About Mongolia

About Mongolia #6 | Феликс Жонатан Гленк: Улс төрийн ямар дэглэмд амьдарч буйгаас үл хамааран хүмүүсийг холбогч гүүр нь БАЙГАЛЬ

Eguur News агентлаг Монголд үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллагуудын төлөөлөл, удирдлага, сайн дурын ажилтнууд зэрэг эх оронд маань тодорхой хувь нэмрийг оруулан ажиллаж буй хүмүүстэй About Mongolia булангаараа уулзсаар буй билээ. Энэ удаагийн дугаартаа Ханнс-Зайделийн сангийн Суурин төлөөлөгч Феликс Жонатан Гленктэй уулзаж ярилцлаа. Ханнс-Зайделийн сан дэлхий даяар 60 орчим улсад төлөөлөгчийн газартай, энх тайван, ардчилал, хөгжлийг дэмжих зорилготой байгууллага бөгөөд Монголд ч мөн Суурин төлөөлөгчөөрөө дамжуулан энэ үйл хэргийг гүйцэтгэж буй юм.

-Сайн байна уу? Бидэнтэй ярилцах цаг гаргасан танд баярлалаа. Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. 

-Урьсанд баярлалаа. Намайг Феликс Жонатан Гленк гэдэг. Би Ханнс-Зайделийн сангийн Солонгосын хойг болон Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгчөөр ажилладаг.Ажлын гараагаа би ХБНГУ-ын төрийн байгууллагаас эхэлсэн бөгөөд мужийн захиргааны түвшинд хотын дүүргүүдэд ажилладаг байв. Би 23 настайдаа БНСУ дахь Ханнс-Зайделийн санд төслийн менежер болж, Сөүл хотод 7 жил амьдарсан. Тэр үед би БНАСАУ буюу Хойд Солонгост манай сангаас хэрэгжүүлж буй төслүүдийг хариуцан ажилладаг байв. Солонгосын хойгт хэрэгжүүлж буй төслийнхөө хүрээнд би анх 2016 онд Монгол Улсад хөл тавьж байв. Улмаар 2021 онд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон өнгөрсөн оны эцэс хүртэл Улаанбаатар хотод амьдарсан. 

-Та Ханнс-Зайделийн санМонгол, Солонгос улсуудыг хамруулан хэрэгжүүлж асан төслийнхөө талаар жаахан дэлгэрүүлбэл?

Манай Ханнс-Зайделийн сан дэлхий даяар 60 орчим улсад төлөөлөгчийн газартай, энх тайван, ардчилал, хөгжлийг дэмжих зорилготой байгууллага. Бид Солонгосын хойгт энх тайван, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжиж, бэхжүүлэхийг зорьдог. Энэ хүрээнд БНАСАУ буюу Хойд Солонгост бид ойжуулалтын төсөл, Рамсарын конвенциор хамгаалагдсан нүүдлийн шувуудад ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах төсөл хэрэгжүүлсэн юм.

Төслийн хүрээнд бид сургалт, семинар хийж тухайн салбарын мэргэжилтэн болон техникийн шинжээчдийн уулзалтыг Солонгос, Монгол улсуудад зохион байгуулж байв. Тэгээд л Монгол Улсад зохион байгуулсан судалгааны аялал болон семинарт оролцохоор анх ирсэн хэрэг л дээ.Манай тэр үйл ажиллагаанд Монгол, Хятад, Орос, Хойд Солонгос, Өмнөд Солонгосын төлөөлөгчид ирж оролцсон юм. Бид Хэнтий аймгийн Биндэр суманд Цэн тогорууны амьдрах орчинд очиж билээ. Тэнд зуссан Цэн тогоруу Хойд Солонгосоор дамжин нисэж Өмнөд Солонгост очиж өвөлждөг. Бидний нэгдсэн зорилго бол Цэн тогорууны тэрхүү нүүдлийн замыг хамгаалахад оршиж байв.

-Анх ирсэн тэр үед манай орон, Монгол хүмүүс танд ямар санагдаж байсан бэ? 

Хэнтийн Биндэр нутгийн байгаль үнэхээр сайхан. Тэгэхэд Монголд ирсэн Зүүн хойд Азийн болон бусад орны хүмүүс хамтдаа Цэн тогоруу ажиглахын сацуу нутгийн малчин иргэдтэй уулзсан юм. Миний санаанд сэргэлэн, сониуч нэгэн хүү тод үлджээ. Бид хэл нэвтрэлцэж чадахгүй ч төвөггүй ойлголцож, харилцаж байсан. Тэр хүү хөөрхөн жижигхэн ковбой малгайтай. Би түүнийг цаашлуулж малгайг нь авч толгой дээрээ тавихад тэр хүү намайг шоолж инээгээд л, бид хамтдаа их хөгжилтэй байсан. Бид хоёр ч гэлтгүй манай үйл ажиллагаанд оролцож байсан бүх хүмүүс, ялангуяа гадаадын зочид төлөөлөгчид тухайн цаг мөчийгхамтдаа ая тухтай өнгөрөөж, эх байгаль, Цэн тогоруубиднийг ямар ч төвөггүй, шуудхан холбож байв. Учир нь улс орны хил хязгаар гэлтгүй нүүдэл хийдэг Цэн тогоруу бол дорно дахины уламжлал соёл, домог түүхэнд шингэсэн шувуу. 

Нөгөөтэйгүүр Монголчуудын улс төрийн системийн ялгаанаас давж харж чаддаг сэтгэлгээ, нээлттэй байдал намайг их гайхшруулсан. Би тэгэхэд Монгол бол Зүүн хойд Азид улс хооронд харилцан ойлголцлын орон зайг бий болохуйц, бүс нутгийнхаа төдийгүй ХБНГУ-ын туршлагат суурилсан өргөн хүрээний хамтын ажиллагааг бэхжүүлэх бүрэн боломжтой улс юм байна гэж харж билээ. Ингэж л биарван жилийн тэртээ Монголтой анх танилцаж байв. 

-Тэгэхээр тэр үеийн мэдрэмж тань таныг Солонгосоос Монгол руу шилжихэд урам зориг өгсөн байх нь ээ?  

-Дээр дурдсанчлан төслийн менежерээр Солонгост ажиллаж байтал дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахал гарч бид Солонгосын хойгт томоохон төсөл хэрэгжүүлэх боломжгүй болсон. Тэр үеэр Ханнс-Зайделийн сангийн Монгол Улс дахь төлөөлөгч тэтгэвэртээ гарсан юм. Тэрбээр Монгол Улсын иргэн, хуульч мэргэжилтэй, тус албан тушаалд 28 жил ажилласан хүн. Монголд хэд хэдэн удаа ирээд үзчихсэн, Монголын талаар үргэлж сонирхож явдаг болсон хүний хувьд надад тэр ажил сонирхолтой санагдаж байв. Бикарьерынхаа дараагийн алхмыг Монгол Улсаас эхлэхийг хүсэж тус ажлын байранд өргөдөл гаргасанд тэнцэж, COVID-ийн дараахан Улаанбаатарт нүүн ирж, шинэ ажилдаа орж байж билээ. Өвөл айсуй арваннэгдүгээр сар байсныг санаж байна. Гадаа цельсийн -30 хэм хүйтэн, цар тахалын хорио цээр бүрэн тавигдаагүй. Монголд буусан эхний шөнөө би Сүхбаатарын талбайн ойролцоох зочид буудалд хонов.Өглөө босоод цонхоор хартал зам битүү түгжирчихсэн харагдав. Тэр үед би Монголд бараг хүн танихгүй, өмнөх ажлын шугмаар танилцсан хэдхэн хүнийг л мэддэг байв. Улаанбаатар хотын бүүдгэр саарал тэр өглөө цонхоор харан тийн зогсохдоо би өөрөөсөө “Энэ ер нь зөв шийд байв уу?” гэж асууж байсансан (инээмсэглэв).

-Харин одоо та юу гэх вэ? Зөв шийдвэр байсан болов уу?  

-Одоо ингээд дөрвөн жил хагасын дараа хариулахад Монголд ажиллаж амьдрах шийдвэр маань маш зөв байсан гэж итгэлтэй хэлэх байна. Монгол Улс, Монголын ард түмэн надад маш их зүйл өгчээ. Би Монголд байх хугацаандаа арвин туршлага хуримтлуулж, гүн ухаарал авсан байна. Би энд карьерийнхаа дараагийн алхмыг хийж, Ханнс-Зайделийн сангийн Монгол Улс, Солонгосын хойгийг хариуцсан суурин төлөөлөгчөөр ажиллах болсон. Маш олон танилтай, дотны найз нөхөдтэй болсон. Харилцаа холбоо маань өргөжин тэлсэн. Мөн хугацаанд Герман эх орон, өмнө нь ажиллаж байсан Солонгос улстай үргэлж холбоотой байнга ирж очдог байсан. Би хувь заяаныхаа энэ учрал тохиолд үргэлж талархаж явдаг.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Таны өмнө нь дурдсанчлан тогоруу бол дорно дахины бэлэгдэлт шувуу, ялангуяа Зүүн хойт Азийн орнуудад. Та улс дамнан нүүдэллэдэг тэр шувууг хамгаалах ажлаар анх Монгол Улсад ирж байжээ. Тэгэхээр Ханнс-Зайделийн сангийн байгаль хамгааллын үзэл баримтлалын талаар дэлгэрүүлж ярих уу

-Энд тодотгож хэлэхэд Ханнс-Зайделийн сан бол улс төрийн сан. ХБНГУ-ын Парламент дахь улс төрийн нам бүр өөрийн гэсэн улс төрийн сантай байдаг. Тэр сангууд намынхаа ардчиллын талаарх үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой. Нэг нам нь консерватив ардчиллыг дэмждэг байхад нөгөө нь либерал ардчилал эсвэл социал-ардчиллыг дэмждэг. Манай Ханнс-Зайделийн сан ардчиллын бүхий л үнэт зүйлсийг дэмжин ажилладаг. Дэлхийн 60 гаруй улс оронд салбартай. Бид Солонгосын хойгт 1987 оноос ажиллаж байна. Тэд ХБНГУ-ын нэгдмэл улс болсон туршлага, хуваагдлын үеийн сургамжаас суралцахыг хүссэн. Улмаар БНАСАУ буюу Хойд Солонгос 2003 онд Ханнс-Зайделийн санг өөрийн улсад ажиллахыг урьсан. Угсаа гарвал, зүс царай, хэл яриа, ёс заншил, соёл уламжлал нэг боловч улс төрийн тогтолцоо бүхий хоёр улстай хамтран ажиллах амар биш. Гэвч бид хоёр улсын харилцан ойлголцох сэдвийг тодорхойлж тэр хүрээнд яриа хэлцэл хийж, харилцааны суваг нээхээр ажилласан. Тийнхүү өмнөд, хойд Солонгос улстай хамтран ажиллах хөтөлбөр боловсруулах явцад бид улс төрийн ямар дэглэмд амьдарч буйгаас үл хамааран хүмүүсийг хооронд нь холбогч гүүр бол байгаль гэдгийг маш богино хугацаанд, гүн гүнзгий ойлгосон юм. Дэлхийн хаана ч амьдарсан бид нэг л нарны дор, нэг дэлхийд амьдардаг. Бид хаа сайгүй нэг л агаараар амьсгалж байна. Тиймээс бид төсөл санаачлан боловсруулж, хөгжүүлэхдээ “Хоёр Солонгос улсын хүмүүсийг холбож чадах хүчин зүйл юу вэ?” гэсэн асуулт дэвшүүлсэн. Тэгээд л нүүдлийн шувуудад ач холбогдол бүхий ус намгархаг газрыг хамгаалах төсөл хэрэгжүүлсэн юм.

Зүүн хойд Азийн орнуудын нийтлэг бэлгэдэл болсон тогоруу шувуу бол Солонгосын хойгийн өмнөд, хойд хэсэг, Хятад, Монголын нутаг хооронд нүүдэллэдэг. Би нэгэнтээ энэ дэлхий дээрх хамгийн хатуу чанга хамгаалалттай хилийн бүсэд дээр зогсож байхдаа бидний дээгүүр нисэн өнгөрөх шувуудын цувааг харж байв. Шувууд байгалийн жамаараа улс орны хилийг тийнхүү чөлөөтэй нэвтэрч байхад хүмүүс бид чаддаггүй гэсэн бодол төрж байв. Тэгээд Хэнтий аймгийн Биндэр суманд анх очихдоо олон зүйл тогорууг нэг дор харах, ялангуяа бөгж нь Солонгосын хойгоос ирснийг илтгэх шувуудыг харах надад үнэхээр гайхалтай байсан.Дараа нь Хойд Солонгост очоод нутгаа сэлгэсэн тэр шувуудыг дахин харах бүр ч гайхалтай байсан. Гэвч бүс нутгийн хэмжээнд байгаль орчны олон сорилтууд тулгарч байна.

Тухайлбал, Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн асуудал нилээд хурцаар тавигддаг. Ирэх наймдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцынталуудын бага хурал Монгол Улсад болох гэж байна. Тус хурлаас бүс нутгийн хэмжээнд тулгарч буй сорилтуудад чиглэсэн чухал шийдвэр гарч, хүчин чармайлт нэмэгдэнэ хэмээн хүлээж байна.  

Эдийн засгийн хүндрэлтэй Солонгосын хойгийн хойд хэсэгтойн доройтол, хомсдол ихтэй тэр хирээр амьдрах орчны хомсдол элбэгшиж шувууд нүүдэл хийхэд шаардлагатай тэжээл, тамир тэнхээ авч чадахгүйд хүргэдэг. Харин Солонгосын хойгийн өмнөд хэсэг дэхь өндөр хөгжил, дэд бүтэц, эдийн засгийн ашиг сонирхолоос болж байгаль, биологийн олон янз байдал сүйддэг. Тиймээс Ханнс-Зайделийн сан Зүүн хойд Азид эдгээр асуудлыг хөндсөн төсөл хэрэгжүүлэх замаар тэдгээр орны хүмүүсийг байгалиар дамжуулан холбож болохыг судалж ирсэн.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Тийм ээ, бид дэлхий хэмээх нэг л гараг дээр амьдардаг. Байгаль хамгааллын тухайтад бидний үзэл бодол ижил байгаад их таатай байна. Та ЮНЕСКО-ын Дэлхийн байгалийн өв номинацид нэр дэвшээд буй ГИДЦГ-т зочилж байсан. Тэр дурсамжаасаа хуваалцана уу? 

-Монгол Улс бол олон хүний хувьд үнэхээрийнгайхамшигтай орон. Дэлхий дээрх хүн амын нягтшил хамгийн сийрэг, манай Герман улстай харьцуулахад таван хувиас бага ч газар нутгийнхаа хэмжээгээр дөрөв дахин том. Хүмүүс энэ өргөн уудам нутаг, бараг хөндөгдөөгүй байгальдөөрийн эрхгүй татдаг юм шиг санагддаг. Нэг удаа томилолтоор ГИДЦГ-ын А хэсгийг зорин хоёр өдөр шахам явж, хадан хавцал дундуур Алтайн нурууны салбар уулыг машинаар давсан минь одоо ч санаанд илхэн байна. Тэр үеэр Говь-Алтай аймгийн Цогт сумын сургуульд зочилж, “Ээж уул” эко-клубын сурагчидтай уулзаж билээ. Маш идэвхтэй, сониуч тэр хүүхдүүд Улаанбаатар хотын болон олон улсын хэмжээнд болж буй үйл явдлыг биднээс сонирхон асууж байсан. Цааш бид урьд өмнө огт харж байгаагүй Их говийн байгалийн сайхнаар аялсаар нутгийн ард олны тахилга шүтлэгт Ээж Хайрхан ууланд очиж хоносон юм. Би сүсэг бишрэл ихтэй хүн биш ч гэлээ байгалийн өвөрмөц тогтоц бүхий тэр гайхалтай хайрханд очиж, тэнд олон мянган жилийн өмнөөс хүн амьдарч байсан ул мөрийг харж, хүн байгалийн хооронд үүссэн сүнслэг холбоог мэдрэх үнэхээрийн гайхалтай байсан. Ер нь би Монголд ажиллах хугацаандаа бүх аймагт очсон. Монгол орны өргөн уудам нутгаар хийсэн тэр урт аяллууд надад бараг бясалгал даяан хийсэн шиг л санагддаг.

Өмнөд Солонгост амьдрах их хөгжилтэй л дөө. Тэнд Монгол орны нутаг дэвсгэрийн арав гаруйхан хувьтай тэнцэх газарт тавин сая хүн амьдардаг. Хаа сайгүй барилга байгууламж, зам, дэд бүтэцтэй. Гэхдээ Сөүл хотод тэнгэрийн хаяаг хэзээ ч олж үзэхгүй. Инчоноос нисэж Улаанбаатарт газардах бүрдээ би Монголын хөх тэнгэр, сэвэлзэх салхийг мэдэрч, гүн амьсгал авахад нүд минь онгойх шиг л болдог. Монгол орны энэ онцлогт хүмүүс өөрийн эрхгүй татагддаг байх. 

-Та Ээж хайрхан уулын байгалийн дурсгалт газарт аяласан тухайг ярьсных анх тэр хайрханы барааг харахад танд юу бодогдсон бэ?  

Цогт сумаас гараад хавцал дундуур явж наран жаргах үест Ээж хайрханы барааг анх харсан юм. Үнэхээр л хүмүүсийн ярьсанчлан төгс бие галбиртай эмэгтэй хүн гэдэргээ харан хэвтэж буй мэт тийм уул жаргах нарны туяанд биднийг угтсан юм. Өргөн уудам хөндий, улааран шаргалтах тэнгэрийн хаяа бүхий байгалийн тэр үзэмжит төрхийгхараад өөрийн эрхгүй огшиж, сүслэн хүндэтгэх сэтгэл төрдөг юм билээ. Манай томилолтын багийнхан машинаасаа бууж бүгд чимээгүй Ээж хайрханы зүг сүслэн харж, дор бүрнээ л хүн гээч амьтан байгалийн тэр сүр хүчний хажууд ямар өчүүхэн гэдгийг мэдэрч зогссон байх. Ээж хайрхан уул надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Тэнд бидний амьдарч буй соёлт гэх ертөнцийн нарийн дагаж мөрддөг цагийн хуваарь, тогтсон төлөвлөгөө, оффис, компьютер, байнга асаалттай гар утас, барилга байгууламж байхгүй, хүний нөлөөгүй. Байнга яарч адгах хэрэггүй. Би тэндээс үл мартагдах амар амгаланг мэдэрсэн. 

Хувийн зургийн сангаас ашиглав

-Монгол орны маань байгалийн сүр хүч, мөн чанарыг мэдэрсэн сэтгэгдэлээсээ хуваалцсанд гялайлаа. Одоо таны ажлын талаар жаахан тодруулъя. Монгол Улсын байгаль орчны бодлого болон хууль эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэхэд ямар дэмжлэг үзүүлж байна вэ? Гарсан ахиц дэвшил? 

- Ханнс Зайделийн сан нь 1993 оноос эхлэн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй улс төрийн байгууллага юм. Анх ардчиллын шилжилтийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр, тус улсын хууль тогтоомж, тэр дундаа шүүх засаглалыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үүд хаалгаа нээж байв. Тухайн үед Монгол Улс дэлхий дахинд хандан “Бид ардчилсан улс боллоо, гэвч энэ нь практик дээр яг ямар байх ёстой вэ?” хэмээх асуултыг тавьж байсан юм. Ингээд ХБНГУ-аас туслалцаа хүсэж, ардчилсан тогтолцооны туршлагаасаа хуваалцахыг хүссэн билээ. Ханнс Зайделийн сан энэхүү хүсэлтийг хүлээн авч, ХБНГУ-ын эрх зүйн тогтолцооны бүтэц, зохион байгуулалтыг таниулах мэргэжилтнүүдийг илгээн ажиллуулсан юм. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бид Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн хөгжлийг тасралтгүй дэмжиж ирлээ. Тухайлбал, Ханнс Зайделийн сан болон Бавари мужийн мэргэжилтнүүд Монголд захиргааны шүүхийн тогтолцоог бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Захиргааны шүүх байгуулагдсанаар иргэд төрийн байгууллагын шийдвэрийн эсрэг өөрийн эрх ашгаа хамгаалах боломж бүрдсэн нь маш чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн бид эрүүгийн эрх зүйн салбарт ч олон жилийн турш идэвхтэй хамтран ажиллаж байна. Бидний зүгээс “Германд энэ асуудлыг хэрхэн шийддэг” талаарх туршлагаа үргэлж хуваалцаж болох ч, Монгол Улс өөрийн онцлогт тохирсон бие даасан тогтолцоо, хөгжлийн замаа тодорхойлох нь хамгийн чухал билээ.

Би дөрвөн жил хагасын өмнө Монголд ирэхдээ хууль эрх зүйн орчин нь хэдийн ардчилсан зарчмаар бүрэлдсэн байгааг анзаарсан юм. Мэдээж олон хууль батлагдсан, тэдгээрийн дунд сайн боловсруулсан хуулиуд байхаас гадна амьдрал дээр төдийлөн хэрэгжихгүй байгаа нь ч бий.Ардчиллыг цогцлоогч үндсэн тулгуур байгууллагууд болох шүүх, Үндсэн хуулийн цэц, парламент гээд засаглал хуваарилах механизм нь хэдийн бүрджээ. Гэвч энэхүү механизм нь заримдаа сайн ажиллаж, заримдаа сулрах зэргээр хөгжилд саад болох дутагдлууд ажиглагддаг.Тиймээс Ханнс Зайделийн сангийн зүгээс “Нэгэнт институци болон хууль эрх зүйн тогтолцоо нь бүрдсэн тул одоо дараагийн алхмыг хийх нь зүйтэй” гэж үзсэн. Учир нь ардчилсан систем нэгэнт тогтсон атал зарим зүйл яагаад зохих түвшиндээ хүртэл ажиллахгүй байна вэ? гэдэг нь гол асуудал болоод байна. Энэ нь эргээд үйл ажиллагааны журам, хэрэгжилтийн шат дахь асуудал юм. Үүнээс үүдэн бид байгаль орчны салбар дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, журмыг сайжруулахад анхаарч ажиллаж эхэлсэн. Байгаль орчны асуудал нь өөрөө захиргааны эрх зүйтэй шууд холбогддог салбар юм. Товчхондоо, байгаль дэлхий болон хүн зоныг хамгаалахад чиглэсэн хууль тогтоомжийг цаасан дээрх бичиглэлээс бодит ажил хэрэг, бодит үр дүн болгон буулгах нь бидний гол зорилго юм.

Иймд Ханнс Зайделийн сан дөрвөн жил хагасын өмнөөс байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон эрх бүхий байгууллагуудтай нягт хамтран ажиллаж эхэлсэн юм. Үүнд, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагууд багтаж байна. Герман улстай туршлага солилцох явцад Монголын талын төлөөлөгчид “Байгаль орчны хууль хэрхэн хэрэгждэг вэ? Герман болон олон улсад үүнийг ямар арга механизмаар хэрэгжүүлж байна вэ? Бидэнд туршлагаасаа хуваалцаж, бодит жишээ харуулна уу” гэх хүсэлтийг тавьдаг. Энэ нь нэг ёсондоо харьцуулсан судалгаа буюу жишиг тогтоох бенчмаркинг үйл явц юм. Тухайлбал, “Монголд байгаль орчны эсрэг гэмт хэрэг яагаад буурахгүй байна вэ? Бусад улс оронд үүнээс хэрхэн урьдчилан сэргийлдэг вэ?” гэдгийг бид хамтран судалдаг.  Үүний дүнд бид байгаль орчны асуудалд илүү нухацтай төвлөрөх болсон. Бидний гол зорилго бол байгаль дэлхий болон түүний экосистемд амьдарч буй хүмүүсийг хууль сахиулах байгууллага, прокурор, шүүх засаглалтай нь холбосон нэгдмэл тогтолцоог бэхжүүлэхэд оршино. Учир нь байгаль хамгаалах үйл явц нь өөрөө эдгээр байгууллагуудын харилцан хамаарал бүхий цогц систем бөгөөд бид энэхүү тогтолцоо хэрхэн үр дүнтэй ажиллах ёстойг харуулахыг зорьж байна.

Бидний үйл ажиллагааны хоёр дахь үндсэн чиглэл бол байгаль орчны эрх зүйн боловсрол олгох асуудал юм. Учир нь иргэд хууль дүрэм, журамтай танилцаагүй тохиолдолд түүнийг дагаж мөрдөх боломжгүй байдаг. Өнөө өглөөхөнШүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд зохион байгуулагдсан арга хэмжээний үеэр нэгэн сонирхолтой түүхийг сонслоо. Нэгэн иргэн хөдөө орон нутагт очихдоо нутгийн иргэдээс бэлгэнд загас авч, Улаанбаатар руу авчрах замдаа шалгуулж, торгуулсан байна. Тэрээр тухайн загас нь ховордсон, хамгаалалттай төрөл зүйл байсныг болон тээвэрлэхийг хориглодгийг мэдээгүй байжээ. Энэ мэтчилэн бид хууль эрх зүйн мэдлэг дутмагаас болоод үр дагаврыг нь урьдчилан тооцолгүйгээр буруу алхам хийх тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс Ханнс Зайделийн сангийн зүгээс энэ чиглэлд онцгойлон анхаарч, МУИС-ийн Экологийн боловсролын төвтэй хамтран хүүхэд, залуучууд, сонирхсон насанд хүрэгчдэд байгаль орчны эрх зүйн суурь мэдлэг олгохыг зорьж байна. Мөн бид салбарын бусад байгууллагуудтай хамтран 18–35 насны залуусын экологийн болон эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Товчхондоо, Ханнс Зайделийн сан нь нэг талаас иргэдийн “байгаль орчны эрх зүйн боловсрол”-ыг дээшлүүлэх, нөгөө талаас хууль сахиулах болон шүүх байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх замаар байгаль хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

-Би Экологийн боловсролын төвөөр хэд хэдэн удаа зочилж мэдээлэл авч байсан. Надад их таалагдсан. Таны ярьсан дээрх үйл ажиллагааны хүрээнд гарсан, онцгойлон дурдмаар үр дүн, үр нөлөөг нэрлэнэ үү? 

-Байгаль орчны гэлтгүй бүхий л салбарын боловсролын үр дүн 10, 20, магадгүй 30 жилийн дараа буюу дараагийн үеийнхэн өсөж өндийх үед л бодитоор харагддаг. Бид залуу үеэ дэмжиж байгаа ч өнөөдөр хийж буй ажлынхаа эцсийн үр нөлөөг яг одоо тодорхойлоход эрт байна. Гэхдээ өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 15,000 орчим сурагч тус төвөөр зочилсон байна. Тэдэнд байгаль дэлхийн зүй тогтол, түүнийг хууль эрх зүйгээр хэрхэн хамгаалдаг болон төрийн институциуд үүнд ямар үүрэгтэй оролцдог талаар танин мэдэхүйн мэдлэг олгожээ. Сурагчдын санал хүсэлтээс харахад тэд тодорхой хэмжээний мэдлэг, зөв хандлагыг өөртөө суулгаж чадсан нь анзаарагддаг. Би хүүхэд байхдаа скаутын бүлгэмд явдаг байсан. Тэр туршлага маань миний амьдралд гүнзгий нөлөө үзүүлсэн. Хотод өссөн хүүхэд нададхөдөө майхантай аялах, өөрийнхөө суух сандлыг өөрөө хийх, зуух барьж дулаан хоол бэлтгэх зэрэг байгальтайгаа ойр байх ур чадварыг суулгаж өгсөн юм. Энэхүү бага насны дурсамж, туршлага маань намайг хожим Солонгос, Монгол улсад ажиллахдаа байгаль орчны асуудалд илүү мэдрэмжтэй, анхааралтай хандахад нөлөөлсөн байх гэж боддог. Би багадаа сурсан “Алтан дүрэм”-ийг өнөөдрийг хүртэл санаж явдаг юм. “Очсон газраа анх байснаас нь илүү цэвэрхэн болгоод буц” гэх дүрэм. Мөн “Өөртөө хүсэхгүй байгаа зүйлээ бусдад бүү хий” гэх маш энгийн хэрнээ бүхий л соёл иргэншилд үлэмж чухал ёс зүйн зарчим бий. Хүн өөрийн биеэр туулж, мэдэрч байж л ухамсар суудаг. Тиймээс боловсролоор дамжуулж ийм ухамсар, хандлагыг төлөвшүүлэх нь хамгийн чухал юм.

Хууль сахиулах салбарын тухайд би Монголд маш олон эерэг өөрчлөлт ажиглаж байна. Иргэдийн ухамсар ч мэдэгдэхүйц дээшилсэн. Жишээлбэл, хүмүүс “Богд ууланд амарч зугаалахдаа хогтой орчинд алхахыг хүсэхгүй байгаа бол өөрөө ч бас хог хаяхгүй байх ёстой” гэдгийг ухамсарладаг болж. Түрүүнд хэлсэнчлэн өнөө өглөө бид Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнтэй хамтран семинар зохион байгуулсан. Энэ байгууллага сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд мэдэгдэхүйц хөгжсөнийг би бахархан харж байна. Тэдний үйл ажиллагаа улам бүр мэргэшиж, чадавх нь бэхжсэн байна. Семинарын үеэр бид ойн санд учирсан хохирлыг хэрхэн үнэн зөв тооцох талаар хэлэлцсэн юм. Жишээлбэл, хууль бус мод бэлтгэлтийн хохирлыг яаж хэмжих, ойн түймрээс үүдэлтэй эдийн засгийн хохирлыг тооцох аргачлалыг хэрхэн зөв ашиглах вэ гэх мэт асуудлуудыг хөндлөө. Энэ бол маш нарийн арга зүй, мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг ажил юм. Эдгээр өөрчлөлтүүд анх харахад шууд, илэрхий бус байж болох ч урт хугацаандаа нийгмийн хөгжилд амин чухал нөлөө үзүүлнэ. Намайг 2016 онд Монголд анх ирж байсан үеэс өнөөдрийг хүртэлх 10 жилийн хугацаанд асар өөрчлөлт гарсан байна. Тэртээх 1993 оны ардчиллын эхэн үеэс хойш Монголчуудын үзэл бодол, сэтгэлгээ, нийгэмд хандах хандлага бүхэлдээ шинэчлэгдсэн. Бид энэхүү их өөрчлөлтийн үйл явцад Монгол түншүүдтэйгээ хамтран өөрсдийн хувь нэмрийг оруулахыг хичээж ирсэн. Манай Монгол түншүүд, төр болон иргэний нийгмийн байгууллагынхан үргэлж шинийг эрэлхийлсэн, сониуч бөгөөд идэвх санаачилгатай ажилладагт бид маш их баяртай байдаг.

-Та Монголд анх хөл тавьж байсан үеэ өнөөдрийнхтэй харьцуулбал манай улсын ардчиллын төлөвшил, ололт амжилтыг хэрхэн дүгнэх вэ?

-Мэдээж, тодорхой ахиц дэвшил гарсан гэж би хэлнэ. Хэдийгээр алдаа дутагдал байсаар байгаа ч ардчилал бол тасралтгүй өсөж, хөгжих ёстой амьд процесс юм. Өнөөдөр Монголын ардчиллын бүтэц нь бүрэлдэн тогтсон ч механизм нь бүрэн чадамгай ажиллаж чадахгүй байна. Энэ нь системд "нарийн тохируулга" хийж, сайжруулах шаардлагатайг илтгэж байгаа юм. Монголчууд өөрсдийн систем, амьдарч буй орчноо их шүүмжилдэг нь олон зүйл зөв чиглэлд явахгүй байгааг соргогоор мэдэрч буйн илрэл. Гэвч хөгжлийг цаг хугацааны хувьд харьцуулж үзвэл бид хаанаас эхэлж, өнөөдөр хаана хүрсэн нь тодорхой харагдана.

Би үүнийг өөрийн орны түүхтэй харьцуулах дуртай. Герман улс 1945 онд Дэлхийн II дайны дараа туйлдаж, сүйрэлд орсон байсан. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 33 жил болж байна. Хэрэв Германы 1945 он дээр энэ 33 жилийг нэмж тооцвол 1978 онтой дүйцэх юм. Би эцэг эхээсээ 1978 оны Германы тухай асуухад “Авлига их байсан, буруу шийдвэрүүд гардаг байсан, нийгэмд болохгүй зүйл олон байсан” гэж хэлдэг. Харин өнөөдөр Герман улс огт өөр түвшинд хүрсэн. Үүнээс үзвэл өдөр тутмын асуудал, хүндрэлд бухимдах нь хэвийн үзэгдэл бөгөөд энэ нь өөрөө ахиц дэвшлийн нэг хэсэг юм. Ардчилал амжилттай хэрэгжихэд "ардчилсан иргэд" хамгийн чухал. Хүн бүр өдөр бүр хувь нэмрээ оруулж байж энэ систем ажилладаг. Монголд ийм идэвхтэй санаачилга, зүтгэлтэй хүмүүс олон бий. Тиймээс би өөдрөг үзэлтэйгээр “Монгол Улс зөв чиглэл рүүгээ явж байна” гэж дүгнэж байна.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Нэгэнт бид ардчиллын тухай ярьж байгаа болохоор танаас тодотгоод асууя. Бид ардчилсан тогтолцоонд шилжээд 33 жил боллоо. Эхний арван жилд нь бид энэ юу болохыг ч бүрэн таниагүй, дараагийн арван жилд нь суралцаж, дасах гэж хичээсэн. Гэвч өнөөдөр ч хүмүүс энэ системтэй бүрэн зохицож чадахгүй, заримдаа тэмцсээр байна. Өнөөдөр төрийн эрхийг барьж буй үеийнхэний дийлэнх олонх нь социалист нийгэмд өсөж хүмүүжсэн. Тиймдээ ч “Социалист дэглэм нь илүү дээр байсан ч юм уу” гэх эргэлзээ төрөх үе бий. Тэгвэл ардчилал гэж яг үнэндээ юу вэ? Ардчилсан улс байхын тулд заавал мөрдөх үндсэн дүрэм, зарчим гэж бий юу?

- Миний бодлоор, ардчилал гэдэг нь зөвхөн цаасан дээрх хууль биш, харин ардчиллын дүрмийг дагаж мөрддөг иргэд дээр тогтдог амьд систем юм. Үүнийг хамгийн тод харуулсан жишээ бол өнгөрсөн жил Өмнөд Солонгост болсон үйл явдал. Ерөнхийлөгч нь гэнэт цэргийн онц байдал зарлаж, парламент руу нэвтрэх замыг хаахад дэлхий нийт цочирдсон. Гэвч энэ хямралын үеэр төрийн байгууллагууд болон ард иргэд нь үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Энэ бол Солонгосын ардчиллын хувьд маш том "стресс тест" байсан бөгөөд эцэст нь ард түмэн, ардчилал өөрөө ялж чадсан юм.Бид нэгдмэл нэг нийгэм боловч хүн бүр шийдвэр гаргах үйл явцад шууд оролцох боломжгүй. Тиймээс бид өөрсдийгөө төлөөлөх хүмүүсийг парламентад сонгодог. Гэвч ардчилалд нэг том эрсдэл бий. Хэрэв сонгогдсон төлөөлөгчид ард түмний хүсэл зоригийг бус, хувийн ашиг сонирхол, эрх мэдлийн төлөө шийдвэр гаргаж эхэлбэл энэ нь ардчилалд нүүрлэж буй хамгийн том аюул болдог. Германд ч гэсэн ийм сорилтууд тулгарсаар ирсэн. Өнөөдөр манай улсад ардчиллын эсрэг байр суурьтай баруун жигүүрийн намууд хүчээ авч байна. Харин Өмнөд Солонгост хууль бус шийдвэр гаргасан ерөнхийлөгч нь өнөөдөр хариуцлагаа хүлээж, хуулийн дагуу шийтгэгдсэн. Энэ бүхэн юуг харуулж байна вэ? Монголын хувьд ч зарчим нь ижил. Хэрэв та өөрийн сонгосон төлөөлөгчийнхөө ажилд сэтгэл хангалуун бус байвал, тэд ард түмнийг төлөөлж чадахгүй байна гэж үзвэл дараагийн сонгууль бол таны хамгийн хүчтэй зэвсэг юм. Сонгуулиар дамжуулж иргэд хүсэл зоригоо илэрхийлэх нь ардчилал амьд байгаагийн, иргэдийн хяналтад байгаагийн гол баталгаа болдог.

-Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх, хөгжлийг дэмжих чиглэлээр Ханнс-Зайделийн сантай зэрэгцэн Германы өөр нэгэн сан (Конрад-Аденауэр сан) олон жилийн турш идэвхтэй ажиллаж ирсэн. Эдгээр сангууд бараг нэг цаг үед үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд зорилгын хувьд ижил төстэй харагддаг. Тэгвэл эдгээр хоёр сангийн үйл ажиллагааны үндсэн ялгаа болон өөр өөрийн гэсэн онцлог давуу талууд нь юу вэ?

- Монгол Улсад ардчилсан тогтолцоо бүрэлдэн тогтоход Германы улс төрийн сангууд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсаар ирсэн. Өнөөдөр Монгол Улсад Ханнс-Зайдел, Конрад-Аденауэр, Фридрих-Эберт гэсэн гурван сан үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сангууд нь төрөөс санхүүждэг боловч Засгийн газраас бүрэн хараат бус ажилладаг нь Германы улс төрийн тогтолцооны нэгэн өвөрмөц онцлог юм. Германы энэхүү систем нь парламент дахь улс төрийн намуудын олон талт байдалд суурилдаг. Нам бүр өөрийн гэсэн үнэт зүйл, ардчиллын тухай өөрийн гэсэн үзэл баримтлалтай бөгөөд түүнийгээ өөрийн сангаар дамжуулан түгээн дэлгэрүүлдэг. Тухайлбал, Фридрих-Эберт сан Социал Демократ намын үзэл санааг төлөөлдөг бол Ханнс-Зайдел болон Конрад-Аденауэр сангууд нь консерватив чиглэлийн намуудын үнэт зүйлийг тээж байдаг.Хэдийгээр эдгээр сангууд “бид бүгд ардчиллыг дэмждэг”гэсэн нэгдсэн тугийн дор нэгддэг ч, тэрхүү ардчилалд хүрэх арга замууд нь хоорондоо ялгаатай. Манай Ханнс-Зайдел сангийн хувьд эдийн засгийн илүү либерал буюу чөлөөт байдлыг эрхэмлэхийн зэрэгцээ үндэсний үнэт зүйл, түүхэн онцлог болон консерватив чиг баримжааг баримталдаг.

-Эдгээр гурван сан ингэж нэг улсад ажиллахдаа хоорондоо хэрхэн харилцаж, асуудлыг хэрхэн хэлэлцдэг вэ? Товчхондоо хэрхэн хамтран ажилладаг вэ? 

-Бид хоорондоо ярилцаж, заримдаа зарчмын маргаан ч өрнүүлдэг. Улс төрийн сангуудын хувьд бид бие биедээ “Хэрэв та социал-ардчилсан үзэлтэй бол бид тодорхой цэгүүд дээр ижилсэж болох ч, зарчмын хувьд ялгаатай”гэдгээ ил тод илэрхийлдэг. Хүнийг нь хүлээн зөвшөөрөх боловч үзэл бодолтой нь санал нийлэхгүй байх эрх хүн бүрд бий. Гэхдээ бусдын үзэл санааг “буруу” гэж дүгнэхийн тулд хамгийн түрүүнд харилцан ярилцсан байх ёстой гэж бид үздэг. Парламентын мэтгэлцээний мөн чанар ч үүнд оршдог.Үүнийг энгийнээр зүйрлэвэл, хоёр хүн хоёулаа Хөвсгөл явах зорилготой байлаа ч нэг нь нэг замаар, нөгөө нь өөр замаар явахыг илүүд үзэж буйтай адил юм. Эцсийн зорилго нэг боловч түүнд хүрэх арга зам дээрээ бид мэтгэлцдэг. Жишээ нь, Ханнс-Зайдел сан консерватив үзэл баримтлалтай ч үзэл суртлаас илүүтэй харилцан яриаг чухалчилдаг. Бид Хойд Солонгос шиг улсад “Танай тогтолцоотой санал нийлэхгүй” гэдгээ хэлдэг ч яриа хэлцлээ хэзээ ч зогсоодоггүй. Байгаль, биологийн олон янз байдал хамгаалал зэрэг нийтлэг асуудлууд дээр улс төрийн үзэл баримтлал үл хамааран нэгдэж болдог. Эцсийн дүндээ Фридрих-Эберт, Конрад-Аденауэр, Ханнс-Зайдел сангууд “Монголын ардчиллыг бэхжүүлэх” ижил зорилготой. Гагцхүү нэг нь социал-ардчилсан, нөгөө нь либерал, гурав дахь нь консерватив арга замаар үүнд хүрч байгаа бөгөөд энэ нь нэг зүгт чиглэсэн өөр өөр замууд юм. 

- Баярлалаа. Манай улс төрчид ч гэсэн ардчилалд хүрэх олон өөр зам байдгийг ойлгоосой гэж хүсэж байна.Монгол орны өнөөгийн дүр төрхийг харахад таны эмзэглэлийг хамгийн ихээр төрүүлдэг зүйл юу вэ?Ирээдүйд яг юу өөрчлөгдөөсэй гэж та хүсэж байна вэ?

- Үнэхээр чухал асуулт байна, би энэ талаар байнга тунгаан боддог юм. Монголчуудыг би асар их эрч хүчтэй, дайчин хүмүүс гэж хардаг. Ялангуяа хөдөө орон нутагт байгаль дэлхийтэйгээ ойр амьдарч, орчин үеийн хөгжил дунд нүүдэлчин уламжлалаа нандигнан хадгалж буй нь бахархмаар. Тэр дундаа манай залуус идэвхтэй, зоригтой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон нь надад маш их урам зориг өгдөг. Гэвч нөгөө талдаа, өнөөгийн тогтолцооны гажуудал залуусын энэ их нөөц боломжийг хязгаарлаж, эдийн засаг болон нийгмийн хөгжлийг тушиж байгаад сэтгэл минь эмзэглэдэг. Системийн алдаанаас үүдэлтэй олон асуудлаас болж зарим хүмүүс итгэл найдвараа алдаж, идэвхгүй болж буйг харах гунигтай байдаг ч шинэ үеийнхний гаргаж буй бүтээлч санаачилга, идэвх оролцоо надад ирээдүйд итгэх итгэл өгсөөр байна. Бидний хаана хүрэхийг ирэх 5-10 жил харуулах биз ээ.

- Тэгвэл та манай улсын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Би өөдрөг үзэлтэй хүн учраас Монгол Улсын ирээдүйг маш гэгээлгээр харж, хөгжинө гэдэгт нь үргэлж итгэдэг. Гэхдээ энэ хөгжил гэдэг нь зөвхөн төр засгаас бус, хүн бүрийн идэвх чармайлтаас шууд хамаарах зүйл юм. Улс төрийн өнцгөөс харвал, Монгол Улс олон улсын тавцанд маш идэвхтэй байр суурьтай байгаа нь том давуу тал. Өнөөдөр дэлхийн дэг журам геополитикийн асар их дарамт, сорилттой нүүр тулж байна. Энэ үед Монгол Улс олон улсын хамтын ажиллагааг дэмжсэн олон чухал санаачилга гаргаж байгаа нь сайшаалтай. Ер нь Монгол Улс цаашид ч гэсэн Герман, Өмнөд Солонгос, Япон зэрэг либерал ардчилсан орнуудтай түншлэн хамтын үнэт зүйлээ хамгаалж, ирээдүй хойч үедээ бат бөх ардчиллыг өвлүүлэн үлдээхийн төлөө зогсох нь зүйтэй гэж боддог.

Хувийн зургийн сангаас ашиглав

- Энэ жилээс эхлээд та бүс нутгийн түвшинд гурван улсыг давхар хариуцах болсон нь таны Монгол дахь үйл ажиллагааны цар хүрээ болон оролцоонд ямар ялгаа, нөлөө үзүүлж байна вэ?

- Миний мэргэжил захиргааны удирдлага учраас би аливаа асуудлыг хамгийн түрүүнд бүтэц, зохион байгуулалтын өнцгөөс хардаг. Бид Монгол дахь төлөөлөгчийн газрынхаа үндсэн бүтэц, үйл ажиллагааны тогтвортой байдлыг бүрэн хадгалж, өмнөх эрч хүчээрээ үргэлжлүүлэн ажиллаж байна. Ханнс-Зайделийн сангийн хувьд Зүүн хойд Азийг нэгдмэл бүс нутаг гэж харж, ач холбогдлыг нь улам бүр чухалчилж байна. Учир нь өнөөдөр улс орнуудын харилцан хамаарал асар их болсон. Бид Монгол Улсын шүүх засаглалыг дэмжих зорилгодоо үнэнч байхын зэрэгцээ бүс нутгийн бусад ардчилсан орнуудтай тогтоосон түншлэлээ улам бүр өргөжүүлэхийг зорьж байна.

Одоо ярианыхаа сэдвийг бага зэрэг өөрчилж, илүү 'амьд' дурсамжууд руу шилжье. Таны Монгол дахь амьдралын хуудаснаас хамгийн хөгжилтэй, сонирхолтой ямар түүхүүд тод үлдэж вэ?

- Хөвсгөл нуурын эрэг дээр болсон нэгэн мартагдашгүй явдал санаанд бууж байна. Энэ бол Монголын ёс уламжлал, байгалийн нууцлаг холбоог биеэрээ мэдэрч, миний гайхшралыг төрүүлсэн мөчүүдийн нэг юм. Үнэндээ би тийм ч их сүсэг бишрэлтэй хүн биш л дээ, гэхдээ Монголд ирснээсээ хойш арай илүү “сүнслэг” болсон гэж хэлж болно.Анх Хөвсгөлд очихдоо би нуурын эргээс хэдэн хөөрхөн чулуу дурсгал болгож аваад байрандаа ирсэн юм. Германд бол ямар нэг газраас дурсгал болгож жижиг зүйл авдаг нийтлэг уламжлал бий. Гэтэл манай жолооч өрөөнд орж ирэнгүүтээ өнөөх чулуунуудыг хараад 'Өө, энэ чинь юу вэ? Та эдгээрийг авч болохгүй, эд чинь нуурынх шүү дээ!' гэж сануулав. Тэгээд бид нуурын эрэгт очиж, чулуунуудыг буцааж хийн, байгаль дэлхийгээс уучлал гуйсан юм. Жолооч маань надад: “Хэрэв та энэ чулууг аваад явчихвал, мянган жилийн дараа ч тэр гэртээ эргэж ирж чадахгүй” гэж тайлбарласан нь сэтгэлд маш тод үлдсэн. Хамгийн хачирхалтай нь, хоёр жилийн дараа Хөвсгөлийн марафонд оролцохоор очихдоо би яг өнөөх гэртээ дахин хуваарилагдсан юм. Орой цүнхээ тавиад орныхоо хажуугийн тавиурыг хартал, яг л өнөөх чулуунууд байж байх шиг санагдсан. Би сандран, дахиад л нуур руу гүйж очоод уучлал гуйн буцааж хийж билээ. Энэ явдал надад орон нутгийн уламжлал, байгаль дэлхийг гүнээ хүндэтгэх ёстойг ойлгуулсан юм. Одоо би байгалийн юмс бүхэнд маш болгоомжтой ханддаг болсон.

-Та тэр чулуунуудаа яг авсан газартаа нь буцааж хийж чадсан уу?

-Мэдээж, би анх авсан байх магадлалтай тэр хэсэгтээ бүгдийг нь буцааж тавьсан. Яг тэр үед Солонгост олон жил амьдарсан, Сүхбаатар аймгаас гаралтай миний ойрын найз маань таарсан юм. Чулуу бариад нуур руу алхаж яваа намайг хараад тэр гайхаж, “Феликс ээ, чи энэ чулуугаар яах гэж байгаа юм бэ?” гэж асуув. Би ч “Хэн нэг нь нуураас авчихсан байсныг нь буцааж аваачиж өгөх гэж байна” гэтэл тэр надтай хамт явсан. Миний энэ үйлдлийг хараад найз минь үнэхээр их баярлаж билээ. Магадгүй гадаадад удаан амьдарсан түүний хувьд хоёр өөр ертөнц нь нэг цэгт огтолцож, эсвэл гадны хүн өөрийнх нь эх орны соёл, уламжлалыг ийнхүү чин сэтгэлээсээ хүндэтгэж буйг харах сайхан байсан байх. Одоо би Германаас зочид ирэх бүрд Монголын соёл, уламжлал, тэр дундаа байгаль дэлхийтэйгээ хэрхэн харилцах талаар багахан "хичээл" ордог болсон. Жишээ нь, хэн нэгний хөл дээр гишгэвэл заавал гар барьж уучлалт гуйх ёстой гэх мэт жижиг хэрнээ чухал соёлыг зааж өгдөг юм.

-Таныг "Пагмадулам" кинонд дүр бүтээсэн гэж сонссон юм байна?

-Тийм ээ, энэ бол яг л "монгол маягаар" өрнөсөн, огт төлөвлөөгүй байсан түүх. Нэгэн сайхан орой амралтаа аваад, Улаанбаатарын нэгэн кафед найзуудтайгаа хууч хөөрч суутал таньдаг хүн маань залгаад "Маргааш өглөө 9 цагт завтай юу?" гэж асуулаа. Бямба гарагийн өглөөг тайван өнгөрүүлмээр байсан ч "За" гээд зөвшөөрчихөв. Тэр хүн "Нэг найзын маань зураг авалтад гадаад хүн хэрэгтэй байна, туслаач" гэсэн ч дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй. Гэтэл нэг цагийн дараа "Костюм, зангиа бэлдээрэй" гэсэн мессеж ирэхэд л "За, энэ яг юу болох гэж байгаа бол?" гэсэн эргэлзээ төрж эхэлсэн юм.

Маргааш нь намайг ирж аваад Кино урлагийн дээд сургууль дээр аваачлаа. Гэтэл гэнэт гурван хуудас текст явуулаад, зарим хэсгийг нь улаанаар тэмдэглэчихсэн байв. Бага зэрэг түгшиж, "Би юунд орооцолдчихов доо?" гэж бодож байтал зураг авалтын менежер ирээд "Текстээ мэдэж авсан уу? Гол дүр нэг цагийн дараа ирнэ, бэлдээрэй" гэх нь тэр. Тэгэхэд л би Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын тухай кинонд тоглох гэж байгаагаа, тэр дундаа Нацагдорж болон түүний хамт Герман руу сурахаар явсан сурагчдын түүхтэй холбоотой дүр бүтээх гэж буйгаа ойлгосон.

Герман руу анхны Монгол сурагчид явсны 100 жилийн ой тохиож буй энэ үед ийм дүрд тоглох нь бэлгэшээлтэй байлаа. Надад текстээ цээжлэхэд ердөө нэгхэн цаг байсан ч багадаа Германд театрын дугуйланд явж байсан туршлага маань хэрэг болж, зураг авалтаа амжилттай дуусгасан. Монголд аливаа зүйлийг үнэхээр мэдэрч, гүн орж үзье гэвэл заримдаа хэтэрхий олон асуулт асуухын оронд урсгалыг нь дагаад явах хэрэгтэй байдаг. Герман хүн "хэзээ, хаана, юу, яаж" гэж асуух хандлагатай бол монголчууд "хэтэрхий олон асуулт байна" гэх байх. Гэхдээ заримдаа тэрхүү "хяналтаа алдах" мэдрэмж нь Монголын амьдралыг илүү амттай болгодог шиг санагддаг.

Хувийн зургийн сангаас ашиглав

- Тэгэхээр та манай энэхүү "эрч хүчтэй" хэв маягт бүрэн дасан зохицсон гэж ойлгож болох уу? 

-Би Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Монгол бас Азийнөөр оронд ажиллаж, амьдарч үзлээ. Ер нь хаана ч байсан тухайн газрынхаа өвөрмөц соёл, нөхцөл байдалд уусан зохицохгүйгээр амжилттай ажиллах боломжгүй гэж би боддог. Тиймээс энэ бол миний хувьд зайлшгүй бөгөөд жам ёсны үйл явц юм. Үндэстэн бүр өөрийн гэсэн онцлогтой, харин тэрхүү ялгаатай байдлыг ойлгож хүндэтгэх нь миний ажлын болоод амьдралын зарчим юм даа. 

-Таныхаар Монгол болон Солонгосчуудын хамгийн том ялгаа, хамгийн том төстэй тал юу вэ?

-Монголчууд болон солонгосчуудын нэг ижил тал нь нөхцөл байдалд маш хурдан дасан зохицож, шуурхай шийдвэр гаргах чадвар юм. Манай германчуудтай харьцуулахад аль аль нь уян хатан хүмүүс. Гэхдээ зан араншингийн хувьд Монголчууд илүү байгалиараа санагддаг. Харин солонгосчуудын хувьд дүрэм журам баримтлах, гүйцэтгэлийн явцаа маш нарийн зохион байгуулах тал дээр гаргууд. Хамгийн том ялгаа нь Өмнөд Солонгосын “Пали пали” буюу бүхнийг “хурдан, хурдан” амжуулах гэсэн соёл юм. Тэнд бүх зүйл байнга шахалт, хурд дунд өрнөдөг. Харин Монголд хэмнэл арай удааширч, илүү байгалийн өгөгдлөөрөө явдаг мэт санагддаг. “Одоо болохгүй бол дараа болно” гэсэн амгалан хандлага энд бий. Жишээ нь, цаг баримтлах тал дээр монголчууд илүү уян хатан, бие биедээ хүлээцтэй ханддаг нь давуу болон сул талыг зэрэг агуулдаг.Солонгост, ялангуяа Сөүлд зургаадугаар сард очиход агаарын чийгшил, системийн хурд хоёр нийлээд хүнийг маш их ачаалдаг. Харин Монголд ирээд хөдөө гарахад хүн гүнзгий амьсгаа авч, бие сэтгэл амсхийж, яг л “газардах”мэт тайвшралыг мэдэрдэг. Энэхүү амар амгалан хэмнэл бол Монголын хамгийн том давуу тал, үнэ цэн гэж би боддог доо.

-Цаг зав гарган бидэнтэй сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа. 

-Надад их таатай байлаа. Баярлалаа. 

Холбоотой агуулгыг хавсаргаж байна

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Baigal ni humuusiig holbodog gedeg unen shuu

Зочин
Зочин

Монголын байгаль үнэхээр хүмүүсийг холбодог нь үнэн

Зочин
Зочин

Ийм бодолтой хүмүүс олон байгаасай

Зочин
Зочин

Байгаль хамгаалах талаар их зөв ярьжээ

Зочин
Зочин

Baigalaa hamgaalah ni bidnii uureg shuu

Зочин
Зочин

Байгаль бол үнэхээр хил хязгааргүй зүйл

Зочин
Зочин

Baigal hunii hoorond gants holboos yum shig

Зочин
Зочин

Монголын талаар их гоё сэтгэгдэлтэй хүн байна

Зочин
Зочин

Ийм гадаад хүн Монголыг ингэж ойлгож байгаад баяртай байна

Зочин
Зочин

Ymar saihan yariltslaga ve ih taalagdlaa

Зочин
Зочин

Mongol oronoo ingej hardag gadnii hun bh saihan yum

Зочин
Зочин

Монголчуудын тухай зөв ойлголт өгсөн байна

Зочин
Зочин

Yostoi unen ug heljee

Зочин
Зочин

Гадаад хүн ингэж үнэлнэ гэдэг бахархмаар

Зочин
Зочин

Iim hunuustei hamt ajillah saihan yumaa

Зочин
Зочин

Mash sonirholtoi yariltslaga bn

Зочин
Зочин

Ханс зайделийн сан манай улсын эрх зүйн шинэчлэлийг эхнээс нь тууштай дэмжиж, тогтвортой дэмжлэг үзүүлсэн. Монголд захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог бий болгоход бүх талаар тусалж дэмжсэн. Др.Сарантуяа багшийн удирдсан баг монголын эрх зүйн салбарт том гавьяа байгуулсандаа. Та нартаа амжилт хүсье.

Зочин
Зочин

Энэ сонин хүнээс илүү сонирхолтой асуулт асуугаадахгүй. Асууж байгаа хүн улс төр, эрх зүй, засаглалын ойлголт тэг ажээ.

Холбоотой мэдээ

Back to top button