УЛС ТӨРУлс төрийн халуун сэдэв

“Онтрэ”-гийн лиценз шилжүүлэх үйл явц, татвартай холбоотой асуудлууд Монголд хүртээлгүй болсон уу

“Онтрэ ресурс”-ын шинэ гүйцэтгэх захирал Крис Адамс хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэн захидалдаа “Бид “Оюу толгой” ХХК-ийн Хойд Хьюго өргөтгөлийн   I болон II босоо амны шинэчилсэн нөөцийн загварын талаар тусгасан техникийн тайланг 2027 оны эхний улиралд багтаан боловсруулж, танилцуулахаар зорьж байна. Шинэчилсэн техникийн тайланг гаргахдаа өнөөдрийн зах зээлийн нөхцөл байдлыг тусгасан зардал болон металлын үнийн төсөөллийг ашиглана. 2021 оны тайланд зэсийн үнийг фунт тутамд 3.25 ам.доллар, алтны үнийг унц тутамд 1,591 ам.доллар байхаар тооцож байсан бөгөөд өнөөгийн зах зээлийн ханшаар тооцсоноор хөрөнгө оруулагч нар маань цаашид Хьюго Нортын өргөтгөлийн I босоо ам дахь бидний эзэмшдэг хувь оролцооны боломжит үнэ цэнийг илүү бодитойгоор үнэлж хүртэх болно” гэсэн нь анхаарал татна. 

Оюутолгойн бүлэг ордын 30 орчим хувийн нөөцийг агуулдаг “Шивээ толгой”, “Жавхлант”  гэх хоёр лицензийг эзэмшдэг “Онтрэ”-гийнхон алт, зэсийн ханш дэлхийн зах зээлд өндөр байгааг далимдуулан, үнээ 2021 оныхоос 2-2.7 дахин өндөр (зэс ~$6.49, Алт ~$4143) тусгасан Техникийн шинэчилсэн тайлангаа 2027 оны нэгдүгээрулиралд багтаан олон улсад зарлахаар ажиллаж байна. Монголын талын хүртэх өгөөж дагаад өсөх болов уу?   

“Онтрэ”-гийн эзэмшлийн хоёр лицензийг тойрсон асуудал нь Монгол Улсын стратегийн эрх ашиг, гадаадын хөрөнгө оруулагчдын маргааны хажуугаар манай улс төрчдийн улс төржих гол бай болсоор ирсэн ээдрээтэй сэдэв юм. Энэ удаа ч мөн адил. Өнгөрөгч есдүгээр сарын 28-нд Крис Адамс захирал хувьцаа эзэмшигчдэдээ илгээсэнзахидлын араас О.Батнайрамдал тэргүүт “поп”-оо барьж дийлдэггүй гишүүд “Онтрэгийнхон хоёр  лицензээ Оюутолгойд шилжүүлсэн байна. Лиценз шилжүүлэхтэй холбоотой татвараа Монгол руу шилжүүлээд гурван сар өнгөрсөн байхад бид яахаараа мэдээгүй байдаг юм. Ингээд шууд шилжүүлчихвэл тухайн талбайд байгаа 50 гаруй тэрбум ам.долларын баялгаас Монгол Улс Ашигт малтмалын тухай хуулийн дагуу авах ёстой 34 хувиа бүрэн авч чадахгүй” хэмээж буй.

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Монголын талын өгөөжийг урьдчилан хамгаалах ёстой” гэсэн байр суурьтай байгаа нь зөв ч гэлээ “Лиценз аль хэдийн шилжсэн. Бид луйвардуулчихлаа” гэж хүчээр муйхарлах нь зохисгүй.

 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Лиценз одоогоор шилжээгүй, АМГТГ-т хүсэлт ирээгүй. Ирсэн ч Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээ хийхээс нааш шилжүүлэхгүй” гэж түүний мэдэгдлийг няцаана лээ.

“Онтрэ”-гийн захирлын захидалд бол “Лиценз шилжүүлэх татварыг Монголын татварын байгууллагад төлсөн. Татварын тодорхойлолт гараагүй, АМГТГ-т бүртгүүлэх шатанд хүрээгүй байна. Гэхдээ лиценз шилжүүлэх ажил урагшилж байна” гэж мэдээлсэн. Үүний хариуд Сангийн сайд З.Мэндсайхан “Онтрэ” лиценз шилжүүлэх татвараа өөрөө тооцож, 24.3 тэрбум төгрөгийг Монгол руу татварын орлогын дансанд шилжүүлсэн боловч Татварын алба уг мөнгөн дүнг нэхэмжилсэн зүйл байхгүй. Шаардлагатай татварын тодорхойлолтыг өгөөгүй бөгөөд лиценз шилжүүлсэн үйлдэл хийгдээгүй” гэж тайлбарласан нь мөн л дараагийн эргээлзээт асуултуудыг дагуулахаар байна.

Яахаараа Монголын талтай ярилцахгүй татварын хэмжээгээ өөрсдөө шууд тогтоогоод, шилжүүлчихдэг хэрэг вэ. Ямартай ч татварын байгууллага лиценз шилжүүлэхтэй холбоотой эцсийн тодорхойлолт, тайлан мэдээ өгөөгүй шалтгаанаа “Онтрэ”-гийн талбайтай холбоотой төрийн эзэмшлийн хувь хэмжээ эцэслэн тодорхой болоогүй, хоёр лицензийн эдийн засгийн үр ашгийн тооцоолол тусдаа хийгдээгүйтэй холбон тайлбарлаж буй.

54 тэрбум ам.доллароор үнэлэгдэх “Онтрэ”-гийн лицензтэй талбайн нөөц 

Оюутолгойн ордын үргэлжлэл болсон Шивээ толгой, Жавхлантын тусгай зөвшөөрөл хэний мэдэлд байх, уг талбайн баялгаас Монгол Улс ямар өгөөж хүртэх вэ гэсэн асуудал шинэ маргаан биш. Гэхдээ 2024 оны олон улсын арбитрын шийдвэр, 2025 онд байгуулсан лиценз шилжүүлэх гэрээнүүд, 2026 онд татварын асуудалд гарсан шинэ нөхцөл байдал уг маргааныг шинэ шатанд авчраад буй нь энэ. 

2025 онд УИХ-ын Байнгын хороонд хийсэн мэдээллийн үеэр “Онтрэ”-гийн лицензтэй талбайн үйлдвэрлэлийн нөөцийг 812 сая тонн, түүнд 4.7 сая тонн зэс, 275 тонн алт, 1,334 тонн мөнгө, 46 мянган тонн молибден агуулагдаж байгаа гэж танилцуулж байв.  Тэрхүү нөөцийг тухайн үеийн үнээр тооцвол 54 тэрбум ам.долларын борлуулалтын орлого бий болох боломжтой гэж мэдээлсэн.

Гэхдээ энэ нь тэр чигтээ улсын ашиг орлого биш. “Шивээ толгой”, “Жавхлант”-ын лицензүүдээс бүрдэх “Онтрэ” болон “Оюутолгой” компанийн хамтарсан үйлдвэрийн гэрээгээр “Онтрэ” нь газрын доорх 560 метрээс доош түвшинд олборлох ашигт малтмалд 20 хувийн, 560 метрээс дээш түвшинд 30 хувийн оролцоотой. Үлдсэн хувийг “Оюутолгой” ХХК эзэмшинэ. 

Одоо манай талын маргааны гол үндэслэл нь энэ оролцоотой холбоотой эдийн засгийн үр өгөөжид Монгол Улс Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох зохицуулалтын дагуу ямар хэмжээгээр оролцох вэ гэдэг асуудал юм.

Борлуулалтын нийт дүнгээс тохиролцсон роялти авах хувилбар санал болгосон нь

Гэтэл “Онтрэ”-гээс 2026 оны гуравдугаар сард Засгийн газрын ажлын хэсэгт хүргүүлсэн саналд дээрх лицензүүдийг “Оюутолгой” ХХК-д шилжүүлэхийн зэрэгцээ манайхыг 34 хувийн эдийн засгийн оролцогч болгохын оронд борлуулалтын нийт дүнгээс тохиролцсон роялти авах хувилбар санал болгосноо мэдээлж байв.

Үүнд хариу болгон ямар байр суурь илэрхийлсэн нь тодорхойгүй ч энэ бол “Онтрэ”-тэй Монголын төр учраа олж, өгөөжийн асуудлаа өнөө хэр бүрэн нэг тийш шийдээгүй байгааг илтгэнэ. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулиар төрийн оролцоотой стратегийн ордод төр 34 хувь хүртэл (газрын хэвлийн судалгаа, санхүүжилтээс хамаарч) хувь эзэмших, эсхүл онцгой нөхцөлтэйгөөс роялти буюу АМНАТ авах зохицуулалттай. “Онтрэ”-гийн эзэмшиж буй “Шивээтолгой” болон “Жавхлант”-ын лицензүүд нь Оюутолгойн гүний уурхайн үргэлжлэл, асар их нөөцтэй хэсэг юм. 

Хувьцаа ба роялтийн ялгаа юу вэ. Хэрэв төр 34 хувийн эдийн засгийн оролцогч (хувьцаа эзэмшигч) байхаас “татгалзаж”, зөвхөн борлуулалтын дүнгээс роялти авах хувилбарыг сонговол уурхайн ашиглалтаас орж ирэх урт хугацааны үр өгөөж, ногдол ашгаас шууд хүртэх боломжоо алдаж, өгөөж нь харьцангуй багасах эрсдэлтэй. Ийн лиценз шилжүүлгийн явц дахь тодорхойгүй байдал нь өөрөө эргэлзээ дагуулсан хэвээр. Хууль тогтоох байгууллагын албан ёсны шийдвэр, нэгдсэн бодлого тодорхойгүй байхад лиценз шилжүүлэх үйл явц, татвар төлөлттэй холбоотой асуудлууд чимээгүй яригдаж байгаа нь олон нийт болон гишүүдийн шүүмжлэлийг дагуулах нь зүйн хэрэг.  Товчхондоо, хөрөнгө оруулагч тал Монголын төрийг хамтран эзэмшигч биш болгож холдуулах замаар манай талын хүртэх ёстой стратегийн өгөөжийг хязгаарлах оролдлого хийж байгаа бол бид бүр илүү хэрсүү баймаар.  

Дэлхий дахиныг цахилгаанжуулах үйл явц эрчимжихийн хэрээр нийлүүлэлт хязгаарлагдмал, эрэлт өндөр хурдаар өсөж байгааг сүүлийн үед зэсийн үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч буй. Цаашид ч ханш нь тогтмол өндөр байх төлөвтэй ийм “алтан цаг хугацаа”-г ашиглаад Оюутолгой олборлолтоо нэмэгдүүлсээр дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болохын зэрэгцээ үйл ажиллагааны зардлаараа дэлхийн хамгийн бага зардалтай уурхайнуудын нэгт багтах төлөвлөгөөтэйг “Онтрэ”-гийн СЕО хувьцаа ээзэмшигчдэдээ мэдэгдсэн.

Ийм нөхцөлд манай төр засгийн бодлого боловсруулагчид хэт попорч хөрөнгө оруулагчдын дургүйг хүргэхгүй, дотооддоо нэгдмэл байр суурьтай, тогтвортой, тавьтартайхан загнаж байгаад Оюутолгойн дуусдаггүй яриа хэлэлцээнүүдээ урагшлуулаад авахыг бодоосой. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Л. Ганчимэг

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. "Өнөөдөр" сониноос ажлын гараагаа эхэлж, хэвлэл мэдээллийн салбарт өдгөө 17 дахь жилдээ ажиллаж буй. Өдгөө Eguur мэдээллийн сайтын Ерөнхий редактороор ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Оюутолгойн энэ Онтрэгийн асуудлаар дахиад л Монголчууд хохирч үлдэх вий дээ. Энэ 34 хувиа заавал авч үлдэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Яахаараа татварын хэмжээгээ өөрсдөө тогтоогоод 24 тэрбумыг шилжүүлчихдэг юм бэ? Татварын алба нь юу хийгээд суугаад байдаг юм!

Зочин
Зочин

Арбитрын шийдвэр гээд манай талыг шахаад байгаа юм биш биз дээ? Нарийвчилж мэдээлмээр байна.

Зочин
Зочин

Онтрэ ба Оюутолгойн гэрээнээс Монгол улс хэдэн хувийн бодит ашиг авахаар байгааг тодорхой болгооч.

Зочин
Зочин

Бүрэн эрхт улс байж татвараа нэхэмжилж авахаас биш гадны компаниас дураараа шийдэж шидэж байгаа мөнгийг авч болохгүй.

Зочин
Зочин

54 тэрбум долларын нөөцтэй талбайг зүгээр л роялти төлөөд өнгөрөөх гээд байна уу? Ийм байж болохгүй ээ, ард түмэн хардахаас ч яах юм.

Зочин
Зочин

54 тэрбум долларын нөөцтэй талбайг зүгээр л роялти төлөөд өнгөрөөх гээд байна уу? Ийм байж болохгүй ээ, ард түмэн хардахаас ч яах юм.

Зочин
Зочин

Дамдинням сайд нь шилжүүлээгүй гэх, Сангийн сайд нь татвар аваагүй гэх. Тэгсэн мөртлөө Онтрэ нь мөнгөө тушаачихсан байдаг. Энэ дунд юу болоод байна аа?

Зочин
Зочин

Ганчимэг сэтгүүлч маш чухал сэдэв хөнджээ. Оюутолгойн дагуул энэ хоёр лиценз дээр ард түмэн маш сонор сэрэмжтэй байх ёстой.

Зочин
Зочин

Монголын баялгийг хэдэн гадны компаниуд хоорондоо тохиролцоод хуваагаад авчихдаг тогтолцоо хэзээ дуусах вэ.

Зочин
Зочин

Монголын баялгийг хэдэн гадны компаниуд хоорондоо тохиролцоод хуваагаад авчихдаг тогтолцоо хэзээ дуусах вэ.

Зочин
Зочин

Улс төрчид нь шоудахаа болиод яг мэргэжлийн түвшинд хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь болсон.

Зочин
Зочин

Оюутолгойн энэ Онтрэгийн асуудлаар дахиад л Монголчууд хохирч үлдэх вий дээ. Энэ 34 хувиа заавал авч үлдэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Яахаараа татварын хэмжээгээ өөрсдөө тогтоогоод 24 тэрбумыг шилжүүлчихдэг юм бэ? Татварын алба нь юу хийгээд суугаад байдаг юм!

Зочин
Зочин

Дамдинням сайд нь шилжүүлээгүй гэх, Сангийн сайд нь татвар аваагүй гэх. Тэгсэн мөртлөө Онтрэ нь мөнгөө тушаачихсан байдаг. Энэ дунд юу болоод байна аа?

Холбоотой мэдээ

Back to top button