим хүч, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл нэвтрүүлэхээр ажиллаж буй нь байгаль орчин, ард иргэдийн сайн сайхан байдалд эерэг эрс өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар бол Монгол Улсын бичилхэн хэсэг гэдгийг, би 2023 онд эргэн ирж, анх удаа Монголын хөдөө нутагт,  Дэлхийн өвд нэр дэвшсэн Монголын Их говь цөлд очихдоо мэдэрсэн юм. Тэр жил бид Говийн бага дархан цаазат газрын А, Б хэсэгт ажиллаж, намар нь профессор Ханес Кнапп болон байгалийн төлөө чин сэтгэлтэй үндэсний эрдэмтэд, байгаль хамгаалагчидтай хамт гурван долоо хоногийн турш Говийн их дархан цаазат газрын А, Б хэсгээр хээрийн судалгаа хийж, зэрлэг амьтдын амьдрах орчин болон өнөөгийн байдлыг үнэлэх, учирч болзошгүй аюул занал, төлөвлөгдсөн дэд бүтцийн төслүүдийг судалсан. Тэгэхэд л би Монгол орны хэр уудмыг жинхэнэ утгаар нь ухаарсан юм даа. Улаанбаатараас Баянтоорой хүртэл зайг газрын зураг дээр хуруугаараа заах, өөрийн биеэр туулах хоёр тэнгэр газар шиг ялгаатай юм билээ.

-Танай сан Олон улсын тахь групптэй хамтран КОП17 талуудын чуулга уулзалтын өндөр хэмжээний хэлэлцээрийн 7 хоногт, Цэнхэр бүсэд Монголын Их говь цөл, Дорнод Монголын хуурай хээрийн экосистемийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлыг танилцуулах эвэнт зохион байгуулсан. Энэхүү эвэнтийнхээ гол үр дүнгээс хуваалцана уу? Мөн Монгол Улсад зохион байгуулагдсан КОП17 хурлын талаар та ямар сэтгэгдэлтэй үлдэв?

-Монгол Улсад зохион байгуулагдсан КОП17 талуудын чуулга уулзалтын үеэр бид манай гараг дээрх төдийлөн үнэлэгдээгүй үлдсэн уудам орон зай болох говь цөл, тал хээрийн экосистемийг онцлон, ой болон ус намгархаг газруудын нэгэн адил анхаарлын төвд байж, Дэлхийн өв болох ёстой гэдгийн нотлон харуулахыг зорьсон юм.  Өнгөрсөн 7 хоногт, 8 сарын 27-ны өдөр болсон тус эвэнтэд БОУАӨЯ-ыг төлөөлөн ТХГНУГ-ын дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-гийн Монгол дахь Үндэсний комиссоос нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцож, нээлтийн үг хэлсэн. Ийнхүү Засгийн газар, ЮНЕСКО, эрдэмтэн судлаачид, уран бүтээлчид, иргэний нийгмийн төлөөллүүд нэгэн дээвэр дор цуглаж Дэлхийн өвд нэр дэвшиж буй Монголын Их говь цөл, Дорнод Монголын тал хээрийн эргэн тойронд өрнөж асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэв.

Бид Дэлхийн өвд нэр дэвшүүлж буй ажлынхаа өнөөгийн явцыг олон улсын түвшинд танилцуулахын сацуу иргэний нийгэм болон нутгийн иргэдийн дуу хоолойг хүргэх өргөн боломжийг олгож, нэр дэвшиж буй тусгай хамгаалалттай газрын орчны бүс болон хил залгаа нутагт олгосон ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл, Говийн Их дархан цаазат газрын А хэсэг дэх Нарансэвстэйн хилийн боомтыг сэргээн нээх заалт гэсэн олны анхаарал татсан чухал асуудлыг ил тодоор хэлэлцсэн. БОУАӨЯ эдгээр санаа зовоосон асуудлыг нухацтай авч үзэж, нэр дэвшиж буй нутгийн унаган экосистем болон орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалах байр сууриа олон нийтийн өмнө дахин нотолсон бөгөөд БОУАӨЯ, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс хоёул нэр бүхий газруудыг Дэлхийн өвд нэр дэвшүүлж буй ажлыг тууштай дэмжиж буйгаа илэрхийлсэн. КОП17 талуудын чуулга уулзалтын цар хүрээг бүхэлд нь авч үзвэл Монгол Улс “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриан дор Цөлжилтийн конвенцын бага хурлыг зохион байгуулагчийн хувиар говь цөл, тал хээрийг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд цаашид хэлэлцэх асуудлын хүрээнд ийнхүү тод томруунаар оруулж ирсэн нь нэн сайшаалтай.

СОР17 хурлын үеэр

-Монголын Их говь цөл, Дорнод Монголын тал хээрийн экосистемийг Дэлхийн өвд бүртгүүлэх үндсэн шалтгаан, гол зорилго нь юу вэ? Энэ төсөлт ажил хэзээ эхэлсэн, бас хэзээ дуусах вэ? 

-Монголын Их говь цөл, Дорнод Монголын хээр тал бол өдгөө манай гараг дээр хуруу дарамхан тоотой үлдсэн хүний гар хүрээгүй, өргөн уудам, унаган төрхөө хадгалан үлдсэн нутаг юм. Монголын говь цөлд мазаалай, хавтгай зэрэг дэлхийн өөр ч хаана ч үгүй ховор зүйл амьтад чөлөөтэй нүүдэллэн, хүний нөлөөд үл автан, байгалийн жамаараа оршин амьдарч байна. Энэ хоёр зүйл Олон улсын байгаль хамгаалах холбооны “Устах аюулд орсон” амьтдын “Улаан ном”-ын “Нэн ховор” ангилалд бүртгэгдсэн байдаг. Өнөөг хүртэл Дэлхийн өвийн жагсаалтад манай гараг дээрх томоохон цөл, тал хээр нутаг гайхмаар цөөхөн орсон. Тиймээс Монголын Их говь цөл, Дорнод Монголын тал хээрийг Дэлхийн өвд нэр дэвшиж, тунхагласнаар “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-ийн энэхүү том орон зайг дүүргэхийн сацуу Монгол Улс олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй эрх зүйн дагуу энэ чухал газар нутгаа онгон дагшинаар нь, урт удаан хугацаанд хадгалан үлдэх боломжтой болж буй юм. Монгол Улс ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгүүлэх урьдчилсан жагсаалтад “Монголын Их говь цөлийн ландшафт”-ыг аль эрт, 2014 онд оруулсан юм билээ.

Харин манай Зукков сан 2023 онд БОУАӨЯ-ны урилгаар дээрх нэр бүхий газруудыг Дэлхийн өвд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлсэн юм.  Энэ ажлыг бид Монгол улсад тахь сэргээн нутагшуулах төслийг олон жил тууштай хэрэгжүүлж буй Олон улсын тахь групп болон Монголын шувуу хамгаалах төв, Норвеги улсын Инландын Их сургуультай хамтран хийсэн. Энэ ажлыг Германы Байгаль орчны яамнаас санхүүжлүүлсэн. “Монголын Их говь цөл” нэрээр Дэлхийн өвд бүртгэгдэх газарт 8.3 сая га талбай бүхий харилцан хамаарал, холбоотой зургаан Тусгай хамгаалалттай газар нутаг орж буй бөгөөд орчны бүсийн хэмжээг нэмбэл 12 сая га талбай болно. Нэр дэвшүүлэх бичиг баримтыг тавигдсан шаардлагын дагуу бүрдүүлж 2025 оны 1 сард ЮНЕСКО-д хүлээлгэн өгсөн ба 3 сард шаардлага хангасан буюу Монголын Их говь цөл албан ёсоор Дэлхийн өвд нэр дэвшсэн гэсэн хариу хариу хүлээн авсан. Одоогоор Олон улсын байгаль хамгаалах холбооны шинжээчид техникийн нарийвчилсан үнэлгээ хийж байна. Дэлхийн өвийн хорооны шийдвэр 2027 оны 7 дугаар сарын эхээр Турк Улсад болох хуралдаанаар гарна. Тус хорооны шийдвэр шинжээчдийн дүгнэлт болон газар дээр нь ажиллаж хийсэн судалгаанд үндэслэх ба Олон улсын байгаль хамгаалах холбооны зөвлөмжийг дагадаг. Эцсийн шийд гарталх хугацааны эн тэргүүний зорилт бол тус бүс нутгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулалгүй байх явдал юм.

-Та “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц” болон “Дэлхийн өв” номинацийн талаар жаахан тодруулахгүй юу?

-ЮНЕСКО-гийн 1972 онд баталсан “Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц”-ийн үндсэн зорилго нь хүн төрөлхтний хосгүй ховор нандин, онцгой үнэ цэн бүхий соёлын болон байгалийн өвийн дурсгалт газруудыг олж илрүүлэх, бүртгэх, хамгаалах, сэргээн засварлах ажлыг олон улсын хамтын ажиллагааны үндсэн дээр зохион байгуулж, тэдгээрийг өнөөгийн хүмүүс болон ирээдүй хойч үеийнхэндээ бүрэн бүтнээр нь өвлүүлэн үлдээхэд оршдог. Тус конвенцыг соёрхон баталсан талууд буюу гишүүн улс орнууд Дэлхийн өвийн жагсаалтад тодорхой өвийг нэр дэвшүүлэх эрхтэй. Өвийг нэр дэвшүүлэх үйл явц нь дэлгэрэнгүй баримт бичгийг тавигдсан шаардлагын дагуу боловсруулах, Байгалийн өвд бүртгүүлэх бол Олон улсын байгаль хамгаалах холбоонд, Соёлын өвд бүртгүүлэх бол Олон улсын дурсгалт газар, хөшөө дурсгалын зөвлөлд илгээж үнэлүүлэх,  Дэлхийн өвийн хорооны шийдвэр гарах гэсэн үе шатуудаас бүрдэнэ. Энэ үйл явц бүхэлдээ нэр дэвшиж буй газрууд конвенцын шалгуурыг хангаж буй эсэх, урт хугацааны хамгаалалтад буй эсэх, менежмент нь баталгаатай эсэхэд чиглэнэ.

-Үндэсний хэмжээний хамгийн өндөр зэрэглэлийн хамгаалалтад авсан газар нутгийг яагаад Дэлхийн өвд нэр дэвшүүлдэг вэ? Ийнхүү Дэлхийн өв болох нь тухайн улс оронд ямар үр ашигтай вэ?

Үндэсний хэмжээний буюу улсын тусгай хамгаалалттай газар болон Дэлхийн өвийн статус бүхий газар гэсэн ойлголтыг ялгаж салган тайлбарлах нь зүйтэй. “Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар ГИДЦГ-ын “А” хэсэг улс орны хэмжээнд хамгийн хатуу чанга хамгаалалтын дэглэм бүхий нутаг бөгөөд ашигт малтмал олборлох, мал аж ахуй эрхлэх зэрэг үйл ажиллагааг хуулиар хориглосон байдаг. Гэвч энэ хамгаалалт үндэсний бодлогын түвшинд зарчмын хувьд өөрчлөгдөх боломжтой юм. Харин тухайн газар нутгийг Дэлхийн өвд бүртгэснээр хамгааллын түвшинг дээшлүүлж, олон улсын хэмжээнд давхар хамгаалагдаж буй хэрэг юм. Илүү тодруулбал, хүн төрөлхтөний хувьд хосгүй нандин, ховор, үнэ цэн бүхий өв гэдгийг нотолж, одоо оршин буй хэвээр нь хадгалж, цаашид үргэлжлүүлэн авч үлдэхийг шаардаж, урт хугацааны хамгаалалтыг баталгаажуулдаг.

Мөн тухайн улс өвөөр бүртгэгдсэн үнэт зүйлд сөргөөр нөлөөлөх аливаа шийдвэр гаргахаас зайлсхийж, Дэлхийн өвийн хороонд өвийн байдлын талаар тогтмол тайлагнаж байх үүрэг хүлээдэг. Монгол Улсын хувьд ийнхүү дээрх хоёр Тусгай хамгаалалттай газар нутийг амжилттай нэр дэвшүүлсэн нь дэлхийн олон нийтийн төдийлөн сайн мэддэггүй энэхүү газар нутгийг олон улсад сурталчлан таниулахын сацуу олон улсын байгаль хамгаалалын санхүүжилт, түншлэлд хамрагдах боломжийг эрс нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хамгийн гол нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй дэд бүтцийн төслүүдийг дур мэдэн, чимээгүй хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаж, олон улсын хэмжээний хяналт, хариуцлагын түвшинг нэмэгдүүлж буй хэрэг юм.

Жишээлбэл, 1990 онд профессор Зукков, Кнап нар Шим мандлын нөөц газар болон Байгалийн цогцолбор газрын хөтөлбөрт суурилан Германы зарим тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн статусыг улам баталгаажуулж, олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөх хамгааллын механизмд хамруулсан. Ингэснээр тухайн өвийн бүрэн бүтэн байдлыг үндэсний хууль эрх зүй орчин дангаараа бүрэн хангаж үл чадах эрсдэлийн бууруулж, хамгааллыг улам баттай болгосон байдаг. Үүний сацуу ЮНЕСКО тухайн улс орон Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутаг, дурсгалыг бүрэн бүтэн хамгаалж чадаагүй тохиолдолд хасах эрхтэй байдаг. Саяхан, Германы Дрезден хотод орших, Дэлхийн өвд бүртгэгдсэн түүхэн дурсгалт газарт, Элба гол дээгүүр шинэ гүүр барьснаар тухайн газрын үнэ цэн үгүй болж, Дэлхийн өвийн гэрчилгээг нь цуцалсан. Энэ бол Дрезденчүүдийн хувьд тун харамсалтай явдал болсон бөгөөд хотынхоо тухай бахархан ярих зүйлгүй болсон.

-Монгол Их говь цөл, Дорнод Монголын хээр талыг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх төслийг хэрэгжүүлэх явцад тулгарсан сорилт, саад бэрхшээл юу байсан бэ?

Бий бий. Хамгийн тодорхой жишээ бол Нарансэвстэйн кэйс юм. Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 8 дугаар сард баталсан Засгийн газрын 2024–2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх” заалт орсон, улмаар олон нийтийн дунд ГИДЦГ-ын А хэсгийн өмнөд хилийн дагуу, хязгаарлалтын бүсэд, мазаалай, хавтгай тэргүүтэн дэлхийд нэн ховор амьтдын хамгийн чухал амьдрах орчныг шууд дайран өнгөрөх 270 км замын төсөөлөл бий болсон юм. Энэ бол орхиж боломгүй, маш ноцтой асуудал. Ийм цар хүрээтэй авто замыг говь цөлийн эмзэг экосистемийг дайруулан байгаль орчинд ээлтэй байдлаар барьж байгуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зам баригдвал Дэлхийн өвд тавигддаг үндсэн шаардлагуудын нэг болох “газар нутгийн нэгдмэл, бүрэн бүтэн байдал” гэсэн тодорхойлолт шууд алдагдана. Гэхдээ КОП17 талуудын чуулга уулзалтын үеэр БОУАӨЯ болон ЮНЕСКО уг асуудлыг байгаль орчинд сөрөг байдлаар хэрэгжүүлэхгүй гэсэн амлалт өгсөн. Мөн өөр бусад уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч үүнтэй ижил байр суурь илэрхийлсэн гэж дуулсан. Улс орны энэ амлалт үргэлж хэвээр байж, бодит ажил хэрэг болно гэдэгт бид бат итгэж байна.

Учир нь Монгол Улсын Үндэсний бахархалт амьтан Мазаалай бол байгалийн хатуу ширүүн сорилтыг даван туулсаар ирсэн Монгол хүний тэсвэр хатуужлын илэрхийлэл юм. Монгол Улсын Засгийн газар дэлхийн өмнө уг нэн ховор амьтныг хамгаалах нэр хүндтэй үүрэг хүлээсэн бөгөөд Монголын ард түмэн ч төр засагтаа энэ үүрэг хариуцлагыг нь үргэлж сануулсаар байна хэмээн найдаж байна. Нарансэвстэйн кэйсээс гадна Дэлхийн өвд нэр дэвшүүлсэн бусад ТХГ-ын газрын хилийн цэс дотор уул уурхайн тусгай зөвшөөрөл олгож буй асуудлыг бид тууштай хөндөж ирсэн. Тухайлбал, яг энэ асуудлын улмаас ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 47COM8B.5 тоот тогтоолоор Дорнод Монголын тал хээр нутгийг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх үйл явцыг дахин хянах, тулгарч буй асуудлыг шийдвэрлэсэн талаар тодорхой хариулт өгөх шаардлагатай болсон. Энэ бол эдийн засаг, дэд бүтцийн богино хугацааны эрмэлзэл болон байгаль хамгааллын урт хугацааны бодлого хооронд өрнөдөг мөнхийн зөрчилдөөн юм. Өргөн цар хүрээтэй, үлэмж хэмжээний газар нутгийг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх үйл явц ямагт ийм асуудалтай тулгардаг бөгөөд талуудын тэнцвэрийг ханган ажиллах шаардлагатай болдог.

Бид Дэлхийн өвд нэр дэвшиж буй цаашдын үйл явцыг тууштай дэмжиж, чадах бүхнээ хийх бөгөөд оновчтой шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа геополитик, нийгэм-эдийн засгийн өнөөгийн ээдрээтэй нөхцөлд улс орныхоо хөгжил дэвшил, иргэдийнхээ эрх ашгийг олон талаас нь бодож шийдвэр гаргах учиртай Монгол Улсын байр суурийг бид ойлгож, хүндэтгэж байна. Гэвч онгон дагшин байгаль болон ховор нандин экосистемийг сүйтгэх нь хэзээ ч, ямар ч тохиолдолд давж боломгүй улаан шугам билээ. Бид өнөөгийн хүн төрөлхтөн хийгээд ирээдүй хойчхоо сайн сайхны төлөө тэр хил хязгаарыг зөрчиж үл болно. Одоо буй боомт, зам харилцаа, суурин газарт түшиглэн орон нутгийг хөгжүүлж болно. Чингэхдээ КОП17-ын үеэр танилцуулсан байгаль, зэрлэг амьтдад ээлтэй шугман дэд бүтцийг нэвтрүүлэх нь чухал юм. Үүнд шаардлагатай технологиуд бэлэн, олон улсын түншүүд ч хамтран ажиллахад бэлхэн гэж ойлгосон.

-#NoNaransevstei байгаль хамгаалалтын иргэний хөдөлгөөний талаар та юу гэж боддог вэ? Энэ хөдөлгөөн Дэлхийн өвд нэр дэвших ажилд хэрхэн нөлөөлж байна вэ?

Би байгаль хамгаалах үндэсний сайн дурын Нарансэвстэй хөдөлгөөнийг үнэхээрийн гайхалтай органик хөдөлгөөн гэж боддог. Хэдхэн сарын дотор Монголын эрдэмтэн судлаачид, сэтгүүлчид, хуульчид, эдийн засагчид, орон нутгийнхан, залуу үеийнхэн нэгэн дээвэрт нэгдэж хуулийн дагуу Ди-парламент цахим системээр өргөдөл гаргаж, 2025 оны 1 сар гэхэд өргөдөлд 33000 иргэн гарын үсэг зурж нэгдэн, улмаар УИХ-ын ажлын хэсэг байгуулагдаж, мөн орны 2 сард хөдөлгөөний төлөөллүүдтэй уулзсан байдаг. Үүнтэй зэрэгцээд Монголын хүүхэд залуус олон нийтэд зориулж Их Говийн экосистемийг хамгаалах сэдвээр уран бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь үнэхээр бахархам санагдсан. Энэ бол иргэний нийгэм ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ, тэрхүү жишгээрээ ажиллаж буйн тод илрэл юм.

Өөрөөр хэлбэл, тэд шинжлэх ухааны үндэслэлтэй түгшүүрийн дохиог олон нийтийн мэдлэг ойлголт болгон хувиргаж, улмаар шийдвэр гаргах түвшинд шахалт үзүүлж чадсан гэж харж байна. Манай талаас профессор Кнапп нар Нарансэвстэйн боомтыг нээж үл болох талаар шинжлэх ухааны үндэслэл бүхий албан захидал 2024 оны 3 сард Монгол Улсын УИХ-ын даргад илгээсэн юм. Мөн ОУБХХ-ны ТХГН-ийн комисс болон Олон улсын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцийн газар зэрэг олон улсын байгууллагууд Нарансэвстэйн боомтыг нээх нь мазаалай, хавтгайг мөхөл рүү түлхэж, Монголын Их говь цөл нутаг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдэх үйл явцыг боомилох болно гэдгийг баримтаар нотлон анхааруулж байсан. Бид  Монголын иргэний нийгмийн манлайлал бүхий Нарансэвстэй хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж ирсэн. Тус хөдөлгөөнийхөн болон УИХ-ын ажлын хэсэгт Монголын Их говь цөл нутаг Дэлхийн өвд нэр дэвшсэнтэй холбоотой шинжлэх ухааны үндэслэл бүхий баримт нотолгоо гаргаж өгөх нь бидний үүрэг хэмээн үзэж байна.

-Та бүхэн КОП17-ын зэрэгцээ арга хэмжээнийхээ эхэнд Эгүүр редакцийн бүтээл “Их говийн манаач” баримтат киноны хэсгээс үзүүлсэн шүү дээ? 

-Бид Монголын Их говь цөл, Дорнод Монголын хуурай хээрийн экосистемийг Дэлхийн өвд бүртгүүлэх ажлын нэлээд техникийн шинжтэй илтгэлүүдийн өмнө хүн бүрийн сэтгэлийг хөндсөн халуун дулаан мэдрэмж төрүүлэхийг хүссэн юм. Хатагтайн Жарантайн Мядагбадамын бүтээл “Их Говийн Манаач” баримтат кино яг бидний хүлээлтийг биелүүлсэн. Тус баримтат кинонд дэлхийн хамгийн эрс тэс уур амьсгалтай, хатуу ширүүн газар нутагт манай дэлхийн хамгийн ховор баавгайн нэг Мазаалайг хамгаалах үйлсэд амьдралаа зориулж яваа байгаль хамгаалагчид, судлаачдын амьдралыг харуулдаг. Энэ кино урлагийн гайхалтай бүхээл бөгөөд олон улсын хэд хэдэн кино наадмын шагнал хүртээд буйд баяртай байна.

СОР17 хурлын үеэр "Их говийн манаач" төслийг танилцуулсан юм

-Эцэст нь та Монголын ард түмэнд хандан юу хэлэх вэ?

-Монгол орон бол байгаль эх төрөлх хэмнэлээрээ, уудам орон зайд эрх чөлөөтэй оршин буй дэлхий дээр маш цөөхөн үлдсэн диваажин юм. Цэлгэр говьд нь хавтгай, мазаалай юунд ч үл торон хэрэн нүүдэллэж, малчин хүн уудам талын дээгүүр тэнгэрийн хаяаг төвөггүй тольдоно.  Энэ бол та бүхэнд ховорхон заяасан хувь тавилан төдийгүй асар өндөр хариуцлага юм. Ийм үнэт зүйлийг тээж яваа цагт хөнгөн хуумгай, амар хялбар шийдэл гэж үгүй бөгөөд зөвхөн хүнд бэрх сорилтууд хүлээж байдаг.

Би энэ удаагийн аяны туршид сэтгэл зүрхийг минь татаж, бишрэл төрүүлсэн Монголын залуу үеийнхэнд зориулан цөөн хэдэн үг хэлээд ярилцлагаа өндөрлөе. “Залуус та бүхэнд эх орныхоо онгон дагшин байгаль, соёлын үнэт өв соёлыг агуулсан асар уудам нутгийг орчин үежсэн ирээдүй рүү тээж аваачих өндөр хариуцлага ногдож байна. Биднийг хүрээлэн буй байгаль, уур амьсгалд хал палгүй амьдрах хөгжлийн зам мөр, техник технологийг сонгоорой. Энэ бол та бүхний холын мөрөөдөл бус хажуу дэргэд тань тулж ирсэн сонголт бөгөөд Монгол орныг амьдрахад таатай хэвээр авч үлдэх та бүхний зайлшгүй хийх ёстой зүйл юм”.

-Танд баярлалаа.   

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zov

Холбоотой мэдээ

Back to top button