About Mongolia #7 | Доктор Л.Мөнхнасан: Кореа Их сургуулийн ганц монгол профессорын хувьд эх орондоо ихийг бүтээх юмсан гэж боддог
“About Mongolia” булангийн маань анхны Монгол зочноор БНСУ-ын Кореа их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Л.Мөнхнасан уригдсан юм. Аав, ээжийгээ баярлуулж доктор хүн болох насан багын мөрөөдөл нь түүнийг жигүүрлэсээр өдгөө хаа хүргэснийг, хилийн чинадад Монгол эх орноо сэтгэлдээ тээж, ирээдүй хойчийнхоо төлөө юу хийж бүтээж буй талаар нь Сөүл хотноо бид ийнхүү хөөрөлдлөө.
Багш маань “Хэрэв чи үнэхээр сайн судалгааны төслийн санал бичвэл санхүүжилт авч чадна. Үгүй бол тэгээд нутаг буц даа” гэж билээ
-“Их говийн манаач” баримтат кино төслийн багийн төлөөллийг ая тухтай хүлээн авсан танд дахин талархал илэрхийлье. Манай “About Mongolia” булангийн анхны Монгол зочин болж буйд тань таатай байна. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.
-Намайг Ламчингийн Мөнхнасан гэдэг. БНСУ-ын Кореа их сургуульд хүрээлэн буй орчны чиглэлээр профессороор (Assisstant Professor) ажилладаг. Анх 2012 онд доктрант оюутан болж ирсэн. 2016 онд докторын зэрэг горилж сургуульдаа үлдэн судлаач профессороор (Research Professor) ажиллаж эхэлсэн. 2026 оны гуравдугаар сараас үндсэн профессорын албан тушаалд дэвшин ажиллаж байна.
-Сурсан сургуульдаа ингэж карьер хийх гадаад хүний хувьд сорилт ихтэй байдаг уу?
-Ер нь гадны судлаач гадны оронд үндсэн ажилтан болох карьерт хүрэх гол үзүүлэлт бол судалгааны үр дүн, судалгааны төсөл боловсруулж санхүүжилт авч хэрэгжүүлсэн байдал, тухайн судалгааны төслийн баг бүрдүүлж удирдан ажилласан зэргээс хамаардаг. Судлаачийн чансааг судалгааныхаа үр дүнг олон улсад нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлж олны хүртээл болгосон байдал илэрхийлдэг бөгөөд сүүлийн үед Field-Weighted Citation Impact буюу FWCI-ийг олон улсад түлхүү хэрэглэж байна. Энэ нь судалгааны чанар, олон улсын нөлөө, ишлэлийн гүйцэтгэлийг үнэлэх үзүүлэлт юм. Эдгээр үзүүлэлтийг харгалзахын сацуу тусдаа шалгуурын дагуу тооцож байж сая тухайн судлаачийг үндсэн профессор болгох эсэхийг шийддэг. Өөрөөр хэлбэл тухайн судлаач хир олон чанартай судалгааны өгүүлэл боловсруулж шинжлэх ухааны сэтгүүлийн редакциас тавьсан босгыг давж хэвлүүлж чадсан гэдэг нь гол шалгуур юм даа.
Гэхдээ шинжлэх ухааны сэтгүүлүүд нь мөн дотроо олон эрэмбтэй мөн 1-р зохиогч, холбоо барих зохиогч эсвэл хамтран зохиогчоор ажилласан уу гэдэг нь их чухал. Миний хувьд тоондоо биш гол нь чанарт анхаарч, чанартай судалгааг эрэмб өндөртэй журналд хэвлүүлэхийг хичээдэг. Өөрийгөө жишээлэхэд анх докторын зэрэг хамгаалж байх үедээ би лабынхаа хүрээнд шинжлэх ухааны сэтгүүлд (SCIE) хоёр өгүүлэл амжилттай нийтлүүлсэн, нэгийг сэтгүүлийн редакцад илгээчихсэн анхны доктрант болж байв. Магадгүй энэ үзүүлэлт маань намайг сургуульдаа үлдэж ажиллах үндэс бас эхлэл болсон болов уу. Тэр үед судлаачдыг олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний ажлын үр дүнг хэвлүүлэхийг шаарддаг үе ид эхэлж байсан юм. Харин одоо бол судлаач бүр судалгааныхаа үр дүнг олны хүртээл болгон хэвлүүлэх нь ердийн шаардлага болсон байна. Сургуулиа төгсөөд нутаг буцахаар зэхэж байтал дипломын ажлыг багш маань сургуульдаа үлдэж, нэг жил докторын дараах судлаачаар ажиллахыг санал болгосон юм. Багш минь надад тэгэж их итгэсэнд би их баярлаж, сургуульдаа үлдэж ажилласан.Жилийн дараа нутаг буцна даа гэж төлөвлөж байв.
-Тэр үед та ирэх 10 жилийн турш сургуульдаа багшлах юм гэж төсөөлж байсан уу?
-Үгүй дээ. Жил тойрч, төлөвлөснөөрөө гэр бүлээрээ Монгол руугаа буцах санаатай байтал багш маань надад “Чи одоо бие даан судалгааны төсөл хэрэгжүүлж чадахуйц сайн судлаач боллоо. Хүсвэл өөрөө судалгааны төслийн санал бичээд үз гэж билээ. Багш маань надад Монголоор бол Шинжлэх ухаан, технологийн сангаас зарладаг шиг төслийн санхүүжилт олгодог БНСУ-ын ШУТЯ-ны харъяа Үндэсний технологийн санд төслийн санал илгээхийг санал болгохдоо “Хэрэв чи үнэхээр сайн төслийн санал бичвэл санхүүжилт авч чадна. Үгүй бол тэгээд нутаг буц даа” гэсэн юм. Одоо эргээд бодоход багш минь надад бэлэн загас биш харин загас барих аргыг маш сайн сургасан санагддаг. Буцах гэж байсан тэр жилээ багшийнхаа зөвлөсөний дагуу 3 жилийн хугацаанд хэрэгжих судалгааны төслийн санал бичиж дээрх санд илгээтэл шалгуурыг нь давж тэнцсэн. Тэгэж анх бие даасан судалгааны төслийн санхүүжилт авч, төслийн удирдагчаар дахин 3 жил сургуульдаа судлаач профессороор ажиллах болсон.
Судлаач профессор гэдэг бол өөрөө судалгааны төслийн санал бичиж, төсөв зохиож, санхүүжилт олж, багаа бүрдүүлж, төслөө удирдан хэрэгжүүлэх эсвэл хэн нэгэн профессорын хэрэгжүүлж буй төслийн хамтран удирдагч, хамтарсан судлаачаар ажилладаг гэхдээ үндсэн сургуулийнхаа харъяанд ажиллана. Сургуулиас үндсэн цалин гэж авдаггүй. Бүх зардал нь хэрэгжүүлж буй төслийнхөө төсөвт тусгагдсан байдаг бөгөөд бүх төслийн зардал сургуулийн санхүүгээр дамжиж хэрэгжинэ гэсэн үг. Бид анхны тэр төслөө амжилттай хэрэгжүүлж, дахин Үндэсний технологийн санд төсөл илгээсэн юм. Тэр төслийн санал маань тэнцэж дахин санхүүжилт авсан.Тэгээд дахин гурван жил судалгаа хийж, оюутнуудад зөвлөж төслийн удирдагчаар ажилласаар эхний зургаан жил өнгөрсөн байдаг юм. Дараагийн гурван жил нь цуг ажилладаг, судлаач профессортой хамтран судалгааны төсөл боловсруулан, санхүүжилт босгож, хэрэгжүүлснээр нийтдээ арваад жил ажиллаж болсон. Тэгээд нутагтаа буцах тухай бодож байтал өнгөрсөн жил сургуулиас намайг олон жил үр бүтээлтэй ажилласан тул үндсэн профессороор ажиллаач гэсэн санал ирсэн. Их сургуулийн үндсэн профессор гэдэг бол судлаачдын хувьд чухал карьер. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлдөөд үлдэж ажиллахаар болсон.

-Эдгээр жилүүдэд таны судалгааны ажлын гол сэдэв юу байсан бэ? Докторын зэрэг хамгаалсан бүтээлийн тань сэдэв юу байв? Бусад судалгааны сэдвүүд тань өөр байсан уу?
- Би анх сургуульдаа ирээд байгаль орчныг зайнаас тандан судлах лабд харъяалагдсан. Байгаль орчны судалгаа үнэлгээнд сансарын зургийн технологи ашиглана гэсэн үг. Шинжлэх ухааны докторын зэргийг “Монгол орны газрын доройтол буюу газрын бүрхэвчийн өөрчлөлтийг зайнаас тандан судлах нь” гэсэн сэдвээр судалгаа хийж хамгаалсан. Судлаач профессороор ажиллахад эхний гурван жилийн судалгааны сэдэв бол “Дэлхийн хэмжээнд газрын доройтол болон газрын бүрхэвчийн өөрчлөлтийг судлах нь” байв. Энэ судалгааныхаа хүрээнд нилээд хэдэн шинжлэх ухааны өгүүлэл олон улсын сэтгүүлд илгээж олны хүртээл болгосон. Удаах гурван жилийн судалгааны төслийн сэдэв “Газрын бүрхэвчид суурилж дэлхийн нүүрстөрөгчийн хуримтлалыг тодорхойлох нь” байв. Сүүлийн жилүүдэд бусад эрдэмтэдтэй хамтарсан төслийн хүрээнд нүүрстөрөгчийн хадгалалт, мөнх цас, мөсөн голын хайлалт, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт Азийн уулархаг бүс нутагттэр дундаа гурав дах туйлын бүс нутагт (Third Pole) хэрхэн илэрч, малчин иргэдийн амьдралд ямар нөлөө үзүүлж буйсудалгаан дээр төвлөрч байна. Гурав дах туйлын бүс нутаг (Third Pole) бол дэлхийн цэвэр усны нөөц гэж та бүхэн сонсож байсан байх. Гэвч сүүлийн жилүүдэд тус бүс нутагт мөнх цас, мөсөн голууд хайлах шинж тэмдэг ажиглагдсан. Ингэснээр ирээдүйд дэлхийн цэвэр усны нөөц хомсдох эрсдэлтэй гэж олонхи судлаачид үзэж байна.
-Судалгааны сэдвийн хувьд ингээд шилжээд явдаг ч Монгол хүний хувьд энэ ажлуудаа тийш нь чиглүүлэх, уях боломж хир байдаг вэ?
-Миний саяын дурдсан судалгааны ажлууд судалгааны талбайн хувьд олон улсыг хамарч хийгддэг. Ази тив, Монгол орон маань томоохон газар нутагтайн хувьд судалгааны ажлын хүрээнд, судалгааны талбайд хамрагдаад явдаг. Жишээ нь мөнх цас, мөсөн голын судалгааны хүрээнд Монгол Улсын баруун хэсгийн өндөр уулархаг нутагт төвлөрөн ажиллаж байгаа. Тухайлбал Ховд аймгийн Мөнххайрхан уулын мөнх цас, мөсөн гол түүнээс эх авдаг нууруудад судалгаа хийсэн ажлын үр дүнг эхний байдлаар гаргаад байна. Миний судалгааны чиглэл өөрөө хүрээлэн буй орчны зайнаас тандан судлал шүү дэ тиймээс сансрын зураг, статистик аргачлалыг түлхүү ашигладаг.
-Монгол орны өндөр уулсын мөнх цас, мөс хайлж буй гэж яригддаг ч иргэн Дорж яагаад гэдгийг нь төдийлөн мэдэхгүй байна л даа. Тэгэхээр таны энэ судалгааны хүрээнд ямар үр дүн гарав? Бид цаашид юунд анхаарал хандуулбал зохилтой вэ?
-Манай Монгол орны хувьд Third Pole буюу гурав дах туйлын бүс нутгуудыг бодвол мөнх цаст оргилууд арай бага гэж тооцогддог. Гэхдээ нилээдгүй хэмжээнд оршиж буй. Бид энэ судалгааныхаа ажлын хүрээнд МУИС-ийн О. Алтансүх багш болон МУИС-ийн харъяа баруун бүсийн Ховд дахь салбар сургуулийн Д.Отгонбаяр багштай хамтран ажиллаж байна. Энэ чиглэлд олон жил судалгаа хийсэн Д.Отгонбаяр багштай хамтран Мөнххайрханыг тойрсон сумдын малчидтай уулзаж, дээж авч, ярилцаж байхад тэд хайрханы мөнх цас нүдэн дээр нь хайлж буйг хэлж байсан. Түүнээс гадна 2021 оны 7 сард Цамбагарав уул орчимд үер буужмалчид маш их хохирол амссан юм билээ. Малчид тухайн үедээ шар усны үер боллоо л гэж бодоод өнгөрсөн гэнэ. Д.Отгонбаяр багшийн багийн урьдчилсан дүгнэлтээр тэр үер өндөр уулын мөнх цасны хайлалтын нөлөөгөөр бий болсон байж болзошгүй гэж үзсэн нь олон улсын сэтгүүлд хэвлэгдсэн (https://link.springer.com/article/10.1007/s11629-025-9551-1) юм.
Ийм асуудал өндөр уулын бүсэд тохиолдох магадлал ихсэх хэрээр эргэн тойронд нь нутаглаж буй малчдын амь амьдралд учрах эрсдэл тэр хэрээр нэмэгдэж байна. Мөнххайрхан орчимд хийсэн судалгааны эхний үр дүнг бусад орнуудынхтай харьцуулж үзэхэд Third Pole -ын зарим бүс нутагт өндөр уулын мөнх цас хайлахад түүнээс эх авч буй нуурын усны хэмжээ нэмэгдэж, талбай нь тэлэж буй бол манай Мөнххайрхан уулаас эх авч буй нууруудын усны түвшин шальтай нэмэгдэхүй байдал ажиглагдсан. Бид тэндээс усны дээж болон судалгаанд шаардлагатай олон жилийн өгөгдлийг цуглуулан дүн шинжилгээ хийж үзэхэдтухайн бүсэд атмосферийн хуурайшилт болон ууршилтын нөлөө эрчимжиж байж болзошгүй шинж тэмдэг ажиглагдсан. Өөрөөр хэлбэл энэ бүс нутгийн мөсөн голоор тэжээгддэг нууруудын усны горим нь гидрологийн нөхөн тэжээлээс илүүтэйгээр атмосферийн хуурайшилтын нөлөөнд улам бүр автаж байгаа бөгөөд энэ нь уур амьсгалын стресс (хямрал) эрчимжихийн хэрээр усны системүүд ууршилт давамгайлсан төлөв рүү шилжих магадлалтайг харуулсан. Судалгааны үр дүнгээс харахад доод нуурууд усны алдагдал болон атмосферийн хуурайшилтад үлэмж мэдрэг байна гэсэн үг.
Мөнххайрхан уул Баян-Өлгий болон Ховд аймгийн нутгийг дамнан, далайн түвшнээс дээш 4362 метрт орших ба Монгол Алтайн нурууны томоохон мөсөн голуудын эх ундарга болдог. Түүнээс эх авсан Дунд Цэнхэр, Хойд Цэнхэр, Булган голын хөндийд дагуу Хөх нуур зэрэг үзэсгэлэнт нуурууд бий. Мөнххайрхан орчимд хийсэн судалгааны эхний үр дүнг ижил төстэй бүс нутгийнхтай харьцуулж үзэхэд бусад орны өндөр уулын мөнх цас хайлахад түүнээс эх авч буй нуурын усны хэмжээ нэмэгдэж, талбай нь тэлж буй бол манайд эсрэгээрээ Мөнххайрхан уулаас эх авч буй нууруудын усны түвшин шальтай нэмэгдэхүй байдал ажиглагдсан. Өөрөөр хэлбэл тэнд УАӨ-ийн нөлөөгөөр хуурайшилт болон ууршилт их байна гэсэн үг.
-Та судалгааныхаа ажлыг ийнхүү Монгол орон руугаа чиглүүлж буйд талархалтай байна. Энэ хүрээнд Монгол Улсын шинжлэх ухааны байгууллагуудтай харилцан мэдээлэл солилцдог уу?
-Би Монгол хүн, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүний хувьд, бас Кореа их сургуулийнхаа хэмжээнд үндсэн профессороор ажиллаж буй ганц Монгол хүний хувьд чадах чинээгээрээ Монголдоо хэрэгтэй зүйл хийж бүтээхсэн гэж бодож явдаг. Өнгөрсөн жилүүдэд эх орондоо тус нэмэртэйнилээдгүй ажлуудыг хийсэн байна. Судалгаа шинжилгээний төслийн хувьд эхний бодит ажил маань МУИС болон Кореа Их сургуулийн хамтран хийж буй дээрх судалгаа юм. Монголынхоо эрдэмтэн судлаачидтай ч их ойр ажилладаг. Өнгөрсөн жилийн 8 сард бид олон улсын эрдэмтдийн хурлыг Монгол Улсад зохион байгуулсан. Кореа сургууль үндсэн зохион байгуулагчаар, Монгол талаас Хас банк, МУИС хүлээн авагч талаар, бусад байгууллага хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагуудаар ажилласан. Бид тус хурлын үеэр нүүрстөрөгчийн хуримтлал, УАӨ болон өмнө нь миний ярьсан асуудлуудыг хэлэлцэж цаашдын хамтын ажиллагааг тодорхойлсон.

-Шинжлэх ухааны өгүүллүүд тань Кореа их сургуулийн нэрээр гардаг уу?
-Энэ бас миний нэг санаа зовж явдаг асуудлын нэг. Миний бие доктрант байхаасаа олон улсын сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж эхэлсэн. Гэхдээ тухайн судалгааны ажлын 1-р зохиогч нь Монгол хүн байвч үндсэн автор нь Кореа их сургууль гэж бичигддэг байв. Харин МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэнгээс гэрээт ахлах судлаачаар, сайн дураараа, зайнаас ажиллах болсноос хойш хэвлэгдэж буй бүтээлүүдэд маань МУИС-ийн нэрийг давхар харъяалалаар оруулж байхаар болсон. Ингээд сүүлийн 5 жилийн хугацаанд хэвлэгдсэн бүтээлүүдийн маань автороор Кореа их сургуулийн араас МУИС маань бичигдэх болсон юм.
-Энгийн уншигчдад зориулан та зайнаас тандан судлалын талаар дэлгэрүүлж ярьна уу.
Зайнаас тандан судлал гэдэг нь дэлхийн гадарга, байгаль орчин болон хүний үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тухайн газар дээр нь очихгүйгээр хиймэл дагуул, дрон, нисэх онгоц зэрэг төхөөрөмжийн тусламжтайгаар цуглуулж, шинжлэх ухааны аргаар боловсруулах технологи юм. Өөрөөр хэлбэл, сансраас дэлхийг “ажиглаж”, өөрчлөлтийг нь хэмжиж судалдаг арга гэж ойлгож болно. Гэхдээ эдгээр үр дүнг газрын хэмжилт, хээрийн судалгаагаар баталгаажуулах нь маш чухал байдаг. Өнөө үед зайнаас тандан судлал нь байгаль орчны судалгаа, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ойн доройтол, мөсөн голын хайлалт, усны нөөц, газар ашиглалт зэрэг маш олон салбарт өргөн хэрэглэгдэж байна.
Жишээлбэл, хэдэн арван жилийн өмнөх хиймэл дагуулын зурагтай өнөөдрийн зургийг харьцуулснаар ой багассан эсэх, гол мөрөн ширгэсэн эсэх, эсвэл хот суурин хэрхэн тэлж байгааг нарийвчлалтай тогтоох боломжтой.Мөн сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан болон зайнаас тандан судлалыг хослуулснаар байгаль орчны ирээдүйн өөрчлөлтийг урьдчилан таамаглах судалгаанууд эрчимтэй хөгжиж байна. Энэ нь зөвхөн эрдэм шинжилгээний ач холбогдолтой бус, бодлого боловсруулагчид, орон нутгийн удирдлага, малчид, байгаль хамгаалагчдад ч шийдвэр гаргахад чухал мэдээлэл өгдөг болсон. Тиймээс зайнаас тандан судлал нь орчин үеийн шинжлэх ухааны хамгийн чухал, хурдацтай хөгжиж буй салбаруудын нэг бөгөөд дэлхийн өөрчлөлтийг ойлгож, тогтвортой хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
-Таны мэргэжлээр Монголоос оюутнууд ирж танай их сургуульд сурдаг уу? Таны эзэмшсэн мэргэжлийг залуучууд ер нь хэр их сонирхдог вэ?
-Зайнаас тандан судалгааны салбар бол шинжлэх ухааны харьцангуй шинэлэг салбар л даа. Тиймээс залуучууд их сонирхдог. Энэ салбар шинжлэх ухааны бусад салбартай нягт уялддаг. Сансарын зураг ашиглаж хот төлөвлөлт, байгаль орчин, үл хөдлөх хөрөнгө гээд орохгүй салбар үгүй болсон. Мөн манай салбар технологийн дэвшлийг дагаад эрчимтэй хөгжиж байна. Өнгөрсөн жил манай сургуулийг нэг Монгол оюутан доктор зэрэгтэй төгсөөд мэргэжлээрээ Солонгост ажиллаж байна. Одоо нэг Монгол доктрант оюутан сурч байна. Цаашид өөрийн судалгааны багтаа Монгол оюутнуудыг авч ажлуулах сонирхол бол бий.
-Ер нь Солонгосын их сургуульд Монголчууд хир их сурдаг вэ? Элсэн суралцахад гол анхаарах зүйлс юу байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд Солонгос суралцдаг Монголчуудын тоо маш их нэмэгдэж байна. Гэхдээ миний ажигласнаар тэд маань манайх шиг шинжлэх ухааны кампуст бус нийгмийн ухааны кампуст илүү олон болж буй харагддаг. Манайд бол их цөөхөн. Гэхдээ яах вэ, сүүлийн хоёр, гурван жилд харьцангуй нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс манай залуучууд шинжлэх ухааны салбарт дурлаж, сонгох нь улам нэмэгдэж хэмээн найдаж сууна даа.
-Хүмүүс шинжлэх ухаанд дурлах нь ховордож буй нийгэмд бид амьдарч байна. Та анх яагаад шинжлэх ухаанд дурлах болсон бэ? Анх Солонгост ирж байсан түүхээсээ хуваалцана уу?
-Би МУИС-ийн Газар зүйн ангийг 2003 онд төгссөн. Манайх аймгийн төвийн айл л даа. Зуны гурван сар аав, ижийтэйгээбүр хөдөө гардаг байв. Аав маань тээврийн жолооч хүн. Зун болмогц гэр бүлээрээ аавыхаа Зил-130 машины гүүзэв дээр суугаад хөдөөгүүр явдагсан. Тэгэж явах надад их сайхан,газруудын нэрийг цээжлээд л. Газар зүйн хичээлдээ ч ихдуртай. Шинжлэх ухааны салбарт орохоор шийдсэн түүхмаань хөгжилтэй. Намайг 7-р анги төгссөн тэр зун манай Заг сумын тэгш ой болдог юм. Аав, ижий хоёр минь сумынхаа ойн баярт явж, айлын том охины хувиар би гурван дүүгээ хараад хөдөө мал дээр үлдэв. Тэд маань буцаж ирээд өөр зуураа сумын ойн баярт уригдан ирсэн зочдын талаар гангар гунгар хийж буйг чагнах нь ээ “Манай сумын Пүрэвсүрэн доктор хотоос иржээ. Хэлж ярих нь бас өөр байна шүү” гэх нь чих дэлсэв. Тэр яриа өсвөр насны охин надад гүн сэтгэгдэл үлдээж, “Ямарчиг байсан тэр доктор гэдгийг нь болох юм шүү. Тэгвэл аав ижий хоёр минь магнайгаа хагартал баярлах юм байна” гэж бодож суусансан. Тэр хоёрыгоо тэгэж баярлуулах нь хүүхэд насандтөрсөн нандин хүсэл минь байжээ. Аав ижийн минь тийн ярьж суусан эрдэмт хүн бол ШУА-ийн Химийн хүрээлэнгийн захирал асан, академич Б.Пүрэвсүрэн гуай байв. Манай Монгол Улсын тэргүүлэх эрдэмтдийн нэг.
Тэр үед би Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийн сурагч байв. Тэгээд намар хичээл эхлэнгүүт н.Хорлоо багшийнхаа удирдлагаар Газар зүйн олимпиадад бэлдэж эхэлсэн дээ. Жил бүр шахам газар зүйн ухааны хичээлийнсорилд орох болж, улмаар МУИС-ийн Газар зүйн ангид элсэн суралцаж билээ. Тэгэхдээ би 9-р ангиас “үсрээд” оюутан болчихсон хүн. Тэр үед 9-р ангийн Газар зүйн олимпиад гэж болдоггүй, зөвхөн 8 болон 10-р ангийнх гэж байдаг байв. Тэгээд 9-р ангид байхдаа 10-р ангийнхантай олимпиадад үзсэн чинь шагналт байранд орчихов оо. Тэгсэн ээж маань намайг үндсэн хичээлтэйгээ давхар оройн ангид 10-р ангийн хичээл үзэж байгаад хавар сургуулиа төгсөхийг санал болгосон юм. Би ч ээжийнхээ үгнээс гардаггүй хүүхэд байсан болохоор тийн хоёр ангийн хичээл зэрэг үзэж яваад хавар нь анги төгсөх шалгалтуудаа тун дажгүй давж, улмаарих сургуулийн элсэлтийн шалгалтанд тэнцэв. Тэгээд л намар нь МУИС-ийн Газар зүйн ангид суралцахаар Улаанбаатар хотыг зорьж байлаа. Их сургуульд сурч байхдаа оюутны эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Газарзүйн салбарын Д.Эрдэнэцэцэг багшийнхаа удирдлагаар илтгэл бэлдэж хэлэлцүүлдэг байв. Д.Эрдэнэцэцэг багш маань намайг судалгаа шинжилгээний салбарт анх дурлуулж, түшиж тулсан хүн дээ. Төгсөөд хэсэг багшилж байгаад 2008 онд ШУА-ийн Гео-экологийн Хүрээлэнгийн Цөлжилтийн судалгааны төвд эрдэм шинжилгээний ажилтан болсон. Тус төвийг газар зүйн ухааны доктор А.Хауленбек тэргүүлдэг байв. Тэндээ 5 жил ажиллаж байгаад 2012 онд Кореа их сургуульд элсэн суралцсан.

-Дэлхийн улс орнуудыг харахад хүүхдээ шинжлэх ухаанд дуртай болгож өсгөх талаар юу хийж байх шиг байна? Яагаад Монгол оюутнууд танай кампуст цөөн байна вэ? Бид ер нь ямар алдаа хийгээд байгаа юм бол?
-Миний бодлоор хүүхдийг дунд сургуульд сурч байх үед нь шинжлэх ухааны суурь ойлголтыг маш сайн өгмөөр санагддаг. Ялангуяа шинжлэх ухааны хялбар туршилтуудыг лабораторын орчинд хийлгэж баймаар байна. Жишээлбэл бидний амьдарч буй Солонгос улс хүүхдүүдээ ерөнхий боловсролын сургуульд сурч байх үеэс сонирхолыг нь харгалзан байгалийн болон нийгмийн чиглэлийн хичээл түлхүү үзэх байдлаар тус тусад нь сургадаг.
Шинжлэх ухааны чиглэл сонгосон хүүхдүүдэд судалгаа шинжилгээ хийх орчин маш сайн бүрдүүлж өгсөн байдаг. Хүүхдэд шинжлэх ухаанч сэдэл төрөхөөр, тэдний сонирхолыгтатахуйц лабораторын жижиг ажлууд хийлгэх замаар салбарын ирээдүйн эрдэмтэн судлаачдыг бэлддэг. Тиймээс хүүхдүүдийг дунд сургуульд байхаас нь бодлогоор шинжлэх ухаанд дурлуулах, суурь боловсрол олгох нь манай салбарын залгамж халаа тасрахгүй байх үндэс суурь болно гэж боддог.
“Манай сумын Пүрэвсүрэн доктор хотоос иржээ. Хэлж ярих нь бас өөр байна шүү” гэх нь чих дэлсэж билээ л...
-Таны амжилтын түүхийг сонсох нэн таатай байна. Энэ бүх амжилтыг гаргах явцад, ялангуяа Солонгост карьерхийх явцад танд бэрхшээл тулгарч байв уу?
-Гадаад оронд гадны оюутан болж суралцана гэдэг амаргүй. Тэр үед би лабраторидоо ганцаараа хүүхэдтэй оюутан байсан. Манай Кореа их сургууль улсынхаа топ гурван сургуулийн нэг учраас үндэсний хэмжээнд сурлагаараа шигшигдсэн хүүхдүүд элсэн суралцдаг. Тийм хүүхдүүдтэй хамт сурна гэдэг миний хувьд том сорилт байлаа. Би эх орондоо шинжлэх ухааны тэргүүлэх байгууллагат, үндэснийхээ шилдэг эрдэмтэдтэй ажиллаж байгаад ирсэн ч олон улсын сэтгүүлд өгүүлэл бичиж хэвлүүлэх талаар ямар ч ойлголтгүй хүн байв. Тэр үед манайд барууны оронд төгсөж ирсэн цөөхөн хэдэн эрдэмтэн л олон улсын сэтгүүлд судалгааны ажлынхаа үр дүнг хэвлүүлдэг байсан бөгөөд биднийг олон улсад судалгааныхаа үр дүнг хэвлүүл ч гэж шаарддаггүй байлаа. Бид ихэвчлэн дотоодынхоо сэтгүүлд л өгүүлэл нийтлүүлдэг байсан юм. Тийм орчинд дасал болсон хүн энд ирээд, докторын зэрэг горилоход заавал гадаадын нэр хүндтэй сэтгүүлд тэр дундаа SCIE журналд англи хэлээрсудалгааны ажлынхаа үр дүнг хэвлүүлэх шаардлагатай нүүр тулав. Тэгээд нэг хэсэг их стресстсээн. Тэгээд өөртөө “би чинь энд Мөнхнасан гэдэг нэрээр бус Монгол гэдэг нэрээр л дуудуулана. Тиймээс нэр хичээж даваад гарна шүү” гэж хэлээстэй. Ер нь Монголчууд бидний бусдаас ялгарах нэг онцлог бол аливаа юманд дасан зохицох өндөр чадвар, сэтгэлийн их хат юм билээ. Тэгээд л олон улсын сэтгүүлд судалгааныхаа үр дүнг хэвлүүлэх гэж өндөр шөнөгүй суух болсон. Гэр бүл, хоёр жаахан хүүгээ харж хандахын хажуугаар амжуулсан даа. Сайн нөхөртэй тулдаа л судалгааны ажлынхаа ард гарсан гэж боддог юм. Сэтгэлд тамгалагдсан сургамж гэвэл доктрант болсон гурав дахь жилээ харъяа лабынхаа гурав, дөрвөн оюутантай, бас багштайгаа Хятадад болсон олон улсын хуралд явсан юм.
Тэнд би өөрийн судалгааны ажлын үр дүнг илтгэх байв. Тэгтэл яг урд орой нь докторын зэрэг хамгаалах үүд хаалгыг нээх учиртай эхний өгүүлэлээ илгээсэн олон улсын сэтгүүлээс баахан засвар хийх даалгавар ирлээ. Засаад буцаан илгээх ёстой цаг хугацаа нь яг миний илтгэл тавих өдөртэй давхацчихсан. Тэр цаг хугацаанд нь тэндээс ирүүлсэн зөвлөмжийн дагуу засвар хийж илгээхгүй бол миний өгүүлэл хэвлэгдэхгүй цуцлагдах журамтай. Тэр үед англи хэлээр илтгэл тавина гэдэг надад бас чамгүй сорилт байв. Өдөр нь илтгэлээ тавьчихаад орой нөгөө засвараа хийхээр явахдаа нөгөө хэдээсээ тусламж хүслээ. Манай хэд яах вэ хурлаа амжилттай дүүргэсэн улс чинь нутгийнхаа заншлаар хамт гарч орох болоод надтайгаа манатай. Тоож байгаа ч янз алга. Би өрөөндөө ороод цагтай уралдаад үзэж тарлаа даа. Амжиж завсаруудаа оруулаад яг илгээх гэтэл Хятадад гүүгл ажиллахгүй, би ч сандарч тэвдэн гарч гүйгээд, ийш тийш харайгаад л. Нөгөө хэд маань тоох ч үгүй. Арай гэж яахуугаасаа дахин дахин орж байж цагтаа амжиж илгээж билээ, анхны өгүүлэлээ. Тэр өдөр би нэг юмыг яс махандаа тултал ойлгосон юм. Тулсан газар хэзээ ч бусдад найдаж болохгүй юм байна гэдгийг, зөвхөн өөртөө л найдах хэрэгтэй юм байна гэдгийг, хамгийн чухал нь аливаа зүйлийн заасан хугацаанд нь тулгаж хийж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгож билээ. Монгол хүний уужуу амгалан зангаар би хамт байсан улсуудаа надад туслана гэж бат итгэчихсэн байж. Тэд маань туслаагүй нь надад том хичээл, сургамж болсон. Үүнийгээ хоёр хүүдээ, залуучуудад байнга захиж хэлдэг дээ (инээв).
-Та сургуулиасаа үндсэн цалин авалгүй гурван жилийн хугацаатай судалгааны төслөөсөө цалинжаад яваад байжээ. Ингэн ингэн хүний нутагт байх ямар хэрэгтэй юм бэ гэж та өөрөөсөө асууж байсан уу?
-Миний түүх бол хүссэн судлаач бүрт тэр бүр олдоод байдаггүй боломж гэж дотроо залбирч явдаг. Кореа их сургууль бол БНСУ-ын шилдэг 3 сургуулийн нэг, дэлхийн шилдэг 100 сургуулийн 65-д эрэмблэгддэг. Үүний сацуу БНСУ-ын боловсролын яамны харъя Солонгосын судалгааны санд төслийн санал илгээж, шалгуурт тэнцэн санхүүжилт авна гэдэг нэр төрийн хэрэг. Учир нь тэнд би БНСУ-ын бусад бүх их сургууль, судалгааны байгууллагын судлаачидтай яг ижил нөхцөл, шалгуураар өрсөлдөнө шүү дээ.
Гадаад хүний хувьд тэр олон үндэсний судлаачидтайөрсөлдөөд шалгарч төслийн санхүүжилт авна гэдэг орхиж боломгүй боломж байсан. Судалгааны төслийн хувьд өндөр төсөвтэй бол судлаачийн цалин өндөр байх боломжтой байдаг. Төслийн удирдагчийн хувьд судалгааны багт хэдэн хүн авч ажлуулахаа өөрөө шийдэх эрхтэй. Тиймээс харьцангуй эрх чөлөөтэй гэсэн үг л дээ. Хамгийн гоё нь бие даасан судалгааны үр дүнтэй болно, хийе гэж бодож байсан эрдмийн ажлаа хийнэ гэдэг нь том дэвшил. Сургуулийн үндсэн профессор харин сургуулиас тогтоосон үндсэн цалин авдаг. Судалгааны төслөөс цалин бараг авдаггүй, авсан ч маш бага хувиар тооцдог.
-Энэ бүх хугацаанд та гэр бүлийнхээ хамт байсан уу? Та бүхэн энэ улсад хэр хурдан идээшсэн бэ?
-Тийм ээ гэр бүлээрээ. Дээр хэлсэнчлэн Монгол хүн аливаад хурдан дасан зохицдог учраас энд идээших гэж бид хэд нэг их зовоогүй ээ. Гэхдээ яг малчин гэр бүлээс гаралтай, талын нүүдэлчдийн өв соёлыг бодитоор тээж явдаг нөхөрийн минь хувьд эхлээд жаахан тиймхэн байсан байх.
-Танай хүнийг олон жилийн өмнө бөх барилддаг байсныг санаж байна. Эрдэмийн ажлыг тань хийлгэх гээд бөхийн карьераа орхисон гэж ойлголоо. Зөв үү?
-Ер нь бол тэгсээн. Бид гэр бүлээрээ нүүж ирсэн. Мэдээж энэ олон жилийн хугацаанд сайн ханийн түшиг нөөлөг их байсаан. Монгол эр хүн бүрийн адил ханийн минь мөрөөдөлсайн бөх болох байв. Харамсалтай нь Солонгост ирэхийнхээ өмнөхөн бэртэл аваад барилдахаа больсон. Гэхдээ л сонирхол хүсэл байгаа хойно чөлөөт цагаараа бөхөө үзээд, тайлбарлаад явдаг.
-Бид энд суурьшснаас хойш эх орноо хилийн чинадад танилцуулах ажил цөөнгүй санаачилж хэрэгжүүлсээр ирсэн. Тухайлбал, “Айраг Хаус” гэж Монгол хоолны газар ажлуулж, үйлчлүүлж буй хүмүүстээ Монгол айраг амтлуулахаар зорьж байна. Нөхөр бид хоёр хоёулаа хөдөө төрж өссөн болохоор цагаан идээ боловсруулахталаар сайн мэднэ. Исгэсэн айраг маань Солонгосын зохих байгууллагуудаас тавигдах шаардлагыг хангаж, айраг бага хэмжээгээр хийх зөвшөөрөл авч байсан. Их хэмжээгээр үйлдвэрлэхэд жаахан хөгжүүлэлт хэрэгтэй байгаа. Ер нь манай гэр бүл Монголынхоо нэрийг байгаа энэ газартаа таниулах, мэдрүүлэхийг хичээж явдаг даа.
-Та хэд саамаа яасан гэсэн үг вэ?
-Манай Баянхонгорт үхрийн айраг гэж байдаг даа. Тэр уламжлалт технологиор эндэхийн сүүг ашиглаад хийсэнгэсэн үг. Бид айрагныхаа дээжийг шинжилгээнд өгөхөд ашигтай бактерийн хэмжээ их өндөр гарсан шүү. Тэгээд л зөвшөөрөл өгсөн.
-Солонгост үйлдвэрлэсэн танай Монгол айрагнаас ууя л даа (инээлдэв).
-Бид хэд хөгжүүлэлт хийгээд явж байна. Хэдэн жилийн дараа магадгүй нэг брэнд гарсан байна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсаа ирээдүйд илүү сайхан болно гэдэг итгэл төгс явдаг
-Танайх шиг ингээд олон жил гадаад амьдрахаар хүүхдүүд эх хэлээ мартах, Монгол соёлоос хөндийрөх ньтүгээмэл ажиглагддаг. Өнгөрсөн хэд хоногт хамт ажилласан хүүгээс тань тийм зүйл ер мэдрэгдсэнгүй. Бүр яг тэр шинжийн эсрэг ч гэмээр. Хүүхдээ Монголдоо элэгтэй хайртай, эх хэлээрээ төгс ярьдаг хүн болгон хүмүүжүүлж буй арга тань юу вэ?
-Бид гэртээ байнга Монголоороо ярьдаг. Байнга Монгол хоолоо хийж иддэг. Гэртээ Солонгос хоол хийж идэж байсан удаа бараг байхгүй дээ. Хамгийн гол нь хань маань жинхэнэ Монгол эр хүн л дээ. Хөдөө төрж өссөн, малчин өв соёлоо их дээдлэдэг. Монголоос манайд зочилж ирсэн хүмүүс “Монголд ойрд идээгүй Монгол хоолоо Солонгост танайд идлээ” гэдэг юм (хөхрөлдөв). Бид хэд өдрийн цагаар Солонгосын аяг жаягаар байдаг болохоор орой гэртээ цуглаад аль болох Монгол маягаараа байдаг. Манай хүн бас морь уях хоббитой. Тиймээс хүүхдүүд маань тэр өв соёлын талаар маш сайн мэднэ.
-Та цаашдаа эндээ багшлаад, судалгааныхаа ажлыг хийгээд явах уу?
-Ойрын таван жилдээ шинэ ажлаа хийгээд эндээ байна гэж бодож байна. Нэгэнт үндсэн профессор болсон болохоор өөрийн гэсэн лабораторитой болох эрхтэй болж, бас Монголдоо чиглэсэн судалгааны төсөл хэрэгжүүлэх боломж нэмэгдсэн. Тиймээс энэ хугацаанд эх оронд минь нэмэр болохуйц судалгааны төслүүд санаачилж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-Монголоос ирж буй хүмүүст та цаашдын зам мөрөө олоход нь их тусладаг санагдсан.
-Монголоос ирж буй хүмүүст бид чадах чинээгээр туслаад, зааж зөвлөөд явдаг. Ажлынхаа хажуугаар энд сурч, ажиллаж буй Монгол залуучуудтайгаа хамтраад “Let’s Ko&Mong Network” нэртэй ТББ байгууллагад сайн дураар ажилладаг. Манай залуучууд олон ажил санаачлан зохион байгуулдаг.Бүгд сайн дураараараа нэгдэж, чаддаг мэддэг зүйлээрээ нэгэндээ тусалж, байгальд ээлтэй амьдрах, Монгол урлаг соёлоо сурталчлах, шинээр ирсэн оюутнуудад мэдээлэл өгөх зэрэг ажлуудыг зохион байгуулахын зэрэгцээ Монголд “Мөрөөдлийн гэрэл эко дэлгүүр” төсөл хэрэгжүүлсэн. Мөн жил бүр залуучуудад зориулсан “Follow Your dream” арга хэмжээг Сөүл хотын аль нэг соёлын төвд уламжлал болгон зохион байгуулдаг.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас дахиад асуумаар байна. Хүүхдүүдээ бид багаас нь боловсролд тэмүүлэх, дурлуулахад яг юун дээр алдаад байна вэ? Манай хүүхэд залуус утсаар тоглосон, видео үзсэн нэг тийм хөнгөн чанарын хүмүүс болоод байх шиг.
-Манай гэр бүлийн хувьд бид хүүхдүүдтэйгээ хамт байхыг хичээдэг. Чөлөөт цагаараа нэг сэдэв гаргаж ирээд л хамтдаамэтгэлцдэг. Хоёр тал болоод ч юм уу. Тэгэж нэг сэдвийг тойрон санал бодлоо уралдуулж, чөлөөтэй илэрхийлэх замаар сургадаг даа. Солонгосчуудыг харж байхад амралтын өдрийг яг гэр бүлдээ, хүүхдүүдээ зориулдаг. Ихэвчлэн ууланд аялах, салхинд гарах, тоглоомын талбайд хамт тоглох зэргээр цагийг хамтдаа өнгөрүүлдэг. Манай Монголчуудын хувьд хүүхдүүддээ арай л бага цаг гаргаад байна уу даа гэж хардаг. Солонгос ээжүүд бол бараг хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх үүрэг дангаар хүлээсэн юм шиг л байдаг. Дунд сургуулийн хүүхдийг хүртэл хүргэж өгч авдаг. Манайд бол ихэвчлэн багаас нь бие даалгадаг шүү дээ. Өөр нэг ялгаатай зүйл бол энд хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйг нь тэлэх, шинжлэх ухаанд дурлуулах, мэргэжил сонголтонд нь нөлөөлөхүйц сургалтын орчин, үзвэр үйлчилгээ ихтэй.
-Та нэгэн арваны турш энэ өндөр хөгжилтэй оронд амьдрахдаа Монгол эх орноо зүрхэндээ тээж, байнга холбоотой байж, үр хүүхдүүдээ жинхэнэ Монгол хүн болгон өсгөн хүмүүжүүлжээ. Та Монголынхоо ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?
-Бид жил болгон эх орондоо очдог. Очих болгондоо нэг шинэ зүйл нэмэгдсэнийг, хөгжиж буйг нь мэдэрдэг. Тиймээс би Монгол Улсаа ирээдүйд илүү сайхан болно гэдэг итгэл төгс явдаг. Ялангуяа манай залуучууд илүү нээлттэй, чөлөөтэй сэтгэдэг, өөрийгөө илэрхийлэх чадвартай. Тэд маань өмнөх үеийнхнээс тэс өөр, сайн орчин нөхцөлд сурч боловсорч байна. Тэдний гарт Монгол Улсын маань ирээдүй бий учраас алс хэтдээ манай улс цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Мартаж боломгүй нэг зүйл бол манай Монголын үнэт зүйл болсон бидний нүүдлийн мал аж ахуйн уламжлалт өв соёл юм. Энэ үнэт зүйлээ хадгалан хамгаалж, үе уламжлан тээж, үр хүүхдүүдээ өвлүүлэн үлдээх нь Монгол хүн бүрийн үүрэг юм даа.
-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Ярилцсан: Ж.Мядагбадам
Р.Болор
Холбоотой агуулгыг дараахаас уншина уу















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ийм хүмүүсээ л Монголдоо татаж ажиллуулдаг болмоор байна даа
Mongol hun delhiin hemjeend ursulduj chadaj bgaag unshihad saihan sanagdlaa
Хүүхдээ шинжлэх ухаанд дурлуулах тухай ярьсан нь их зөв санагдлаа
Koread iim undur tuvshind ajillaj bgaa mongol hun baidag geheer baharhmaar yum aa
Эх орноо марталгүй Монголтойгоо хамтарч судалгаа хийж байгаа нь гоё юм
sain surguuli monuu, top surguulid baidag yumuu?
Hunii nutagt amidrah amar bish bh da gehdee mash ih hicheesen ni medregdej bn
Доктор болно гэж багадаа мөрөөдөөд түүндээ хүрсэн түүх нь их урам өглөө
Yag iim humuusiig l bid olonooroo demjih heregtei shde
Монгол хүүхдүүдийг шинжлэх ухаанд татах орчин үнэхээр дутагдаж байгаа нь үнэн
Ger bul ni mash zuv handlagatai yum bn huuheduudee mongol soyoloor humuujuuldeg ni taalagdlaa
Өөрийн хүчээр олон улсын сэтгүүлд өгүүлэл гаргана гэдэг асар том хөдөлмөр шүү
Ene hunii yariltslaga uneheer sonirholtoi bailaa zugeer neg amjilt bish zov handlaga medregdej bn
Монголдоо хэрэгтэй юм хийх юмсан гэж боддог гэдэг нь сайхан сонсогдож байна
Shinjleh uhaanii salbariig manaid joohon iluu uneleh heregtei yum bishuu
Монгол нэрээр дуудуулна гэж өөртөө хэлдэг байсан гэдэг нь их гоё үг байна
Хятадын зүүн хойд мужийн улсын Их Сургуульд 2013 оноос 2022 он хүртэл багшлах боломж олдож билээ. Лекцийн тэнхим дүүрэн хятад оюутнуудад бизнес, хүний нөөцийн хичээл орж, тухайн үед залуу ч байж, т1 ч байж өөрийгөө МОНГОЛ ХҮН БОЛЖ БАЙНА гэж бахдаж, аягүй мундаг гэж бодож явтал АНУ-д ёстой сургууль шиг сургуульд багшилдаг монгол хүнтэй таарч билээ. Мөн ч даруухан туйлын дөлгөөн эр байсан. Тэр хүн шиг хэдэн мундаг хүмүүс энд тэнд байдаг тухай сонссон.
хүний л хийдэг ажлыг хийж байгаа ш дээ. юун сүртэй юм бэ.