Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин Трамптай хэлэлцэхдээ АНУ, БНХАУ хооронд дайн үүсэхээс сэргийлэх нөхцөлүүдийг танилцууллаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийж байна. Пүрэв гарагт /2026.09.24/ түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд хүлээн авч, хэлэлцээ. Хэлэлцээний үеэр Ши Жиньпин АНУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллахыг уриалж, хиймэл оюун ухаан, худалдаа, Тайванийн асуудлаарх зөрчил хурцдаж буй энэ үед хоёр улсыг цэргийн мөргөлдөөнд хүргэж болзошгүй Фукидидын хавханд орохгүй байх хэрэгтэйг онцолсон байна.

Өндөр түвшний уулзалтын эхэнд Ши Жиньпин АНУ, БНХАУ-ын харилцан ойлголцлыг бэхжүүлэх нөхцөлүүдийг танилцуулжээ. Ингэж харилцан ойлголцлыг бэхжүүлснээр дэлхийн хоёр их гүрэн цэргийн мөргөлдөөнд хүрэхээс зайлсхийж, харилцан ашигтай хамтын ажиллагааны замд орох боломжтой гэж тэр хэлсэн юм.

Тодруулбал Ши Жиньпин “Сөргөлдөхөд бус, Хятадын үндэстний аугаа сэргэн мандалтыг хэрэгжүүлэх болон Америкийг дахин агуу болгох зорилго зэрэгцэн хэрэгжих ёстой” гэсэн байна. “Америкийг дахин агуу болгох” гэх үг нь Трампын улс төрийн гол уриа билээ.

Ши Жиньпин нэмж “Бид харилцаа холбоогоо бэхжүүлэх хэрэгтэй. БНХАУ, АНУ-ын нөхцөл байдал харилцан адилгүй ч нээлттэй, гүнзгий, тасралтгүй яриа хэлэлцээ хийснээр хоёр улс бие биеэ илүү сайн ойлгож чадна. Ингэхдээ үзэл бодлын зөрчилдөөнөө түр хойш тавьж, нийтлэг зүйлс дээрээ тулгуурлан, харилцан итгэлцлийг бэхжүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.

Тэрбээр мөн “Бид энх тайвнаар зэрэгцэн орших ёстой. БНХАУ, АНУ нар их гүрний хувьд хамтын ажиллагаанаас хоёул ашиг хүртэнэ. Харин зөрчилдөөнөөс аль аль нь хохирно. Тиймээс хоёр орны зэвсэгт хүчин тогтмол харилцаж, хямралын үед харилцаа холбоо тогтоох, хямралаас урьдчилан сэргийлэх механизмаа сайжруулах хэрэгтэй” гэсэн байна.

Ийм нөхцөлийг бүрдүүлж чадвал Фукидидын хавхыг даван туулж болно гэж Ши Жиньпин Трампт хандаж хэлсэн юм. Энэ нэр томьёо нь эртний Грекийн түүхч Фукидидын тодорхойлсон үзэлтэй холбоотой. Тодруулбал Фукидидын хавх гэдэг нь шинээр хүчирхэгжиж буй гүрэн тогтсон байр суурьтай их гүрний давамгайлалд заналхийлэх үед хурцадмал байдал үүсэж, улмаар мөргөлдөөнд хүрэх эрсдэлийг илэрхийлдэг аж.

Ши Жиньпин өнгөрсөн тавдугаар сард Бээжинд Трамптай уулзахдаа мөн энэ нэр томьёог ашиглаж, Фукидидын хавханд орохгүйн тулд Трамп ямар арга хэмжээ авах төлөвлөгөөтэй байгааг асууж байжээ.

Харилцаа холбооны механизмаа сайжруулахаас гадна Ши Жиньпин хоёр улсын хурцадмал байдлыг бууруулах хэд хэдэн санал дэвшүүлсэн юм. Тэдгээр саналын нэг нь 100 мянган америк иргэнийг оюутан солилцооны хөтөлбөрөөр БНХАУ-аар аялуулах байв.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button