Азербайжаны Баку хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилнэ. “Баку 2026” ДАШТ-д дэлхийн зургаан тивийн 93 улсын 622 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жингийн ангилал, холимог багийн төрөлд дэлхийн аварга цолны төлөө өрсөлдөнө.
Монголын тамирчдаас өнөөдөр Ө.Бямбасүрэн, Ё.Басхүү, Б.Уранзаяа, М.Нандин-Эрдэнэ нар барилдана. ДАШТ-д барилдах бөхчүүдийн оноолтыг танилцуулъя.
66 кг
Ө.Бямбасүрэн А хэсэгт эхний тойрогт хийж, хоёрдугаар тойрогт Киприйн Георгиос Баларижишвили, Тайванийн Чон Юу Жин нарын хожсонтой барилдах сугалаа татжээ. Хэрвээ энэ хоёрын ялагчийг даваад 16-д үлдвэл Японы бөх, дэлхийн аварга Такеши Такеокатай барилдах дүр зурагтай байна. Ё.Басхүү Д хэсэгт эхний тойрогт хийж, дараагийн даваанд Унгарын Бенче Понграч, Их Британийн Чарли Янг нарын хожсонтой барилдана. Ялбал ОХУ-ын Рамазан Абдуллаев, Гүржийн Важа Маргвелашвили, зохион байгуулагч орон Низами Имранов нарын нэтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдах нь.
52 кг
Б.Уранзаяа В хэсэгт эхний тойрогт хийж, хоёрдугаар тойрогт Канадын Эвелин Битонтой барилдана. Ялбал Унгарын Река Пупп, Хонконгийн Шук Ки Цуй, АНЭУ-ын Б.Хорлоодой нарын нэтэй шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана. М.Нандин-Эрдэнэ Д хэсэгт эхлээд хийж, дараа нь БНСУ-ын Хван Сурёнтой барилдах сугалаа татжээ. Ялбал Германы Марша Баллхаус, Хорватын Тихеа Тополовец нарын ялсантай шөвгийн наймд үлдэхийн төлөө барилдана.
Баку Улаанбаатар дөрвөн цагийн зөрүүтэй, хэсгийн барилдаанууд орон нутгийн цагаар 11.30 цагт /Улаанбаатарын цагаар 15.30 цаг/, шишээ барилдаанууд 18.00 цагаас /Улаанбаатарын цагаар 22.00 цаг/ эхэлнэ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.