About Mongolia #5 | Хамба лам Шим Сан: Монгол орон дэлхийн төгсгөлд ч ариун дагшин байдлаа хадгалж чадна
"Аbout Mongolia" булангийн энэ удаагийн дугаарт БНСУ-ын Пусан хотын Хунбобса хийдийн хамба лам, "Ханнарае" сангийн тэргүүн Шим Саныг онцолж байна. Монгол Улсад ардчилсан хувьсгал ялаад удаагүй байх үеийн хүндхэн саарал жилүүдэд тэрбээр анх зочилсон ч манай улсыг ер бусын гайхам ирээдүйтэй, Солонгос хүмүүсийн зочлох дуртай орон болно гэдэг бат итгэлтэй байжээ. Түүний тэргүүлдэг "Ханнарае" сан Пусан хотноо сүүлийн гурван жил дараалан зохион байгуулагдаж буй "Монголын кино өдөрлөг"-ийн ивээн тэтгэгчээр ажилладаг билээ. Бид энэ удаад Eguur News агентлагийн продюсороор ажилласан "Их говийн манаач" баримтат киноны Пусан хотноо үзэгчдийн хүртээл болсны дараа уулзаж, ийн ярилцсаныг хүргэж байна.
Энэ удаагийн "Монгол кино өдөрлөг"-ийг говь цөл нутгийг тухай "Их говийн манаач" баримтат киногоор нээсэн нь их онцлог, хүндэтгэлтэй байлаа
-Биднийг цаг гарган хүлээн авсанд талархаж байна. Та Монголд 90-ээд онд очиж байсан тухай ярианаас тань сонслоо. Тэр үеийн дурсамжаасаа бидэнтэй хуваалцаач?
-Анх 1997 онд Монголын бурханч лам Б.Пүрэвбат агсны гэргий, профессор Ким Сон Жон Зүүн хойт Азийн нэгэн спортын наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох баг тамирчдыг дэмжих, тэмцээний үеэр тэдэнд урам зориг өгөх, уухайлан дэмжих Солонгос хөгжөөн дэмжигчдийн асуудлаар надад хандсан юм. Тэгэж анх би Монгол Улстай холбогдож байлаа. Тус тэмцээнд оролцсон Монгол тамирчдыг дэмжсэний учир надад Монголын төрөөс одон гардуулсан юм. Сүүлд тэр хоёрыг Улаанбаатар хотоос зайдуу "Аглаг бүтээлийн хийд" гэж шашин соёлын төв байгуулсаныг дуулсан. Бурханч лам Б.Пүрэвбат агсны гэргий бол БНСУ-ын алдартай дүрслэх урлагийн сургуулийн уран зургийн ангийг дүүргэсэн хүн. Тэрбээр үргэжлүүлэн Энэтхэг улсад суралцахаар очих үед Монголоос Б.Пүрэвбат асан мөн тэнд суралцаж таарчээ. Тэд тэгэж Энэтхэгийн Драмасалад танилцсан юм билээ. Одоо тэдний охин П.Хана Монголдоо кино урлагийн чиглэлээр ажиллаж байна.
-Та Б.Пүрэвбат агсны охин П.Анхааханатай одоо холбоотой байдаг уу? Түүнтэй хамтран Монголын киноны салбарт ялангуяа Монголын шашин, соёлыг кино урлагт мөнхлөх талаар төсөл хэрэгжүүлэх бодол бий болов уу?
-Бид холбоотой байдаг. Б.Пүрэвбат ламтанг гэнэт жанч халсанаас хойш "Аглаг бүтээлийн сүм хийд" эзэнгүй болж, цаашид тэрхүү бурхан шашны төв, эд өлгийн зүйлсийг хэн, хэрхэн авч явах вэ гэдэг асуудал тулгарсан юм билээ. Аав нь өөд болсон, ижий нь өндөр настай Ханаг бага жаахнаас нь мэдэх хүний хувьд би өөрийн чадах хэмжээнд дэмжиж туслахыг хичээдэг. Зөвхөн Ханагийн асуудал биш "Аглаг бүтээлийн хийд"-ийг Б.Пүрэвбат ламтаны амьд ахуй үеийнх нь дүр төрөх, ур хийцээр нь хадгалах, өвлүүлэн үлдээх үйлст зөвлөн туслах юмсан гэж хичээдэг. Хана ноднин Пусанд ирж "Монголын кино өдрүүд"-д оролцсон.
-Монгол хүн бүр Б.Пүрэвбат агсаны байгуулсан "Аглаг бүтээлийн хийд"-ийг анх түүний хүсэн мөрөөдөж байсан шашин соёлын төв байгаасай гэж хүсдэг. Бидний яриа кино урлаг руу нэгэнт орсных "Их говийн манаач" баримтат кино танд ямар сэтгэгдэл төрүүлсэн талаар бидэнтэй хуваалцаач?
-Кино урлагийн тухайтад бол би шууд шүүмжлэхүйц мэргэжлийн хүн биш. Гэхдээ Пусаны "Монгол кино өдөрлөг"-ийн эхний жилийн кинонуудыг үзээд Монголын кино урлаг ч мөн хөгжих ёстой юм байна гэж бодсон юм. Хоёр дахь жилийн кинонууд сэдвийн хүрээнд илүү өргөжсөн санагдсан. Харин энэ удаагийн кино өдөрлөгийг баримтат киногоор нээсэн нь их онцлог үйл явдал болов. Ямар ч кино өдөрлөг ийнхүү баримтат киногоор нээлтээ хийх нь ховор бас содон үзэгдэл. Ингэж баримтат киногоор нээлтээ хийсэн нь надад маш хүндэтгэлтэй санагдсан. Монгол орон, Монголчууд гэж бодогдохуйд ногоорсон их тал хээр санаанд буудаг байсан бол "Их говийн манаач" киног үзсэний дараа Монгол орны өргөн уудам нутгийг хамарсан Их говь нутгийн тухай ойлголттой болов. Энэ кино надад Монголын тухай цоо шинэ мэдлэг өгөв. "Их говийн манаач" киног үзээд Монголын говь нутгийн онцлог, цөлжилтийн асуудлыг илүү анхаарч үзэх ёстой юм байна гэсэн сэтгэгдлэл төрсөн.


БНСУ, Пусан хот 


-Та манай улсад хэдэн удаа зочилсон бэ? Монголын говьд зурвас боловч очиж байв уу?
-Монгол Улсад анх хөл тавихдаа би тэр гайхалтай орны талаар төдийлөн мэддэггүй байжээ. Хойт зүгийн хүйтэн, хуурай салхитай, зарим хэсэгтээ тариалангийн бүстэй зэрэг ерөнхий ойлголттой л байсан. Их өндөрт оршдог улс юм билээ. Манай Солонгос улс уулархаг, одоо бидний энэ сууж буй уулсаар хүрээлэгдсэн газар гэхэд далайн түвшнээс дээш 1080 метрт байдаг. Харин Монгол орны дундаж өндөр далайн түвшнээс дээш 1300 метр гэдгийг дуулаад гайхаж байсан. Монголын зунд би их дуртай. Солонгост амьдрах таатай хэдий ч би Монголд, ялануяа зун аль болох удаан байхыг хүсдэг. Миний нэг найз, Австрали дахь нэг буддын сүмийн хамба намайг тэнд очиж хийд байгуулан суурьшихыг урьсан юм. Гэвч би яагаад ч юм Австралид бус Монголд амьдрахыг хүсдэг. Өдгөө би 64 нас сүүдэр зооглож байна. Намайг хүүхэд байхад цаг агаарын мэдээгээр +35 хэм гэж сонсоод ямар халуун болох нь вэ, цаашид ийм халуунд хүн амьдарч чадах юм уу гэж боддог байв. Гэвч жил ирэх тусам агаарын хэм өссөөр одоо +41 хэм хүрэхэд нэг их гайхахгүй болжээ. Сүүлийн 50 жилд Солонгосын агаарын дундаж хэм цельсийн 5 градусаар өссөн. Монголд ч гэсэн агаарын дундаж хэм өссөн байх. Ер нь байгалийн гамшиг гэдэг хүн төрлөхтөнд тулгарч буй хамгийн том аюул эрсдэл. Солонгост байгалийн гамшиг, хэт халалт тохиолдох магадлал өндөр. Тиймээс би хүмүүст хэлдэг юм, ялангуяа Монголчуудад. Одоо та бүхэнд Солонгост амьдрахад таатай санагдаж болох ч ирэх арван жилд Монгол орон хүмүүсийн амьдрах таатай орчин болно оо гэж. Солонгосын цаг агаарын нөхцөл өөрчлөгдөх тусам энд амьдарч буй Монголчууд нутаг руугаа тэмүүлэх нь тодорхой.
Монголын зунд би их дуртай. Солонгост амьдрах таатай хэдий ч би Монголд, ялангуяа зун аль болох удаан байхыг хүсдэг
Одоо эргээд бодох нь ээ, би Монголд 20 гаруй удаа очжээ. Анх 1998 онд Монголын Олимпийн хорооны урилгаар, талархалын бичиг гардуулахаар очиж байсан. Мөн тэр үед Б.Пүрэвбат ламтан гэргийнхээ хамт урлахуйн ухааны сургууль үүсгэн байгуулсан байв. Тухайн үед Монголын амьдрал хүндхэн. Ардчилал тогтоод хэдхэн жил болж байв. Надад яг л Солонгосын дайны дараах үеийн мэдрэмж эргэн төрж билээ. Тухайн үеийн нөхцөл байдлыг ойлгосон Солонгосчуудын дунд Монголд туслах "өрсөлдөөн" хүртэл гарч байв. Гэвч туслах гэж тус тусдаа "үзээд" байхаас нэгдмэл байдлаар хандах шинжгүй болохоор нь би түр азнаж, ажиглах байр суурьнаас хандаж байв. Учир нь туслах л гэж буй бол өрсөлдөх шаардлагагүй юм. Яг тэр үеэр Хонжу хотын Түнгүг Тат Гио буддын сургуульд н.Батжаргал гэж Монгол хүн суралцахаар ирж билээ. Тэр хүн надад шавилан, бид багш шавийн барилдлагатай болсон юм. Тийнхүү би бурханч лам Б.Пүрэвбат, түүний гэргий Ким Сон Жон, шавь н.Батжаргал нараар дамжуулан Монгол оронтой улам гүн танилцаж, Монгол хэмээх нэр миний сэтгэлд уяатай явдаг болсон доо.
-Та өөрийн тэргүүлдэг Ханарае сангийн хүрээнд Монгол Улсад ямар үйл ажиллагаа хэрэгжүүлдэг вэ? Тэр талаараа дэлгэрүүлж ярих уу?
- "Ханарае сан"-ийн гол зорилго нь Солонгос үндэсний соёлыг дэлхийн бусад орнуудад таниулж түгээхэд чиглэдэг. Солонгосын үндэсний соёлыг хадгалах нь эрхэм ч түгээх нь илүү өргөн хүрээтэй, чухал сэдэв юм. Би дээр дурдсан Австралид амьдардаг лам найзынхаа хамт Монголд зочлохдоо би шавь н.Батжаргалдаа сайн үйлсийн аян өрнүүлэх санал тавьсан юм. Эхний ээлжинд Түнгүг их сургуультай хамтран 2011 онд анагаах, эрүүл мэндийн чиглэлд сайн үйлсийн аян өрнүүлэхээр говь нутгийг зорьж билээ. Шавь н.Батжаргал маань орчуулагчаар ажилласан. Замдаа машин маань элсэнд суух зэргээр нэлээд зүдэрсэн. Тэгээд би шавиасаа сайн үйлсийн аян хийх, хотод арай ойр, зам харгуй харьцангуй сайн газар асуутал түүний төрсөн нутаг Өвөрхангай аймаг нэлээд боломжийг санагдсан. Мэдэхгүй газар хэцүү замаар хол явж байсанаас таны сайн мэддэг газар ажиллъя л даа гэж би шавьдаа хэлсэн. Ингээд бид өнгөрсөн хугацаанд голдуу Улаанбаатар-Өвөрхангайн чиглэлд ажилласан. Бараг 15 удаа нааш цааш зорчсон байх. Өвөрхангай аймаг орох замыг бараг цээжилсэн дээ. Харин сүүлийн жилүүдэд Завхан, Сэлэнгэ аймагт ажилласан. Завханы нэг улс төрч хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Ер нь бид нэг аймагт 3-4 жил сайн үйлсийн аян хийдэг.
Шавийнхаа төрсөн нутаг Өвөрхангай аймагт сайн үйлсийн аян өрнүүлдэг болохооор замыг нь бараг цээжилсэн дээ
- Та сайн үйлсийн аяныхаа талаар жаахан тодруулахгүй юу?
Монгол хүүхдүүдийн дунд "Алтан хонх" гэж БНСУ-ыг хэн сайн мэдэх вэ гэдэг агуулгатай асуулт хариултын тэмцээн зохион байгуулж түрүүлсэн хүүхдийг БНСУ-д аялуулдаг. Өнгөрсөн жил өөрийн улсын Боловсролын яамтай хамтран манай улсад аялах хүүхдийн тоог нэмж, нийт 15 Монгол хүүхдийг Солонгосын өв соёлтой танилцуулсан. Бид мөн яг энэ чиглэлд Лаос болон Тайланд улстай хамтран ажилладаг. Лаос улсад Солонгос хэлний сургууль барьж өгсөн. Ингэснээр тэдэнд Солонгос хэлийг илүү өргөн хүрээнд ашиглах, суралцах боломж нээгдэж байгаа юм. Ер нь хилийн чиндад аялах эрхээр шагнуулдаг учир манай аяны хүрээнд хүүхдүүдийг хичээл хийх идэвх нэмэгдэж, тогтвортой сууж унших, судлах зэрэг эерэг нөлөөлөл анзаарагдсан. Боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ аян маань Ковид цар тахалын үед түр завсарласнаас бусдаар тогтмол үргэлжилж байна.
-Монгол сурагчдыг танин мэдэхүйн аялал хийлгэж байснаа мод тарих ажил руу яагаад шилжсэн юм гэдэг нь сонирхолтой санагдлаа?
- Бид сайн үйлсийн аянаа цаашид хэрхэн өргөжүүлэх, төрөлжүүлэх талаар бодож байх үед буюу 2019 ондт Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас манайд мод тарих үйлст хамтран ажиллах санал тавьсан юм. Хөдөө орон нутаг руу зорчих хар зам дагуу мод ер харагдахгүй шахам байдаг нь тиймхэн санагддаг байсан болохоор тэдний хүсэлтийг дуртай хүлээж авсан. Бид нийт 3200 мод суулгаж, эхний ээлжинд усалгаа, арчилгаа хариуцсан 3 хүн цалинжуулан үйл ажиллагаа эхлүүлж байтал дэлхий нийтээр цар тахал дэгдсэн. Анхны тэр суулгацын 300 нь шилмүүст мод байв. Гэхдээ 3 жилийн хөл хорионы дараа эргэн очиж анх тарьсан модод маань 2-3 метр ургасныг харах их сайхан байсан шүү. Ер нь сүүлийн жилүүдэд Монголд хүмүүс мод тарьж, арчилж тордох дуртай болж буй нь ажиглагддаг.

БНСУ, Пусан хот
--Цаашдаа мод тарих хүрээгээ яаж тэлэх бэ?
-Өвөрхангайд тарьсан нийт моддын маань дөрөвхөн хувь нь амьдраагүй гэдэг бол муугүй эхлэл байв. Тиймээс мод тарих ажлаа аймгийн төв Арвайхээрт үргэлжлүүлж, аймгийн ЗДТГ, буддын сүмийн захиргаатай хамтран жил бүр мод нэмж тарихаар шийдсэн юм. Энэ ажилд жил бүр 10 мянган доллар төсөвлөсөн. Тал нь үр, суулгаж авах, тал нь арчилгааны ажилтны цалин юм. Гэвч Монголд суулгац их үнэтэй зарагддаг болохоор бид мод үржүүлгийн талбайтай болохоос өөр аргаггүй болсон. Ингээд бид Улаанбаатар хотоос 40 км газарт 4 га газар авч, 10 тонны усны сав байршуулсан, мөн хүлэмж байгуулсан. Гандан хийд болон тус талбайн ойролцоох МСҮТ бидний мод үржүүлэх, тарих аянд нэгдэхээр болж гурван талт санамж бичиг байгуулан ажиллаж байна. Өнгөрсөн жил би хоёр ч удаа Солонгосчуудтай Монголд очиж мод тарих үйл ажиллагаа зохион байгуулсан.
Манай хамтрагч МСҮТ-ийн цэцэрлэгжүүлэлтийн ангийнханд тус мод үржүүлгийн талбай дадлагын орчих болох юм. Бид ер нь 300 га талбайг моджуулахаар төлөвлөж байна. Чингэхдээ ихэвчлэн Өвөрхангайн чиглэлд мод тарина. Солонгосын нэг хандмаа бидэнтэй хамтран ажиллахаар болж, Гандан орчимд мод тарихаар болсон. Мод арчилгааны асуудлыг хамтран ажиллаж буй сургууль маань хариуцахаар болсон нь мод өсөн үржих, томрох сайхан боломж хэмээн ихээхэн найдлага тавьж байна. Сургууль төгсөгчид ч маш идэвхтэй оролцож байна. Таван жилийн хугацаанд мод үржүүлгийн ажлаа тэлж, ирэх 20 жилд моддоо гадгаш тарих чиглэлд анхаарах бодолтой байна.
Нийт 3200 мод тарьсан, үүнээс 300 нь шилмүүст мод бөгөөд нийт 300 га талбайг ногооруулах
-Үржүүлгийн төв дэх модноосоо модоо авч тарина гэсэн үг үү?
- Тийм ээ. Гэхдээ энэ их ажлыг мөнгөөр хийж хүчирэхгүй шүү дээ. Тиймээс хүмүүсийн оролцоо, сэтгэлийн дэм үлэмж чухал. Жил бүрийн 3 сард манай хийдэд 80 гаруй лам нар цуглаж бясалгал хийдэг юм. Тэр үеэр би тэдэнд Монголд хийж буй ажлынхаа талаар ярихад санхүүгийн дэмжлэг үзүүлж, одоогоор 20 сая вон хандивлаад байна. Ер нь Солонгос хүмүүс Монголд мод тарих хүсэлтэй байдаг ч хэрхэн, яаж тэр хүслээ гүйцэлдүүлэхээ мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс би тийм хүсэлтэй хүмүүсийг надтай холбогдохыг урьж, хүслийг нь биелүүлэхийг зорьдог. Энэ бол бидний Монголд урт хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажил юм аа.
-Тоорой мод бол зөвхөн говьд ургадаг бөгөөд Монголын хамгийн урт настай, элдэв янзын навчтай мод. Таныг Монгол орны маань хатуу ширүүн уур амьсгалыг сөрж мод тарихаар зүтгэж буйг дуулаад бид Тоорой модны зургийг бэлэглэж байна?
-Монголд мод тарьж буй минь Солонгос улстай шууд хамааралтай юм. Энд жил бүр тодорхой хугацаанд Монголын говиос нарийн тоос зөөгдөн ирж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө бүхий тоосжилт ихээр үүсдэг. Тиймээс тэрхүү нарийн тоосыг үүсэж буй буй эх үүсвэр буюу Монголд мод тарих замаар тоосжилтыг багасгах нь Солонгост мод тарихаас илүү зохимжтой үйлдэл болоод байна.
-Таны ярианаас "Ханарие" сан Монголд боловсрол, соёл, байгаль орчны чиглэлд тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлж байгааг сайн ойлголоо. Өөр бусад дурдагдаагүй үлдсэн ажил бий юу?
-Би буддын шашин шүтлэгтэй, лам хүн учраас сангийнхаа үйл ажиллагааны тодорхой хэсгийг бурхан номын үйлст чиглүүлэх юмсан гэж боддог. Өнгөрсөн жил буддын шашны чиглэлээр 10 гаруй Монгол хүнийг Солонгост аялуулсан. Чингэхдээ БНСУ-ын буддын шашны түүхийг гүн ойлгуулах зорилгоор улсынхаа томоохон хийдүүд, сургуулиар зочлуулж, хэвлэлд ярилцлага өгүүлсэн. Буддын шашныг түгээн дэлгэрүүлэхэд цаашдаа ч дэмжиж туслах хүсэлтэй. Манай хийдийг зорин ирсэн хэн бүхэнд манай хаалга нээлттэй. Бид байрлах газар, унаа унаш зэргээр туслахад хэзээд бэлэн байдаг. Хувь заяаны барилдлагаар өнөөг хүртэл би олон Монгол хүнтэй учирчээ. Цаашдаа ч учран золгож, туслаж дэмжихдээ үргэлж баяртай байх болно.
-Энэхүү ярилцлагыг дүүргэж зочин болгоноосоо асуудаг уламжлалт асуултаа танд тавья. Та Монгол оронд маань боловсрол, соёл, шашин, байгаль хамгаалал гээд өргөн хүрээнд тусалж, олон ч удаа зочилжээ. Монголын ирээдүйг та хэрхэн төсөөлдөг вэ?
-Энэ дэлхийн байгаль онгон дагшин байдлаа алдаж дуусах тэр цагт чухам тэр ариун чанарыг хадгалж үлдэж чадах цор ганц, боломж дүүрэн газар бол Монгол юм аа гэдэгт би үргэлж итгэдэг. Эх байгалийн анхдагч төрхийг амьдастай нь хадгалан хамгаалж бидний амьдарч буй орчлон ертөнцийн түүхийг авч үлдэж буй гэдэг утгаараа Монгол бол дэлхийн сүүлчийн онгон дагшин, гайхалтай газар орон мөн. Тэртээ 13-р зуунд Чингис хаан дэлхийг эрхшээн захирахдаа дэлхийн хүмүүс бүгд хамт хөгжин дэвжих нэгдсэн үзэл санаа баримтлаж байсан нь тэр чигтээ хайр энэрэл мэт надад санагддаг.
-Ямар гайхалтай вэ. Танд их баярлалаа. Үйлс тань үргэлж өөдөө дээшээ байх болтугай
Ярилцсан: Р.БОЛОР
Ж.МЯДАГБАДАМ
Орчуулагч: А.БУМ-ЭРДЭНЭ
About Mongolia булангийн бусад агуулгыг уншихыг хүсвэл















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч нь сайн юмаа.
Сайхан амны билэгтэй ийм хүмүүс л энэ хорвоог арай гэгээлэг болгодог доо
Neg tiim usan yariltslaga. Iim yumnuud uursdiig setguulch gedeg uye eheljee. Haramsaltai.